WATV.org is provided in English. Would you like to change to English?

Халуун дулаан үг айл гэрийг аварна

Гэрийнхнийхээ төлөө хийж чадах ялихгүй хэрнээ хамгийн том зүйл бол хайр халамж дүүрэн халуун дулаан үг хэлэх явдал юм.

593 Үзсэн тоо

“Үг хөлгүй ч мянган бээрийг туулдаг”, “Үг түмэн зоосны өр төлдөг” гэх мэт хэлц байдаг. Энэ нь үгийн хүчийг харуулсан ч үгийн хүч үүгээр зогсохгүй. Ганц үгнээс болж гэр бүлийн харилцаанд ан цав гарч, ганц үгнээс болж гэр бүлийн хайр улам бүр зузаардаг болохоор айл гэрийн аз жаргалыг ч үг л захирна.

Өрх гэрийн гишүүдийн ярьж байгаа байдал нь тэр айлын эв эе хичнээн бат бэх, хичнээн амар тайван байдгийг харуулдаг. “Яаж хийхээрээ ийм ажил хийдэг байна аа?” “Өдөржин гэрийн мухар сахисан байж юу хийдэг байна аа?” “Чи хэнийгээ дуурайхаараа ийм зөрүүд байдаг юм бэ?” Иймэрхүү сэтгэл зүсэм үгийг тоох ч үгүй урсгаж байдаг гэр бүлийн дотор хайр оршин тогтнохгүй.

Хэн ч бай гэртээ халуун дулаан, ая тухтай байхыг хүсдэг. Ажлаа тараад ядраад гэртээ ирэхэд гэр орон тань халуун дулаан уур амьсгал дүүрэн байвал хичнээн аз жаргалтай байх вэ? Гэртээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх арга бол халуун дулаан сайхан үг хэлэх. Халаалт хичнээн сайн байлаа ч гэрт ямар ч чимээ аниргүй байх, эсвэл гэрийнхэн хоорондоо хүйтэн хөндий үг хэлж, нэг нэг рүүгээ хашхичвал сэтгэл хүйт дааж, мөсөн хонгилд байгаа мэт санагдана.

Олон судалгааны үр дүнгээс харахад судалгаанд оролцогчдын бараг ихэнх нь гэрийнхэнтэйгээ өдөрт 30 минут ч хүрэхгүй хугацаанд л ярилцдаг гэжээ. Нэг гэрт амьдардаг хэрнээ хоорондоо ярилцах цаг завгүй байна гэдэг харамсалтай ч бүр илүү харамсмаар нь 30 минут ч хүрэхгүй гэр бүлийн яриагаа аятайхан ч ярихгүй бүр маргалдаад дуусгах нь бий. Тийм үнэ цэнэтэй цагийг өөр хоорондоо муудалцаж өнгөрөөнө гэдэг хичнээн муухай вэ!

Хоорондоо урт удаан ярилаа гээд дандаа сайхан байна гэсэн үг биш л дээ. Бие биедээ хүч, урам зориг өгч, нэг нэгнээ гэх хайраа мэдрүүлэхэд цаг хугацаа богино байсан ч хангалттай. “Чамдаа итгэж байна”, “Зүгээр дээ. Тийм юм байх шүү дээ”, “Чи байгаа болохоор л аав ээж хоёр нь жаргалтай байдаг” гэх мэт үг яриа л айл гэрийн жаврыг үргээж, улмаар гэр бүлийг бэхжүүлдэг.

Хэл амаар доромжлох нь хүчирхийлэл юм

Бүдүүлэг, хатуу ширүүн үг яриа хэрээс хэтэрч байна. Өсвөр насныхан үг яриагаа шүүн тунгаалгүй, хээвнэг хараалын үг урсгаж байна. Дарга эсвэл үйлчлүүлэгчээ хэл амаар доромжилсны улмаас ажлаасаа халагдсан хүн цөөнгүй. Хэвлэл мэдээллээр ч хүртэл бүдүүлэг үг яриаг ямар ч цензургүй гаргадаг. Нэрээ баталгаатай нууцалж, цахим ертөнцөд орсон бол бүр ч дор.

Харилцааны мэргэжилтэн Патриция Эванс хэлэхдээ “Хэл амаар доромжлох нь өөрийгөө тэр хүнээс дээгүүр байр сууринд байгаагаа харуулж буй хэрэг. Үг ярианы хүчирхийлэл нь бие махбодын хүчирхийлэл шиг нүдэнд харагдаад байхгүй боловч илүү их зовлон учруулдаг. Хохирогч самгардан үймэрч, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь аажмаар буурдаг” хэмээн онцолжээ. Өөрийгөө дээгүүр байр сууринд байгаагаа хатуу ширүүн, түрэмгий үг яриагаар илэрхийлэх нь маш том алдаа. Сонсож буй хүн гаднаа хүлцэнгүй дуулгавартай царайлж байгаа ч дотроо бол тиймэрхүү хүнийг хэзээ ч өөрөөс нь дээр байр сууринд байгаа хүн гэж хүлээн зөвшөөрдөггүй.

