WATV.org is provided in English. Would you like to change to English?

Анхны хайраа эцсээ хүртэл нандигнах нь

Юүн Хён Сүг / Солонгос, Инчон

279 Үзсэн тоо

Би айлын хоёр дахь хүүхэд болж төрсөн болохоор ууган хүүхдийн үүрэг гүйцэтгэнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй юм.

Намайг арван тавтай байхад надаас нэлээд хэдэн насны зөрүүтэй эгч маань хүнтэй сууж, тэр цагаас дөрвөн дүүгээ харж асрах үүрэг надад оногдов.

Тухайн үед манай гэр бүлийн санхүүгийн байдал улам дордож, би үргэлж ажил ажил гээд явчихдаг аав ээжийгээ орлон гэрийнхээ хамаг ажлыг хийх хэрэгтэй болов. Хичээл тарж ирэв үү үгүй л дүүтэйгээ хамт ажлаа хувааж аваад бушуухан дуусгах гэнэ. Өөрөөсөө арван насны зөрүүтэй бага дүүгээ би байнга нуруундаа үүрч өсгөсөн дөө. Үе тэнгийнхэн шигээ тоглож наадах цаг зав надад ер гардаггүй байлаа.

Хорь гарсан хойно ч миний байдал нэг их өөрчлөгдөөгүй юм. Хоёр ажил зэрэг хийж, хурааж цуглуулсан мөнгөөрөө дүү нараа их сургуульд явуулж, гэр бүл зохиоход нь аль болох нэмэрлэх гэдэг байв. Дүү нар маань өсөж том болоход манай байдал арай дээрдсэн ч өндөр настай аав ээжийнхээ оронд би мөнгө олох хэрэгтэй боллоо.

Үргэлж завгүй байсан хэр нь хачирхалтай нь надад ямар нэг зүйл дутагдаад байх шиг санагдаж, дотор хөндий хоосон оргидог байлаа.

“Би яах гэж төрсөн юм бол оо, яагаад би ингэж их зовдог юм бол?”

Юм юмаар дутагдаж гачигдан, үгээ хэлж явахдаа би яагаад амьдрах ёстой учир шалтгаанаа мэдэхийг хүсдэг байв. Яагаад ч юм миний асуултанд Бурхан л хариулж чадах юм шиг санагдана.

Сургуульд байхдаа би найзуудынхаа бэлгэнд өгсөн Библийг уншиж, Бурханы үг гоё гэдгийг мэддэг байсан л даа. Гэсэн хэдий ч Бурханы үгийн гүн утгыг ойлгохгүйдээ үргэлж цангадаг байсан юм. Тэгээд цангаагаа тайлах гэж янз бүрийн шашны ном, гүн ухааны ном зохиол уншиж үзсэн ч тус болоогүй л дээ.

Сүнснийхээ уг үндсийн талаар мэдэхсэн гэх сониуч зан дээд цэгтээ хүрэхэд би ажлынхаа ойролцоо байдаг нэг сүмийг зорьж очлоо. Орой болгон тэнд Библи сурч энэ амьдралын учир шалтгааныг олохыг хүсэв. Гэвч би тэр сүмийн хүмүүстэй цагийг хөгжилтэй өнгөрөөж, Библи судалж үзсэн ч сэтгэл хоосон хөндий оргисон хэвээр байлаа.

Би бачимдсандаа 3 өдөр үүрийн залбирал өргөж үзэв. Бурханы үгийг сайн ухаарч, Бурханы жинхэнэ хүүхэд болгож өгөхийг гуйн чин сэтгэлээсээ залбирч билээ.

Тэгж залбирснаас хойш гурав хоногийн дараа би эгчийнхээ ажиллуулдаг үсчин, гоо сайхны салон дээр очлоо. Тэнд надтай өмнө нь хэд хэдэн удаа таарч байсан залуухан эмэгтэй байв. Тэр өдөр бид хоёр үсээ янзлуулах зуураа ярилцаж, бага зэрэг дотнослоо. Тэгээд би маргааш нь ажлаа тараад түүнтэй уулзан, оройн хоол хамт идэнгээ ойр зуурын юм ярилцаж байгаад, сүүлд нь түүний явдаг Бурханы сүм рүү дагаж очив.

