“Гэр бүлийн хурал зохион байгуулцгаая”

Гэр бүлийн хурал харилцааны хамгийн сайн хэрэгсэл

455 Үзсэн тоо

Сургуульд ангийн уулзалт гэж бий, компанид бол багийн хурал, захирлын хурал гээд янз бүрийн хурал уулзалт байдаг. Хурал нь аливаа байгууллагын үйл ажиллагаанд байдаг зайлшгүй шаардлагатай зүйл. Гэр бүл ч мөн нийгмийг бүрэлдүүлэгч нэгэн төрлийн байгууллага. Тэр чинээгээрээ харилцан ойлголцох, харилцан буулт хийх зэрэгт зориулсан хурал уулзалтууд шаардлагатай байдаг.

Хүмүүсээс “Гэр бүлийн хурал зохион байгуулдаг уу?” гэж асуухаар ихэнх нь “Бид барагтай бол уулзалддаггүй”, “Үгүй ээ, хүүхэд маань одоо ч балчир байна”, “Хүүхдүүд миний үгийг л сонсож байх хэрэгтэй! Уулзалт хурал гэх юм бидэнд хэрэггүй” гэх зэргээр хариулдаг. Энэ мэтээр ихэнх хүмүүс гэр бүлийн хурал хийх шаардлагагүй гэж боддог. Аж үйлдвэрийн нийгэмд зай завгүй амьдралаар амьдраад аав ээжүүд нь “ажил, ажил” гээд завгүй, хүүхдүүд нь хичээл сургууль гээд завгүй. Ихэнх айл гэр ам бүл цөөхүүлээ хэрнээ эв найртай байх тийм ч амаргүй. Тэд цугларлаа ч гэсэн зарим нь хэлэх юм байхгүй гээд уулзалтын дундуур гарч явах нь бий.

Гэр бүлд тохиолддог аливаа том, жижиг асуудлыг шийдвэрлэх эхний алхам нь гэр бүлийн хурал юм. Энэ нь өрх гэрийн гишүүд өөр хоорондоо илүү ойр дотно харилцаатай байх, эв эетэй байх харилцааны хэрэгсэл юм. Хурал уулзалтыг хараахан туршиж үзээгүй бол нэг туршаад үзэхэд яагаад болохгүй гэж? Эхэндээ эвгүй санагдаж магадгүй л дээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам гэр бүлийн хурлын цагийг тэсэн ядан хүлээдэг болно.

Гэр бүлийн хурлын сайн тал

Гэр бүлийн гишүүдийн хувьд ч гэсэн хоорондоо ний нуугүй санаа бодлоо хуваалцах үед харилцаа холбоо тогтоно. Тиймээс гэр бүлийн хурал бол зүрх сэтгэлээ нээхэд сайхан боломж юм. Нэг нэгнийхээ ямар бодолтой, ямар мэдрэмжтэй байгааг мэдсэнээр гэр бүлийн гишүүдийн харилцаа улам бат бөх болж чадна. Түүнчлэн өөрийнх нь бодол санааг гэр бүлийнхэн нь хүндэтгэдэг гэсэн итгэл бий болж, өөрийн үнэ цэнийг бүр ч мэдрэх болно.

Гэр бүлийн уулзалт дээр аав ээж нь юуг өрөөсгөл шийддэг байсныг ярилцвал харилцааны хүрээ бүр өргөжнө. Үүрэг ролио хамт сонгож, асуудлыг хамт шийдвэрлэвэл өөрсдийгөө нэг завин дээр сууж яваагаа мэдрэх болно. Тийм байдлаар багаар ажиллаж, өрх гэрийн гишүүдийн хоорондын хэрүүл маргаан багасна.

