WATV.org is provided in English. Would you like to change to English?

Тушаал ба тэрслэл

5,551 үзэлт

Тэрслэх гэдэг нь ерөнхийдөө хааны чиг удирдлагыг болон бодлогыг дагахгүй, бослого гаргахыг хэлдэг. Сүнсний ертөнцөд бол бидний Хаан болох Бурханы тушаалыг сахихгүй байх нь тэрслэл юм.

Бурханы тушаал сахидаг хүн Бурханы талд зогсоно уу гэхээс хэзээ ч Бурханд тэрслэхгүй. Тийм учраас Библид сүүлчийн сүнслэг их дайн дэгдэх үеэр Бурханы талд зогссон хүмүүс нь “Эмэгтэйн бусад үр удам”, “Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг хүмүүс” гэсэн байдаг (Илч 12:17).

Энэ удаагийн дугаараас Бурханы тушаал ба тэрслэлийн холбоо хамаарлыг зөв ойлгож, Бурханы тогтоол, зарлиг, хуулийн чухлыг сэтгэл зүрхэндээ хоногшуулахад цаг гаргацгаая.

Бурханд бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаа зориулсан Иосиа

Иудагийн хаан Иосиа бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа Бурханы хуулийг сахисан хүн гэдгийг хүмүүс мэднэ. Бид яавал Бурханы талд бүрэн зогсож чадахыг түүний ул мөрөөс мэдэж авцгаая.

“Тэгээд хаан бүх ард түмэнд —Гэрээний энэ номд бичигдсэн ёсоор өөрийн Бурхан ЭЗЭНд Алгасалыг тэмдэглэгтүн гэж тушаав. Израилийг шүүдэг байсан шүүгчдийн өдрүүдээс ч, Израиль болон Иудагийн хаадын бүх өдрүүдэд ч энэ мэтээр Алгасалыг тэмдэглэж байгаагүй билээ. Харин Иосиа хааны арван наймдугаар онд Иерусалим хотноо ЭЗЭНд Алгасалыг сахисан юм. Түүнчлэн ЭЗЭНий өргөөнөөс тахилч Хилкиагийн олсон номд бичигдсэн хуулийн үгсийг гүйцэлдүүлэхийн тулд сүнс дуудагчид, шидтэнүүд, терафим, шүтээнүүд болон Иудагийн газарт ба Иерусалимд үзэгдсэн бүх л бузрыг Иосиа хөөн зайлуулжээ. Мосегийн бүх хуулийн дагуу өөрийн бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа ЭЗЭН өөд эргэсэн түүн шиг хаан түүний өмнө ч байгаагүй, түүнээс хойш ч гарсангүй.” 2Хаа 23:21-25

Иосиаг үе үеийн хаадаас илүү их ажил хийсэн, эсвэл илүү амжилтанд хүрсэн тухай тэмдэглэл Библид нэг их гардаггүй. Харин нэг онцгой зүйл нь тэрээр Бурханы тушаал ёсоор Алгасал баярыг бүх сэтгэл зүрхээ дайчлан сахисан байдаг юм.

Бурханы өргөөнөөс олдсон гэрээний номд өөрөөр хэлбэл Библид Алгасал баяр сахь гэж заасан байжээ. Иосиа хаан Библи уншсаныхаа дараа өөрөө удаан хугацаанд Алгасал баяр сахиагүйг төдийгүй эргэн тойрон нь шүтээнээр дүүрсэн гэдгийг ухаардаг. Төдийг хүртэл Арван тушаалын нэг дэх болон хоёр дахь тушаалыг зөрчиж амьдарсандаа уур нь хүрсэн тэрээр Алгасал баяр сахиж, Иуда болон Иерусалим даяарх шүтээнүүдийг устган, улмаар тэрээр өргөн цар хүрээ хамарсан шашин шинэчлэл хийсэн аж. Ингэснээрээ Иосиа хаан Бурханаас “Мосегийн бүх хуулийн дагуу бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа Эзэн өөд эргэсэн хаан” гэх магтаал сонссон.

