Сонголт хийх амьдрал

11,236 үзэлт

Итгэлийн аян замдаа бид Бурханы үгийн дагуу сонголт хийх амьдрал маань хичнээн ерөөлтэй гэдгийг ухаарахад цаг гаргацгаая. Бурханы үгийг дуулгавартай дагаж, цаг үргэлж Эцэг, Эхэд таалагдах сонголт хийж байж л бид тэнгэрийн оронд орж чадна.

Итгэлийн өвөг дээдсийн амьдралыг харах юм бол Мосе, Абрахам, Ноа, Адам, Евагаас эхлээд Петр, Иохан, Иаков гээд Есүсийн шавь нар бүгд л сонголт хийх амьдралаар амьдарч ирсэн байдаг. Мөн израильчууд цөлийн аян замын турш амьдралынхаа хором мөч бүрд ашиггүй сонголт хийж, цагаа хий дэмий үрж байсан юм.

Өнөөгийн бидний амьдрал ч ялгаагүй. Хүний амьдралд үй түмэн сонголт тулгарна. Хором мөч бүхэнд бид сонголт хийх амьдралын салаа зам дээр зогсож байдаг. Өөрсдийгөө зөв сонголт хийж, зөв амьдралаар амьдарч байгаа эсэхээ Библийн сургаалаар шалгаж үзье.

Христийг сонгосон шавь нарын амьдрал

Хүмүүний амьдралын хугацаа дэндүү ахархан. Шинэ жил тэмдэглэх гээд сальют буудуулан, дэлхий даяараа баярын уур амьсгалтай байсан нь өчигдөрхөн мэт санагдаж байна. Тэгтэл одоо юу юугүй оны сүүлч тулчихлаа. Нэг жил нэг өдөр мэт л өнгөрнө. Амьдрал ийм л байдаг.

Бурхан хүн төрөлхтнийг аврахаар 6000 жилийн төлөвлөгөө зохиож, авралын төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэхийн тулд тэрхүү зургаан мянган жилээ Ариун Эцэгийн үе, Ариун Хүүгийн үе, Ариун Сүнсний үе гэж гурав хуваасан. Библийн үгийн дагуух амьдралыг сонгоход л бид авралын замд хөл тавьж чадна. Тиймээс Бурхан бидэнд цаг үргэлж үгийг нь дуулгавартай дага гэж айлдсан байдаг.

Есүсийн дуудлагыг хүлээн авч, Түүнийг дагахдаа элч нар ямар сонголт хийснийг Библиэр үзье.

“Тэр цагаас эхлэн Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж тунхаглаж эхлэв. Тэрээр Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй ах дүү хоёрыг харжээ. Нэг нь Петр гэгддэг Симон, нөгөө нь түүний дүү Андрей байв. Тэд загасчид аж. Есүс тэдэнд —Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно гэв. Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа. Тэр тэндээсээ цааш явж Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан гэдэг бас нэгэн ах дүү хоёрыг завин дотроо эцэг Зебедеенхээ хамт тороо сэлбэж байгааг хараад дуудав. Тэд тэр даруй эцгээ завьтайгаа орхиж, Түүнийг дагалаа.” Мат 4:17-22

Петр, Андрей, Иаков, Иохан нар Галил нуурын эргээр өдөр бүр загасчилж амьдралаа залгуулдаг байсан. Нэг өдөр Есүс тэдэн рүү дөхөн ирээд, “Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно” гэж байна. Тэгтэл шавь нар Есүсийн дуудлаганд тэр даруй хариулж, сонголтоо хийж байна шүү дээ. Юм бүхнээ орхиод Есүсийг дагах нь тэдний сонголт байлаа.

Бид Бурханд хэрэгтэй учраас Бурхан энэ дэлхийд ирсэн юм биш ээ. Нүгэлт ертөнцөд зовж байсан хүн төрөлхтнийг өрөвдсөндөө аврахаар ирсэн юм. Тиймд Бурхан биднээс ямар нэг юм хүссэндээ биднийг Өөрт нь итгэж, энэ замаар яв гэж айлдаагүй.

