Бурхан бол хаадын Хаан, эздийн Эзэн учраас алдар, хүндэтгэл, магтаал авах зохистой. Тэнгэрийн яруу алдраа орхиод, төгс хүчит Бурхан энэ дэлхийд махан биеэр хүүхдүүдээ л аврах гэсэн цорын ганц сэтгэл тээн, бүр хоёр дахь удаагаа ирчихээд байна.
Аав ээжүүд зөвхөн хүүхдүүддээ л санаа нь зовнидог шиг Бурхан мөн зөвхөн тэнгэрийн хүүхдүүдийнхээ авралд л санаа тавьдаг. Энэ удаа Бурханы хоёр дахиа ирсэн утга учрыг бодоод бидний төлөө амь биеэ хайрлалгүй золиос амссан Бурханы ариун, эрхэм дээд хайрын тухай Библийн сургаалаас сурцгаая.
Библи бол хүн төрөлхтөнд мөнх амь өгөх Бурханыг гэрчилдэг ном (Иох 5:39). Бурхан махан бие өмсөн тэнгэрээс энэ газар ирсэн нь агуу үйл явдал байсан тухайд Библид ийн бичжээ.
“Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв. Тэрбээр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх юм Түүгээр буй болсон. Буй болсон юмсаас Түүнгүйгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй.” Иох 1:1-3
“Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.” Иох 1:14
Иохан 1-р бүлэгт дурдсан “Үг” нь тэнгэр газар, бүх юмсыг болон хүн төрөлхтнийг бүтээсэн Бурханыг заадаг. Бүтээгч Бурхан 2000 жилийн өмнө махбод болж, бидний дунд оршсон юм. Тэр бол Есүс.
Тэнгэрийн хаанчлалд үеийн үед магтаал, яруу алдар авах зохистой Бурхан энэ дэлхийд тэнгэр элчээс ч дорд болон хүн төрхөөр ирсэн юм. Үүний учир нь тэнгэрт нүгэл хийж дэлхий рүү хөөгдөж ирсэн сүнснүүдийг Бурхан хайж олоод аврахыг хүссэнд байгаа юм.
“Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.” Лук 19:10
“Харин явж “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.” Мат 9:13
Хүмүүн бид үндсэндээ тэнгэрт нүгэл үйлдээд, энэ газар руу хөөгдсөн сүнснүүд юм. Нүгэлтэн хүүхдүүдээ нүглээс нь аврахаар, мөнхийн тэнгэрийн хаанчлал руу хөтлөхөөр Бурхан ч бас мах, цусны тасархай болон энэ дэлхий рүү хүн төрхөөр ирсэн юм (Евр 2:14-15).
Нүглийнхээ улмаас үхлийн гинжин дор ёолон байсан хүн төрөлхтний тухайд уг нь Бурхан энэ дэлхийд махан бие өмссөн Аврагч болон ирсэн гэдэг мэдээ бол үлэмж баярлуулах мэдээ юм (Лук 2:10-11). Харин хүмүүс энэ үнэнийг ухааралгүй, баярлан угтахын оронд Түүнд хүссэнээрээ авирласан юм.
“Тэрээр ертөнцөд байсан ба ертөнц нь Түүгээр буй болсон атлаа ертөнц Түүнийгээ эс танив. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө.” Иох 1:10-12
Бурхан энэ дэлхийд ирж, өдий төдий бэрхшээл зовлон амсан, бидний гэм бурууг үүрсэн юм. Тэгтэл хүмүүс Түүнийг хүндэтгээгүй. Есүсийн нэрэнд итгэж, Түүнийг хүлээн авсан шавь нар нь ч хүртэл Есүсийг энэ дэлхийд байх үед Түүнийг хүндэтгээгүй. Тэд бусдад яаж ханддаг шигээ Түүнд ч тийн ханддаг байв.
“Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, арван хоёрын нэг буюу Иудас нь ахлах тахилч нар болон ард олны ахлагчдын явуулсан илд шийдэмтэй бөөн хүний хамт хүрч ирэв. Түүнээс урвасан нэгэн тэдэнд —Хэнийг би үнсэнэ, Тэр мөн. Түүнийг барь хэмээн дохио өгсөн байлаа. Тэр даруй Есүс уруу очиж «Амар байна уу, Рабби» гээд Түүнийг үнсэв. Есүс түүнд —Анд минь, чи яах гэж ирэв? гэлээ. Тэгээд тэд ирж, Есүсийг гараараа зууран авч баривчлав. Үзэгтүн, Есүстэй хамт байгсдын нэг нь гар сунган илдээ сугалаад, тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ. Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд авагч бүхэн илдээр хөнөөгдөнө. Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ? гэв. … Тэгтэл шавь нар бүгд Түүнийг орхин зугтжээ.” Мат 26:47-56
Бурхан хүн төрхөөр энэ газар ирж, мужааны дорой амьдралаар амьдарч, зөгнөсөн цаг нь болох үед 30 настайдаа баптисм хүртэн, улмаар сайн мэдээ тунхаглаж эхэлсэн. Есүс сайн мэдээний гурван жил хагасын амьдралаа дуусгаад Өөрийнхөө мах, цусыг бэлгэдсэн талх, дарсаар хүн төрөлхтөнд нүглийн уучлал олгох шинэ гэрээний Алгасал баяр тогтоожээ. Алгасал баярын шөнө Есүсийн шавь нарын нэг Искариотын Иудас Есүсээс урваж, цаашлаад бүр худалдав. Үхэх хүртлээ Есүсийг дагана гэж ам өчиг өгч байсан бусад шавь нар нь ч тал тал тийш зугтсан юм. Хэн хүнээс илүү агуу итгэлтэйгээрээ танигдсан Петр л сэлэм далайн Есүсийг хамгаалахыг оролдсон ч эцсийн эцэст тэр ч мөн тахиа донгодохоос өмнө Есүсийг гурван удаа үгүйсгэсэн байдаг.
Үүнийх нь уршгаар Есүс эцэстээ тэргүүн тахилч нарын зарц нарт баривчлагдсан харуусмаар хэрэг болсон билээ. Түүнээс гадна Бурханыг зөв хүлээн аваагүй хүмүүсийн өөр олон жишээ бий.
“Өглөө эрт ахлах тахилч нар ба ард олны ахлагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөн, Түүнийг хүлж аваачаад захирагч Пилатад өгөв. …” Мат 27:1-5
“Гэвч ахлах тахилч нар ба ахлагчид Барабын төлөө гуйж, харин Есүсийг хөнөөлгө хэмээн ард олныг ятгасан байлаа. Захирагч тэдэнд —Энэ хоёрын хэнийг нь суллуулмаар байна? гэхэд тэд —Барабыг гэцгээлээ. Пилат тэдэнд —Тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна? гэсэнд бүгд —Түүнийг цовдол гэцгээв. Пилат —Яагаад? Тэр ямар муу юм хийсэн юм бэ? гэж асуусанд харин тэд —Түүнийг цовдол гэж улам ихээр хашхирч байлаа. Пилат энэ нь яавч нэмэргүй, харин ч бүр үймээн самуун дэгдэж эхлэхийг хараад, ус авч, хурсан олны өмнө гараа угаан —Би энэ зөвт Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй гэжээ. Тэгтэл бүх хүн —Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг гэцгээв.” Мат 27:20-25
Махан биеэр ирсэн Бурханыг хэн хүнээс илүү муу муухайгаар үгүйсгэсэн хүмүүс бол тухайн үедээ Бурханд үнэнхүү мундаг итгэлтэй гэгддэг хүмүүс байсан билээ. Тэд өөрсөд дээр нь ирсэн Бурханыг алахаар хуйвалдаж байсан юм. Тэд Пилатад хандан огтхон ч эргэлзэлгүйгээр дээрэмчин Барабыг суллаж, Есүсийг цовдол гээд “Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг” гэж хашхиралдан байв.
Тийнхүү хүн төрөлхтнийг аврахаар энэ дэлхийд ирсэн Бурхан дээрэмчнээс ч дор нэр зүүн, ташуурдуулж, загалмайд цовдлогдсон юм. Энэ талаар сайн мэдээний дөрвөн номны төгсгөл болгонд тов тодорхой бичигдсэн байдаг.
