
“Есүс хурсан олонд сургаалт зүйрлэлээр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зүйрлэлгүйгээр юуг ч тэдэнд ярьсангүй. Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ «Би сургаалт зүйрлэлээр амаа нээнэ. Би ертөнцийн сууриас эхлэн нууцлагдсан зүйлсийг хэлнэ» гэсэн байна.” Мат 13:34
Есүс хайртай хүүхдүүдийнхээ төлөө тэнгэрийн хаанчлалын нууцуудыг сургаалт зүйрлэлээр айлджээ. Энэ нь тэнгэрийн хаанчлалын нууцыг мэдэх нь зөвшөөрөгдсөн болон зөвшөөрөгдөөгүй хүн байгааг хэлж байна. Библийн сургаалт зүйрлэл дундаас аянга болон сайн мэдээний холбоо хамаарлын талаар судалцгаая.
“Аянга зүүн зүгээс цахилж, баруун зүг хүртэл гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн залрал тийм байх болно.” Мат 24:27
1. Аянга бол гэрэл
Агаар мандалд хуралдсан цахилгаан цэнэг буухад бий болдог хурц гэрлийг аянга гэнэ. Аянга нь үүлтэй бүрхэг өдөр эсвэл харанхуй шөнө цахилж өргөн уудам газрыг хоромхон зуур гэрэлтүүлдэг.
2. Сайн мэдээ нь гэрэл юм
Библид Христийн дэлгэрүүлэх сайн мэдээг “гэрэл” гэж илэрхийлсэн байдаг.
“Харанхуйд алхаж яваа ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав. … Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж.” Иса 9:2
Исаиа эш үзүүлэгч хожим Есүс махан бие өмсөж ирээд нүгэлд хутгалдсан энэ ертөнцийг аврахын тулд шинэ гэрээний сайн мэдээг дэлгэрүүлэхийг “гэрэл тусав” хэмээн зөгнөжээ. Исаиа эш үзүүлэгч ийн зөгнөснөөс хойш бараг 700 жилийн дараа Христ гэрэл болон энэ газарт ирээд, ертөнцийг гэрэлтүүлсэн боловч харанхуйн хүчнүүд гэрлийг таньж чадалгүй, улмаар эсэргүүцэж загалмайд цовдлон том алдаа хийсэн байдаг.
“Гэрэл харанхуйг гийгүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юм. Бурханаас илгээгдсэн Иохан гэгч хүн байжээ. Тэрээр мөнөөх гэрлийг гэрчлэх гэрчлэлийн төлөө ирсэн нь түүгээр дамжин бүгд итгэхийн тулд байлаа. Тэрээр өнөөх гэрэл байсангүй, харин тэрхүү гэрлийн тухай гэрчлэхээр иржээ. Ертөнцөд ирж хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв. Тэрээр ертөнцөд байсан ба ертөнц нь Түүгээр буй болсон атлаа ертөнц Түүнийгээ эс танив. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ. …” Иох 1:5-12
Харанхуй гэрэлд дургүй тул хөнөөлт Сатан диавол энэхүү сайн мэдээний гэрлээс айж гэрэл гэрэлтэхэд саад хийдэг.
“Бидний сайнмэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөгсдийн хувьд нууцлагдсан хэрэг. Энэ эрин үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын тухай сайнмэдээний гэрлийг үзэхгүй болжээ.” 2Кор 4:3-4
3. Хуучин гэрээ нь сар, шинэ гэрээ нь нар
Шинэ гэрээний сайн мэдээ төдийгүй хуучин гэрээний сайн мэдээ ч гэрэл байсан юм. Гэвч хуучин гэрээ нь өөрөө гэрэлтдэг биш. Учир нь сар өөрөө гэрэлтдэггүй, нарны тусгалын улмаас гэрэлтдэг шиг хуучин гэрээ бол хожим гарч ирэх шинэ гэрээний гэрлийг тусгасан бүүдгэр гэрэл байсан аж. Нар мандахад сар гэрлээ алддаг шүү дээ. Үүн лүгээ шинэ гэрээ гарч ирснээр хуучин гэрээний гэрэл замхарсан юм.