Бурханы гэрээ Алгасал баяр

Алгасал баяр нь Бурханы бидэнд өгсөн тушаал, гэрээ, хууль юм. Алгасал баярыг сахисан Иосиаг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа Бурханыг хайрласан хүн гэж Бурхан магтсан шиг Бурханы тушаалыг сахих үедээ бид Бурханыг бүрэн дүүрэн хайрлаж, Бурханы талд зогсож чадах юм.

Эхлэлээс төгсгөлийг хардаг Бурхан Өөрийнх нь ард түмэн гамшгаас аврагдахын тулд Алгасал баяр гэгч амийн үнэн хэрэгтэйг мэдэж байсан. Тийм учраас л хүн төрөлхтөнд Алгасал баярыг зааж өгч, сахь гэж тушаасан юм.

“Та нар түүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан ид. Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН. Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон үе уламжлан үүнийг үүрдийн зарлиг болгон тэмдэглэ.” Гэт 12:11-14

Бурханы тогтоосон зарлигийн дагуу израиль ард түмэн Египетээс гарах үедээ ч, Канаан нутагт орохынхоо өмнө ч Алгасал баярыг сахисан. Хезекиа хаан болон Иосиа хаан Алгасал баяр сахисан. Есүс ч мөн энэ газар ирэн, арван хоёр шавьтайгаа хамт Маркийн дээд давхрын өрөөнд Алгасал баяр сахиж, шинэ гэрээ гэж тунхагласан (Мат 26:17-28, Лук 22:7-20). Үүнээс хойш Петр, Иохан, Иаков, Паул зэрэг элч нар болон анхны сүмийн бүх итгэгч шинэ гэрээний Алгасал баярыг сахицгаасан байдаг (1Кор 5:7-8, 11:23-26).

Библийн энэ мэт сургаал нь Бурханаас эмээн хүндэтгэдэг хүн мөн л бол Алгасал баяр сахих ёстой гэдгийг харуулж байгаа хэрэг. Өнөө үед хаа сайгүй зүсэн бүрийн гамшиг болж, хүмүүс айдас, түгшүүрт автаж байна. Алгасал баяр сахивал бидэн дээр гамшиг буулгахгүйгээр алгасуулна гэж Бурхан баттай амласан. Нүглийн уучлал ба мөнх амь, авралын ерөөлийг ч шинэ гэрээний Алгасал баяр дотор бүгдийг нь багтаасан.

Тэгсэн ч өнөө үед ертөнцөд үй олон сүм байдаг хэр нь тэдгээр сүмүүд Бурханы тушаасан Алгасал баярыг сахихгүй байгаа. Бурхан тэдний тухайд юу гэж бодож байгаа бол?

Алгасал баяр төдийгүй Христийн сахь хэмээн тушааж, Өөрөө сахин жишээ үзүүлсэн шинэ гэрээний бүх зарлиг, хууль нь Бурханы бидэнд өгсөн тушаал юм. “Сайн муугийн жимсийг бүү ид”, “Сүнс болон Сүйт бүсгүй рүү ирж амийн ус аваарай” (Эхл 2:17, Илч 22:17) гэх зэрэг тушаал нь биднийг дэндүү ихээр хайрладаг Бурханы бидний сүнсний мөнх амийн төлөө айлдсан үг учраас үүнийг сахих нь бидний авралд туйлын чухал билээ. Тийм Бурханы хууль, зарлигийг сахихгүй байх нь сүнсний ертөнцөөс харвал Бурханд тэрсэлж буйд тооцогдоно.

Бурханы эсрэг тэрслэл

Хуучин гэрээнд эш үзүүлэгчид Бурханы тушаалыг сахь, Бурханы гэрээ рүү эргэ гэж тасралтгүй сануулсан ч гэсэн израиль ард түмэн тэрийг сонсолгүй, улмаар Бурханы хууль, зарлигаас эргэн холдсон. Улс үндэстэн нь гэрээг орхисноор улс орноо алдаж, Вавилонд боолчлогдох болсныг ухаарсан Даниел эш үзүүлэгч Бурханд тэрсэлсэн өөрсдийн нүгэлдээ гэмшиж, чин сэтгэлийн залбирал өргөсөн байдаг.