Хэрвээ гэр бүлийн хурлыг цагийн хуваарьт оруулбал хүүхдүүдэд үзэл бодлоо илэрхийлэх боломж өгч байгаа хэрэг. Тэгж гэмээнэ тэд бага тэрсэлж, зохисгүй шалтгаан, хүсэлт юу вэ гэдгийг сурч аваад, улмаар нэг талыг барьсан өрөөсгөл юм гуйхаа болино. Тэд бусад хүмүүсийн санаа бодлыг сонсож, тэдгээрийг хэрхэн ойлгох талаар сурч авна. Ингэснээр тэд логиктой ярьж, бодол санаагаа цэгцэлж чаддаг зуршилтай болох юм.

Аав ээжүүд гэр бүлийн хурал хийснээр хүүхдүүдээ илүү үр дүнтэй өсгөж чадна. Хүүхдүүдийн хүслийг боогдуулахын оронд “Энэ талаар гэр бүлийн хурлаар яривал болохгүй юу байхав”, “Дараагийн хурлаар ярих сайхан сэдэвтэй боллоо” гэх мэтээр хэлж болно. Аав ээжүүд хэрвээ хүүхдүүдийн хүсэлт гуйлтыг дараагийн хурлын сэдэв болговол тэд шаардлагагүй зөрчил маргаанаас зайлсхийж, дараагийн хурлыг хүртэл асуудлыг томрохоос сэргийлнэ.

Гэр бүлийн тогтмол хурал явуулдаг нэг ээж хүүхдүүддээ байнга үглэж яншихаас төвөгшөөж, улмаар тэднээсээ холдоод байх шиг санагдахаар нь гэр бүлийн хурал эхлүүлсэн гэж ярьсан. Эцэст нь гэр бүлийн хурал түүнд хүүхдүүдээ чичилж буруутган, үглэж яншихын оронд тэдэнтэйгээ ярилцах боломж олгосон гэнэ лээ.

Гэр бүлийн хурлаар юу ярилцаж болох вэ?

Гэр бүлийн хурал эхлэхээс өмнө гэрийнхнийхээ сайн талыг, эсвэл сайжирч байгааг нь хэлж магтан, бие биедээ талархаж явдгаа харилцан ярих зэрэгт цаг гаргаарай. Ингэснээр та гэр бүлийнхээ ёс суртахууныг дээшлүүлж, мөн сэтгэл тэнүүн, урамтай байх болно.

Гэрийнхний тань бүгдийнх нь хуваалцаж болохуйц сэдвийг гэр бүлийн хурлын сэдэв болгох нь зүйтэй. Хог хаях, гэр цэвэрлэх гэх зэрэг гэрийн ажлыг хуваарилах, гэрийнхэнд нь юу тухгүй, тохиромжгүй санагдсан, юуг засмаар байгаа гэх зэргийн талаар зарим нэг дүрэм гаргаж ч болно шүү дээ. Мөн гэрийнхээ санхүүгийн байдал, хэн нэгний төрсөн өдөр, үндэсний баяр, шалгалт зэрэг удахгүй болох үйл явдлуудын талаар ярилцах боломжтой. Хамтдаа цэс гарган ганц нэг санаа бодлыг нь цуглуулж болно. Ярилцах гэж байгаа зүйлээ хүн бүр харах боломжтой газар байрлуулж, хурлын өмнө тухайн сэдвийг эргэцүүлэн бодох хугацаа өгвөл уулзалт илүү аятайхан болж чадна. Мөн шийдвэрлэсэн зүйлээ хүн бүхэн санаж байхаар газар тавиарай.

Хэрвээ гэр бүлийн хурал шүүмжлэх, буруушаах цаг болчихвол зөрчил нэлээн ноцтой болж ч мэднэ. Тиймээс нэгнийхээ буруу үйлдлийг чичлэх, шүүмжлэхээс зайлсхийгээрэй. Тодорхой нэг хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгтэй байгаа бол түүнтэй хурал дээр биш ганцаарчлан ярилцсан нь дээр.