Шавь нар үүнийг ухаарсандаа Есүсийн Өөрийг нь дага гэх дуудлагыг дуртайяа хүлээн авсан юм. Яруу алдар гэхээсээ зовлон зүдгүүр нь их өргөст зам байсан ч тэд Бурхантай хамт алхахыг л хүсэж, тэр замыг дагах сонголт хийсэн. Бүр амьжиргаагаа залгуулахад нь хамгийн хэрэгтэй чухал хэрэгсэл нь байсан завь, тороо хүртэл орхиж, “Намайг дага” хэмээх Есүсийн дуу хоолойг дагах сонголт хийсэн байна. Тэд үнэхээр туйлын зөв сонголт хийсэн юм. Библид гардаг хамгийн ерөөлтэй хүмүүс тэд.

Тэдний амьдралд хэдийгээр үй түмэн зовлон бэрхшээл, зөрчил тулгарсан ч харин одоо тэд хаана байгаа билээ? Бараг 2000 жил өнгөрөөд байгаа ч Петр одоо Есүстэй хамт тэнгэрийн хаанчлалд байгаа гэдэгт эргэлзэх юм алга. Бурханы энгэрт үгээр илэрхийлэх аргагүй тайвшран, хүссэнээ хийн, дэндүү аз жаргалтай байгаа байх.

Энэ тухай бодохоор энэ насандаа Эцэг, Эхийг хүлээн авах болсон маань үнэхээрийн зөв, үнэхээрийн ерөөлтэй сонголт байсныг дахин ухаардаг юм. Хүн энэ дэлхийд өндөр албан тушаал, зэрэг зиндаатай байсан ч амьдрал нь хязгаарлагдмал, удаан үргэлжлэхгүй. Гэвч тэнгэрийн зүйлс мөнх төдийгүй үеийн үед оршино. Та бүхнийгээ түр зуур амьдрах агшин зуурын төлөө мунхаг сонголт хийхээс илүү үүрд мөнх амьдрах ухаалаг сонголт хийгээсэй гэж хүсэж байна.

Искариотын Иудасын буруу сонголт

Бидний амьдралын хором мөч бүхэнд сонголт бий. Тухайн тэр мөчид нэг буруу сонголт хийчихвэл эргэж буцах аргагүй болно. Есүсийн арван хоёр шавиас буруу сонголт хийсэн нэг л хүн байсан юм.

“Тэр үед арван хоёрын нэг Искариотын Иудас ахлах тахилч нарт очиж —Түүнийг та нарт барьж өгвөл та нар надад юу өгмөөр байна? гэхэд тэд түүнд гучин мөнгөн зоос дэнслэв. Тэр мөчөөс эхлэн Есүсийг барьж өгөх аятай завшааныг тэрээр эрэлхийлж эхлэв.” Мат 26:14-16

Искариотын Иудас Есүсийн оронд гучин мөнгөн зоос сонгож, Есүсийг барьж өгөх боломж завшаан эрэлхийлж байна. Итгэлийн замаар алхах явцдаа мөнхийг, мөнхийн тэнгэрийн хаанчлалыг алдах тийм буруу сонголт хийдэг мунхаг, хөөрхийлөлтэй хүмүүс хааяа харагддаг даа.

Уг нь Есүсийн шавь байна гэдэг хичнээн яруу алдрын хэрэг билээ! Искариотын Иудас Есүсээс шууд сурч, Есүсийн хамгийн ойр дотно шавийн хувиар Есүсийн айлдсан, үйлдсэн бүхнийг сурч, хүлээн авч байсан хэр нь Есүсээс илүү мөнгийг хайрладаг. Мөнгө сонгосон тэр мөчөөс нь Бурхан түүнд өөр санагдсан хэрэг. Иохан, Петр зэрэг бусад шавь нартай адилгүйгээр Иудас Есүсийг дагахдаа баяр хөөр мэдрэхээ больсон. Учир нь Есүс хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж, тоогдохын оронд харин ч үргэлж “тэрс” гэж ад шоо үзэгдэж, “Жирийн нэг хүн яаж Бурхан байх юм” хэмээн гүтгүүлж байж. Эцэстээ Иудас буруу сонголт хийн, бүр хожим нь буруу сонголт хийснээ ухаарсан юм. Гэвч тэр гэмшээгүй, ердөө харамссан төдий. Үүнийхээ үр дагаварт Иудас аймшигт үхлээр үхсэн байдаг.

Эдүгээ 2000 жил өнгөрсний дараа Искариотын Иудас хаана байгаа вэ? Тэр одоо юу хийж байгаа бол? Хүхэр бүхий галт нуурт “Тэр үед би яах гэж тийм юм хийв ээ?, Би яагаад тийм буруу сонголт хийгээ вэ?” гэж өөрөө өөртөө хэлж, гүн харуусан байгаа биз ээ.