“… Тиймээс би залбирал, гуйлтаараа мацаг барьж, таар өмсөж, дээрээсээ үнс асган Эзэн Бурханыг хайхаар, Түүн уруу хичээнгүйлэн хандав. Би Бурхан ЭЗЭНдээ залбирч, гэмтэйгээ хүлээн зөвшөөрч, хэлсэн нь —Ээ халаг, Эзэн минь, аугаа, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, тушаалуудыг тань сахигчдад Та гэрээ ба хайр энэрэлээ өгдөг. Бид нүгэл үйлдэж, ёс бусыг хийж, ёр бурууг үйлдэн тэрсэлж, тушаал, тогтоолуудаас тань эргэн холджээ. Түүнээс гадна манай хаад, жононгууд, өвөг дээдэст маань, газар нутгийн бүх ард түмэнд Таны нэрээр ярьсан зарц нар, эш үзүүлэгчдийг тань бид сонсоогүй.” Дан 9:2-6

Аль ч үед Бурханы тушаалыг сахигчдад Бурхан хайр энэрлээ үзүүлж, Бурханы тушаал сахихгүй байх явдлыг урван тэрсэлж буй хэрэг гэж тодорхойлсон юм. Мөн тэрслэлийн талаар Библийн олон газар дурдсан байдаг.

“Ёрын муу хүн зөвхөн тэрслэл тарих агаад догшин элч түүний эсрэг илгээгдюү.” Сур.Үгс 17:11

“ЭЗЭНээс эмээгтүн, хаанаас эмээгтүн, хүү минь, эсэргүү нартай бүү нийл. Эдний гамшиг гэнэт ирнэ. Дээрх хоёрын хэнээс нь сүйрэл буусныг хэн мэднэ? …” Сур.Үгс 24:21-23

Ёрын муу хүмүүс зөвхөн Бурханы хуулиудыг эсэргүүцэх гэж л улайрдаг. Тэдний үр дүн нь гамшиг ба сүйрэл учраас Библи бидэнд тийм эсэргүү нартай бүү нийл хэмээн анхааруулж байна.

“ЭЗЭН надад —Эдгээр бүх үгийг Иудагийн хотууд болон Иерусалимын гудамжнуудад тунхаглан «Энэ гэрээний үгсийг сонсож, тэднийг үйлд. Учир нь Би та нарын эцэг өвгөдийг Египет нутгаас гарган авчирсан тэр үеэс өнөөг хүртэл «Дуу хоолойг минь сонс» гэж цөхрөлтгүй анхааруулсаар, хатуу сануулсан билээ. Гэтэл тэд дагаагүй агаад чих тавьж сонсоогүй, харин хүн нэгбүр цөвт муу зүрхнийхээ гөжүүд зангаар явсан. Тиймээс хий гэж Миний тушаасан энэ гэрээний бүх үгийг Би тэдэнд авчирсан хэдий ч тэд үйлдсэнгүй гэж хэл» хэмээн айлдав. Тэгээд ЭЗЭН надад “Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчдын дунд хуйвалдаан илэрлээ. Үгсийг минь сонсохоос татгалзан эцэг өвгөдийнхөө хилэнц уруу тэд буцан эргэж, өөр бурхдад үйлчлэхээр араас нь явав. Тэдний эцэг өвгөдтэй Миний байгуулсан Миний гэрээг Израилийн болон Иудагийн гэр зөрчжээ” гэж айлдав.” Иер 11:6-10

Гэрээг орхиж, гэрээг зөрчсөн үйлдлийг Бурхан тодорхойлохдоо тэрслэл гэж айлдсан. Есүс ч мөн “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно” хэмээж, ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл гэж айлдсан (Мат 7:21-23). Гаднаас нь харвал Бурханд итгэдэг, Есүсийн нэрээр тэмдэг гайхамшиг үйлдэж, эш үзүүлсэн ч гэсэн Бурханы хүслийн дагуу үйлддэггүй хүмүүс нь Бурхантай хамаагүй хүн болох төдийгүй харин ч бүр эсрэгээрээ тэрслэгч гэж тооцогдоно гэсэн үг.

