Африк нутгийн хэлээр Бурханд магтаал өргөх нь
Өмнөд Африк, Кейптаун Беллвилл сүм / Ким Мин Гюү

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс англи хэлийг албан ёсны хэл болгон ашигладаг ч тус тусын ястнаасаа хамааран африк хэл, хоса хэл, зулу хэл, сото хэл, цвана хэл, чонга, ндебеле хэл, бенда хэл, сисвати хэл, цефеди хэл зэрэг арав гаруй төрөлх нутгийн хэлтэй. Англиар чөлөөтэй ярьдаг байлаа ч өөрийн гэсэн эх хэлтэй бол төрөлх хэлээрээ ярих нь хэнд ч илүү амар шүү дээ. Эндхийнхэн ч овог овгийнхоо хэлээр ярих дуртай. Сионы гэр бүлүүдийн хувьд ч мөн адил. Хааяа намайг нутгийнх нь хэлээр богинохон өгүүлбэрээр мэндлэхээр “Та яаж мэдсэн юм?” гээд л хүүхэд шиг баярлахыг яана.
Шинэ дуу африк болон хоса хэл дээр орчуулагдах үеэр нэг ийм явдал болов.
Амралтын өдрийн өглөөний мөргөлийн дараа бид гэр бүлүүддээ үүнээс хойш эх хэл дээр нь орчуулагдсан Шинэ дууны ном хэрэглэнэ гэдгийг зарлалаа. Шударгаар хэлэхэд би “Сионыхон бүгдээрээ өөр өөрсдийнхөө хэлээр Шинэ дуу дуулахаар будлихгүй байгаа” гэж жаахан санаа зовж байсан л даа.
Энэ санаа зовнил маань өдрийн мөргөлд бэлтгэлийн магтаалын дуу дуулж эхлэнгүүт хоромхон зуур ариллаа. Ах эгч дүү нар шинэ дууг нэг нэгэнтэйгээ өрсөлдөж байгаа юм шиг урьд өмнөхөөсөө ч илүү чанга дууллаа. Өөр өөр хэлээр дуулж байгаа нь хамаагүй, гоё зохицож байгаа гэж жигтэйхэн. Тэд Бурхандаа баяртайгаар магтаал өргөсөн болохоор ч тэр үү тэдний Бурханыг гэсэн талархал бялхан байлаа. Цацартал инээмсэглээд л, бяцхан хүүхдүүд шиг бахдалтайгаар Бурханд магтаал өргөхийг нь хараад би сэтгэлийнхээ угаас уярсан даа.
Гадаад гэр бүлүүд Солонгост айлчлах үеэр тэнгэр Эх тэдний төрөлх хэл дээр “Ерөөл их аваарай”, “Ядраагүй биз?”, “Сайхан хооллоорой”, “Хайртай шүү” гэх зэргээр хэлдэг сэн.
Тэнгэр Эх нутаг нутгийнх нь хэлээр ярихыг сонсоод гадаад гэр бүлүүд үгээр илэрхийлэх аргагүй их баярладаг байсан байх даа. Өөр өөр хэлээр ярьдаг хүүхдүүдийнхээ төлөө гадаад үг цээжилсэн Эхийн анхаарал халамж, хайрыг бид ойлгож хэмжиж чадахгүй ээ.
Хүүхдүүдэд нь юу хэрэгтэйг Эх хамгийн сайн мэднэ шүү дээ. Хүүхдүүддээ юм бүхнийг өгөхийг хүсдэг нь Эхийн сэтгэл. Африк гэр бүлүүдийн баяр хөөр, авралын төлөө л Эх маань төрөлх хэл дээр нь Шинэ дуу соёрхсон гэж би итгэж байна. Нутаг нутгийнх нь хэл дээр орчуулагдсан Шинэ дуугаар дамжуулаад ах эгч дүү нар Эхийн хайрыг илүү их сэтгэлийнхээ гүнээс ойлгох шиг санагдсан.
Би үнэний ном, сургаалын ном, шинэ дууны ном, кино зэргийг нутаг нутгийнх нь хэл дээр гаргах нь чухал гэдгийг мэдэж байсан ч тэгтлээ гүн ухаараагүй байжээ. Төрөлх хэлээрээ Шинэ дуугаар магтаал өргөхийг хараад хичнээн чухал болохыг нь мөн Эцэг Эхийн хүүхдүүдээ гэх халуун хайр, санаа зовнилыг би их ухаарлаа.
Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нелсон Мандела “Хэрвээ хүнтэй ойлгодог хэлээр нь яривал тэр яриа толгойд нь ордог. Хэрэв эх хэлээр нь ярих юм бол тэр яриа зүрхэнд ордог” гэж хэлж байсан гэнэ лээ. Сайн мэдээг хурдан дуусгаж, хүн төрөлхтөнд Бурханы агуу хайр, золиосыг ойлгуулах гэсэндээ сайн мэдээг төрөлх хэлээр нь дамжуулах боломжийг Бурхан бидэнд өгч байна.
Эх минь, Африк гэр бүлүүдийг нутаг нутгийнхаа хэл дээр Елохим Бурханыг магтах ерөөл соёрхсонд талархаж байна. Африк тивийн бүх хүмүүс шинэ Иерусалим Эх Танд магтаал өргөх хүртэл би бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа Таныхаа хайрыг амралтгүйгээр түгээн дэлгэрүүлэх болно оо.