WATV.org is provided in English. Would you like to change to English?

Шийгуанд дурлагч дүү минь

Хун Жон Ын, Солонгос Сөүл

493 Үзсэн тоо

“Шийгуаны эрлэг”, “Шийгуанд дурлагч”.

Энэ бол охин дүүдээ миний өгсөн хоч байгаа юм. Шийгуаны үрийг нь нулимж гаргахад төвөгтэй гээд би шийгуа идэх дургүй байхад харин дүү маань дуртай гэж жигтэйхэн. Тэрээр ажлаасаа гэртээ ирэнгүүтээ ээжийн зүсэж бэлтгэсэн сав дүүрэн шийгуаг хөргөгчнөөс гаргаж, өрөө рүүгээ авч орно. Тэгээд урамтай гэгч нь идэж гарна даа. Зуны зунд л нэг иймэрхүү дүр зураг би хардаг юм.

Ер нь хэр их шийгуа авдгийг нь ээжээс асуутал ээж долоо хоногтоо дор хаяж нэг сагсыг авдаг гэлээ. Манай дүү тэгэхээр ганцаараа сард 5 сагс шийгуа иддэг байх нь. Яахаараа тэгж шийгуа идэхээсээ уйддаггүй байна аа. Өвлийн хүйтэнд ч хүртэл дүү маань байнга л шийгуа идмээр байна гэдэг юм. Ёстой хачин байгаа биз дээ?

Ээж шийгуа дуусаж уу үгүй юү гээд хөргөгчөө байн байн шалгадаг нь гарцаагүй. Зун хөргөгч онгойлгохоор байнга л шийгуа байж байдаг юм чинь. Хэд хоногийн өмнө ээж байдгаараа зурагт үзэж байлаа. Гоё, амт сайтай тарвас хэрхэн сонгох талаар хөтөлбөр гарч байв. Тарвасыг хэмжээнээсээ хүнд санагдаж байгааг нь шилж авах, тарвасныхаа хажуу бөөрөнд нь тогшиж хөндий дуу гарч байгаа эсэхийг мэдэх, судлууд нь тод эсэхийг анзаарах, талбайд суулгасан хэсгээрээ цөцгий шиг шар өнгөтэй байгаа эсэхийг харах гээд ганц хоёр зөвлөмж өгч байлаа.

Яаж сайхан шийгуа сонгож авах талаар тэгтлээ анхаарлаа хандуулсан шалтгаан нь манай дүү тарвасанд дуртайгийнх шүү дээ. Ямар нэг гоёл чимэглэлийн чанар чансаа тодорхойлох мэт шийгуагаа тэгтлээ шилж сонгож аваад, хөлсөө бурзайлган байж гэртээ зөөж авчирдаг байх нь гэж төсөөлөхөд л хоолой зангирч байна. Ингэхэд дүү ер нь ээжийг өөрийнх нь төлөө тэгтлээ зүтгэл гаргадгийг мэдэх болов уу?

Бидний багаас л ээж маань бидний юу идэх дуртайг, ямар хоол хүнсэнд дуртайг огт орхигдуулж байгаагүй. Бид юу идмээр байгаагаа хэлэхэд л ээж хэдхэн хоногийн дараа ширээн дээр өрчихдөг байлаа. Тэгээд биднийг одоо цадсан гэж хэлэх хүртэл өгсөөр л байдаг сан. Бид гурвын хоолны дуршил өөр байсан тул ээж маань хүн бүрд дуртай хоолыг нь өгөх гэж ядарсан л байж таараа.

Дуусашгүй хайраар хайрласных нь хариуд хийсэн хоолыг нь амттай байна гэж хэлэх төдийхнөөр хариулах гэж байгаадаа ээжээсээ хүлцэл эрмээр. Амттай хоол төдийгүй дуусашгүй хайраа ээж минь одоо ч чимээгүйхэн өгсөөр л байх юм даа. Биднийг хайрласан шиг нь би ч бас гэрийнхэндээ амттай сайхан хоол хийж өгөхийг хүсдэг.