Хүн алдаа гаргахаас айдаг. Мэдээж тэр алдааны улмаас гарах үр дагавраас айж байгаа ч бусдын хэлэх шүүмжлэлээс илүү их айдагтаа тэр юм. “Иймхэн юмыг олигтой хийж чаддаггүй юм уу”, “Чи ч тэгж л таарна даа”, “Чамд итгэдэг миний л муугийнх.” Иймэрхүү сэтгэл зүсэм, өргөс мэс шиг үг л хамгийн түрүүнд санаанд нь буудаг тул хүмүүс айдаг. Хэдийгээр гаргасан алдаанаас нь болж энэ мэт үгээр дайраад байвал “Иймхэн юман дээр ингэж сүр бадруулаад байхдаа яахав дээ!” “Өөрийг нь хэр сайн хийхийг харж л байя” гэх зэргээр зэвүүрхэн бодож, дайсагнал үүсэх нь мэдээж.

Эцэг эхээсээ хатуу ширүүн доромжлолын үг сонсож өссөн хүүхэд буруу замаар орох нь амархан. Насанд хүрсэн хүн хүртэл хатуу ширүүн ганц үг сонсоход л амархан ганхаж байхад төлөвшөөгүй жаахан хүүхдэд ямар байх бол! “Чиний л сайн сайхны төлөө ийм үг хэлж байна” гэсэн хатуу ширүүн үг хичнээн сайн сайхных нь төлөө байлаа ч сонсож байгаа хүндээ стресс өгч, үр дүнгүй, харин ч бүр дордоно. Та арай “Бид нэг гэр бүл юм чинь. Сонсмооргүй байгааг нь мэдэж байна л даа. Гэхдээ надаас өөр хэн ингэж хэлж өгөх вэ” гэж боддог юм биш биз? Иймэрхүү хариуцлага хүлээх сэтгэлээр гэрийнхнийхээ алдааг чичилж, стрессдүүлж байгаа юм биш биз. Үнэхээр зааж хэлэх ёстой үед нь сэтгэлийг нь шархлуулалгүй халуун дулаан үгээр ярих хэрэгтэй. Тэгж байж л сонсох хүн хайр халамжаас ундран гарсан үг гэдгийг мэдэрч, эцэст нь тэр л халуун дулаан үг хүнийг өөрчилдөг юм шүү.

Хараалын үг хэлэх, гаднах төрхийг нь гоочлох, чадварыг нь үл тоомсорлох, хэн нэгний зан чанарыг доромжлох гээд бүгд л хүчирхийлэл. Ар гэрийнхнээ тамирдуулж, гундааж өвчин тусгах дөт зам гэхэд л болно. Гэрт чинь буу, хутга, дэлбэрэх бөмбөг зэрэг зэр зэвсэг дүүрэн байвал хичнээн аймшигтай байх вэ? Үг ч гэсэн тийм зэр зэвсэгтэй л адил. Тийм зэвсэг хэрэглэсний хариу өөрт нь л буцаж ирнэ. Хатуу ширүүн доромжлолын үгэнд мэдээж сонсох хүн хохирогч болдог ч хэлэх хүнээ ч хохирогч болгодог юм чинь аргагүй шүү дээ. Хүний тархи амнаас гарч байгаа үгийг өөрт нь хэлж байгаа үг үү, бусдад хэлж байгаа үг үү гэдгийг ялгаж чаддаггүй. Бусдад хэлсэн муу үгийг ч өөрт нь хэлж байна гэж хүлээн авдаг.

Нэг насаараа сайхан үг хэлж амьдрахад хүртэл хүмүүний амьдрал дэндүү ахархан. “Ёстой дургүй хүрмээр юм аа”, “Ёох, бухимдаж үхэх нь ээ”, “Ямар залхмаар юм бэ!” Иймэрхүү үгээр толботсон амьдрал эцэстээ аз жаргалтай байж чадахгүй. Өөрийнхөө хэл ярианы зуршил, гэрийнхэнтэйгээ ярилцдаг ярианыхаа өнгө аясыг эргээд нэг шалгаарай.

Халуун дулаан ганц үгний хүч

Гуч эргэм насны нэгэн залуу Ирландын Дублин хотын “Хафенигио” гэдэг төмөр гүүрний хашлаган дээр хөлөө унжуулан, нулимсаа барьж ядан сууж байжээ. Тэрээр амиа хорлох гэж байлаа. Яг тэр үед нь гүүрээр гарч явсан 16 настай Жейми хүү түүнийг хараад, ойртон очиж “Та зүгээр үү?” гээд яриа өджээ. Хүү юм ярьсаар байсан тул өнөөх залуу аюулгүй газар суудлаа сэлгэж, улмаар санаагаа өөрчилжээ. Гурван сарын дараа хүүд нөгөө амиа хорлох гэж байсан залуугаас мессеж иржээ. Тэрээр эхнэрээ жирэмсэн, хүүгээ төрөхөөр Жейми гэж нэрлэхээр болсноо бичсэн байв гэнэ. “Та зүгээр үү? гэсэн хоёрхон үг амийг минь аварч, одоо болтол Жеймигийн тэр дуу өдөр бүр сонсогддог юм” хэмээн өнөөх залуу хэлжээ.

