WATV.org is provided in English. Would you like to change to English?

Кимбаб хийх нь

Ким Юү Ра, Солонгос Сүвон

1038 Үзсэн тоо

Би жаахан байхдаа кимбаб идэх дуртай хүүхэд байлаа. Зугаалганд явах юм уу спортын арга хэмжээтэй өдөр ээж маань надад үргэлж кимбаб хийж өгдөг байсан юм. Тиймээс би онцгой өдрүүдээр кимбаб хийх нь байдаг л зүйл мэтээр бодож иржээ.

Цаг хугацаа өнгөрч, би өөрөө ээж хүн боллоо. Би бас ээж шигээ хүүхдийнхээ зугаалганд явах өдөр нь кимбаб хийж өгч байя гэж шийдсэн юм. Гэвч кимбаб хийх амаргүй гэдгийг ухаарсан юм. Өмнөх өдөр нь хүнсний захаас материалыг нь аваад, орцыг нь хэрчин тэнцүүлж, зугаалга болох өдөр нь үүрээр босож будаагаа агшаан, хиамаа шарж, загасны махан бин, лууван, өндөг гээд бүгдийг нь бэлдэв.

Бүх орцоо бэлдсэний дараа эцэстээ кимбаб хийх ажилдаа орлоо. Хатаасан далайн байцаан дээрээ агшаасан будаагаа тарааж, орцыг нь нэг нэгээр нь өрөөд далайн байцаагаа орооно. Гэвч миний бодсон шиг тийм ч амар байсангүй. Жаахан сул ороохоор задраад, жаахан чанга ороохоор хагарч, кимбабаа зүсэх гэхээр доторх орц нь бүлтэрч гарч ирээд байв. Нэлээн ноцолдож, буруу зөрүү хийж байж яаж зөв ороохыг нь сурч, хийж дуусгаад хоолыг нь цагт нь амжуулав.

Хүүгээ үдийн хоолны хайрцгаа аваад гарч явсны дараа гал тогоогоо тойруулж хартал дайны талбар шиг л юм болгоод тавьчихаж. Ядарсандаа сандал дээр суутал гэнэт ээж минь санаанд оров. Үнэндээ ээж маань гар муутай байсан юм. Осолд ороод баруун гарынх нь долоовор хуруу болон дунд хуруу нь талаараа тасарчихсан юм. Үүнийгээ ч тоолгүй ээж маань өглөө болгон амттай хоол хийн, миний үсийг сүлжинэ.

Огт түүртсэн шинжгүй байдаг байсан тул тиймэрхүү юм хийхэд ээжид минь хэцүү байна гэж би огт бодож байгаагүй юм. Харин ч найзуудаа ээжийн гарны талаар асуухаар ичдэг байлаа. Өнгөрсөн өдөр хоногийг эргээд бодохоор ээжийгээ өрөвдөн, өөрөөсөө ичин, нулимс урсган байна. Бүх л хүнд хэцүүг надад хайртай байсандаа л ээж минь даван туулдаг байж дээ. Ээжийнхээ хайрыг зүрх сэтгэлээсээ ойлгох хүртэл мөн ч урт удаан хугацаа өнгөрчээ.

Одоо ч хүртэл ээж минь надад хааяа кимбаб хийж өгдөг л дөө. Ач зээ нар нь эмээгийнхээ кимбабыг л хамгийн гоё нь гэлцдэг. Кимбаб идэж байгаа ач зээ нараа хараад ээж минь “Амтархан идэж байгаад баярлалаа” гэж хэлнэ. Хоол унд хийхдээ маруухан ч гэсэн би ээждээ зориулж кимбаб хийх дуртай. Одоо хэр нь би ээждээ талархсан сэтгэлээ илэрхийлээгүй л яваа. Энэ удаа би ээждээ баярласнаа бас хайртай гэдгээ заавал хэлнэ ээ.