WATV.org is provided in English. Would you like to change to English?

​Эхнэр нөхрийн маргаан босго давахгүй​

333 Үзсэн тоо

Маргалдаад дорхноо эвлэрэх нь сайн хэрэг. Гэхдээ хэрүүл маргаан гаргахгүй байх нь бүр ч сайн.

Эхнэр нөхөр хоёр өстөн дайснууд аятай хэрэлдэж маргалдчихаад төд удалгүй юу ч болоогүй юм шиг бие биетэйгээ эвлэрдэг. Тиймдээ ч “Эхнэр нөхрийн маргаан босго давахгүй” гэлцдэг дээ. Харин одоо бол энэ үг “үеэ элээж” гэлтэй. Гэр бүл салалтын хувь жилээс жилд нэмэгдсээр байгаа төдийгүй эхнэр нөхрийн хоорондын хэрүүлээс улбаатай гэмт хэрэг байнга гарч байна. Бүр орон гэрээ шатаах гэх мэт хэрэг ч гарахыг яана.

Хур бороо газар чийглэж, байгаль сэргэдэг ч “Бороо ихэдвэл шалбааг” гэгчээр хэт их бороо орвол үер болж, байгаль сүйрч, нөхөн сэргээх хэцүү нөхцөл байдал үүснэ. Мөн ан цав гарсан ваар хэзээд хагардаг шиг хичнээн ялихгүй жижиг маргаан байсан ч байнга үргэлжилбэл хосууд залхаж, эхнэр нөхрийн харилцаа холдоно. Зөрчил гарахгүй хос гэж байхгүй ээ. Гэхдээ зөрчлийг хэрүүл маргаан үүсгэхгүй байхаар хичээх нь ухаалаг хосууд юм.

Хайрлаж дурлаад гэрлэсэн хэр нь яагаад маргалддаг вэ?

Нэгэн эхнэр нөхөр хоёр жигнэсэн төмсийг элсэн чихрээр хачирлаж идэх үү, давсаар хачирлаж идэх үү гэдгээс болж маргалдаад бүр шүүхэд очсон байдаг. Тэдний яриаг сонссон шүүгч “Би бол халуун чинжүүний сүмсээр л хачирлаж иддэг” гэсэн гэдэг.

Гэрлэсэн хосуудын дунд үүссэн маргааны шалтгаан тэд нэг нэгнээсээ ялгаатайд байдаг. Үг яриа, үзэл бодол, хоолны дуршил, унтах хэв маяг, тэр байтугай шүдний сойзон дээрээ оо шахахдаа ч хүртэл өөр байдаг. Нэг цагт, нэг эхийн хэвлийнээс төрсөн ихрүүд ч хүртэл өөр байхад хосууд, тэр тусмаа насанд хүрэн хүртлээ өөр өөр орчин нөхцөлд өсөж, өөр өөрөөр амьдарч ирсэн хүмүүс яах вэ?

Хэдийгээр бие биенээ хайрлаад гэрлэсэн ч хамт амьдраад ирэхээрээ мөнгө санхүүгийн асуудал, хүүхдийн боловсрол, хадмуудтайгаа харилцах харилцаа, гэр орны ажлаа хуваарилж хийх, ярианы өнгө аяс гээд элдэв асуудал зөрчилтэй тулгардаг. Иймэрхүү зөрчил нь хосуудын хооронд үл ойлголцол үүсэж, харилцаанд нь ан цав гарсан үед нь голдуу хэрүүл маргаан болдог. Хоорондын харилцаа муу үед нь асуудал гарахаар хоорондоо дургүйцэж, нэг нэгнээ буруутгаж шүүмжлэх талтай. Бүр зугтааж, нүүр бууруулах ч энүүхэнд байдаг. Харин энгийн үедээ ч харилцаа сайтай хосууд асуудлыг шийдвэрлэх аргаа хамтдаа эрэлхийлнэ.