Солонгосын хөлбөмбөгийн баатар гэгддэг тамирчин Паг Жи Сон нэрд гараагүй байхдаа хөлөө бэртээсний улмаас тэмцээнд оролцож чадахгүй ганцаараа хувцас сольдог өрөөнд байхад нь дасгалжуулагч Гүүс Хиддинк түүнд “Чи ёстой сэтгэлийн хаттай юм аа. Ийм мундаг хаттай юм чинь заавал мундаг тамирчин болно” гэсэн ганц сайхан үг хэлж, амьдралыг нь өөрчилсөн гэж өгүүлсэн байдаг.

Халуун дулаан ганц үгээр амьдрал нь өөрчлөгдсөн хүн ганц хоёрхон гэж үү. Халуун дотно тэрхүү ганц үгний үнэ цэнийг юугаар ч сольшгүй. “Ар гэрийнхээ төлөө зүтгээд ядрав уу?” гэх ганц үгэнд өрхийн тэргүүний мөр тэнийнэ. “Чи минь ямар ч эмэгтэй жүжигчнээс илүү хөөрхөн шүү дээ” гэх ганц үгэнд л эхнэрийн тань үрчлээ тэнийнэ. “Аав аа, ээж ээ, хайртай шүү”, “Хайртай шүү, миний хүү, миний охин” гэх энэ ганц үг л эцэг эх, үр хүүхдүүдийг энэ ертөнцийн хамгийн жаргалтай хүмүүс болгодог.

Халуун дотно ганц үг уурласан хүнийг тайвшруулж уур гаргадаг. Гэрийнхэн дунд чинь нэг нь уурлаж бачимдах үед “Юундаа сүржигнээд байгаа юм бэ?”, “Юундаа надад дэмий уурлаад байгаа юм?”, “Би ер нь юу буруу хийсэн юм!” гэж дайрч давшилбал ёстой гал дээр тос нэмэхтэй л адил. Харин тийм үед нь яриаг нь сонсож, “Уучлаарай” “Уур чинь нэлээн хүрчээ дээ?”, “Уурласан учраа хэлмээр байна уу?” гэж эвтэйхэн дулаан үг хэлбэл нөгөө хүний уур ч даруй намжина.

Хамгийн шилдэг аав ээж гэж хүүхдүүддээ сайхан хувцас өмсгөж, чанартай сургууль, сургалт дамжаанд явуулахаас илүүтэй сайхан үг хэлдэг хүнийг л хэлнэ. Хамгийн сайн нөхөр бол их мөнгө олохоос илүүтэй эхнэртээ дотно сайхан үг хэлдэг нөхөр юм. Хамгийн шилдэг эхнэр гэж мөн л нөхөртөө сайн сайхан үгээр хүч өгдөг эхнэрийг хэлнэ. Халуун дотно ганц үгэнд амьдралын эрч хүч байдаг. Тэрхүү хүч чадлыг өдөр тутамдаа гэр бүлдээ түгээцгээе.

Нацистууд иудейчүүдийг олноор нь устгаж байсан тухайн үед Аушвицын хорих лагерь руу явж байсан галт тэргэнд эгч дүү хоёр байжээ. Дүү нь гутлаа алга болгосонд эгч нь дүрсхийн уурлаж, ингэж хэлжээ. “Хөөе, чи өөрийнхөө ганц юмыг ч сайн харж явж чадахгүй байна уу? Яахаараа ийм байдаг байна аа?” гэсэн энэ л үг хамгийн сүүлийн үг болж, эгч дүү хоёр хагацан салж, дахин уулзаж чадаагүй гэдэг. Эгч нь дүүдээ хэлсэн хамгийн сүүлчийн үг тэр л болж үлдсэн аж. Эгч нь ганцаараа амьд үлдэж, дүү нь тэгээгүй байна. Аушвицын хорих лагериас гарч явахдаа эгч нь “Цаашдаа би амьдралын маань эцсийн үг болж үлдсэн ч ичихээргүй үг л хэлж байя” хэмээн амандаа бувтнан байв гэнэ.

Нэг алхмын дараахыг ч мэдэхгүй хүмүүний амьдрал. Өнөөдөр гэрийнхэндээ хамгийн сүүлд хэлсэн үгээ эргээд нэг бодож үзээрэй. Одоо үүрд салж хагацсан ч харамсахааргүй үг байж чадах нь уу, гэрийнхэндээ хэлсэн сүүлийн үг боллоо гэхэд ч сайхан үг байхаар байна уу?