
1. Газрын нэр
Еврей хэлээр “Ге-Хинном” (Хинномын хөндий). Грек хэлээр Гехенна. Энэ нь Иерусалим хотоос баруун урагш орших нарийхан хөндий газрын нэр аж. Израилийн хаадын үед, ард түмэн бага насны хүүхдийг золиосын тахил болгон шатааж өргөдөг байсан гэдгээрээ энэ газар нэлээд муу нэртэй байж.
Тухайн үед израиль ард түмэн харийн бурхан Молех (бухын дүрст шүтээн)-т золиосын тахил өргөж байв. Төмрөөр хийсэн бухын шүтээнийг галд улайсган цоргиулж хоёр гар дээр нь балчир хүүхдүүдийг тавиад золиос болгон шатаадаг байж. Энэ нь жигшмээр муухай тахил байсан юм.
““Учир нь Иудагийн хөвгүүд Миний мэлмийд мууг үйлджээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Нэрээр минь нэрлэгддэг гэрийг бузарлахын тулд тэд жигшүүрт зүйлсээ тэнд тавьсан билээ. Тэд охид, хөвгүүдээ галд шатаахаар Бен-хинномын хөндийд Тофетын мөргөлийн өндөрлөгүүдийг барив. Ийм зүйлийг Би тушаана гэж үү? Тийм зүйл миний санаанд орно гэж үү?” Иер 7:30-31
Израиль ард түмний энэ үйлдэл нь өөрсдийг нь худалдаж авсан Бурханыг үгүйсгэж урван тэрсэлсэн хэрэг болохоор Бурханы хилэгнэлийг хүртэхээс өөр замгүй. Иосиа хаанаар дамжуулан Бурхан тэрхүү жигшүүрт үйлдлийг нь таслан зогсоож, тэр газарт дахин энэ мэт муу муухай тахилын ёслол үйлдэхээргүй болгов.
“Мөн ямар ч хүн өөрийн хүү эсвэл охиноо Молехт (бурхны нэр) зориулан гал дундуур гаргахгүй байхын тулд тэр (Иосиа) бас Бен-хинномын хөндийд буй Тофетыг бузарлажээ.” 2Хаа 23:10
Иосиа хааныг Хинномын хөндийд үйлддэг байсан бузар муухай тахилыг халснаас хойш ард түмэн энэ газрыг жигшин зэвүүцэж хог шатаах газар болгов. Зөвхөн хог ч биш үхсэн мал амьтны сэг, цаазлуулсны улмаас оршуулдаггүй байсан гэмт хэрэгтнүүдийн цогцсыг шатаадаг байжээ. Түүнээс хойш Хинномын хөндийг хог шатаах газар, нүгэлтнүүдийн цогцсыг шатаадаг газар гэдгээр нь хүмүүс мэдэх болов. Энэ Хинномын хөндийг грек хэлний дуудлагаар “гехенна (Gehenna)” гэдэг бөгөөд англи хэлнээ “Hell” гэж хөрвүүлэгдсэн байна.
“Гар чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Унтаршгүй галтай тамд (гехенна) хоёр гартайгаа очсоноос гаргүйгээр аминд орох нь чамд дээр.” Мар 9:43
“Харин хэнээс айж эмээвэл зохихыг та нарт сануулъя. Хөнөөсний дараа тамд (гехенна) хаях эрх мэдэлтэй Нэгэнээс эмээгтүн. Тийм ээ, Би та нарт хэлье, Түүнээс эмээгтүн.” Лук 12:5
“Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын (гехенна) шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?” Мат 23:33
2. Гехенна ба там
Хүн нас барсны дараа орох шүүлтийн талаар Есүс дурдахдаа яагаад “гехенна” гэдэг үг ашигласан юм бол? Тэрээр бидэнд тэнгэрийн тогтолцоо, зүй тогтлыг ухааруулах гэсэн хэрэг.