Бурханы сүмд Библи судалж байхдаа урьд өмнө сонсож ч байгаагүй, харж ч байгаагүй үнэний тухай олж мэдээд ёстой их цочирдсон доо. Амралтын өдрийг сахих тухай Бурханы үгийг хараад би бүр мэл гайхаж, шар үс босох шиг л болсон. Ням гарагт мөргөл тэмдэглэж байсан маань Бурханы мэлмийд хичнээн шившигтэй хэрэг байгаа вэ!

Яг маргааш нь Амралтын өдөр байж таарсан юм. Би ямар ч эргэлзээгүйгээр шууд л шинэ амийн ерөөл хүлээн авч Бурханы хүүхэд болсон доо.

Сион яг л тэнгэрийн хаанчлал шиг санагдаж байлаа. Бурханы үгийг хүссэн зоргоороо судалж, нүд минь аажим аажмаар нээгдэх нь тэр. Сүнсний ертөнцийн зүй тогтлыг мэдэж авсан тэр өдрөө би ёстой асгартал уйлж билээ. Учир нь Бурхан миний олон жил мэдэхийг хүссэн бүх асуултанд хариулсан юм.

“Тийм байх нь ээ. Тэгээд л миний амьдрал тийм хүнд хэцүү байсан байх нь.”

Миний туулж өнгөрүүлсэн бүх цаг хугацаа намайг Бурхантай уулзуулахад зориулагдсан байж дээ. Хэрвээ амьдрал минь хүнд хэцүү байгаагүй бол би Бурханыг хайх ч үгүй байсан биз ээ.

Бүх хүн тэнгэрт нүгэл үйлдэж ирээд, энэ дэлхий дээр өдөр бүр зовж зүдрэн амьдарч байна. Бидний энэ амьдралын цорын ганц утга учиртай зүйл бол мэдээж Бурхантай уулзах явдал. Жинхэнэ Бурханыг ухаарсны дараа мэдэрсэн тэр аз жаргал ёстой үгээр илэрхийлэхийн аргагүй. Сүнсний маань Эцэг Эх нүгэлт намайг аврахын төлөө золиос амссан гээд бодохоор би мөргөл болгон дээр нулимсаа барьж дийлдэггүй байв.

Бурханы хайр зүрх сэтгэлд минь оргилох үед юу хийх ёстой минь тодорхой болоод ирэв. Бурхан миний төлөө энэ газар хүртэл ирсэн гэдгийг нь мэдсэн юм чинь одооноос эхлэн би Бурханы төлөө амьдрах ёстой юм шиг санагдаж байлаа. Би аль болох олон хүнд Бурханы хайрыг мэдрүүлэхийн тулд бүх зүрх сэтгэлээрээ сайн мэдээ тунхаглахыг хүссэн.

Гимпо хотод нүүж ирснийхээ дараа би хүсэл мөрөөдлөө бага багаар биелүүлж эхэллээ. Сайн мэдээний шинэ талбарт би уулзсан хүн болгоныхоо зүрх сэтгэлд тэнгэр Эцэг Эхийн хайрыг суулгахыг хүссэн дээ. Тэгээд хүнтэй суусныхаа дараа би ар гэрийнхнээ Бурхан руу хөтлөхийн тулд бүхнээ дайчилсан.

Сионд юу ч хийсэн бай тэр бүхнийг ерөөл гэж үзэн, Бурханы ариун өргөөг сэтгэл гарган цэвэрлэж, гэр бүлүүдтэйгээ ч тэнгэрийн гэр бүлийн ах дүүсэг энэрлийг хуваалцдаг байв. Бурхан миний зүтгэлийг хараад надад зөндөө их үр жимс өгсөн дөө.

Сион тэнгэрийн гэр бүлийн гишүүдээр дүүрлээ. Сүм Гимпогийн өөр бүс нутаг руу салбарлаж, сайн мэдээний шинэ талбайд атар эзэмшихийг оролдож байсан ах дүү, эгч дүү нартай хамт би Инчон дахь Ганхуа руу байнга очдог байлаа.

Хэдэн жилийн дараа манайх Ганхуа руу нүүв. Гимпо сүм хоёр дахь салбараа гаргаж, шинээр майхны талбайгаа өргөтгөсөн Ганхуа Сион маань ерөөлөөр ёстой нэг бялхан цалгиж байлаа. Хамгийн гоё нь тэнд Бурханыг хүлээж байсан цэвэр буудайнууд олон байв.