Гэр бүлийн хурал нүсэр байх албагүй. Нэг нь нөгөөгөөсөө уучлалт гуймаар байгаа зүйл, номноос уншсан гоё хэлц, найзаасаа сонссон хөгжилтэй түүх, өөрт тохиолдсон явдал, амьдралын ухаан бүхий сайхан үүх түүх, сургамж, нийгмийн зарим нэг асуудал гэх мэт олон зүйлийн талаар ярилцаж болно.

Шүлэг унших, эртний зургаар хуучин дурсамжаа сануулах, гэрийнхэнтэйгээ тоглоом тоглох, бие биедээ захидал уншиж өгөх, аль эсвэл өчүүхэн ч гэлээ утга учиртай бэлэг солилцох гэх мэтээр зарим үед тусгай цаг бэлтгэж ч болно. Хэрэв ийм байдлаар сэтгэл хөдлөлийн холбоо үүсгэдэг бол халуун ам бүл чинь бие биенээ улам л хайрлах болно.

Гэр бүлийн хурлаа ийм байдлаар туршаарай

Ихэнх хүмүүс гэр бүлийн хурал хийхийг нэг их дарамттай нүсэр зүйл мэт санадаг. Гэвч гэр бүлийн хурал сүртэй юм биш. Харин ч гэрийнхэн бүгд ярилцах боломжтой юм чинь таатай зүйл. Тогтсон журам гэх юм байхгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө нээлтээр эхэлж, сэдэв, хэлэлцүүлэг, хаалт гэсхийгээд л өндөрлөнө. Та хүссэн зүйлээ дундуур нь нэмж оруулж ч болно. Хэрэв хурлын дүрэм журам хэтэрхий хатуу байвал хурал албадлага болж хувирах магадлалтай. Тиймээс тухайн уур амьсгалаас хамаараад уян хатан байх нь дээр. Гэр бүлийн хурлыг үр дүнтэй хийх хэдэн зөвлөмж дор сийрүүлэв.

1. Хуралд гэр бүлийн бүх гишүүн орно

Хүн бүрийн цагийн хуваарь боломжтой үеэр гэр бүлийн хурал хийх нь зүйтэй. Хэрэв хүргэн, бэр, хадам аав ээжтэйгээ хамт амьдардаг бол бүгдийг оруулаарай. Хэрэв нялх нярай хүүхэдтэй бол түүнийг унтаж байх үеэр хийсэн нь дээр. Хэрэв ам бүлийн чинь нэг хуралд оролцох дургүй бол хурлын давуу тал, гарах сайн үр дүнгийн талаар хэлж өгөөрэй. Ингэх нь дараагийн хуралд орох боломж олгоно.

2. Хурлаа тогтмол хийж байгаарай

Зөвхөн шаардлагатай үед биш, тодорхой өдрүүдэд тогтмол хийж байгаарай. Долоо хоногт нэг удаа хийх нь хамгийн тохиромжтой. Хэрэв та зайлшгүй шалтгаанаар хийх ёстой байсан өдрөө хийж чадахгүй бол хурлаа тогтмол болгох үүднээс тухайн өдрийнхөө өмнөх өдөр юм уу дараагийн өдөр нь хийж болно. Гэр бүлийн хурлыг тасалдуулахгүй, бусад товлосон уулзалтын л адил чухал гэж үзээрэй. Зурагт чинь асаалттай байвал унтраа, утсаар ярих шаардлагатай байгаа бол түргэхэн ярьчих, эсвэл ярихаа жаахан хойшлуулчих.

3. Үүрэг хуваарилах

Хурал удирдах дарга, протокол хөтлөх нарийн бичгийг ээлжээр томилоорой. Хэрэв анх удаа гэр бүлийн хурал хийх гэж байгаа бол, эсвэл хүүхдүүд чинь балчир бол аав ээж нь хурал удирдах нь сайн хэрэг. Харин хүүхдүүд чинь бага ангийн сурагч болон түүнээс дээш насных бол тэднээр удирдуулсан нь дээр.