​Гэрээг зөрчсөн хүмүүсийн амсах үр дагавар

Ижилхэн Бурханы үг сонссон ч ухаардаггүй хүмүүс байхад Бурханы сургаалыг хүлээн авч, гэрээний дагуу гүйцэлдүүлдэг хүмүүс ч бас байдаг. Бидний нүд, чих, сэтгэлийг нээж, Бурханы тушаалыг бүрэн сахиж чадахуйцаар хөтөлсөн Нэгэн бол Елохим Бурхан. Тиймээс Библид “Та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ!” гэсэн (Мат 13:16-17).

Бурханы тогтоолыг үл тоож, тушаалыг нь сахидаггүй хүмүүс Бурханы ард түмэн гэж хүлээн зөвшөөрөгдөхгүй. Бурхан Египетээс гарсны хойтон жил нь ч израиль ард түмэнд Алгасал баярыг сахь хэмээн тушааж, Алгасал баяр сахидаггүй хүмүүс Бурханы ард түмний дундаас таслагдана гэж хатуу анхааруулсан юм.

“Тэднийг Египет нутгаас гарсны дараа хоёр дахь жилийн эхний сард Синаин цөлд ЭЗЭН, Мосетэй ярин —Израилийн хөвгүүдээр тогтоогдсон цагт нь Алгасалыг сахиул. Уг сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр та нар үүнийг тогтоогдсон цагт нь сахигтун. Та нар үүнийг бүх зарлиг, бүх тогтоомжийнх нь дагуу сахигтун гэлээ. Мосе Израилийн хөвгүүдэд Алгасалыг сахих тухай хэлэв. Тэд Синаин цөлд байхдаа эхний сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр Алгасалыг сахив. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тийн үйлдэв. … “Үхсэн хүнээс болж бузар болсон эсвэл холын аянд явж байгаа, та нарын мөн үр удмын чинь хэн нь ч ЭЗЭНд Алгасалыг сахиж болно. Тэд үүнийг хоёрдугаар сарын арван дөрөвний өдрийн үдшийн бүрийгээр сахиж, үүнийг исгээгүй талх, гашуун ногоотой хамт идэх болой. Тэд өглөө болтол үүнээс юуг ч үлдээх ёсгүй бөгөөд ясыг нь хугалж болохгүй. Алгасалын бүх зарлигийн дагуу тэд үүнийг сахих ёстой. Харин цэвэр байгаа болон холын аянд яваагүй атлаа Алгасалыг сахихгүй хүн байх аваас тэрээр ЭЗЭНий тахилыг тогтоогдсон цагт нь өргөөгүй тул тэр хүн ард олноосоо таслагдаж гэм нүглээ үүрнэ.” Тоо 9:1-5, 10-13

Бурханы тушаалуудын нэг болох Алгасал баяр сахиагүй хүнийг Бурхан хэзээ ч Өөрийн ард түмнээ гэж хүлээн зөвшөөрөөгүй. Өнгөрсөн түүхээс харсан ч хаанд тэрсэлсэн хүн цаазаар авхуулах юм уу аль эсвэл өөр улс руу хөөгдөж цаашид улс орондоо амьдарч чадахгүй болдог байв. Үүнтэй адил Бурханы гэрээг орхисон хүн Бурханд тэрсэлсэн учраас Бурханы хаанчлалын ариун хүн болж чадахгүй юм. Тэнгэрийн оронд тэрсэлж, газар дэлхий рүү хөөгдөн бууж ирээд үүрд үхэх тавилантай байсан нүгэлтнүүдэд Бурхан Өөрийн биеэр эвлэрүүллийн агуу золиосоороо авралын хууль болох шинэ гэрээг байгуулж өгсөн байхад үүнийг нь ч хүртэл хүлээж авахгүй эсэргүүцдэг хүмүүсийн нүгэл нь бүр л хүндрэхээс өөр аргагүй.