Сонголт хийх цаг нэг өнгөрчихвөл буцаах аргагүй. Лук 16-р бүлэгт гардаг баян хүн ба Лазарын сургаалт зүйрлэлд баян хүн үхэж, тамд тарчлахдаа харууссан ч цаг хугацааг ухрааж чадаагүй шүү дээ.

Искариотын Иудасын сонгосон амьдралыг эцсээ хүртэл Христийг дагасан Петрийн болон бусад шавь нарын сонгосон амьдралтай харьцуул даа. Бидний итгэлийн амьдрал бол цуврал сонголт юм. Амралтын өдөр сахих нь ч бас нэг сонголт. Бурханы тушаалд дуулгавартай байж, итгэлээ сахих нь Есүсийг “Намайг дага” гэж айлдангуут тэр даруй Есүсийг дагасан Петр, Иохан, Иаков нартай адил юм. Хүн бүр л завгүй, мөн хийх чухал юм бий. Гэхдээ бид тэр бүхнээ орхиод, тэнгэрийн мөнхийн ерөөлөөр болон ариун байдлаар хувцаслаж, “Амралтын өдрийг санаж, үүнийг ариунаар сахь” гэсэн Бурханы тушаалд дуулгавартай байж, Бурханы хүслийн дагуу амьдрахыг нь сонгосон. Тиймээс л бид Сионд ирж, долоо хоног бүр Амралтын өдөр сахидаг.

Өөр бусад өдрийн нэгэн адил өнөөдөр ч бид ертөнцийн зүйлс, Бурханы зүйлс хоёрын дундаас сонголт хийсээр. Ямар сонголт хийх нөхцөл байдал биднийг хүлээж байгааг таашгүй. Гэхдээ л бид ямар ч нөхцөлд Бурханы хүсэлд нийцүүлэн сонголтоо хийх хэрэгтэй.

Түр зуурын төлөөх сонголт ба мөнхийн төлөөх сонголт

Есүс загалмайд цовдлогдоход баруун зүүн талд нь хоёр дээрэмчин бас цовдлогдсон байдаг. Тийм эгзэгтэй мөчид тэд ямар сонголт хийснийг болон тэдгээр сонголт ямар үр дүн авчирсныг Библиэс үзье.

“Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь Түүнийг доромжилж —Та чинь Христ биш бил үү? Өөрийгөө, бас биднийг авраач! гэв. Харин нөгөө нь түүнийг зэмлэн —Чи адилхан ялд унасан атлаа Бурханаас айхгүй байна уу? Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд тэр —Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай гэв. Тэгтэл Есүс түүнд —Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно гэлээ.” Лук 23:39-43

Хоёр дээрэмчний тухайд Есүсийн зүүн талын дээрэмчинг түр зуурын тухай бодсон, харин баруун талын дээрэмчинг мөнхийн зүйлийн тухай бодсон гэж Эцэг айлдсан байдаг. Зүүн талын дээрэмчин нь хурсан олны талд орвол амийг нь хэлтрүүлнэ гэж горьдсон хэрэг. Тиймдээ ч “Христ юм бол Өөрийгөө болон биднийг авраач” гэж бусад хүмүүсийн нэгэн адил авирлан, Есүсийг гутаан доромжилсон юм.

Зүүн талын дээрэмчин зөвхөн түр зуурын юмыг л бодож байхад баруун талын дээрэмчин мөнхийн юмсад тэмүүлсэн. Тиймдээ ч тэр нүглээ гэмшиж, Есүсээс аварч өгөхийг гуйж, мөнхийн юмсыг сонгосондоо л “Өнөөдөр чи надтай хамт Диваажинд байх болно” гэх Есүсийн үгээр тэнгэрийн ерөөл авсан юм.

Есүсийн арван нэгэн шавь хэцүү хүнд нөхцөл байдалд ч мөнхийн юманд тэмүүлж байж. Хэрэв тэд хормын зүйлийг сонгосон бол Искариотын Иудас шиг ертөнцтэй нэгсэн, Христээс урвах байсан байх. Харин шавь нар мөнхийн юмсыг сонгосон болохоор л хүмүүс Есүст “Назарын бүлэглэл” гэсэн нэр хоч зүүлгэн, “Та хүн байж Өөрийгөө Бурхан болголоо” гээд чулуу шидэхийг завдсан тийм аюултай нөхцөл байдалд ч эцсээ хүртэл Есүсийг дагасан юм.

