
Бие сайтай хүмүүс эрүүл мэндээ хайнга анхаардаг. Ялангуяа өвдөх юмгүй болохоор өөрийнхөө эрүүл гэдэгт хэт итгэж, тоомжиргүй явсаар үүлгүй тэнгэрээс аянга цахисан аятай гэнэт л өвддөг. Үнэндээ эрүүл, бие сайтай харагдаж байсан хүн гэнэт л өвчин эмгэг тусдаг шүү дээ.
Эсрэгээрээ бие султай хүмүүс эрүүл мэнддээ тун их анхаардаг. Бие султайгаа сайн мэддэг болохоор тэд биед муу зуршлаас аль болох зайлсхийж, биед сайн хоол хүнс хэрэглэж, бие бялдартаа ихээхэн анхаардаг.
“ … Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөсдөлөөрөө илүү сайрхана.”2Кор 12:9
Паул элч мөхөсдөлөөрөө сайрхсан учир нь тэрхүү мөхөс байдлынхаа улмаас л бардам бололгүй, үргэлж Бурханд найдаж чадсандаа тэр. Хэрэв тэрээр юм юмаар чадварлаг, дутагдах мөхөсдөх зүйлгүй байсан бол Бурханаас авсан агуу ивээлдээ сайрхан бардамнаж, махан биеийнх нь өвчнөөс ч илүү сүнсний үхлүүт өвчнөөр зүдэрч мэдэхээр байсан аж.
Хүн бүрд сул тал бий. Тэрхүү сул талаа даруу зан гэх зэвсэг болгон ашиглах юм бол бардам зан гэх дайсныг амархан гэгч нь ялах юм. Мөхөс дорой байгаадаа баярлаж, биднийг мөхөс үед минь түүхээ гүйцэлдүүлдэг Бурхантай байнга уулздаг байцгаая.