Ачлал нь ачлах сэтгэлээс эхтэй

Настай эцэг эхээ асарч халамжлах тухай зөрчил маргаан нийгмийн асуудал болоод байна. Цаг үе яаж ч өөрчлөгдсөн ачлал гэдэг нь хүмүүний ёс суртахууны хууль юм.

16,149 үзэлт

Бяцхан хүүхэд ч хүртэл аав ээжийгээ ачлах үүрэгтэйгээ мэддэг. Харин томчуудын хувьд хэдийгээр тэд хүүхдүүддээ тэр талаар зааж сургах байр суурин дээр байгаа ч өөрсдөө энэ тал дээр 100% биш. Үр хүүхдийнхээ төлөө аав ээж хичнээн шаргуу хөдөлмөрлөж, хичнээн хайртай байсныг өөрсдөө хүүхэдтэй болсон хойноо сайн ойлгодог гэдэг. Гэвч аливааг ойлгож мэднэ гэдэг хэрэгжүүлж үйлс гаргахаас тэс өөр юм. Ихэнх хүн аргагүйн эрхэнд ээж ааваасаа илүү өөрийн үр хүүхдэдээ санаа тавьж, бусад төрсөнгүүдээ аав ээжийг нь сайн асарч халамжилна гэсэн шалтгаанаар аав ээжийгээ ачлах өөрийн үүргээ хойш тавьдаг.

Харин аав ээжүүдийн хувьд бол үр хүүхэд нь л хамаг утга учир. Тэдний тэр хайр ямар ч нөхцөл болзолгүй. Тэд үр хүүхдүүдээсээ өр нэхэхгүй. Харин ч байнга өгөх гэнэ. Бүр илүүг, илүү ихийг л өгөх гэнэ. Тийн атал эцэг эхийнхээ хайрыг хөсөрдүүлж, эцэг эхийнхээ эсрэг ёс суртахууны гэмт хэрэг үйлдсэн мэдээ их сонсогддог. Хүмүүс “Ядаж л ачлах үүргээ биелүүлж байгаа мэт дүр үзүүлж байхад хангалттай” гэж ярьдагт гайхах юм алга.

Имж шиг хүмүүсийн тоо ихэсч, эцэг эхээ тэтгэдэг хүний тоо цөөрч байна

Имж эхийнхээ уутанд найман сар хүртлээ өсөж торнидог. Бусад амьтадтай харьцуулахад имж хавьгүй удаан хугацаанд ээжээсээ хамааралтай байдаг. Имж шиг хүн эдүгээ олон. Том хүн болсон хэрнээ аав ээжээсээ тэтгэмж авч, эсвэл биеэ даах нас нь хэдийн болчихоод байгаа ч ээж аавыгаа мөлжиж амьдарна. Аав ээжүүдийнх нь хувьд үр хүүхдийнхээ дэмжлэг туслалцааг авч, ая тухтай амьдрах нас хол давсан ч үр хүүхдээ асарсаар байна. Тийм хүмүүсийн тоо Солонгост, Японд, тэр байтугай ахлах сургуулиа төгсөнгүүт нь бие даасан хүн болгодог Америк оронд ч хүртэл өсөөд байгаа ажээ.

Эсрэгээрээ аав ээждээ тусалж дэмжиж амьдардаг хүмүүсийн тоо буурсаар байна. 2013 онд Job Korea гэдэг компаниас ажил хийдэг 20-30 насны 461 хүнийг хамруулан судалгаа явуулжээ. Уг судалгаа нь тэднийг эцэг эхдээ тусалж дэмжих талаар байсан аж. Судалгаанд хамрагдагсдын 33,2% нь буюу 3 хүн тутмын нэг нь аав ээждээ санхүүгийн хувьд тусалж дэмжих төлөвлөгөөгүй гэж хариулсан байна. Нэгдүгээр шалтгаан нь тэдэнд аав ээжийгээ байтугай гэр орноо авч явж, үр хүүхдээ асарч халамжлахад хүрэлцэхүйц хангалттай мөнгө байхгүй гэнэ. Хоёр дахь шалтгаан нь аав ээжийгээ өөрсдөдөө зориулж хэдийн хуримтлал үүсгэсэн, мөн улсаас тэтгэвэр тэтгэмж авдаг гэж үзэж. Бусад шалтгаан нь ер нь аав ээж үр хүүхдүүдийн санхүү тусдаа байх ёстой, тэдгээр залуус ч мөн тэтгэвэртээ гарсны дараа амьдрах мөнгөө бэлдэх хэрэгтэй гэж үзсэн байв.

