​Бурханы амлалт ба тэнгэрийн хаанчлал​

297 Үзсэн тоо

Хуучин он ард хоцорч шинэ онтой золголоо. Өнөөг хүртэл амьдарч ирсэн бүхий л цаг хугацааг эргэн харахаар ганц шөнө унтаад боссон юм шиг л богинохон санагдана. “Тэнгэрийн хаанчлал явах өдөр тэр хэрээр наашилж байгаа юм байна” гээд бодохоор бидэнд тэнгэрийн хаанчлал байгаа гэдэг нь хичнээн талархмаар хэрэг билээ дээ.

2000 жилийн өмнө Есүс энэ газар ирээд, тэнгэрийн хаанчлал ба там гэдэг нь гарцаагүй байдаг учраас Өөрийнх нь нээсэн замыг сайн дагаад, бүх хүн тэнгэрийн хаанчлалд ирээрэй гэж сурган, улмаар үнэний бүх сургаалыг хэрэгжүүлэхийг амьдралаараа бидэнд жишээ болгож үлдээсэн. Тэр замыг дагаад заавал тэнгэрийн хаанчлалд хүрэх тэнгэрийн гэр бүлүүд болоосой гэж хүсээд, Бурханы ухааруулсан зөв амьдралын үнэ цэнийг Библиэр дамжуулан судалъя.

Хоосон биш зүтгэл

Хүний амьдрал дэндүү богинохон. Олон баатрууд, хөрөнгөтнүүд, эрх мэдэлтнүүд ертөнцийг захирах мэт байдаг ч цаг хугацаа өнгөрвөл байсан бүхнээ буулгаж тавиад, бүхнийг эцэслэх цаг мөчтэй тулгарах л болно.

Дэлхийг эзлэхийг мөрөөдөж байсан Александр их хаан дайлаар явахдаа халуун чичрэг өвчин тусаж, цэл залуухан 33 насандаа амьдралаа эцэслэсэн. Тэрээр “Намайг нас барахаар гарыг минь авснаас ил гаргаарай” гэж гэрээслэл үлдээжээ. Грекээс Энэтхэг хүртэл их эзэнт гүрнийг байгуулсан хэдий ч хорвоог орхихдоо юу ч авч явж чадалгүй хоосон буцлаа гэдгээ харуулах гэсэндээ тийм гэрээслэл үлдээсэн гэж түүх судлаачид хэлдэг аж.

“Мэргэн ухааны хаан” Соломон ч бас хамгийн их эд баялаг, сүр жавхланг эдэлсэн хүн. Гэвч түүний амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэмдэглэсэн Номлогчийн үгс номыг нь харвал хүний амьдралын талаар өгүүлэхдээ 1-р бүлгээс сүүлийн 12-р бүлэг хүртэл “хоосон” гэж л илэрхийлсэн байдаг.

“Иерусалим дахь хаан, Давидын хүү, Номлогчийн үгс оршвой. Номлогч, “Хоосноос хоосон агаад хоосны хоосон, бүгд хоосон ажээ” гэнэ. Наран доор зүтгэх хүмүүний хамаг зүтгэл өөрт нь ямар ашигтай юм?” Ном.Үгс 1:1-3

“Номлогч хэлэхдээ “Хоосноос хоосон бөгөөд бүгд утгагүй” гэв. … Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юм бүрийг, бүх үйлсийг Бурхан шүүлтэд аваачих болно.” Ном.Үгс 12:8-14

Хорвоо дэлхийн хамаг хэрэг явдлыг ухаарсан Соломон бүх зүйл хоосон гэж дахин дахин онцолсон байна. Соломоноор дамжуулж энэ үгээ үлдээсэн Бурханы хүсэл юу юм бол? Бурхан бидэнд амьдралыг гутранги, сөргөөр үзэх үзэл суулгах гэсэндээ биш, харин жинхэнэ үнэ цэнэтэй амьдрал гэгч юу болохыг бодоорой гэсэндээ тэр юм.

