Бурханы сүмийн оюутан сайн дурынхны ASEZ үг ярианы хүчирхийллийн эсрэг аян өрнүүллээ

“Үг хутганаас ч иртэй”

October 2, 2020 533 Үзсэн тоо

2007 онд НҮБ-ын зүгээс 10 сарын 2-ны өдрийг “Олон улсын хүчирхийлэлгүй өдөр” болгон зарласан. Хүчирхийлэлгүй амар тайван ертөнцийг туйлаас хүсдэг эл өдөр Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн оюутан сайн дурынхны ASEZ баг дэлхийн өнцөг булан бүрд үг ярианы хүчирхийллийн эсрэг компанит ажил зохиолоо.

10 сарын 2-11 хүртэл 10 өдрийн турш үргэлжилсэн уг аян үг ярианы хүчирхийллийн ноцтой байдлыг мэдүүлж, зөв зохистой хэл ярианы соёл эзэмшүүлэх зорилгоор “Үг хутганаас ч иртэй” гэсэн уриан дор эхэллээ. 2019 онд Солонгосын бага, дунд, ахлах сургуулийн нэг сая гаруй сурагчдыг хамруулан явуулсан сургуулийн хүчирхийллийн бодит байдлын талаарх судалгаанд үг ярианы хүчирхийлэл нэгдүгээрт жагсжээ. Мөн уг онд Хөдөлмөр эрхлэлтийн яамнаас явуулсан судалгаанаас харсан ч ажлын байран дахь дарамтын нэгдүгээрт хатуу ширүүн үг яриа орсон байв. Интернэт болон ухаалаг утасны хэт хэрэглээний улмаас кибер хүчирхийлэл мөн өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа төдийгүй 7000 хүнийг хамруулсан судалгаанаас үзэхэд кибер хүчирхийллийн хамгийн нийтлэг хэлбэр нь ч үг ярианы хүчирхийлэл болох нь тогтоогджээ.

Уг аяны хүрээнд ASEZ-н зүгээс бие даасан цахим хуудсаараа дамжуулан өдөр тутмын амьдралд үг ярианы хүчирхийлэлтэй хамтран тэмцэхийг уриалан, онлайн гарын үсэг авах хөдөлгөөн өрнүүлж, үг ярианы хүчирхийллийг зогсоож, зөв зохистой үг хэрэглэж, бусдад урмын үг хэлэхийг идэвхийлэн уриаллаа. Мөн хараал хэлэх, бусдыг буруутгах, заналхийлж сүрдүүлэх зэрэг үг ярианы хүчирхийллийн 12 хэлбэр байдгийг таниулж, “Та хийж чадна аа. Би танд тусалъя” гэх зэргээр өдөр тутмын амьдралдаа бусдад хүч болох үгсийг танилцууллаа.

Үүн дээр үндэслэн ASEZ-н гишүүд онлайн болон офлайнаар үг ярианы соёлыг сайжруулахад манлайлж байна. Гишүүд интернэтэд тавигдсан нийтлэл постны доор эерэг зүй ёсны сэтгэгдэл үлдээх байдлаар цахим орчны үг ярианы соёл бий болгохын тулд хичээж байна. Офлайны тухайд тэд “Ковид-19”-н улмаас цөхөрсөн ар гэрийнхэн болон танилууддаа өдөрт дор хаяж нэг удаа “Мундаг шүү” гэсэн утгаар эрхий хуруугаа гарган, урмын үгээр тэднийгээ тайвшруулж байна. ASEZ-н энэхүү аянд санаа нэгдэн, үг ярианы хүчирхийллийг үндсээр нь таслан зогсооход хүчээ нэгтгэхийн төлөө 81 орны 13000 гаруй хүн дэмжиж гарын үсэг зуржээ.

Ким Юү Бин эгч дүү (Солонгос, Соншин эмэгтэйчүүдийн их сургууль) “Өдөрт би 3 удаа гэрийнхэндээ талархсанаа илэрхийлдэг. Эхэндээ хэлэхэд жаахан эвгүй байсан ч дорхноо дасаж, гэрийнхэн маань хоорондоо эвтэй болж, гэрийн уур амьсгал ч сайхан болж өөрчлөгдсөн” гэв. Гу На Ён эгч дүү (Солонгос, Дун А их сургууль) “Байнга эерэг сайхан сэтгэгдэл тавьснаараа би өдөр тутмын амьдралдаа хэн нэгнийг шархлуулж болзошгүй үг ярианаас болгоомжилж, халуун дулаан үг хэрэглэх гэж хичээдэг болсон. Цаашдаа ч санаандгүй хэлсэн үг хүчирхийлэл ч болж болзошгүй тул сайн санаж, хайр шингэсэн үгээр хэн нэгний сэтгэлийн шархыг анагаадаг “шархны наалт” шиг хүн болохыг хүсэж байна” хэмээн өгүүллээ.

Үг гэгч асар хүчтэй. Аар саархан ганц үг бусдад хүсэл найдвар төрүүлж ч болно, цөхрөл гутралд оруулж ч мэднэ. Хайр түгээж, бусдад урам дэм өгөх үг яриагаар хүчирхийллээс ангид ертөнц бий болгох гэсэн ASEZ-н хөлийн алхаа 2021 онд ч үргэлжлэх аж.