Бурхан руу эргэх зам

Бурхан Өөрт нь тэрсэлсэн хүмүүст гэмших боломж өгсөн. Нэг үгээр хэлбэл Бурханы гэрээ, тушаал, тогтоол ба хуулийг сахихыг зөвшөөрсөн гэсэн үг. Бурханы гэрээ болох Алгасал баяр нь Бурханд тэрсэлж, Бурханаас холдон явсан ард түмэн гэмшиж, Бурхан руу эргэхийн төлөөх Бурханы нээсэн амийн зам юм.

“Хезекиа бүх Израиль, Иуда уруу хүн илгээж мөн Ефраим ба Манассе уруу захидал бичиж, Израилийн Бурхан ЭЗЭНд Алгасалыг тэмдэглэхээр Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнөө ирэхийг тэднээс хүсэв. … Зарлагууд хааны тушаалын дагуу хаан хийгээд түүний ноёдын гараас авсан захидалтай, бүх Израиль, Иуда даяар явж, “Өө, Израилийн хөвгүүд ээ, Абрахам, Исаак, Израилийн Бурхан болох ЭЗЭН өөд эргэгтүн. …” 2Шас 30:1-6

Бурхан руу эргэе гэвэл Алгасал баяраас авхуулан Бурханы тушаалуудыг сахих ёстой. Бурханы тушаал бол Бурхан руу эргэх тэнгэрийн хүүхдүүдэд зайлшгүй хэрэгтэй үнэн. Энэ нь тэнгэрт үйлдсэн бүх нүгэлдээ гэмшиж, Бурхан руу эргэе гэсэн шийдвэрээ үйлсээр харуулж буй хэрэг юм.

Ариун Сүнсний үед амьдарч байгаа бид шинэ гэрээ Алгасал баярыг сахиснаар Бурхан руу эргэх ёстой. Бид шинэ гэрээний үнэнээр дамжуулан Бурхан руу эргэх зам нь юу болохыг, Бурханд тэрслэх үйлс үйлдэл нь юу болохыг зөв ухаарч чадна.

Одоо ч бас бидний эргэн тойронд амаараа л Бурханд хайртай гэж хэлдэг ч Есүсийн сахихыг ихэд хүссэн үнэнийг ч хүртэл сахилгүй эсэргүүцдэг хүмүүс бий. Тийм үйлдэл нь биднийг аврахаар энэ газар ирээд шинэ гэрээ байгуулсан Есүст тэрсэлж байгаа гэдгийг ухааруулж, одооноос ч болов Бурханы тушаалыг сахиж Бурханы талд зогсоход нь хүмүүсийг хөтөлж чиглүүлцгээе.

Өнөө үед бид тэнгэр Эцэг Эхийнхээ ивээлээр Бурханы үнэнийг хүлээн авч сахиж байна. Эх нутагтаа дахин буцан явах боломж олгосон тэнгэр Эцэг Эхдээ талархаж, үлдсэн амьдралдаа Бурханы өгсөн ариун гэрээ ба тушаалд хөл нийлүүлэн алхах Сионы гэр бүлүүд болохыг хүсье. Эргэн тойрондоо байгаа хүмүүст ч үнэнээр гэмших зам, энэ үеийн Аврагч болох Сүнс болон Сүйт бүсгүйд яруу алдар өргөх замыг зөв зааж өгөөд, мөнхийн тэнгэрийн хаанчлалд хамтдаа буцахын тулд сайн мэдээг Самари, дэлхийн хязгаар хүртэл хүчтэйгээр гэрчлээсэй гэж хүсэх байна.