Дээр гарсан ярианаас харахад төмсийг юугаар хачирлаж идэх тухайд аль нь зөв, бурууг хэлэх нь утгагүй. Өөрөөс нь өөр байлаа гээд түүний буруу гэсэн үг биш шүү дээ. Хэрэв тэр эхнэр нөхөр хоёр нэг нэгэндээ “Би ер нь л төмсийг элсэн чихрэнд дүрж иддэг юм, энэ удаа давсаар хачирлаж идэж үздэг ч юм билүү?” эсвэл “Хөөх, ингээд элсэн чихрэнд дүрээд идсэн нь илүү амттай ч юм уу?” гэх зэргээр ярьсан бол лав л шүүх дээр очихдоо тулахгүй, хамтдаа төмсөө жаргалтай гэгч нь хувааж идэх байсан даа.

Зөрчил маргааны үед санах ёстой зүйл

1. Амнаасаа илүү чихээ ашигла

Хэрэв нөгөө хүнийхээ үгийг сонсохгүй зөвхөн өөрийнхөө л хэлэх гэснээ хэлээд байвал энэ нь маргааныг бүр л өдөөнө. Их ярихаасаа илүү их сонсохыг хичээгээрэй. Үгийг нь анхааралтай сонсоод байхаар аяндаа түүнийг ойлгоно. Ердөө ярихыг нь дуустал сонсоход л тухайн маргааны галыг ноцтой болохоос нь өмнө унтраачихаж чадна.

Ярилцахдаа зэмлэх, үглэх гэлгүйгээр өөрийн бодол, сэтгэлээ мэдүүл. “Чи ингэж хийх хэрэгтэй”, “Чамаас болж ингээ биз дээ?” гэхээс илүү “Надад бол чи ингэсэн бол илүү гоё байна”, “Чиний тийм үйлдэл чинь миний сэтгэлийг өвтгөөд” гэх мэтээр ярихыг хичээ. Тухайн асуудлыг өөр дээрээ хамааруулж ярих нь ярианы өнгө аясыг хавьгүй зөөлрүүлнэ.

2. Уурлуулах үг хэлэхээс зайлсхий

Эхнэр нөхөр хоёр хэрүүл маргаан хийхдээ анх юунаас эхэлсэн гол шалтгаанаа мартаж, нэг нэгнийхээ үгэнд өөнтөглөж, муу муухай үг яриатай нь зууралддаг. Зөрчил бүр ноцтой болж, яаж ч их уур хүрсэн бай огт хэлж болохгүй үг гэж бий. Гадаад төрх, боловсрол, ар гэрийн байдал зэрэг нөгөө хүнийхээ сул талыг хөндөх, бусадтай харьцуулах, өнгөрснийг сөхөх зэрэг үгээр дайрч болохгүй. Мөн егөөдсөн, эрээ цээргүй доромжилсон, шүүмжилсэн үг хэлэх ёсгүй. Мэдээж, хүчирхийлсэн хатуу ширүүн үг, хараалын үг хэлэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэт сэтгэл хөдлөлдөө автан зориуд шархлуулж уурлуулах үг хэлэх нь гал дээр тос нэмэхтэй л адил. Сэтгэлийн шархлуулсан үг удаан хугацаанд шарх болж үлддэг төдийгүй өөр маргаан үүсэх шалтгаан болдог тул зайлсхийх хэрэгтэй.

3. Намуун дуугаар ярь

Дуугаа нэг л өндөрсгөвөл тэр нь яриа хөөрөө биш, хэрүүл болж хувирна. Ярианы өнгө аяс ширүүн, чанга байвал харилцаанд саад учруулахаас гадна нөгөө хүнээ бухимдуулж орхидог. Машин тэрэг шүргэлцэж, хөнгөн осол болоход хашхирч дайрч давшилсан нь ялдаг гэдэг ч хосуудын хоорондын маргаан бол ялах, ялагдах хэрэг биш. Нэг нь түрүүлж дуугаа өндөрсгөлөө гээд зэрэгцэж хашхичаад байхын оронд дуугаа намсган, зөөлөн ярихыг хичээгээрэй. Тэгж ч чадахгүй байвал зүгээр тэр газраас түр зуур холдож, юунаас болж уурлалцсан, яаж шийдвэрлэх талаар бодож, дахин ярилцах гээд үзээрэй.

