Ерөөлийн мэдээ тунхаглах үзэсгэлэнтэй хөлийн алхаа

Малайзын Клуанд хийсэн богино хугацааны тунхаглал

323 Үзсэн тоо

2017 онд бид Малайзад сайн мэдээний 300 хот байгуулахын төлөө сар бүр богино хугацааны тунхаглал өрнүүлж байгаа. Бурханы ерөөлийн боломжийг авахаар олон ах эгч дүү нар сайн дураараа явж, манай тунхаглалын баг сайн мэдээ огт тараагүй байсан Клуан руу явцгаасан юм. Атар газар хагалж, үнэнийг тараах үүрэг өгсөн Бурхандаа бид дахин дахин талархаж байлаа.

Клуан нь Малайзын нийслэл Куала Лумпур хотоос дөрвөн цаг хагас яваад хүрэх газар. Бид таван өдөр 4 шөнийн богино хуваарь гаргаж явсан тул очингуутаа ачаагаа задалж, хүн ихтэй газар руу нь бушуухан явлаа. Клуаны хүмүүс энэ үеийн Аврагч Сүнс ба Сүйт бүсгүйн талаар огтхон ч сонсоогүй байв. Тэднийг үнэнд анхаарал тавин тэнгэр Эцэг Эх рүү хурдан ирээсэй гэж бид залбирцгаав.

Өдөржин сайн мэдээ тараасан ч Бурханы үгийг сонсохыг хүссэн нэг ч хүнтэй таарсангүй. Зарим хүмүүс үгийг сонсохыг хүссэн ч сонирхохгүй байна гээд илүү их сурахыг хүсэхгүй байлаа. Төсөөлснөөс өөр байдалтай байсанд нь бид бага зэрэг урамгүй болов. Тэгж байтал бидэнтэй цуг нэг өдөр өөр бүс нутаг руу богино хугацааны тунхаглалаар явсан газар баптисм их гарч байна гэдэг мэдээ сонстов. Тэр шөнө бид өөрсдийгөө эргэн харж, бие биенээ урамшуулж, тэвчээрийн цаг зөвшөөрсөн Эцэг Эхдээ талархал өргөв.

Хоёр дахь өдөр нь авралын зар тараахаар өглөө эрт гарлаа. Тэр өдөр бидний алдагдсан ах эгч дүүсээ олохыг хүсэх шатах мэт хүслийн хажууд Клуаны халуун цаг агаар юу ч биш юм шиг санагдаж байлаа.

Тэр өдөртөө бид жижигхэн орон сууцанд амьдардаг эмэгтэйтэй таарлаа. Бурханы үг тунхаглаж яваа тухайгаа хэлтэл тэрээр биднийг дуртайяа дотогш оруулж, үг сурсан юм. Тэр бол Моника эгч дүү л дээ. Эгч дүү тэнгэр Эхийн болон Алгасал баярын үнэнд сэтгэл нь их хөдөлж, охинтойгоо цуг шинэ амийг авсан юм. Эгч дүү уг нь Католик шашинтай байв. Тэгээд охин нь Католик сүмд баптисм хүртээгүй гэнэ ээ. Учир нь охиныг нь баптисм хүртэх болзол хангаагүй гэж хэлсэн аж. Тэгээд эгч дүү охиноо тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй нь гээд их санаа зовдог байсан гэнэ. Эгч дүүгийн энэ байдлаас бид охиноо гэсэн эхийн гүн хайрыг ухаарч, биднийг гэсэн тэнгэр Эхийнхээ ариун нандин хайрыг ч эргэн санасан билээ. Моника эгч дүү охинтойгоо цуг бидэнтэй хамт гурав дахь өдрийн мөргөл тэмдэглэв. Мөргөлийн газар маань жижигхэн байсан боловч эгч дүү мөргөлийн туршид Бурханы үгэнд л шимтэн анхааралтай сонсож байсан юм. Мөргөл тараад эгч дүү аврал авсандаа маш их баяртай байна гээд цацартал инээмсэглэж байсан юм.

Хоёр дахь өдрийн орой нь таарсан Жиа Фатт ах дүү сүнсний тухай үнэнд их сонирхолтой байв. Ах дүү Библи сураад бидний сүнс Алгасал баяраар уучлал авч, тэнгэрийн хаанчлал руу явах боломжтой юм байна гэдгийг ойлгосон юм. Харин тэр хэдийнээ амлалттай байсан тул маргааш нь бидэнтэй уулзахаар болов.

Маргааш нь ах дүү рүү залгатал тэрээр утсаа авахгүй байв. Санаагаа өөрчилсөн байх вий гэж бид санаа зовж байлаа. Тэгснээ гэнэт эерэгээр сайнаар бодож хандлагаа өөрчилж, тэр магадгүй утсаа ч авах завгүй байгаа байх гэж бодоод мессеж бичив. “Завтай болохоороо бидэнтэй холбоо бариарай” гэж мессеж биччихээд тэр сүнсийг аварч өгөөрэй гээд Бурханд залбирсан юм. Залбирлын хариу ч хурдан ирж, бидний өчигдөр уулзсан газар ирчихлээ гэсэн хариу ирлээ. Бид шууд тийшээ очиж түүнтэй уулзав. Авралын ерөөлийг авчихаад ямар баяртай байгааг нь бас ямар их талархаж байгааг нь хараад бид Эцэг Эхдээ үнэхээр талархал өргөсөн. Түүнтэй холбоо барьж чадаагүй байхдаа бид эерэг зөв сэтгэлээр тэнгэр Эцэг Эхийгээ түшээгүй бол тэр өдөр ах дүүтэй уулзаж чадахгүй байсан ч байж магад. Энэ удаа бид мөн л өөрсдийнхөө бодлоор дүгнэж шүүж болохгүй, тэгэхийн оронд бүгдийг боломжтой болгодог Бурханы хүч чадлыг түших ёстой гэдгээ ухаарч авсан даа.