Өнөө үед бид мөнхийн юмсыг сонгосон хүмүүсийн л хийж чадах итгэлийн амьдралаар амьдарч байгаа. Цаг зуурын юмсыг сонгосон нэг ч хүн Сионд байхгүй. Бүгд л мөнхийн мөнхийг сонгож, мөнхийн ертөнцийг тэсэн ядан хүлээж байгаа. Нэгэнтээ л мөнхийн мөнхийг сонгосон хүмүүс юм чинь хавчлага саад замд маань тулгарч, бусад хүн биднийг ойлгохгүй байсан ч мөнхийн тэнгэрийн хаанчлалыг чиглэн эрч хүчтэйгээр гүйнэ.

“Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх нь өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна. Учир нь агшин төдий ялихгүй зовлон нь бидэнд алдрын мөнхийн жинг үлэмж арвижуулж байна. Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнх билээ.” 2Кор 4:16-18

Үзэгдэх юмс цаг зуурынх. Үл үзэгдэх юмсыг сонгосон болохоороо одоо бид Бурханы үгэнд дуулгавартай байх гэж хичээж байгаа. Хэрвээ бид цаг зуурын юмсыг сонгосон бол ертөнц даяараа хүлээн зөвшөөрсөн ням гаргийн мөргөл сахиж, Христмас баяр тэмдэглэх байсан. Харин бидний сонгосон зүйл бол мөнхийн юмсын төлөө бичигдсэн Бурханы үг юм. Тиймээс бид хүний тушаалын оронд Бурханы тушаалыг дуулгавартай сахиж, Библид заасан ёсоор Эцэг Бурхан төдийгүй Эх Бурхан оршдог гэдэгт итгэдэг.

“Тиймд ах дүү нар аа, бид махбодын дагуу амьдрахын төлөө байдаг махбодын өртөнгүүд биш. Учир нь хэрэв та нар махбодын дагуу амьдарвал үхэх ёстой. Харин та нар Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьдрах болно. … Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь ч бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог. … Учир нь бид ийм найдвараар аврагдсан. Гэхдээ харагдаж байгаа найдвар нь найдвар биш юм. Хүн харж буй зүйлдээ найдахын хэрэг юу байна? Харин бид харахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийгээ тэвчээртэйгээр хүлээдэг.” Ром 8:12-25

Цаг зуурыг сонговол Искариотын Иудас шиг л төгсөнө. Мөнхийг сонговол Иохан, Петр, Иаков нар шиг амиа алдахаар байсан ч Христийн сургаалыг тогтмол дагах хангалттай итгэлтэй байж чадна. Бид түр зуур үргэлжлээд дараа нь алга болох энэ ертөнцийн юмстай зууралдахын оронд мөнхийн төлөө амьдрах мэргэн ухаантай байх хэрэгтэй. Эцэг, Эхийн бидэнд өгсөн бүх сургаал мөнхийн төлөө амьдраасай гэсэндээ айлдсан юм.

Итгэлтэй хүмүүс мөнхийг сонгодог

Итгэлийн амьдралдаа хааяа бид “Яагаад ингэж хавчигдах ёстой юм?”, “Ертөнц яагаад бидэнд ийм их зовлон бэрхшээл өгч байгаа юм?” гэх зэргээр бодож мэднэ. Иймэрхүү маягаар бодох бүрд маань Бурхан биднээс “Чи Намайг юу гэж бодоо вэ? Энэ хавчлагыг зогсоох хүч Надад байхгүй гэж бодно уу?” гэж асуудаг юм шүү.

Бурхан бол бүгдийг чадагч, төгс хүчит Нэгэн. Тэрээр биднийг яруу алдар, хүндэтгэл авхуулж, хүмүүсийн дунд нэр алдартай болгож, хүмүүсийн хүндлэл авахуйц байлгаж чадах л байсан. Харин Бурхан түр зуурын баяр баясал, тааламж биш, мөнхийн баяр хөөр, аз жаргал өгөх гэсэндээ л бидэнд түр зуурын зовлон бэрхшээл өгч, ертөнцийнхнөөс доог тохуу, хавчлага амсуулж байгаа. Энгийнээр хэлэхэд Бурхан биднийг үхэшгүй мөнх болгохын тулд энэ ертөнцөд түр зуур дорд байлгаж байгаа хэрэг.