“Есүс хариулахдаа … Хэрэв Би чамд газрын юмсыг ярихад чи итгэхгүй бол тэнгэрийн юмсыг Би яривал чи яаж итгэх юм бэ? …” Иох 3:10-13
Есүсийн айлдлыг анхааралтай гэгч нь ажвал Тэрээр бидэнд тэнгэрийн зүйлсийг зааж өгөхийг хүссэн байгаа юм. Хэрэв Есүс сүнслэг ертөнцөд өрнөж байгаа зүйлсийг бидэнд яг байгаагаар нь тайлбарлаж өгвөл бид ойлгож ч чадахгүй, хүлээн авч ч чадахгүй юм. Тэнгэрт гэм нүгэл үйлдэн энэ газарт бууж ирсэн нүгэлтнүүд болохоор сүнслэг ертөнцөд болж байгаа зүйлийг харж ч, сонсож ч, мэдэрч ч чадахгүй. Тиймээс энэ газарт байгаа тогтолцоо, зүй тогтлоор дамжуулан сүнслэг ертөнцийн талаар тайлбарласан юм. Энэ газарт байгаа юмс тэнгэрт байгаа юмсын сүүдэр ба хуулбар аж (Евр 8:5 үзэх).
Гэм нүгэлтнүүдийн цогцсыг шатаадаг хог шатаах газраар дамжуулан Есүс нүгэл үйлдсэн сүнснүүдийн орох галт нуур байдгийг хэлж өгсөн юм. Есүс Иерусалим хотын гаднах хог шатаах газар буюу гехеннагийн талаар л энд хэлсэн гэж үзвэл тэр үеийн хуулийн багш, фарисайчууд нь гехеннагийн шийтгэлээс гадуур улсууд байв. Яагаад гэхээр Иерусалим хотын гаднах гехеннад гэм нүгэлтнүүдийн л цогцсыг шатаадаг байжээ. Харин нийгэмд ихээхэн хүндлэл хүлээсэн хуулийн багш, фарисайчууд нас барах аваас тэдний цогцсыг ёслол төгөлдөр оршуулдаг байж.
Лук 12:5 “Хөнөөсний дараа тамд (гехенна) хаях эрх мэдэлтэй Нэгэнээс эмээгтүн” гэсэн байдаг. Энэ ишлэлд “тамд хаях эрх мэдэлтэй Нэгэн” гэж хэнийг зааж байгаа юм бол? Мэдээж Бурханыг хэлж байна. Хүнийг нас барсны дараа гехенна шиг галт нуур (там)-т хаях эрх мэдэлтэй Нэгэн Бурханаас өөр үгүй. Тийм болохоор Есүсийн айлдсан гехенна нь энэ газарт байдаг гехенна биш сүнслэг ертөнцөд гэм нүгэлтнүүдийг шатаадаг галт нуур (сүнслэг гехенна) гэдгийг мэдэж болно.”
3. Диаволын орох галт нуур
“Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байх агаад тэд үеийн үед өдөр шөнөгүй тарчилна.” Илч 20:10
Элч Иоханы үзсэн илчлэлд диавол болон хуурамч эш үзүүлэгчид галт нуурт ороод үеийн үед зовон тарчилж байгаа дүр зураг харагджээ. Гэтэл бидний сайн мэддэгчлэн диавол бол махан бие биш сүнс юм. Тиймээс энэ нь сүнс болох диаволын орж тарчлах галт нуур байгаа гэсэн утгатай биш гэж үү? Есүс гэм нүгэлтнүүдийн цогцсыг шатаадаг хог шатаах газар буюу гехеннагаар дамжуулан диавол болон нүгэл үйлдсэн сүнснүүдийн орох галт нуур байгааг хэлж өгөхийг хүсжээ.
4. Нүгэл үйлдсэн сүнснүүдийн орох галт нуур
Зарим хүн хэлэхдээ диаволын орох галт нуур гэж байгаа ч, харин хүмүүсийн сүнс орох галт нуур байхгүй гэлцдэг. Харин Библид дараах байдлаар хэлж өгчээ.
“Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэрэлчийнхээ хамт ирж, … хонио баруун, ямааг зүүн талдаа байлгана. … Тэгээд Тэр зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэрэлч нарт бэлтгэсэн мөнх галд ор. … Тэд мөнх шийтгэлд, харин зөвт нь мөнх аминд орох юм гэж айлдлаа.” Мат 25:31-46
Сүүлчийн өдөр аврал авч чадаагүй хүмүүс зүүн талд нь зогсох болно. Тэр үед тэдний явах газар хаана байх вэ? Аврал авч чадаагүй тэд чухам хэнийг дагаж явах бол? Библид хэлэхдээ “Диавол болоод түүний тэнгэрэлч нарт бэлтгэсэн мөнх галд ор” гэсэн байна.