4. Хүндэтгэлтэй харьц

Хурлын үеэр хүндэтгэлтэй харьцах нь зүйтэй. Хэрэв хүндэтгэлтэй харьцвал сонсож байгаа хүмүүсээ хүндлэх тул өөрийн эрхгүй болгоомжтой хандах болно. Гэрийнхнээсээ юу хийхийг хүсэж байгаагаа хэлэхдээ “Уг нь ингэвэл сайн сан…” гэх байдлаар тэдний санал хүслийг нь сонсож авах төдийгүй ингэснээрээ уур амьсгалыг аядуу болгоно.

5. Хүн бүрд ярилцах боломж олго

Гэр бүлийн хуралд аав ээж нь хүүхдүүдээс илүү их ярьж, дангаараа ноёлох хандлагатай байдаг. Эхлээд хүүхдүүддээ ярилцах, санал бодлыг нь сонсох боломж олгоод дараа нь эцэг эх нь ярих нь дээр. Хэрэв хүүхдүүд тань түдгэлзвэл бэлэн болсон үедээ ярихыг нь дэмжээрэй. Бүх хүнд ярилцах боломж олгох үүднээс хурлын дарга анхааралтай хандах хэрэгтэй.

6. Санал нэгтэй шийдвэр гаргаарай

Ардчиллын зарчим бол олонхын засаглал. Гэвч гэр бүлийн хурал дээр аливаа шийдвэр гаргахад бүгд санал нэг байх нь дээр. Учир нь өөр санал бодолтой үлдсэн нь өөрийгөө орхигдсон мэт санагдаж магадгүй. Хэрэв хүн бүр энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол дараагийн хурал болтол шинэ санаа бодож амжих хэрэгтэй. Хэрэв санал тохирохгүй зөрөлдсөн хэвээрээ байвал аав ээжүүд эцсийн шийдвэрийг гаргаж, хүүхдүүддээ учрыг нь хэлж ойлгуулаарай.

7. Гаргасан шийдвэрээ заавал хэрэгжүүл

Аливаа шийдвэр гаргасан бол түүнийгээ амьдрал дээр даган мөрдөж, хэрэгжүүлж, зохих нөхөн төлбөр, шийтгэл оногдуулахад гэмгүй. Шийтгэл нь гэрийн бусад гишүүдэд тустай зүйл байх ёстой төдийгүй шийтгэл авсан хүн хийх зүйлдээ баяртай байх ёстой. Хэрэв аав ээж нь амлалтаа, дүрэм журмаа сахих үлгэр жишээ үзүүлбэл хүүхдүүд нь уг жишээг нь дагах болно. Аав ээж нь тодорхой амлалт өгчихөөд түүнийгээ биелүүлэхгүй бол хүүхдүүд нь эцэг эхийнхээ үгийг хөнгөн хуумгай хүлээж авдаг болно.

8. Болгоомжтой хандах зүйлс

  • Зөвхөн өөрийнхөө бодлоор бүү зүтгэ.
  • Хүн ярьж байхад бүү тасал, мөн бүү шүүмжил.
  • Хатуу чанга төлөвлөгөөнөөс зайлсхий.
  • Хэт их дарамт шахалт бүү үзүүл.
  • Хурлаа хэт удаан бүү хий. (Дээд тал нь нэг цаг байхад болно.)

Гэр бүлийн хурал бол халуун ам бүлээрээ цугларч, эв эе бий болгодог гэсэн утгаараа ач холбогдол, утга учиртай зүйл юм. Тиймээс заавал гэртээ хуралдах албагүй. Гадуур хамт хооллох, гэр бүлээрээ зугаалга хийх үедээ хурал уулзалтаа хийж болно. Машин бариад хол зам туулах зуураа ч хийж болно. Хурлаа дуусгаад ямагт алга ташиж, бие биенээ тэврээрэй. Энэ нь гэрийнхэнд тань амжилт гаргасан мэт сэтгэгдэл төрүүлэхэд тустай.