“Тэгэхэд Түүнтэй хоёр дээрэмчин, … цовдлуулав. Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгой сэгсрэн Түүнийг доромжилж, —Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг Чи Өөрийгөө авраач. Чи Бурханы Хүү мөн юм бол загалмайнаас буугаач гэцгээж байлаа. Ахлах тахилчид ч хуулийн багш нар болоод ахлагчдын хамт мөн адил элэглэн —Тэр бусдыг аварсан ч Өөрийгөө аварч чадахгүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг. Тэгвэл бид Түүнд итгэнэ. Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. “Бурханы Хүү бол Би байгаа юм” гээд л байсан биз дээ гэцгээв. Хамт цовдлогдсон дээрэмчид ч Түүнийг бас доромжилжээ.” Мат 27:38-44
Өөрийнхөндөө ирсэн Бурханыг хүмүүс хавчиж, загалмайд цовдлох нь тэр. Түүгээр ч барахгүй тэд Бурханыг арай дэндүү доромжилж, элэглэн шоолж байсан юм. Хэн хүнгүй л махан биеэр ирсэн Бурханд ингэж л хандаж байлаа.
Харин Бурханы мөн чанар байсан Есүс Өөрийгөө мөхөс даруу болгож, үхэлд хүртэл дуулгавартай байв. Тэр ч байтугай загалмай дээр нас барах мөч хүртлээ нүгэлтнүүдийн төлөө залбирч, нэг сүнс илүү аврах гэсэн хичээл зүтгэлээ орхиогүй билээ. Тэрээр амилснаасаа хойш дөч дэх хоног дээрээ тэнгэрт одохдоо ч сүнс аврахын төлөө сайн мэдээ тараахыг л шавь нартаа чин сэтгэлээсээ захиж байсан юм (Фил 2:5-8, Лук 23:34-43, Мар 16:15-16 үзэх).
Та бүхэн өөрсдийгөө нэг улс руу явтал тэр улсын хүмүүс бөөнөөрөө цугларчихаад өөрийг чинь аль муухайгаар хэлж, нүүр рүү чинь нулимж, нударгаараа цохиж, бүр алахыг санаархан, ташуурдан, хувцсыг чинь авах гэж шодсон гээд бод доо. Магадгүй та бүхэн тийшээ дахин хэзээ ч явахыг хүсэхгүй байх, тийм үү?
Энэ дэлхийд ирэхдээ бидний Бурхан ингэж л зовсон. Бурханы хувьд энэ дэлхий ямар утга учиртай болохыг бодоцгооё. Нэгдүгээрт энэ дэлхий нь Бурханы Сатанд соригдсон газар (Мат 4:1-11). Мөн шавь нар нь урвасан газар, өөрт нь итгэдэг хүмүүсээрээ доромжлуулж ад үзэгдсэн газар. Түүгээр ч зогсохгүй Бурханы тоймгүй олон ташуурдуулсан газар. Үгээр илэрхийлэх аргагүй тийм их зовлон хавчлага амсан, загалмай дээр цусаа урсган байж үхлийн зовлон эдэлсэн газар.
“Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? … Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж, Тэр жигшигдсэн бөгөөд бид түүнийг даанч эс тоожээ. Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрчээ, гэтэл бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ. Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан, хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хонь мэт төөрч, бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов. Тэр тамлагдан, зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг амаа ч Тэр нээсэнгүй.” Иса 53:1-7
Библид Христийн зовсныг “нядлагдахаар хөтлөгдөх хурга” гэж зүйрлэсэн. Тэгвэл хурганы тухайд энэ дэлхий нядалгааны газар гэсэн үг.
Нядалгааны газар бол цусны үнэр, харгис уур хилэн дүүрэн байдаг газар. Өөрийг нь үхлийн зовлон хүлээж байгаа газар гэж мэдсээр байж хэн тэр газар руу явах вэ? Гэвч Бурхан энэ дэлхийд дахин ирнэ гэж амласан юм.
“Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.” Евр 9:27-28
Биднийг л аврах гэсэндээ Бурхан энэ газар дахин ирэхийг сонгосон билээ. Энэ удаа Бурхан ганцаараа ирээгүй, Сүнс болон Сүйт бүсгүй хамт ирсэн юм. Эцэг Бурхан ба Эх Бурхан маань энэ дэлхийд Өөрсдийг нь бууж ирэхэд зүсэн бүрийн зовлон, хавчлага саад хүлээж байгаа гэдгийг хэн хүнээс илүү мэдэж байсан хэр нь энэ дэлхийд ирсэн юм (Илч 22:17, 21:9, Гал 4:26 үзэх). Өөрсдийнхөө аюулгүй байдлыг бодохын оронд хүүхдүүдээ аврал руу хөтлөхийг хүсэж, хүүхдүүдээ авралд хүргэхээр энэ дэлхийд хоёр дахиа ирсэн билээ. Учир нь Тэд энэ дэлхийд дахин махан бие өмсөж ирэхгүй л бол хүүхдүүд нь аврал руу ирж чадахгүй байх байлаа. Тиймээс л Библид Бурханыг хайр гэсэн байдаг.
“Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр.” 1Иох 4:7-8
Бурхан маань биднийг сансар огторгуйн сүнслэг биетүүдээс, тэнгэрийн тэнгэр элч нараас ч илүү хайрласан юм. Тиймдээ л Бурхан анх ирэхдээ бүхий л төрлийн зовлон зүдгүүр, доромжлол амссан энэ дэлхий рүү дахин ирсэн юм. Бурхан хоёр дахиа ирэхдээ ч мөн анх удаа ирэхдээ тэгсэн шигээ тэнгэрээс алдагдсан хүүхдүүдээ хайхаар зовлон золиосын замаар алхсан юм.
Үхэл, урвалт л Өөрийг нь хүлээж байгаа дэлхий рүү дахин ирэх гэдэг Бурханы хувьд амар шийдвэр байгаагүй нь лавтай. Түүнд итгэж, хүлээн авах хүнээс Түүнийг үгүйсгэж татгалзах хүн нь илүү олон байна гэдгийг Бурхан мэдэж байсан. Гэвч Бурхан маань бидний төлөө энэ бүхнийг хийсэн билээ. “Үг” нь махан бие болж, Эцэг Эх Бурхан маань хүүхдүүд биднээ аврахын тулд энэ дэлхийд хэдэн ч удаа ирэхэд бэлэн байсан.
Тэнгэр Эцэг, Эхийн маань ариун нандин золиос, урсгасан цусаар л бидэнд аврал болон нүглийн уучлал өгөгдөнө. Тэнгэр Эцэг Эхийнхээ биднийг аварсан ивээлд талархаж, эцсээ хүртэл Эцэг Эхийгээ дагаад тэнгэрийн хаанчлалдаа буцан очих тэнгэрийн хүүхдүүд болцгооё.
“Тиймээс бид гулсаад өнгөрчихгүйн тулд сонссоноо тун анхаарах ёстой. Учир нь тэнгэрэлч нараар хэлүүлсэн үг баттай байсан бөгөөд аливаа тэрслэл ба дуулгаваргүйдэл нь шударга хариугаа хүртсэн бол, бид ийм агуу авралыг үл хайхраад хэрхэн зугтаах билээ? Энэхүү авралыг эхлээд Эзэн айлдсан бөгөөд сонссон нь бидэнд баталсан юм.” Евр 2:1-3
Энэ агуу ивээлийг бид хөнгөнд үзэх ёсгүй. Бидний хувьд ямар ч зүтгэлгүйгээр, үнэгүйгээр аврал авсан. Тэглээ гээд энэ аврал маань үнэ цэнэгүй зүйл биш ээ. Бурхан бидэнд аврал өгөх гэсэндээ тэнгэрийн яруу алдраа ч хүртэл хөсөр орхисон юм шүү.
Бидний авралын төлөө зовлонгийн энэ газар хоёрын хоёр удаа ирэхийг Бурхан сонгосон юм. Бидний өнө мөнхийн аз жаргалд санаа тавин, тэгтлээ биднийг хайрласан.
Тиймээс бид авралынхаа үнэ цэнийг ухаарч, Бурханы өгсөн авралыг ивээл гэж хүлээн авах хэрэгтэй. Эцэг Эхийн бидэнд нээж өгсөн шинэ гэрээний үнэний замыг дагаад, хэн нь ч авралын эгнээнээс хасагдалгүйгээр, харин бүгд мөнхийн тэнгэрийн хаанчлалд орохыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэнгэрийн хаан тахилчийн хувиар мөнхийн тэнгэрийн хаанчлалд үеийн үед яруу алдар эдлэхийн тулд бидэнд амласан амийн титмээсээ эцсээ хүртэл зуурцгаая (1Пет 2:9).