Соломон Номлогчийн үгс номны сүүлчийн хэсэгт хоосон биш ганц юм байгаа тул үүний төлөө зүтгэ гэж зөвлөсөн байдаг. Энэ нь Бурханаас эмээж, Түүний тушаалыг сахих явдал юм. Учир нь Бурханы сургаалыг хүндэтгэн дагаж амьдардаг хүн л шүүлтээс чөлөөлөгдөж мөнхийн тэнгэрийн хаанчлалд хүрнэ.

Бурханыг эрж хайхгүй, амьдралын зорилго чиг нь тэнгэрийн хаанчлалд чиглээгүй л бол хичнээн зүтгэлээ ч салхи хөөцөлдөх мэт хоосон ажлын үргэлжлэл байх юм. Гагцхүү мөнхийн төлөөх зүтгэл л хоосон биш. Тиймээс Есүс бэрхшээл, хавчлага дунд ч шавь нартаа үргэлж тэнгэрийн хаанчлалын найдвар суулгаж байсан юм.

“Зүрхээ бүү шаналга, Бурханд итгэ, мөн Надад итгэ. Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна. Би явж, та нарт орон байр бэлдчихвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно.” Иох 14:1-3

“Миний Эцэгийн гэр” гэж тэнгэрийн хаанчлалыг хэлж байна. Тэнд бидний байх орон байрыг Бурхан бэлтгэнэ гэж айлдсан. Бурханы тушаалыг сахиж, Бурханаас эмээдэг зөв итгэлтэй хүнийг мөнхийн тэнгэрийн хаанчлал хүлээж байгаа.

“Гэвч “Нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор болжээ.” 1Кор 2:9

Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлтгэсэн тэнгэрийн хаанчлал бол бидний харж байгаагүй, сонсож ч байгаагүй, төсөөлж ч чадахааргүй үзэсгэлэнтэй ертөнц. Христийн замыг дагаад тэр газар руу явах амьдрал огтхон ч хоосон биш. Ямар ч бэрхшээл тулгарсан тэнгэрийн хаанчлалаас хэзээ ч ухарч няцалгүй, хичээл зүтгэл гаргаж мэрийгээд бүгдээрээ тэнгэрийн хаанчлалд орох учиртай юм шүү.

Бодитоор орших тэнгэрийн хаанчлал ба там

Өнөө үед олон хүн хожим явах сүнсний ертөнцийн талаар мэдэхгүй байгаа. Өөрийгөө одоо тэнгэрийн хаанчлалыг чиглээд явж байгаа юу, там руу чиглээд явж байгаа юу гэдгээ ч мэдэхгүй чигтээ яг өмнөө байгаа бодит байдалд л анхааран, санаа амар амьдарч байгаа. Гэвч тэнгэрийн хаанчлал ба там гарцаагүй оршин байдаг нь үнэн.

Хүн төрөлхтний авралын төлөө энэ газар ирсэн Есүс тэнгэрийн хаанчлал ба тамын талаар маш олон сургаал айлдсан байдаг. Ойрхон ирж буй тэнгэрийн хаанчлалыг мэдүүлж, гэмшихийг шаардаж (Мат 4:17), нэг эрхтнээ тасалж хаяад ч болов там руу л явж болохгүй юм шүү гэж захисан (Мар 9:43-49). Нөгөөтэйгүүр бүх хүний өмнө нээгдэх тэнгэрийн хаанчлал ба тамын амьдралыг баян ба Лазарын сургаалт зүйрлэлээр дамжуулан зааж мэдүүлсэн юм.

“Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв. Яр шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу эр хаалгыг нь сахин хэвтэж, мөнөөх баяны ширээнээс унасан өвдөл цөвдлийг нь идэхсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж, шархыг нь долоодог байв. Ядуу эр үхсэнд тэнгэрэлч нар түүнийг авч Абрахамын өвөр дээр тавьжээ. Баян нь ч үхсэнд түүнийг оршуулав. Тийнхүү тэр Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав. Тэгээд тэр “Абрахам эцэг ээ, намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ галд амь тэмцэн зовж байна” гэж хашхирахад Абрахам “Хүү минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахад Лазар ч тэрчлэн муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч, чи тэнд зовж байна.” Лук 16:19-25

Баян нь өдөр бүр найрлан цэнгэж, баяр жаргалтай амьдарсан ч Лазар зовлонт амьдралаар амьдарч байв. Гэвч үхсэнийх нь дараа шинэ амьдрал эхэлсэн байна. Лазар нь Бурханы энгэрт тэврүүлж, амар амгаланг эдэлсэн. Харин баяны очсон газар нь “Хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг” гэж хэлэх хэмжээний галд тарчлах ертөнц байж л дээ.

Зовлон дунд ч тэнгэрийн хаанчлалд найдан амьдарсан Лазартай адилгүй баян нь эд баялаг хураах гээд тэнгэрийн хаанчлалыг бодох ч завгүй байж. Үр дүнд нь бүх боломжоо алдаж, галд тарчлан байсан баян дэлхий дээрх дүү нараа тамд ирүүлэхгүйн тулд Лазарыг тэдэн рүү явуулж, сүнсний ертөнц байдгийг мэдүүлэхийг чин сэтгэлээсээ гуйдаг. Харин Бурхан “Мосе ба эш үзүүлэгчдийн үг буюу Библийн сургаалыг дагаж байж л тамын зовлонгоос ангижирч, тэнгэрийн хаанчлалд ирж чадна” гэж айлдсан юм (Лук 16:27-31).

“Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байх агаад тэд үеийн үед өдөр шөнөгүй тарчилна.” Илч 20:10

“Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. … Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ. … Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхайрагчид, мэргэчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуур юм гэв.” Илч 21:1-8

Хүхэр, галаар шатаж буй нуурт үеийн үед тарчлах там байгаа бол үхэл, зовлон, өвдөх гэж байхгүй тэнгэрийн хаанчлал ч мөн гарцаагүй оршин байгаа. Мөнх амь, баяр хөөр, баяр баясгалан л байдаг газар бол бидний явах тэнгэрийн орон. Ийм сайхан ертөнцөөс нүүр буруулах учир шалтгаан бий гэж үү? Лазар шиг хэдий энэ дэлхийн амьдрал зовлонтой ч үргэлж баяртай байж, тэнгэрийн хаанчлалыг чиглээд гүйх Сионы гэр бүлүүд болоосой гэх байна.

Тэнгэрийн хаанчлал явах зам

Тэнгэрийн хаанчлал ба тамыг сонгож болдог байсан бол бүгд л тэнгэрийн хаанчлал явах гэх байх. Тиймээс бид итгэлийн чигээ зөв тогтоох хэрэгтэй юм. Хэрэв бид ямар ч зорилгогүйгээр гүйвэл зорьсон газраа хүрч чадахгүй. Тэнгэрийн хаанчлалд чиглэсэн итгэлийн замаар алхаж гэмээнэ мөнхийн тэнгэрийн хаанчлалд хүрч чадна.

“Есүс —Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.” Иох 14:6

Тэнгэрийн хаанчлал явах замаа мэдэхгүй төөрч будилсан хүн төрөлхтний төлөө 2000 жилийн өмнө Есүс энэ газар ирээд биднийг тэнгэрийн хаанчлалд хөтлөх зам маань болсон. Христийн сургаалыг бүрэн дагах ёстойн шалтгаан үүнд бий.

