Гамшиг ба Алгасал баяр

623 Үзсэн тоо

Өдөр тутамдаа л бид өдий төдий гай гамшиг гарсан талаарх мэдээ мэдээлэл сонсох болж. Элдэв гай гамшиг дундаас хамгийн үлэмж гамшиг юу юм бол? Бурхан Алгасал баяр гэх эмийг ямар гамшгаас аврах гэсэндээ бичиж өгсөн жор билээ?

Дэлхий дээр болж байгаа гамшиг хичнээн удаан үргэлжиллээ ч хүмүүний нас барсны дараах амьдралд нөлөөлөхгүй. Харин үеийн үед зовоох гамшиг туйлын гачлантай болохоор үхэхийг хүссэн ч үхэх боломжгүй тийм гамшиг Библид бий. Бурхан бидэнд шинэ гэрээний Алгасал баярын үнэнийг зөвшөөрсний цаана туйлын аймшигт тэр л гамшгаас биднийг аврах гэсэн чинхүү хүсэл шингэсэн байдаг юм шүү.

Үеийн үед үргэлжлэх гамшиг

Ертөнцөд гэнэтийн аваар осол, байгалийн гамшгаас болж зовж зүдэрч байгаа хүн олон бий. Өвчиндөө зовж зүдрэх хүн ч бий. Амьдралын элдэв асуудалдаа зовж зүдэрсэн хүмүүс ч бий. Хэн хүнгүй энэ мэт элдэв янзын том жижиг гамшигтай нүүр тулж байдаг.

Харин Бурхан үнэндээ үеийн үед тарчлах, үлэмжийн тэр гамшгаас аврах гэж, тийм л туйлын зорилгоор Алгасал баярыг тогтоосон гэхэд болно. Библид гарч буй хамгийн үлэмж гамшгийн талаар эхлээд мэдэж авцгаая.

“Өнөөх араатан болоод хуурамч эш үзүүлэгч хамтдаа баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдэн араатны тэмдгийг хүлээн авсан ба араатны хөрөгт мөргөгсдийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг шатаж буй хүхэртэй галт нуурт амьдаар нь хаяв. Бусад нь морь унасан Нэгэний амнаас цухуйх сэлмэнд алагдсан бөгөөд бүх шувууд тэдний маханд цадав.” Илч 19:20-21

“Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байх агаад тэд үеийн үед өдөр шөнөгүй тарчилна.” Илч 20:10

Илчлэл номд дурдсан “хүхэртэй галт нуур” нь нэг үгээр хэлбэл там юм. Библид аврал авсан сүнс үеийн үед аз жаргал эдлэх тэнгэрийн хаанчлал байхын хажуугаар үеийн үед өдөр шөнөгүй тарчлах там байдгийг ч мөн гэрчилж байна.

Энэ гамшигт л өртөж яасан ч болохгүй юм. Ертөнцөд түрхэн зуур амсдаг гамшиг ч гачлантай. Тийм гамшиг дунд ч Бурхан бидний зүг хамгаалалтын мутраа сунгадаг. Гэсэн ч хамгийн гол асуудал нь үеийн үед зовлон амсах тэр л гамшгаас аврагдах явдал. Хүүхдүүдээ тамын гамшигт л бүү өртөөсэй гэсэндээ Бурхан Өөрөө махан бие өмсөн энэ газарт ирсэн юм.

Тамын талаарх Есүсийн сургаал

2000 жилийн өмнө Есүс тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхаглан, хүмүүст сүнсний ертөнцийн зүй тогтлыг зааж мэдүүлсэн. “Там руу л яасан ч явж болохгүй шүү” гэсэн нь Христийн чухал сургаалуудын нэг юм.

“Баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл ухаж аваад хая. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй нь чамд дээр. Баруун гар чинь чамайг бүдрүүлбэл тастаад хая. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй нь чамд дээр.” Мат 5:29-30

“ … Гар чинь эсвэл хөл чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Хоёр гартайгаа эсвэл хоёр хөлтэйгөө мөнхийн галд хаягдсанаас гаргүй эсвэл хөлгүйгээр аминд орох нь чамд дээр. Нүд чинь чамайг бүдрүүлвээс ухаж хая. Хоёр нүдтэйгээ галт тамд хаягдсанаас өрөөсөн нүдтэйгээр аминд орох нь чамд дээр.” Мат 18:7-9

Там нь туйлын зовж тарчлах газар. Тэнд болдог бүхий л зүйл яг л там гэсэн нэр шигээ асар хүнд гамшиг. Биднийг тамын гамшигт л нэрвэгдэж болохгүйг Бурхан дахин дахин чухалчлан захисан байна.

Бурханы хөтлөн газарчлах замыг дагахгүй бол тамын галаас зугтах аргагүй. Есүс 2000 жилийн өмнө гаднаа Бурханд итгэдэг юм шиг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн хэрнээ сэтгэл нь Бурханаас хол байсан фарисайчууд болон хуулийн багш нарыг зэмлэсэн учир ч мөн үүнтэй холбоотой.

“Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар ганц хүний ч болов араас тэнгис, газаргүй хөндлөн гулд явсаар шинэ итгэлтэн болгосноороо түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог юм.” Мат 23:15

“Та нар зааварлагчид гэж бүү дуудуул. Зааварлагч чинь ганц бөгөөд Тэр нь Христ юм. … Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй.” Мат 23:10-13

Тухайн үеийн шашны удирдагчид Бурханы хуулийг дагаж мөрдөлгүй, ёс бусыг үйлдсэнээрээ тэнгэрийн хаанчлалын хаалгыг хаан, өөрөө ч орохгүй, орох гэснийг ч оруулахгүйгээр саад хийн, шинэ итгэлтэн олбол түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог байж. Есүс тэднийг хатуухан зэмлэсэн байна. Тэднийг хуурамч эш үзүүлэгч хэмээн тодорхойлж, тэднийг дагавал сүйрэх бөгөөд тамын шийтгэлээс зугтах аргагүй болно хэмээн анхааруулсан (Мат 7:15-23, 23:33).

Өнөө үед үй олон сүм байдаг ч бид Библийг судалж үнэнийг дагадаг сүмийг олж явах ёстойн учир ч мөн үүнд оршдог. Бурхан ариун эрхэм биеэ золиослон байж биднийг нүгэл ба үхлийн гинжнээс хэлтрүүлж, тамын гамшгаас чөлөөлсөн байхад бид дахин ёс бусыг үйлдэн нүгэлтэй хутгалдаж болохгүй юм. Үнэнийг дагадаггүй хүмүүсийн эцсийн зогсоол болсон там гэх газар эдлэх зовлонг үнэхээрийн үгээр илэрхийлэхийн аргагүй, туйлын гачлантай. Тийм гамшгийг хэн тэсвэрлэж чадах билээ?

Тамын гамшгаас хэлтрүүлэх шинэ гэрээний Алгасал баяр

Есүс тиймдээ ч биеийн эрхтнийхээ аль нэгийг алдсан ч там руу л явж огт болохгүй юм шүү гэж сургасан. Биднийг тамын гамшгаас хэлтрүүлэхийн төлөө тогтоосон үнэн нь шинэ гэрээний Алгасал баяр юм.

“Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс, Петр Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв. … Тэд явж, Түүний айлдсанаар бүгдийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ.” Лук 22:7-15

Юуны учир Есүс Алгасал баярын зоог барихыг ихэд хүссэн юм бол оо? Есүс алдагдсаныг хайж аврахаар ирсэн шүү дээ (Лук 19:10). Библид сүнс тамд унахыг “сүйрэл” гэж хэлсэн бөгөөд тамаас чөлөөлөгдөхийг “аврал” хэмээсэн юм. Биднийг тамын зовлон тарчлалын гамшгаас хэлтрүүлэхээр энэ газарт ирсэн Есүсийн ихэд хүссэн зүйл бол Алгасал баяр тэмдэглэх явдал байсан.

“Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:19-20

Алгасал баяраар Есүсийн ариун бие ба үнэт цусыг бэлгэддэг талх, усан үзмийн дарсыг шавь нартаа идүүлж уулган, үүнийгээ “шинэ гэрээ” хэмээсэн юм. Эндээс бид Есүс яагаад Алгасал баяраар шинэ гэрээ байгуулсныг бодох шаардлагатай билээ. Алгасал баяр гэдэг нь алгасан өнгөрүүлэх гэсэн утгатай шүү дээ. Яг юу алгасан өнгөрүүлэх вэ гэхээр гай гамшиг биднийг алгасан өнгөрнө гэсэн үг юм.

“… Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН. Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон үе уламжлан үүнийг үүрдийн зарлиг болгон тэмдэглэ.” Гэт 12:11-14

Алгасал баярын ёслолын үүслийг ойролцоогоор 3500 жилийн өмнөх хуучин гэрээний үеийн түүхээс сөхөн харцгаая. Египетээс гарах тэр үед израиль ард түмэн Алгасал баяраар хурга нядлан, цусыг нь хаалганыхаа тотго, хатавчинд нялж түрхсэн байдаг. Тэгвэл устгагч тэнгэр элч уг цусыг хараад, тэр айлыг алгасан өнгөрнө гэсэн Бурхан болон израиль ард түмний хоорондох амлалт байсан юм.

Энэ мэтээр Алгасал баяр нь гай гамшгийг алгасуулна гэсэн утгатай. Гамшиг дундаас хамгийн хүнд гамшиг нь Египетэд буулгасан арван гамшиг ч биш, Илчлэл номд гардаг сүүлчийн долоон гамшиг ч биш, харин тамын гамшиг юм. Алгасал баярын талх, усан үзмийн дарс нь зүгээр ч нэг талх, дарс биш тамын гамшгаас хэлтрүүлнэ гэсэн гэрээг дотроо агуулж байдаг.

Тиймээс л Есүс зовохоосоо өмнө шавь нартайгаа хамт Алгасал баяр сахихыг ихэд хүссэн юм. Маргааш нь Өөрийгөө загалмайд цовдлогдон үй олон хүний өмнө ичгүүр доромжлол, доог тохуу, зовлон тарчлал амсахаа угаасаа мэдэж байсан. Өөрт нь ирж буй гамшгийг бодоод, Гетсемани гүвээн дээр залбирч байхдаа хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байсан гээд бодохоор тэрхүү зовлон хичнээн аймшигтай байсныг таамаглаж болохоор шүү дээ (Лук 22:39-44). Ийм их зовлон тарчлал амсан байж биднийг тамаас хэлтрүүлэн амийн замаар хөтөлсөн байхад Алгасал баярын үнэ цэнийг хэмжих аргагүй.

“Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-19, 26-28

Гай гамшгаас хэлтрүүлэх Алгасал баярт Есүс нүглийн уучлалын утга учрыг шингээсэн байдаг. Нүгэл уучлагдсан юм чинь тамын гамшгаас аврагдан Бурханы хаанчлалд орох боломжтой болох юм. Биднийг тамын зовлонгоос ангижруулахаар энэ газарт ирээд, алив хэлбэрийн зовлон золиосыг амсан байж шинэ гэрээний Алгасал баяр тогтоож өгснийг нь бодох юм бол Бурханы хайр ивээлийг яахан үгээр илэрхийлж дийлэх вэ?

Мөнхийн тэнгэрийн хаанчлалын өвийн амлалт, шинэ гэрээ

Өнөө үед бидний сахиж байгаа Алгасал баяр нь зөвхөн махан биеийн амийг аварч, махан биеийн гамшгаас аврах хэмжээний ёслол биш. Алгасал баяр бол хамгийн том гамшиг болох тамын гамшгаас биднийг аврахын төлөө Бурханы цусаараа тогтоож өгсөн үнэний дээд үнэн юм шүү.

Иеремиа эш үзүүлэгч Бурхан Өөрийн ард түмнийхээ төлөө нүгэл уучлах шинэ гэрээ байгуулна гэдгийг зөгнөсөн байдаг.

“ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. … “Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно. Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.”” Иер 31:31-34

Энэ зөгнөл ёсоор Есүс Алгасал баярын орой шинэ гэрээ байгуулсан. Шинэ гэрээ тунхаглан, энэ үйл хэргээ биелүүлэх хүртэл Тэрээр чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байсан аж. Бурханы мах, цусаар байгуулсан шинэ гэрээ байхгүй бол хүүхдүүд нь тамын гамшгаас хэрхэвч чөлөөлөгдөхөөргүй байсан хэрэг.

