Хайраар соёрхож өгсөн ерөөл

Ким Хе Жи / Солонгос, Анян

7,346 үзэлт

Манай гэр бүл хоорондоо их дотно бас бие биедээ их нээлттэй. Аав ээж хоёр маань яг л миний найз шиг байж, хамт байхад уур амьсгал үргэлж хөгжилтэй байдаг. Манай найзууд ах нартайгаа үе үе муудалцдаг талаараа ярьдаг ч, харин ах бид хоёр хоорондоо үнэхээр эв түнжинтэй.

Тийм болоод ч тэр үү, ахлах сургуульд байхдаа нэг найзаараа дамжуулан үнэнийг хүлээж авахад хамгийн түрүүнд гэрийнхэн маань санаанд орж байсан юм. Хөдөө орон нутгаас дөнгөж хот руу нүүж ирээд байсан болохоор би муу найз нөхөдтэй таарахвий гэж ихэд санаа зовдог байлаа. Харин Сионы гэр бүлүүд ийм хүмүүс байдаг билүү гэж бодогдохоор үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс байв. Библийн үгс маш тодорхой, ойлгомжтой. Би яагаад энэ дэлхийд төрсөн, үхсэний дараа хаашаа явах вэ гэх мэт айдаг асуултуудын минь хариу бүгд тэнд байсан юм.

Би хайртай гэр бүлээ эдгээр сайн мэдээний үгсийг мөн хайраар дүүрэн Сионыг мэдэж аваасай гэж ихэд хүссэн боловч тэд харин ч хүйтэн хөндий хариу барилаа. Намайг ярьж ч дуусаагүй байхад аав ээж хоёр итгэлийг маань эсэргүүцэж “Буддын шашинд итгэдэг гэр бүл яаж сүм гээч зүйлийг хүлээж авах юм бэ?” гэцгээн, эхэндээ миний талд байсан ах маань хүртэл манай сүмийн талаарх гүжирдлэгийн үгийг сонсоод бодлоо өөрчлөн, “Чи өөр ямар ч сүмд явж болно, харин Бурханы сүмд л биш шүү” гэж байв. Бүгд л ширүүн байсан болохоор би ч яриагаа дуусгаж чадаагүй юм.

Хэдэн жил өнгөрч би ч сургуулиа төгслөө. Би хааяа уулздаг найзууддаа болон хамт ажилладаг хүмүүстээ сайн мэдээ тараасан юм. Сионы ах эгч дүүстэйгээ хамт сайн мэдээний төлөө шамдаад ирэхээр гэр бүлээ үнэн рүү хөтлөхийг илүү ихээр хүсдэг боллоо. Сионы гэр бүлүүд өөрийн махан биеийн эцэг эхтэйгээ, ах эгч дүүстэйгээ үгийг хамтдаа сурч хоорондоо ярилцаж байгааг хараад эсвэл мөргөлийн дараа хамт харьж байгааг нь хараад энэ хүсэл маань бүр ч нэмэгддэг байлаа.

Би зоригоо чангалан гэр бүлдээ үгийг дамжуулсан боловч тэдний зүрх сэтгэл яг л цоожтой хаалга шиг байдаг байв. Аав ээж маань миний итгэлийг эсэргүүцэн, ах маань хүртэл сөрөг бодолтой хэвээрээ л байв.

Би аав ээжийгээ, ялангуяа ахыгаа бодохоор харамсаад байв. Учир нь ахыг цэрэгт явснаас хойш ах бид хоёрын хамт өнгөрүүлэх цаг хугацаа өмнөхөөс ч бага болсон юм. Миний хийж чадах цорын ганц зүйл нь залбирах байлаа. Цэргийн амьдрал хүнд болохоор би ахыгаа цэрэгт байх хугацаандаа Бурханы хайрыг ойлгож, тайвшрал аваасай гэж залбирдаг байлаа.