Гимпод байхын л би нэг гэр бүлтэй хамт өндөр настай эхнэр нөхөр хоёрт Бурханы үг уйгагүй тунхагладаг байсан юм. Тэд хэдэн жилийн дараа Бурханыг хүлээн авсан даа.

Анх намайг уулзах үед тэд протестант сүмийнхнээс болж урам нь ихэд хугарсан байсан тул сэтгэлээ тийм ч амар нээдэггүй байлаа. Тэгсэн хэр нь Бурханы үг сонсох дуртай болохоор нь би тэдэнд Библиэс ишлэл үзүүлдэг байсан юм.

Гэсэн ч тэд Бурхан руу ирэхээс цааргалсан хэвээр байж билээ. Харин Ганхуад Сион байгуулагдсаны дараа жил би Алгасал баярын өмнөхөн тэдэн дээр очиход тэд сая нэг Бурханыг хүлээж авахад бэлэн болсон гээд биднийг хүлээж байх нь тэр.

“Тэнгэр Эцэг, Эхдээ талархаж байна.”

Энэ бол Бурханы хүүхэд болж дахин төрснийхөө дараа тэдний анх хэлсэн үг нь. Тэр мөчид би хэдэн жил хүлээсэн ч нэг сүнс аврахыг тэгтлээ хүсдэг Бурханы сэтгэлийг гүнээ мэдэрч билээ.

Ганхуа сайн мэдээ анх дөч ч хүрэхгүй итгэгчээс эхэлсэн юм. Гэтэл намрын баяраар бид ариун өргөөгөө пиг дүүргэх ерөөл авч, хүн бүрийн сэтгэл гал мэт шатаж байлаа. Бурханы удирдаж байгаа сайн мэдээний ажилд биечлэн оролцож байгаадаа би ёстой их талархсан шүү. Сайн мэдээний төлөө ажиллахдаа би хэрхэн бусдыг хайрлахад, хэрхэн дуулгавартай байхад суралцаж, Бурханд хандах итгэлээ улам бүр бэхжүүлж байлаа.

Би тэмдэглэлийн дэвтрийнхээ завсар байнга нэг цаас хадгалдаг юм. Тэр цаасан дээр миний сэтгэлдээ үргэлж тээж явахыг хүсдэг нэг үг бий.

“Анхны хайраа эцсээ хүртэл нандигнана.”

Тэр цаасаа би үе үе гаргаж ирээд л хардаг юм. Тэгээд тэнгэр Эцэг, Эхтэйгээ анх уулзаж сүнснийхээ уг үндсийг мэдэж авсан тэрхүү баяр хөөртэй мөчөө эргэн дурсдаг даа.

Сайн мэдээний замаар алхах явцад заримдаа би саад сорилттой тулгардаг л даа. Нэг сүнс аварна гэдэг хэлж байгаа шиг тийм ч амархан ажил биш. Үнэнийг дагахаас эргэлзэж тээнэгэлзэх хүмүүстэй таарах болгонд сэтгэл өвдөж, бүхнээ зориулан хичээлээ гэж бодсон ч үр дүн бага байх үед тэвчээр барагдах үе олон бий.

Гэвч тэр бүх бэрхшээлийг би даван туулж л таараа. Яг л залуу насныхаа хүнд хэцүү өдрүүдийн эцэст жинхэнэ Бурхантай уулзсан шиг.

Харин одоо бол би зөвхөн Бурханыг л харахыг хүсэж байна. Яг л итгэлийн анхны алхмаа хийж байсан тэр үе шигээ. Эцсийн эцэст би нэг юм ойлгосон. Тэвчээр алдарч, зовж зүдрэх бүрд минь Бурханы надад сануулахыг хүссэн зүйл “анхны хайр” байсан юм билээ.

Анх тэнгэр Эцэг Эхтэйгээ уулзах тэр үед би өөр юу ч хүсээгүй. Бурханыг амьдралынхаа хамаг утга учраа гэж үзэн, зөвхөн Бурханы хүслийн дагуу амьдаръя гэсэн анхны хайр, шийдвэр зоригоо би хэзээ ч мартахгүй.

Бурханыхаа хүслийг бүрэн биелүүлээд тэнгэр Эцэг Эхээ хүлээн авсан анхны хайраа би эцсээ хүртэл нандигнах болно оо.