WATV.org is provided in English. Would you like to change to English?

​Бидний хийж чадах зүйл

Ким Мён Ын / Солонгос, Намянжү

244 Үзсэн тоо

“Тэдний төрөлх хэлээр нь ч ярьж чадахгүй байж бид ер нь тэнд юу хийх болж байна аа?”

Энэ бол өнгөрсөн зун Солонгосоос дэлхийн нөгөө өнцөгт байдаг Колумб улс руу нисэхдээ бодож байсан бидний бодол. Хэдийгээр бид зуны амралтаараа сайн дурын ажил үйлс өрнүүлэхийг хүссэн ч бид тэнд яаж ажилладаг талаар мэдэхгүй байсан болохоор хийж чадах зүйл байхгүй байвал яана аа гэж санаа зовж байлаа.

Харин Богота хотын албаны хүмүүстэй уулзаад, бидний бодол өөрчлөгдсөн юм. Бид хотын захиргаагаар орж танилцан, Бурханы сүмийн ажилтан залуучуудаас бүрдсэн ASEZ WAO багаа танилцуулж, улмаар энэ хотод сайн дурын ямар ажил үйлчилгээ хэрэгтэй байгааг асуухад хотын захиргааныхан баярлаж байлаа. Нэг албан тушаалтан нь биднийг өөр хэлтэс хариуцсан албаныхан болон хотын орлогч даргатай танилцуулж, тэд ASEZ WAO-н үйл ажиллагааг дахин дахин магтаж байсан юм. Тэднийг гэнэт ингэж найрсаг угтан авсанд бид их гайхсан.

Бидний Богота хотод хийсэн сайн дурын ажил бол Алкальдиа хэмээх бүс нутагт байдаг нэг толгодыг цэвэрлэх байв. Хотын удирдлагууд энэ газар хог их, гэмт хэргийн гаралт их байгааг тайлбарлаж, бидний энэ сайн дурын ажил оршин суугчдын ухамсрыг нэмэгдүүлэх үндэс суурь болно гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Хэдийгээр бид Солонгост гэр бүлүүдтэйгээ байнга л цэвэрлэгээ хийдэг байсан ч тэр өдөр бид ажил үүргээ илүү мэдэрч байлаа.

Бид цаг хугацаа явж байгааг ч мэдрэх сөхөөгүй хотын албан тушаалтнуудтай хамт цэвэрлэж, үр дүнд нь гурван ачааны машин хог түүж цуглуулсан юм. Түүсэн хогийн хэмжээ бидний бодож байснаас давсан ч бид хотын захиргааныхан болон Колумбын гэр бүлүүдтэйгээ хамт ажилласан болохоор огт ядарсангүй. “Хийж чадах зүйл байхгүй байх вий” гэсэн санаа зовнилын оронд баяр хөөр, урам зориг сэтгэлд дүүрээд ирж билээ.

Солонгост ирснийхээ дараа хүртэл тэр өдрийг би байн байн боддог юм. Мөн миний өчүүхэн хүчээр ч болов сайн сайхан болгоод өөрчилчихмөөр юм өөр юу байна гэж эргэн тойрноо харах болсон доо.