Энэхүү үнэнийг ухаараагүй хүмүүс Дем шиг түр зуурын бэрхшээлээс болоод Бурханы замыг дагахаас амархан шантарна. Өөртэй нь хамт сайн мэдээ тарааж явсан Дем түр зуурын юмсыг сонгон, ертөнц рүү эргэх үед Паул маш их зовниж, хямарсан байдаг (2Тим 4:10). Итгэлээ сахихын тулд бид мөнхийн юмсыг сонгож, мөнхийн зүйлсийг харах ёстой.

“Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй. “Учир нь айсуй Нэгэн тун удалгүй ирнэ. Эс саатна. Харин зөвт хүн итгэлээр амьдарна. Хэрэв тэр ухрах аваас сэтгэл минь түүнийг эс таална” гэжээ. Бид сүйрэл уруу ухрагсад бус харин итгэж, амийг хадгалагсад билээ.” Евр 10:36-39

Итгэж, амийг хадгалагсдын тухайд тэд түр зуурын устаж алга болох зүйлстэй зууралдаад байлгүй, мөнхийн мөнхийг сонгосон нэг нийтлэг тал бий. Итгэлээр Мосе Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзан, нүглийн цаг зуурын зугаанаас Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг сонгосон. Абрахам ч тэгсэн, Ноа ч тэгсэн. Мөнхийн төлөөх амьдралыг сонгохдоо тэд бүр ч илүү баяр хөөр, аз жаргал мэдэрч байсан юм. Тухайн тэр мөчид тэдний сонголт хүмүүст бол ойлгомжгүй байсан юм. Гэвч мөнхийн тэнгэрийн хаанчлал ирэх үед бүх хүн тэднийг “Тэд үнэхээрийн зөв замаар амьдарч байсан хүмүүс байж”, “Ёстой нэг зөв сонголт хийсэн хүмүүс тэд байж” гэцгээн, хүлээн зөвшөөрнө.

Сүнс болон Сүйт бүсгүй болох Эцэг Эх Бурхан маань дэлхий даяар бүх хүнийг “Ирээрэй” хэмээн дуудаж байгаа (Илч 22:17). Сүнс болон Сүйт бүсгүй рүү ирсэн учраас л бид Библийн сургаалаар дамжуулж цаг зуурыг биш, мөнхийн мөнхийг сонгох мэргэн ухаанд суралцсан. Бусад хүн юу гэж хэлсэн ч, тэд ямар сонголт хийсэн ч хамаагүй бид одоо зөв сонголт хийсэн гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Бурханы үгэн дээр нэмж хасалгүй, Библийн сургаал дагадаг тэр сонголт хамгийн баттай, хамгийн баараггүй сонголт юм (Илч 22:18-19). Энэ ертөнцөд бусдыг хуурч мэхэлдэг хүн олноор барахгүй хаа сайгүй отох урхи занга ч их бий. Харин Библийн сургаал биднийг үргэлж зөв замаар хөтөлж, мөнхийн мөнхийг чиглэн явахад маань тусална.

Бурханы үгнээс холддог хүмүүс түр зуурын юмст байнга урхидуулдаг. Тэдний хувьд Христийн төлөө зовох Петрийн амьдрал хөөрхийлөлтэй санагдаж, тухайн үед өөрсдийнхөө тааллаар амьдарч, хүмүүсийн хүндлэл хүлээж байсан фарисайчууд, хуулийн багш нар, тэргүүн тахилч нар нь сүрлэг санагдсан. Тэдэнд огтхон ч атаархах хэрэггүй. Энэ дэлхий Бурханы нүдэнд хувин доторх дусал ус мэт, дэнсэн дээрх тоос мэт байдаг гэж Библид гардаг даа.

Мөнхийн мөнхийг сонгосон гэдгээрээ өөрөөрөө бахархаарай. Бидэнд илүү уужим том, илүү үзэсгэлэнтэй гоёмсог ертөнц байгаа. Сионы ах эгч дүү нар аа, Эцэг Эхтэйгээ үүрд мөнхөд хөтлөлцөн, сансар огторгуйн одноос од руу, өнөөдөр Долоон бурхан руу, маргааш Марал руу гээд чөлөөтэй аялах аз жаргалтай мөчийг төсөөлөөд, мөнхийн тэнгэрийн хаанчлал руу хамтдаа эрч хүчтэйгээр гүйцгээе.