Харин энэ нь тодорхой бус залбирал байв. Төрсөн дүүгээ ч сонсохгүй байгаа хүн өөр хүнээс сонсох байтугай цэргийн анги гэх хязгаарлагдмал орон зайд үнэнийг сонсоно гэдэг боломжгүй зүйл мэт санагдаж байлаа. Гэсэн ч Бурхан л хөтөлж өгөх юм бол боломжгүй зүйл байхгүй учраас би залбирсаар л байв.

Нэлээд удаан хугацаа өнгөрлөө. Ах маань цөөнгүй удаа чөлөөгөөр гарч ирлээ. Нэг өдөр тэрээр над руу залгаад дахиад чөлөөгөөр гарах гэж байгаа тухайгаа хэлсэн юм. Тэр үед Сионы ойролцоо “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэн гарсан байсан болохоор би ахыгаа үзэсгэлэнд ирэхийг урилаа. Ахад маань ирэх санаа байгаа юм шиг байвч тэрээр надад чөлөөний хугацаанд уулзалт ихтэй болохоор очиж чадахгүй гэж хэлсэн юм. Хэдий ингэж хэлсэн ч ахыг чөлөөгөөр гарах үед байдал өөрчлөгдөж, зарим уулзалтууд нь цуцлагдаж, ах үзэсгэлэн үзэхээр ирсэн юм.

Би ахтайгаа хамт Сион руу явах сайхан санагдаж байв. Үзэсгэлэн үзэж байхад надад яг л зүүд мэт байж билээ. Би ахыгаа тэгж их дургүй байсан Сионд ирээд, миний хажууд зогсоод Бурханы хайр шингэсэн шүлэг, зураг үзээд явж байна гэдэгт нэг л итгэж өгөхгүй байлаа.

Ах маань шүлэг, зураг бүрийг нэг бүрчлэн харж байв. Нэгэн ээж хүүхдээ тэвэрчихээд хүүхдээ хамгаалахын тулд үй олон зөгийд хатгуулан байгаа өгүүлэл уншаад ахын сэтгэл ихэд хөдөлсөн юм. Учир нь түүнд үүнтэй яг адил зүйл тохиолдож байсан билээ. Ах маань сэтгэлээ барихыг хичээж байсан ч сүүлдээ нулимс дуслуулан байлаа.

Үзэсгэлэн үзсэний дараа ах надад “Ээж аавтай дахиад хамт ирцгээе” гэж хэлэхэд би бүр цочих шиг болов. Би ахынхаа сэтгэлийг ингэж их хөдөлнө гэж мэдээгүй юм. Түүгээр ч барахгүй номын кафед сууж байхад ахад маань нэг ах дүү ирээд Библи үзүүлээд Алгасал баяр тэмдэглээд тэнгэрийн хаанчлалын ерөөл авцгаая гэж хэлтэл ах маань бүр.

“Би Алгасал баяр сахисан” гэдэг байгаа.

Би ч буруу сонсчихлоо л гэж бодсон. Харин биднийг тэгж мэгдэж байх зуур ах юу болсон тухайгаа ярьсан юм. Энэ явдал түүнийг шинэ цэргийн сургалтаа дууссаны дараа болжээ.

Түүний хуваарилагдсан Гуанжүгийн нэгэн цэргийн ангийн салаан дарга болон зарим цэргүүд нь Бурханы сүмийн итгэгчид байсан аж. Эелдэг, шулуун шударга зантай тэдэнтэй байх хугацаандаа ах маань манай сүмийн талаарх сөрөг бодлоосоо ангижирсан байв. Тэгээд ахын маань зүрх сэтгэл шуудхан нээгдэж, Гуанжүд болсон Универсиад наадмын үеэр үнэнийг хүлээж авсан байж билээ.

Энэ нь тухайн бүс нутагт зохион байгуулагдсан олон улсын арга хэмжээ байсан бөгөөд ах маань хөгжөөн дэмжихээр тийш илгээгдсэн байж. Тэгээд тэнд Бурханы сүмийн хөгжөөн дэмжигчдийг тоглолт бүр дээр чин сэтгэлээсээ тамирчдыг дэмжихийг нь харсан байгаа юм. Хэдий ядарсан байсан ч ах дүү эгч дүү нар нэгэн дуугаар, холоос ирсэн тэдгээр тамирчдыг хөгжөөн дэмжиж байгааг хараад үнэхээр сэтгэл нь хөдөлсөн гэнэ. Тэгээд ах тогтсон бодлоосоо бүрэн салж, ангийнхаа цэргүүдийн хамтаар Сионд ирж Бурханы хүүхэд болох ерөөл авч л дээ.