“… Тэр “шинэ” гэж айлдахдаа анхныхыг хуучин болгов. Хуучирч, удсан юмс алга болоход бэлэн байдаг.” Евр 8:7-13
“Учир нь ял зэмлэлийн үйлчлэл (хуучин гэрээ) нь алдартай байх аваас зөвт байдлын үйлчлэл (шинэ гэрээ) нь алдар дор илүү их бялхсан байна. Учир нь урьд алдартай (хуучин гэрээ) байсан зүйл нь давамгай алдраас (шинэ гэрээ) болж хэдийнээ алдаргүй болжээ. Арилж буй нь алдартай байсан бол мөнх үлдэх (шинэ гэрээ) нь илүү их алдартай байна.” 2Кор 3:9-11
Ийнхүү анхны сүм хуучин гэрээг хөл дороо байлгаж, шинэ гэрээг өмсөн сайн мэдээний гэрлийг гэрэлтүүлжээ.
“Тэнгэрт нэгэн үлэмжийн тэмдэг үзэгдэв. Нарыг өмссөн, хөл дороо сар,” Илч 12:1
4. Шинэ гэрээний сайн мэдээ бол нүглийг эдгээгч туяа
Сүүлийн үед янз бүрийн өвчнийг лазераар эдгээдэг болсон шүү дээ. Үүнтэй адил шинэ гэрээний сайн мэдээний гэрэл бол сүнснүүдийн сүнслэг өвчнийг эдгээгч сүнсний эмчилгээний гэрэл юм.
“Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар (гэрэл) гийгүүлнэ. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно.” Мал 4:2
5. Хоёрдугаар Христийн гэрэл нь долоон өдрийн гэрэл
Христийн ирээд бий болгосон шинэ гэрээний сайн мэдээ нь нар шиг хурц тод гэрэлтэн олныг зөв шударга байдалд хөтөлсөн юм. Гэвч Христ тэнгэрт одож, элч нар ч ертөнцийн мөнх бусыг үзүүлсний дараа диавол хүчтэй эсэргүүцэл үзүүлж, улмаар Христийн сайн мэдээ гэрлээ гээн, сүм хуурамч сайн мэдээгээр дүүрэх болжээ. Түүнчлэн 1000 гаруй жилийн турш үнэн огт байхгүй шашны харанхуй үеийг өнгөрөөсөн юм. Тиймээс үеийн сүүлчийн өдрүүд болох өнөө үед харанхуйг зайлуулж ертөнцийг гэрэлтүүлэх Хоёрдугаар Христийн гэрэл аянга шиг хүчтэй байх юм. Энэхүү гэрлийн талаар эш үзүүлэгчид ийн зөгнөжээ.
“ЭЗЭН ард түмнийхээ бэртэнгийг боож, яр шархыг нь эмчлэх өдөрт сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж, нарны гэрэл нь долоон өдрийн гэрэл мэт долоо дахин хурц болно.” Иса 30:26
“Үүний дараа агуу эрх мэдэлтэй өөр нэгэн тэнгэрэлч тэнгэрээс буухыг би харав. Дэлхий түүний цог жавхлангаар гэрэлтэв.” Илч 18:1
Тийм болохоор Библид хэлж буй гэрэл нь Бурханы алдрын гэрэл, шинэ гэрээний сайн мэдээний гэрэл (туяа) юм. Аянга зүүн зүгээс цахилж, баруун зүг хүртэл гялбуулдаг гэсэн нь Христийн хоёр дахь ирэлтийн үед сайн мэдээний гэрэл зүүн зүгээс цахилж, баруун зүг хүртэл асар хурдтай гэрэлтүүлнэ гэдгийг хэлсэн зөгнөл ажээ.
“Түүний аянга цахилгаан ертөнцийг гэрэлтүүлнэ. Газар дэлхий үүнийг хараад чичрэв. Бүх дэлхийн Эзэний өмнө, ЭЗЭНий өмнө уулс лааны тос адил хайлав.” Дуу 97:4-5