Клуанд маш халуун, нар хурцаар шарж байлаа. Цаг үргэлж л хөлс гарна. Гэвч түр зуурын сэвэлзүүр салхи Эцэг Эх биднийг жаахан тэвчээрэй гэж тайвшруулан хүч өгөх мэт сэрүүцүүлнэ. Бид богино хугацааны тунхаглалын сүүл дөхөөд ирэх тусам махан бие ядарч туйлдсан ч Эхийнхээ үгийг даган зөв сэтгэл, инээмсэглэлээр нэгдэж эрхэм нандин үр жимс гаргаж чадсан билээ.

Богино хугацааны тунхаглалын сүүлчийн өдөр бид тэнгэрийн ах эгч дүүсээ олохоор бүр хурдан алхаж байлаа. Хэн ч Бурханыг хайдаггүй юм шиг харагдах хотын өмнө ирээд бид тээнэгэлзэж байсан удаатай. Гэвч бид өөрсдийн бодлоо урьтал болгохын оронд Бурханы хөтлөлийг дагах ёстой гэж бодсон юм. Тэндээс хоёр ч айлынхан тэнгэрийн гэр бүл болж нэмэгдэв. Тэнд авралын зар тараахаа болих гэж байснаасаа бид маш их ичиж байлаа.

Эцэг Эхийн хайрыг мэдэрсэн тав хоногийн турш 23 сүнс Бурханы энгэрт ирсэн билээ. Заримдаа бид ихэнх айл нь эзгүй байх үед яахаа мэддэггүй байлаа. Заримдаа бид Бурханы үгнээс эрс татгалзсан хүмүүстэй ч таарсан. Харин шантралгүй, тасралтгүй тунхагласны ачаар биднийг л хүлээж байсан юм шиг үгийг хүлээн авахдаа баяртай байсан хүмүүстэй уулзсан билээ. Мөн парк дээр үгэнд л анхаарлаа хандуулж, авралын ерөөлийг хүлээн авсан нэг хүнтэй таарсан.

Нэг залуу хүн бидэн рүү дөхөж ирээд “Манайх саяхан энд нүүж ирсэн юм. Тэгээд би явах сүм хайж байгаа” гээд биднийг өөртөө авралын зар тараахыг гуйж байлаа. Утасных нь дугаарыг сайн аваагүй болохоор бараг л дахин холбогдож чадахгүй болчихоод байтал гайхалтай нь маргааш нь тэр залуу авралын зар тарааж байсан манай бусад хүмүүстэй уулзаад үнэнийг хүлээн авсан юм. Энэ бүхэн бидэнд Эцэг Эх нэг шийдсэн л бол хийе гэснээ заавал хийдэг гэдгийг, Эцэг Эх авралын ажлаа гарцаагүй биелүүлэх юм байна гэдгийг ухааруулсан. Эцэг Эх хүсэх л юм бол 7.8 тэрбум хүнд тунхаглах ажлыг хормын төдийд дуусгах аж. Гэвч Эцэг Эх маань бидэнд ерөөл өгч аврах гэсэндээ л биднийг тараа гэсэн үүрэг өгөөд байгаа хэрэг.

Богино хугацааны тунхаглалаар хүн нэг бүрд маань их үр жимс гаргуулж, үнэ цэнэтэй ах эгч дүү нараа олох ерөөл соёрхсон Бурхандаа баярлалаа. Эцэг Эхийн ивээл дор удахгүй Клуанд Сион байгуулагдаж, шинэ ах эгч дүү нар маань их ерөөл аваасай гэж бид залбирч байгаа.

Энэ удаагийн богино хугацааны тунхаглал бидэнд нэгдмэл байхын чухлыг, тэнгэр Эхийн сургаалыг цаг үргэлж сэтгэлдээ сийлж, ажил үйлс болгохын чухлыг ухаарахад их тусалсан даа. Мөн нэг сүнс аварна гэдэг ямар үнэ цэнэтэй ажил болохыг гүнээ ухаарсан юм.

“Илгээгдэхээс нааш тэд яаж номлох вэ? «Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!» гэж бичигдсэн байдаг.” Ром 10:15

Клуанд байхдаа хэт халуунд нь ядарч байсан үе бидэнд бий. Өдөржин алхаад ядарч байсан үе ч бас бий. Гэвч энэ бүх зовлон нь сүнс аврахын төлөөх дэндүү үнэ цэнэтэй ажил байлаа. Богино хугацааны тунхаглал бидний сүнсэнд эрч хүч нэмж, сайхан дурсамж өгсөн. Тэнгэр Эцэг Эхийн хайр золиосыг өөрсдийн биеэр мэдрэхийн төлөө энэ ерөөлийн ажлаа бид үргэлжлүүлнэ ээ.