WATV.org is provided in English. Would you like to change to English?
“Ковид-19”-н улмаас үүссэн нөхцөл байдал удаан үргэлжилж, улмаар иргэд ганцаардан сэтгэл гутралд орох, амьдралын идэвхгүй хэв маягтай болох, эдийн засаг хямрах гэх мэт нийгмийн элдэв асуудлаас гадна амны хаалт, нэг удаагийн бүтээгдэхүүний хэрэглээ ихсэв. Үүний уршгаар орчны бохирдол сэтгэл түгшээсэн асуудлын нэг болоод байна. Иймд Бурханы сүмийн ASEZ WAO ажилчин залуу сайн дурынхан тогтмол явуулдаг сайн дурын ажлуудаа эхлүүллээ. Тэд Эхийн хайраар бусдад урам зориг хайрлан, байгаль орчноо цэвэр цэмцгэр болгохын төлөө ханцуй шамлан ажиллаж байна.
2020 оны 11 сараас эхлээд Солонгос, АНУ, Англи, Энэтхэг, Япон, Филиппин, Мексик, Бразил, ӨАБНУ зэрэг 19 оронд явуулсан сайн дурын ажилд 7300 орчим хүн (12 сарын 18-ны өдрийн байдлаар) оролцжээ.
АНУ, Англи, Тайланд, Тайвань, Перу гэх мэт оронд “Mother’s Forest” компанит ажил өрнүүллээ. АНУ-ын Хойд Каролина мужийн Дархэм хотын гишүүд орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран “Ред мепл” паркт 17 ширхэг мод тарьж, Мексикийн Мехико Сити хотын гишүүд “Хардинес дел Сюр” паркийн ойр орчмыг цэвэрлэн, 20 ширхэг үрсэлгээний мод суулгажээ. Түүнчлэн тус сайн дурынхан Шинэ Зеландын Окленд хотын захиргааны холбогдох албаныхантай MOU гэрээ байгуулж, товлосон тухайн паркт мод суулгах ажлыг тогтмол явуулж байхаа амлалаа.
Амралтын өдрүүдэд “No More GPGP” компанит ажлын нэгээхэн хэсэг болгон 12 оронд гол мөрөн, цэцэрлэгт хүрээлэн, далайн эрэг, уулын зам орчмыг цэвэрлэх ажил үргэлжиллээ. Гишүүд маскаа зүүх, халуунаа шалгуулах, гараа ариутгах гэх мэт хорио цээрийн дэглэмийг ягштал мөрдөнгөө 10 орчим тонн хуванцар хог хаягдал түүсэн байна. Улсаас хөл хорио тогтоосон энэ үед онлайнаар гарын үсэг авах хөдөлгөөн явуулж байгаа аж. Уг хөдөлгөөний хүрээнд компанит ажлаа таниулж, олон иргэдийг татан оролцуулсан байна.
“Гудамж зам санаснаас ч бохир байлаа. Бид олуулаа цэвэрлэсэн болохоор дорхноо л цэв цэвэрхэн болчихсон. “Нэг хүн 10 алхахаас 10 хүн нэг алхах нь дээр” гэсэн үг бий шүү дээ. Энэ үгний утгыг тэр үед л ойлгосон доо” хэмээн Солонгост байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөнд оролцсон И Сү Хён (Сөүл) эгч дүү өгүүлэв. Дэжоны гишүүд дүүргийн захиргааг зорьж очин, хуванцар хог хаягдлын аюул эрсдлийн талаар таниулах нөхөрсөг уулзалт зохион байгуулжээ. Тухайн дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга харьяа дүүргийнхээ хуванцар хог ихтэй газруудыг заан өгч, компанит ажилд шаардлагатай зүйлсээр хангаж туслалцаа үзүүлэв.
Дэлхийн 13 оронд зохиогдсон “Heart to Heart” компанит аян ч мөн олны таашаалыг ихэд хүлээжээ. Гишүүд эрүүл мэндийн төв, эмнэлэг, цагдаагийн газар, гал унтраах газар гэх мэт “Ковид-19”-тэй халуун цэг дээр тэмцэн ажиллаж байгаа байгууллагуудыг зорьж очин, тусламж дэмжлэгийн эд зүйлс гар захидлын хамт гардуулжээ. Уг захидалд “Бидний өчүүхэн сэтгэл хүндхэн өнгөрөөж байгаа ганц өдөрт чинь ч болов хүч дэм болоосой”, “Та нар минь нойр хоолгүй ажилласны ачаар бид өдөр хоногуудыг амар тайван өнгөрөөж байна” гэх зэрэг урмын үг бичиж, талархсан сэтгэлээ шингээсэн байв. АНУ-ын Калифорниа мужийн Сан Диего хотын гишүүд “Шарф мемориал” эмнэлэгт 200 ширхэг “урмын багц” гардуулжээ. Мөн Английн Манчестер хотын гишүүд “Ковид-19”-н тархалтаас болж өдөр шөнөгүй ачаалалтай ажиллаж буй түргэн тусламжийнхны хүлээлгийн өрөөнд урмын багц бүхий 40 хайрцаг хүргүүлсэн байна.