Солонгосын Хөгжлийн Хүрээлэнгийн тайланд дурдсанаар 1998 онд солонгосчуудын 89,9% нь өндөр настай эцэг эхээ тэжээн тэтгэх ёстой гэж үздэг байсан бол 2014 онд 31,7% болж буурсан байна. 1998 онд солонгосчуудын 8,1% нь өндөр настай эцэг эхээ амьжиргаагаа өөрсдөө авч явах ёстой гэж үзэж байсан бол 2014 онд энэ үзүүлэлт 16,6% болж өссөн байгаа юм. Эцэг эхийг нь нийгмээс дэмжих хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх хүмүүс ийнхүү улам бүр нэмэгдсээр байгаа аж.

“Бид Хомо зууны эринд амьдарч байгаа”, “Амьдрал 50 насанд эхэлнэ” гэж ярьцгаадаг. Тэгсэн хэр нь өндөр настай аав ээжүүд нь цаашдаа үр хүүхдээ түшиж найдах боломжгүй тийм л эрин болчихоод байна. Зарим эцэг эхчүүд бүр өөрсдийг нь асарч тэтгэнэ гэсэн хүүхдийнхээ амлалтанд итгэж, бүх хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлдэг ч тэр амлалт нь огт биелдэггүйгээр үл барам дахиж үр хүүхдийнхээ барааг ч харж чадахгүй байх нь бий. Мөн төрсөн ах дүүс аав ээжийгээ асрах тухайд байнга л зөрчилдөнө. Тийм асуудал гарангуут настнууд үр хүүхэддээ дараа болж амьдарснаас ганцаараа байхыг илүү дээр гэцгээн, ганцаараа байж байгаад нас барах нь наад захын үзэгдэл болжээ.

Ачлалд нэг их том юм шаардлагагүй

“Олон хүүхэдтэй ээжид амар тайван өдөр гэж нэг ч байхгүй” гэдэг үгэнд гардагчлан хүүхэд олонтой эцэг эх санаа зовохгүй байна гэж үгүй. Энэ нь нэг хүүхэдтэй аав ээжид санаа зовох юм байхгүй гэсэн үг биш л дээ. Хүний аав ээж хүүхдээ хэвлийд олдох мөчөөс эхлээд л ураг хэвийн эрүүл өсөж байна уу гэж санаа зовно. Төрөхөөр нь бүх юм зүгээр байгаа эсэхэд санаа зовно. Томорч сургуульд орохоор нь найз нөхөдтэйгөө эв эетэй байгаа эсэхэд, багшийнхаа үгэнд орж байгаа эсэхэд санаа зовно. Шилжилтийн насан дээр муу найз нөхөдтэй нийлэх вий гэж санаа тавина. Сургуулиа төгсөхөөр нь олигтой сайн ажилд орж чадах эсэхэд зовно. Гэрлэх насан дээр очихоор нь сайн ханьтай суух эсэхэд нь санаа тавина. Гэрлэхэд нь амьдрал нь элдэв асуудалгүй байгаа эсэхэд зовно. Аав ээж гэдэг үр хүүхдэдээ байнгын санаа тавина. Эцэстээ нас нь өндөр болоод ирэхээрээ үр хүүхэд нь орхичих вий гэж санаа зовно. Яг л эмгэн хумс бүх биеэ үр төлдөө өгөөд өөрөө хоосон хясаа нь л үлддэг шиг.

Тэд хүүхдүүддээ болохоор байнга л “Чи нааш ирэх гээд хэрэггүй ээ. Завгүй юм чинь”, “Энд бүх юм зүгээр ээ. Тиймд надад битгий санаа зов”, “Надад юм хум хэрэггүй ээ” гэх мэтээр худлаа хэлнэ. Хүүхдүүдээ хэр их санаж байгаагаа, бие нь хэр их өвдөж байгааг, ямар ямар бэрхшээл байгаагаа байнга л үр хүүхдүүдээсээ нууна. Харин хүүхдүүд нь аав ээжийнхээ тэр илт худлаа үгэнд нь итгэчихнэ. Үнэндээ аав ээж нь “Би хүүгээ санаад байна, манайд хүрээд ир”, “Бүх бие өвдөөд, сэтгэл санаа тавгүй байна”, “Мөнгө төгрөг олигтой хүрэлцэхгүй байгаа болохоор юу юунд зарцуулснаа хянах хэрэгтэй болох юм” гэх мэтээр хэлэхийг хүсэж байгааг хүүхдүүд нь мэддэггүй. Үүнийг нь мэдэхгүйгээр тэд эцэг эхдээ амжилттай, сайн яваагаа л харуулбал үр хүүхэд нь болсон үүргээ биелүүлж байна гээд буруу ойлгодог.