“Зөв бусыг үйлдэгч нь зөв бусаа үйлдсээр л байг, бузар муу нь бузар муугаараа л байг. Зөвт нь зөвт явдлаа үйлдсээр л байг, ариун нь ариунаараа л байг. Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөх шагнал минь Надтай хамт байгаа. Альфа ба Омега, Эхэн ба Эцэс, Эхлэл ба Төгсгөл нь Би байгаа юм. Амийн мод уруу очих эрхтэй болж, хотод хаалгаар орохын тулд дээлээ угаагчид нь ерөөлтэй еэ! Гадаа нь ноход, мэргэчид, завхайрагчид, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.” Илч 22:11-15

Бурхан хүн тус бүрийг хийснийх нь дагуу өөрөөр хэлбэл үйлсийнх нь дагуу шүүнэ гэж айлдсан (Илч 20:13). Тэнгэрийн хаанчлал явах боломж олгохоор өнөөдөр гэх нэг өдөр бидэнд өгөгдөж байдаг юм. Энэ боломжийг ертөнцийн хоосон, үр ашиггүй юмаар сольж байгаа хүн байхад нөгөөтэйгүүр жаахан хэцүү ч гэлээ тэнгэрийн хаанчлалыг алдахгүй гэж хичээж байгаа хүн бий. Тэнгэрийн хаанчлалаас татгалзан байж хийх ёстой үнэ цэнэтэй ажил энэ дэлхийд байхгүй. Мөнхийн шагнал авах эсвэл шүүлтэнд орох нь бидний итгэл ба үйлсээс хамаарах тул мөнхийн тэнгэрийн хаанчлалд хүртлээ хором мөч болгоныг чухалд үзэж Бурханы хүслийг дуулгавартай дагахад бүхнээ зориулахыг хүсье.

“… ариун байдал ба итгэл сүсэг дор та нар ямаршуу байх ёстой вэ? Бурханы өдөр ирэхийг хүлээж, түргэлүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, язгуур юмс түймэрт хайлах болно. Харин Түүний амлалтын дагуу зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг бид хүлээн байна. Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор толбогүй бөгөөд өө сэвгүйгээр Түүнд олдохыг хичээгтүн.” 2Пет 3:11-14

Шинэ гэрээг сахисан итгэгчид Бурханы амлалт ёсоор шинэ тэнгэр, шинэ газарт орно. Гэвч Бурханы амлалтыг авсан гээд бузар мууг үйлдэж болохгүй. Бурхан төгс байдагчлан Бурханы хүүхдүүд үнэн дотор илүү итгэл сүсэгтэй, зөв амьдрах ёстой юм.

Үнэнийг хүлээж авахаас өмнө бол аливааг дэлхийн жишгээр шүүж, амьдралын зорилго маань ертөнцийг чиглэж байсан хэдий ч одооноос тэнгэрийн хаанчлалыг чиглээд явах хэрэгтэй. Тэнгэрийн хаанчлал явъя гэвэл гэмшил зайлшгүй хэрэгтэй. Бид Бурханы ивээлд талархаж, гэмшиж, тэнгэрийн хаанчлалыг олж авах ёстой.

Бурханы амлалт, шинэ гэрээ

Бид өөрсдийн амьдралаа эргэн харвал Бурханы өмнө дутуу дулимаг тал их бий. Бурханыг харахад зөвт хүн алга, ганц ч алга гэсэн байдаг (Ром 3:10). Нүглээ угаахгүйгээр толбогүй, өө сэвгүйгээр Бурханы өмнө зогсож чадах хүн байхгүй. Тиймээс л Бурхан нүглийн уучлалын ивээл соёрхсон юм.

“Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, гадаснууд нь хэзээ ч сугарахгүй, нэг ч аргамж нь тасрахгүй, эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ. Тэнд цог жавхлант Нэгэн, ЭЗЭН, бидний төлөө байх болно. … “Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч эс өгүүлнэ. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн хилэнц уучлагдах болно.” Иса 33:20-24

Баяр наадмын хот Сионд амьдарч байгаа ард түмний нүглийг уучилна гэж Бурхан амласан. Сионд Бурханы өмнө толбогүй, өө сэвгүйгээр олдож, мөнхийн тэнгэрийн хаанчлалд орох амлалт бий.

“Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:26-28

Нүгэл уучлах эрх мэдэл зөвхөн Бурханд бий (Мар 2:7, Лук 5:20-21). Есүс хүн төрөлхтний бүх нүглийг уучлахын тулд Ариун Хүүгийн үед Аврагчаар энэ газар ирсэн. Мөн баяр сахидаг Сионыг байгуулж, шинэ гэрээний Алгасал баярыг сахисан хэн ч бай нүглийн уучлал авч чадахуйцаар тэнгэрийн хаанчлалын замыг нээсэн.

Сүүлчийн Ариун Сүнсний үед ч Сүнс болон Сүйт бүсгүй шинэ гэрээний үнэнийг дахин сэргээж, хүүхдүүдээ нүглийн уучлал ба мөнхийн тэнгэрийн хаанчлалын замаар хөтөлж байгаа (Илч 22:17). Бид тэрхүү замыг нь зөв дагаад тэнгэрийн хаанчлалд хүрэх учиртай юм.

Сүнсний ертөнцөд бэлтгэцгээе

Махан биеийн амьдрал дуусах мөчийг сүнсний мөнх амьдралын эхлэл ч гэж хэлж болно. Бурхан Өөрийн хайртай хүүхдүүдийнхээ төлөө хүссэн болгоноо авч болох орныг, мөнх амь ба аз жаргал цалгих тэнгэрийн хаанчлалыг бэлтгэсэн.

“Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах болор мэт гялалзсан, амийн усны голыг үзүүлсэн нь гудамж дундуур урсаж байв. Голын хоёр талд арван хоёр төрлийн үр жимс ургуулан, сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн тулд байв. Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий тэнд байж, зарц нар нь Түүнд үйлчилнэ. Тэд Түүний царайг харна. Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед хаанчилна.” Илч 22:1-5

Хүний амьдрал бол “Нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоо” гэдэг үг байдаг шиг дэлхийд төрөхдөө бүх хүн хоосон ирсэн. Гэвч Бурханы хүүхдүүд хүний амьдралын аян замаа дуусгаад, тэнгэрийн эх нутагтаа буцах үедээ Бурханы ерөөл, хайр, амлалтыг хоёр гартаа дүүрэн аваад буцна. Бурханы бэлтгэсэн сүр жавхлант ертөнц, мөн тэнд үеийн үед хаанчлах яруу алдар, ерөөл биднийг хүлээж байгаа.

Одоо тэнгэрийн хаанчлалд бэлтгэх цаг. Үүнийг ухаарахгүй, Бурханыг ч, тэнгэрийн хаанчлалыг ч мэдэхгүй чигтээ энэ газрын амьдралаа дуусгавал хичнээн харамсалтай байх билээ? Тиймээс Бурхан үүнийг түрүүлж мэдсэн биднийг явж, мэдэхгүй байгаа хүмүүст зааж өг гэж айлдсан юм. Тэнгэрийн хаанчлал байдгийг, шинэ гэрээний үнэн дотор байдаг “амлалтын хүүхдүүд” тийшээ очиж чадна гэдгийг бүх хүнд тунхаглацгаая.

Сионд байгаа бидэнд тэнгэрийн хаанчлалын найдвар бий. Мөн юу юунаас илүү биднийг тэнгэрийн хаанчлал өөд хөтөлж байгаа тэнгэр Эцэг Эх маань хамт байгаа шүү дээ. Үүнээс илүү баяртай зүйл гэж хаана байх билээ? Бидний амьдралд Бурханы баттай амлалт бий. Бурханаас эмээж, тушаал ёсоор нь Христийн замыг бүрэн дагаад, мөнхийн тэнгэрийн хаанчлалд бүх Сионы гэр бүл хүрээсэй гэж хүсээд ивээлтэй, сайхан найдвар хайрласан Елохим Бурхандаа мөнхийн талархал, яруу алдар өргөж байна.