Энэтхэгийн Пүнэ хотын Инамдар нэгдсэн эмнэлгийн дарга хэлэхдээ “Ямар ч байгууллагад халуун цэг дээр ажиллаж байгаа хүмүүс их чухал. Өнөөгийн цар тахлын аюултай нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж байгаа анагаан сувилахуйн ажилчдын зүтгэл тун их. Зөвхөн тэдний төлөөлөл болсон ганц нэг хүнд биш, халуун цэг дээр ажиллаж байгаа бүх хүнд нэг бүрчлэн талархсанаа илэрхийлсэн явдалд чинь би их баяртай байна. Цаашид ч ASEZ WAO-н үйл ажиллагаа үргэлжлээсэй” хэмээн хүслээ илэрхийллээ.
Перу улсын “Кайетоно Хередиа” улсын эмнэлгийг зорьж очсон Паг Жи На (Перу, Лима) эгч дүү “Урмын багц аваад эрхий хуруугаа гозойлгон хамтдаа зургаа авхуулж байсан хүмүүсийг хараад би бусдад анхаарал халамж тавьж, бусдыг хайрлах нь ямар ч хүнийг баярлуулдаг гэдгийг мэдэрлээ” хэмээн хүүрнэнэ.
ASEZ WAO-н гишүүд байгаль хамгаалах ухамсрыг сайжруулах үүднээс тус тусын ажлын байрандаа дор бүрнээ хичээж байна. “Green Workplace” гэдэг нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн төлөө хувь хүн болон албан газраасаа эхлээд байгаль орчноо хамгаалах зуршил бий болгоё гэсэн утга санаа бүхий компанит ажил аж. Гишүүд нийтийн тээврээр зорчих, цаасыг ар өвөргүй ашиглах, нэг удаагийн бүтээгдэхүүний хэрэглээг багасгах гэх мэт ажлыг хийж хэрэгжүүлж, ажлын байрандаа тус компанит ажлын самбарыг байршуулж стикер наадаг байна. Түүнчлэн ажлын хамт олондоо шаазан аяга бэлэглэх зэргээр эргэн тойрныхондоо анхаарал тавьж, тэдний оролцоог уриалдаг байна. Солонгосын нэгэн үйлдвэрт гишүүд хамт олондоо зориулан “Green Workplace” семинар зохион байгуулжээ. Мөн АНУ-ын Нью Виндсор хотод ч нийт ажилчдаа урьж оролцуулсан онлайн семинар зохион явагдсан аж.
Хүлэмжийн хийг багасгах ба уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд мод тарих хөдөлгөөн юм. “Нэг хүний өчүүхэн зүтгэл дэлхийг өөрчилнө” гэсэн уриан дор “Нэг хүн нэг мод тарих” аян өрнүүлдэг байна. ASEZ WAO сайн дурынхан онлайнаар гарын үсэг авахын зэрэгцээ мод тарих үйл ажиллагааг ч дэлхий дахинаа дэлгэрүүлж байна.
“GPGP (Great Pacific Garbage Patch)”. Энэ нь 1.8 их наяд хэмжээтэй хуванцар хог хаягдал овоорсон Номхон далай дахь асар том хуванцар бүс юм. ASEZ WAO хуурай газар хаягдсан 8 тонн хуванцар хог хаягдлыг түүж, дахин хуванцар хогон арал бий болгохгүй байхыг уриалга болгож, гудамж талбай цэвэрлэх, сурталчилгааны компанит аян, гарын үсэг авах хөдөлгөөн зэрэг ажлаараа олон улсын нийгэмд дуу хоолойгоо өргөсөөр байна.
“Ковид-19” халдварт өвчнөөс сэргийлэхийн төлөө зүтгэж байгаа эмнэлгийн ажилтнууд болон холбогдох албаныханд урмын захидал болон амттан бэлэглэх компанит аян.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгын дор эрчим хүч, усаа арвилан хэмнэх 11 төрлийн хэрэгжүүлэх ажил бий. Хэн ч бай ASEZ WAO-н цахим хуудаснаас (asezwao. org) хэрэгжүүлэх ажлын төрлийг сонгож, өөрийн үйлсээрээ нүүрстөрөгчийн давхар исэл хэр зэрэг буурч байгааг ажиглан уг компанит ажилд оролцох боломжтой юм байна.