Түүнээс хойш ах маань мөргөл сахиж, ойролцоо байдаг Сионд Бурханы үгийг сурч байсан тухайгаа ч мөн ярив. Би ямар их баярласан гэж санана. Цэрэгт байхдаа үнэнийг хүлээж авсан тухай гайхалтай түүхүүдийг сонсох болгондоо тэдний нэг нь миний ах болоосой гэж би ихэд хүсдэг байсан юм. Харин ахыг минь аврахын тулд Бурхан Өөрийнх нь хайрыг дамжуулах эш үзүүлэгч нарыг, хөлдсөн зүрхийг нь гэсгээхийн тулд ах эгч дүүсийн нэгдмэл сэтгэлийг харах боломжийг бэлдсэн байсан юм. Бурхан үнэхээр л хайр юм даа.

Ахыгаа хэрхэн үнэн рүү ирснийг сонсоод, сүнс аврахад хайр хичнээн чухал гэдгийг ухаарсан юм. Үнэндээ үзэсгэлэн рүү явж байхдаа ахаасаа би уучлал гуймаар байсан юм. Уг нь би ахтайгаа хэнээс ч илүү ойр дотно, түүний бүх зүйлийг мэддэг гэж боддог байсан боловч энэ нь анх удаагаа ахтайгаа хамт гадуур явж байгаа явдал байсан бөгөөд би түүний дуртай зүйлийг нь ч мэддэггүй байсан юм билээ. Би ахдаа хайртай гэж итгэж байсан ч, үнэндээ ахынхаа тухай жижиг зүйлийг ч анхаарч хардаггүй байжээ. Би өөрөөсөө ичиж байлаа. Хайртай хүмүүсээ халамжлах нь байдаг л төрөлх чанар ч гэсэн, би ямар нэгэн хүчин чармайлт гаргалгүй зөвхөн өөрийн бодлоо л мэдүүлэхийг хүсдэг байж.

Намайг дутуу байгааг минь зэмлэхийн оронд миний ахын авралыг төлөвлөн, үүнийхээ төлөө ажилласан Бурханд би талархал өргөж байна. Мөн миний ахтай хамт нэг ангид байсан Сионы ах дүү нарт талархлаа илэрхийлмээр байна. Өөрсдөө цэргийн хүнд амьдралтай байсан хэдий ч сүнс аврах чин хүслээр хичээсэн ах дүү нараас эхэлсэн энэ бүх ивээл ерөөлийг би хэзээ ч мартахгүй ээ.

Би ч мөн адил Бурханы болон ах дүү нарын ахад минь үзүүлсэн хайрын жишээг дагахыг хичээх болно оо. Магадгүй хүмүүс одоогоор үнэнийг хүлээж авалгүй, үнэнээс эргэж байгаа ч, би бууж өгөлгүй тэдний сүнсийг хайрлан цагаа олсон үгийг дамжуулсаар байх болно. Тэгвэл тэдний чанга хаагдсан сэтгэлийн хаалга нээгдэж, хөлдсөн байсан сэтгэл нь хайлах болов уу. Заримдаа надад сайн мэдээ тараахаас шантрах, зориг алдах үе байдаг л даа. Одоо харин би сайн мэдээний замаар алхахаа хэзээ ч зогсоохгүй. Учир нь сайн мэдээг дамжуулах уу, яах уу гэж эргэлзэж байсан нэгэн нь өөр хэн нэгний үнэхээр аврахыг хүсдэг хүү, охин, ах, эгч нь байж болно шүү дээ. Тэд магадгүй тэнгэр Эцэг Эхийн олон мянган жилийн турш хайж байгаа хүүхдүүд нь байж магадгүй шүү дээ.