Ачлал гэхээр нэг их том асуудал шиг сонсогддог. Гэвч үнэндээ энэ нь огт хэцүү биш. Аав ээжтэйгээ аль болох олон ярьж, хайртай гэдгээ хэлж, жирийн өдрөөр ч ээж аавынхаараа очиж, хамт хонож, эвэршсэн гарыг нь барих зэргийг л амьдралдаа хэрэгжүүлчих. Энэ бүхэн хийхэд тун энгийн. Хүн хөгшрөхөөрөө ганцаардаж, хэнд ч хэрэггүй хүн болсон мэт санагддаг. Тиймд “Зүгээр амарч бай” гэхийн оронд аав ээжээрээ ямар нэг юм хийлгэх нь дээр. Зарим хүүхдүүд “Өөрийнхөө асуудалд уг нь аав ээжийг оролцуулмааргүй байх юм. Ёстой нэг саваагүй юм аа” гэж ярьж байдаг. Харин энэ үзэл бодол нь буруу. Заримдаа аав ээждээ багахан төвөг удахад гэмгүй. Ээжээсээ хоол хийгээд өг гэх юм уу, эсвэл хийсэн хоолоо “Амттай байна уу үз дээ” гэдэг ч юм уу, эсвэл гэр бүлийн асуудлынхаа тухайд санаа бодлыг нь асуух хэрэгтэй. Аав ээждээ одоо ч гэр бүлийнхээ төлөө ямар нэг юм хийж чадна гэдгийг нь мэдрүүлж байх нь зүйтэй.

Ачлал нь ачлах сэтгэл дээр суурилсан байх ёстой

Яг адилхан үйлдлийн ачлал уу, ачлал биш үү гэдэг нь сэтгэл дээр суурилсан эсэхээс хамаарна. Сэтгэл байхгүй хэрнээ аав ээжийгээ хоолтой байлгаж байгаагаа ачлах арга гэж боддог бол энэ нь мал маллахаас ялгарах юм байна уу?

МЭӨ 5-р зууны үед амьдарч байсан Хятадын нөлөө бүхий гүн ухаанч Зэнзи хэлэхдээ “Хүү нь хөгшин эцэг эхээ асрахдаа тэдний сэтгэл зүрх, нүд, чихийг баясгаж, хүслийг нь сөрөлгүй, унтах оронд нь тав тухтай байлгаж, сэтгэлээ шингээн хийсэн хоолоороо дайлах ёстой. Иймээс ч тэр хүү аав ээжийнхээ дуртай зүйлийг хайрлаж, аав ээжийнхээ хүндэлдэг зүйлийг хүндэтгэх хэрэг гарна” гэжээ. Өөр нэгэн эртний Хятадын гүн ухаанч Жуанзи “Хүндлэлээр ачилна гэдэг амархан, харин хайраар ачилна гэдэг хэцүү” хэмээсэн байдаг. Ачлах ёсны гол цөм нь аав ээжийгээ сэтгэлээсээ хайрлах. Аав ээжийгээ хайрлах юм бол тэднийхээ талаар сонирхоно, сонирхох юм бол тэдэндээ юу хэрэгтэйг, мөн юунд баярладгийг нь мэднэ. Үр хүүхэд ер нь аав ээжийгээ яаж ч хайрлалаа гэсэн аав ээжийнхээ хайртай эн зэрэгцэхгүй, бүр дөхөх ч үгүй. Тиймд хүүхдүүд аав ээжийгээ бүрэн дүүрэн хайрлах ёстой.

“Аав ээжийнхээ нас барахыг бүү хүлээ. Амьд дээр нь ачлал үзүүл. Тэгвэл тэнгэр таныг ивээж, хүүхэд чинь таныг ачлах болно” гэсэн хэлц үг байдаг юм билээ. Хүн ер нь аав ээжийгээ амьдад нь хайрлах ёстой гэж мэддэг ч ихэнх нь аав ээжээ нас барах хүртэл үүнийг жинхэнээсээ ухаардаггүй. Аав ээжийгээ өнгөрсний дараа бол ачлалгүй хүүхдүүд ч ачлалтай болдог гэдэг.

Ингэхэд хэн биднийг гар хөлөө зулгартал асарч халамжлахыг хүсэх бол? Тэр хайр байгаагүй байсан бол бид хэрхэн өсөх байсан бол? Хэтэрхий оройтохоос нь өмнө тэрхүү хайранд хариулах цаг одоо л юм шүү.