4. Хүүхдийн өмнө уурлахгүй байх

Эхнэр нөхрийн маргаанд хамгийн их хохирдог нь хүүхдүүд. “Халимны тулаанд сам хорхой гэмтэнэ” гэх солонгос зүйр үгэнд гардаг шиг хүүхэд аав ээжийнхээ хэрүүл маргааныг хараад маш их айж түгшин, түүгээр ч зогсохгүй өөрөө буруутай юм шиг санагддаг. Тийм юм тохиолдохын хэрээр хүүхэд сэтгэл санааны хувьд тогтвортой байх магадлал бага байх болно. Яах ч аргагүй хүүхдийнхээ дэргэд маргалдах болбол хүүхэддээ аав ээж нь санал зөрөх юм хааяа гардаг тул түүнийгээ тохируулахыг оролдож байгаагаа тайлбарлаж өгөөрэй.

5. Зөрчил маргааныг бүү удаан даамжруул

2005 онд Англид гэрлээд хамгийн олон жил хамт амьдарснаараа рекорд эвдсэн Перси Арроусмит (105 настай) 80 жилийн урт удаан жаргалтай амьдралынхаа нууцыг тайлбарласан байдаг. Энэ нууц нь “Хайртай шүү”, “Уучлаарай” гэдэг үгийг харамгүй хэлдэг байсанд, мөн маргалдсан бол заавал унтахаасаа өмнө эвлэрдэг байсанд гэнэ.

Алив зөрчил маргааныг удаан үргэлжлүүлэх нь сайн хэрэг биш. Эхнэр нөхрийн хооронд бардам зангаа тавихгүй байх, нэр нүүрээ бодох зэрэг нь ямар ч ашиггүй. “Ялагдах нь ялалт” гэсэн үг ч байдаг даа. Тиймээс ханийнхаа санаа бодлыг хүлээн зөвшөөрч, эхлээд эвлэрэх оролдлого хийх нь дээр.

Эхнэр нөхөр хоёр нэг нэгнийхээ ялгаатай талыг насан туршдаа хүндэтгэж ойлгож харилцах учиртай. Өөрийгөө өөрчлөөгүй байж ханиа өөрийнхөө хүссэнээр өөрчлөгдөхийг шаардаад байвал зөрчил маргаан тасрахгүй байхаас ч аргагүй. Гэр бүлийн тогтвортой байдал ба харилцааны чиглэлээр ажилладаг профессор Жон Готтман гэрлэсэн хосуудын зөрчилдөөний 70% нь ямар ч шийдвэрт хүрэх боломжгүй асуудал байдаг гэжээ. Тийм байхад тэр олон асуудлуудтай яаж хамт амьдраад байж чаддаг байна аа? Хариулт нь их энгийн. Ханиа яг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөд л болно. Эхнэр нөхрийн харилцаанд амьдралаа сүйрүүлж мэдэх асуудал байдаг бол мэдээж үүнийгээ заавал засах шаардлагатай л даа. Харин ялихгүй жижиг зүйл дээр “Ийм юм байх л” гэсэн уужуу бодлоор өнгөрөөх чадвартай байх хэрэгтэй.

Хэн юу гэж ч байсан хань ижлээ та хайрлан хамгаалах учиртай. Хань чинь аз жаргалтай байвал та ч аз жаргалтай байна шүү дээ. Эхнэр нөхөр хоёр гэгч бие сэтгэл нэг биш үү? Нэг нэгнээ зөвхөн хайрлая гэсэн ч дэндүү ахархан хүмүүний амьдралд бие биенийхээ алдааг тэвчин далдалж, дутууг нь дүүргэн, аз жаргалтай айл гэр цогцлоон босгоё.