Тэр их гамшгаас биднийг аврахаар Христ Өөрийн биеийг тахил болгон өргөсөн. Мөн шинэ гэрээгээр мөнх өвийн амлалтыг нэмж соёрхсон. Цаашид үхэл байхгүй, гашуудах гэж ч байхгүй ертөнц, энх амгалан бялхаж, мөнх амийн аз жаргал хязгааргүй ундарсан тэнгэрийн хаанчлалд хөтөлнө хэмээн амласан юм. Ийм ивээлээр эдүгээ бид шинэ тэнгэр шинэ газрыг хүсэн хүлээж байна (Илч 21:1-4, 2Пет 3:13).

“Тийм учраас Тэрээр шинэ гэрээний зууч мөн. Энэ нь анхны гэрээн дор үйлдсэн зөрчлийг золихын төлөө үхэж, дуудагдсан хүмүүст мөнх өвийн амлалтыг хүлээн авахуулахын тулд болой. Учир нь хаана гэрээс байна, тэнд гэрээслэгчийн үхэл зайлшгүй тогтоогдсон байдаг. Учир нь гэрээслэгч амьд байхад гэрээс нь хэзээ ч хүчинтэй болохгүй тул үхсэний дараа тэр нь хүчинтэй болох аж. Түүнчлэн анхны гэрээ ч цусгүйгээр батлагдаагүй юм.” Евр 9:15-18

Мөнх өвийн амлалтыг өгөхөөр Бурхан Өөрөө махан биен хувцас өмсөн энэ газарт ирээд шинэ гэрээ байгуулсан юм. Там руу нэг сүнс ч болов илүү авч явах гэдэг Сатан шинэ гэрээг устгахаар улайран зүтгэсээр л. Сатан шинэ гэрээний Алгасал баярыг устгах гэсэн, Бурхан энэ баяраа хүүхдүүддээ уламжлуулж өгөх гэсэн сүнслэг их тулаан хэдэн мянган жил үргэлжлэн байна. Тэгэх явцдаа Бурхан төлөвлөгөө гарган энэ үед Өөрийн биеэр дахин ирээд үнэнийг сэргээж өгсөн билээ.

“Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.” Евр 9:28

Хоёр дахиа ирэхдээ Сүнс болон Сүйт бүсгүй болон ирнэ гэсэн (Илч 22:17). “Үлэмжийн гамшигт өртөлгүй, хурдан ирээд амийн ус аваарай” хэмээн Сүнс болон Сүйт бүсгүй хүн төрөлхтнийг дуудан байна.

Амийн ус өгөх Сүнс ба Сүйт бүсгүй рүү бид заавал очих ёстой. Хэрвээ бид нүгэлтэйгээ байгаад л байвал амь авч чадахгүй, нүглийн уучлал авахгүй бол тамын гамшгаас огтхон ч мултарч чадахгүй. Сүнс ба Сүйт бүсгүй рүү очих хүмүүс шинэ гэрээгээр нүглийн уучлал авч, мөнхийн амь, аз жаргал эдлэх юм.

Ертөнцөд Сүнс болон Сүйт бүсгүйн дуу хоолойг хараахан сонсоогүй тэнүүчлэн, өөрөө ч мэдэхгүй сүйрлийн зам руу гүйж байгаа хүмүүс байсаар л байна. Бурхан биднийг “шинэ гэрээний үйлчлэгч” болгосон тул (2Кор 3:6) тэднийг зөв зам руу хөтлөн аврах ажилд илүү хичээн зүтгэж, шинэ гэрээний үнэнээр үүрдийн гамшгаас аврах Сүнс болон Сүйт бүсгүй Бурханаа бүх ертөнцөд тунхаглахыг хүсье. Тамын гамшгаас биднийг хэлтрүүлэн мөнхийн тэнгэрийн хаанчлалын замаар хөтөлж буй тэнгэр Эцэг Эхдээ мөнхийн талархал, хүндэтгэл, яруу алдрыг өргөе.