Удаан хүлээсний эцэст

Бразил, Фейра де Сантана / Элисанжела де Оливейра Силва Ассункао

14,348 үзэлт

Нөхөр бид хоёр хүнсний жижиг бизнес эрхэлдэг юм л даа. Бид ихэвчлэн өглөөний 6 цагаас 16 цаг хүртэл ажилладаг юм. Нэг өдөр би ханиад хүрч бие өвдөөд ажлаа 14 цагийн алдад дуусган гэртээ ирэв. Жаахан хэвтэж амрах санаатай цонхоо хаах зуур хэдэн хүн айл айлаар орж байхыг харлаа. Зуны аагим халуунд юу хийж яваа юм бол доо гэж бодов. Тэднийг манай хаалгыг тогшиход нь би нөхөртөө хурдхан хаалгаа тайлж өг гэлээ. Нөхөр маань “Танихгүй хүмүүст хаалгаа тайлж өгөх гэж үү?” гэхэд нь би тэг ээ гэж хариулсан юм.

Миний сониуч зан хөдлөөд хурдхан тэр хүмүүсийг угтаж авлаа. Тэд өөрсдийгөө Эх Бурханы тухай тунхаглаж байгаа Бурханы сүмийн хүмүүс гэж танилцуулав. Миний өмнө нь сонсож байгаагүй шинэ мэдээ байсан болохоор би сонирхоод, тэднийг дотогш орохыг урилаа. Тэд Библи нээж, амийн ус өгөгч Эх Бурхан байдаг талаар зааж өглөө. Надад их гайхалтай санагдаж, Эцэг Бурхан байгаа юм чинь мэдээж Эх Бурхан ч байх ёстой шүү дээ гэсэн бодол төрөв.

Би тэр даруй баптисм хүртлээ. Гэтэл хажууд байсан нөхөр маань бид чинь өөр сүмд явж байгаа биз дээ гээд мэл гайхав.

“Бид баптисм хүртчихээ биз дээ?”

“Тийм нь ч тийм л дээ. Гэхдээ энэ үнэхээр Бурханы үнэн байна аа. Тийм болохоор чи ч гэсэн баптисм хүрт.”

Нөхөр маань үүнийг хүлээн зөвшөөрч, бид нэг өдөр Бурханы хүүхэд болон дахин төрж билээ.

Бидэнд Бурханы үг дамжуулсан итгэгчид өмнө нь манайхаар хоёр ч удаа ирсэн боловч бидэнтэй огт тааралдаж байгаагүй гэнэ. Тэр өдөр миний бие өвдөж гэртээ эрт ирсэн болохоор уулзаж чадсан нь энэ байв. Энэ бүхэн Бурханы хүсэл гэдэгт би итгэсэн.

Үүний дараагаас нөхөр бид хоёр Бурханы хууль тушаал сахиж эхлэв. Гэтэл энд хэдэн жил амьдарсан солонгос гэр бүлүүд нутаг буцах болж, цаашдаа бид мөргөлөө яаж тэмдэглэхээ мэдэхээ байв. Бид гэрээр мөргөл сахих болж, жил бүр Алгасал баяр тэмдэглэхийн тулд Сальвадорт байдаг Сион руу автобусаар 2 цаг явж очдог байсан юм. Гэр бүлүүд биднээс холоос ирэх гэж их ядрав уу гэж асуудаг ч бидэнд бол огтхон ч хэцүү санагдаагүй ээ. Харин ч бид Бурханы жинхэнэ үнэнийг сахиж байгаадаа их баярладаг. Иймэрхүү байдлаар нөхөр бид хоёр 5 жилийн турш итгэлийн амьдралаа сахиж, тэнгэр Эцэг Эхээ дагаж байв.

Бид баяруудаа ариунаар сахиж, шинэ ах эгч дүү нартай болохын тулд Фейра де Сантанад Сион байгуулж өгөхийг тэнгэр Эхээс орой бүр залбиран гуйдаг байлаа. Эхэд захиа ч бичдэг байв. Эцэст нь Бурханы ивээлээр Сальвадор Сионы гэр бүлүүд Сион байгуулахаар энд ирэх тухай сонсоод бид баярласандаа ч тэр үү, энэ мэдээг их удаан хүлээсэн болоод ч тэр үү нэг л итгэж өгөхгүй байв.

Фейра де Сантанад Бурханы сүм байхгүй гээд олон ч хүн биднийг хавчиж, зарим нь өөр сүмд урьдаг байсан л даа. Харин бид тэдний үгийг сонсоогүй. Учир нь амийн үнэн зөвхөн Бурханы сүмд л байдаг, тэгээд бас бид тэнгэр Эцэг, тэнгэр Эхэд итгэдэг юм чинь. Хүмүүс биднийг шоолж, инээж байсан ч бид мөргөлөө уйгагүй тэмдэглэж, итгэлээ сахиж байсан даа. Бид бас Сион байдаг өөр хот руу нүүхээр хүртэл төлөвлөж байсан шүү.

Зургадугаар сарын нэгэн Амралтын өдөр бид ердийнхөөрөө Амралтын өдрийн мөргөлөө тэмдэглэчихээд байж байлаа. Мөргөлийн дараа өдрийн хоолоо бэлдэх гэж байтал хэн нэгэн хаалга тогшив. Хаалгаа нээгээд хартал ах эгч дүү нар зогсож байх нь тэр. Тэд Фейра де Сантанад Сион байгуулахаар ирцгээж. Гэр бүлүүдтэйгээ цуг мөргөл тэмдэглэх газартай болсондоо бид бөөн баяр хөөр болов. Бидэнд ийм агуу ерөөл соёрхсон тэнгэр Эцэг Эхдээ чин сэтгэлээсээ талархаж байна аа.

Фейра де Сантана дахь гэр сүм манай гэрээс 40 минутын зайд байрладаг. Тэгсэн ч бид баярын болон бусад мөргөлөө баяр хөөртэйгөөр сахиж, тэнгэр Эцэг Эхийнхээ ивээлээр шинэ гэр бүлүүдээ ч хайж олсоор байгаа. Нөхөр бид хоёрын залбирлыг сонсож, Өөрийн хайраа мэдрүүлсэн тэнгэр Эхдээ чин сэтгэлээсээ талархаж байна аа.