Аврал авч чадаагүй хүмүүсийн орох галт нуур нь махан биеийн галт нуур биш аж. Сүнс болох диаволын орох галт нуур болохоор сүнслэг гехенна (там: галт нуур) юм. “Учир нь хүн юунд дийлдэнэ түүндээ боолчлогддог ажээ” (2Пет 2:19) гэж хэлсэнчлэн диаволд дийлдсэн хүмүүс өөрдсийн эзэн болох диаволынхаа орох галт нуурт ч мөн хамт орно гэсэн байна. Энэ бол сүнслэг ертөнцийн зүй тогтол ажгуу.
5. Диаволын үүрэг
Бидний эмээх ёстой зүйл бол махан биеийн үхэл биш үхсэний дараа ороод зовж тарчлах сүнслэг гехенна юм. Диавол бол мөнх сүйрлийн шийтгэл авах нь хэдийнээ тогтоогдсон сүнс. Тийм учир тэрээр илүү нэг ч болов сүнс там руу чирч явах гэж энэ ертөнцийг мэхэлдэг (Илч 12:7-9).
Ганцаараа тамд орно гэхээс диавол айгаад тэгсэн үү тэрээр олон хамтрагч цуглуулж байна. Мөн яг л Бурханаас өшөө авах гэж байгаа мэт, сонгогдсон ард түмнийг ч хүртэл там руу чирч явах гэсэндээ архирагч арслан мэт гэтэн, идэш бологчийг хайж байгаа. Мэхлэгч одоо хэр нь олон сүнсийг Бурхан руу хүрч ирүүлэхгүй гэж янз бүрийн арга хэлбэр, заль мэхээр замыг нь боогдуулж байна. Диавол Бурханы сонгосон ард түмнийг там руу чирч явах гэж аль л байдгаараа зүтгэж буй.
6. Диаволыг эсэргүүц
Сүүлчийн үе ойртох тусам диаволын үйлдэл улам бүр гаарна. Диавол Бурханы хайрыг хүртсэн бидэнд дургүй бөгөөд бүх л сүнс өөртэй нь адил Бурханд орхигдоосой хэмээн хүсдэг. Бурханы морилон ирэх нь ойртсон энэ үед бид яавал диаволаас өөрийн сүнсээ хамгаалах вэ? Бас яавал ах эгч дүүсээ диаволаас хамгаалах вэ? Диаволтай хийж байгаа их тулаанд ялах арга нь чухамдаа юу юм бол?
“Хамгийн сайн хамгаалах арга бол довтолгоо” гэсэн үг бий. Диаволын довтолгооноос зайлсхийнэ гэсэн юм уу “Би л өөрөө аюулгүй байвал бол оо” гэсэн бодол байвал тэр хүн өөрөө диаволын анхны бай болохыг ч үгүйсгэх аргагүй. Яагаад гэхээр диавол ийм хүнд хамгийн дуртай. Дүгнэхэд бид диаволыг эсэргүүцэн довтолж байж л ялна.
“Тиймээс Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна. Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. …” Иак 4:7-8
Бурханд яаж захирагдах вэ гэхээр диаволыг эсэргүүцэх ёстой. Диаволыг эсэргүүцэж байна гэдэг нь Бурханд ойр буйн хэрэг. Диаволын хамгийн айдаг зүйл бол хайр. Бурханы өгсөн “хайр” хэмээх зэвсгээр диаволын гинжинд баглаатай байгаа ах дүүсээ аварч чөлөөлөх ажилд оролцох нь Бурхантай ойр байж, диаволыг эсэргүүцэж байгаа хэрэг юм. Бурханы хайр дотор оршиж диаволыг эсэргүүцдэг хүн тамын айдас зовлонгоос айх шаардлагагүй. Учир нь тэр хүнийг Бурханы бэлтгэсэн тэнгэрийн хаанчлал хүлээн буй.
Харин аврал авч чадаагүй хүмүүсийн орох тамын ял хичнээн аймшигтай байх бол? Махан биеийн үхэл хүртэл айдас хүргэм байхад сүнсний мөхөл яасан их чичирмээр байх бол?
Үзэгдэх ба үл үзэгдэх ертөнцийг бүрэн захирдаг, бүхий л ертөнцийн Эзэн хийгээд Шүүгч болсон Бурханы үгэнд бүгдээрээ дуулгавартай байж авралд хүрэх гэж өдрөөс өдөрт мэрийцгээе.