Сайн мэдээний цэрэг

29,692 үзэлт

Библид дайны талаарх түүх их тэмдэглэгдсэн байдаг. Бурхан хамт байсан уу, үгүй юү гэдгээс шалтгаалан зарим нь ялж, зарим нь ялагдсан тухай тэдгээр тэмдэглэлүүд нь бидэнд ямар итгэл болон төрх байдлаар сүнслэг тулаан руу давшилж орох ёстойг харуулсан юм.

Бурхан биднийг сайн мэдээний цэргээр дуудаж өгсөн. Бурхан биднийг сайн мэдээний цэргээр дуудаж өгсөн. Сайн мэдээний цэрэгт байх ёстой сэтгэл ухаан юу болохыг, юу бэлтгэх ёстойг судалж үзээд, Бурханы сэтгэлд нийцсэн сайн мэдээний цэргээр зэвсэглэж чадахуйц цаг гаргацгаая.

Цэрэг дайчдаа сонгон шалгаруулах Бурханы хэм хэмжүүр

Гидеоны үеийн түүх бидэнд Бурхан цэрэг дайчдаа хэрхэн сонгон шалгаруулж байгаа дүр зургийг харуулдаг. Бурхан Мидианд эзлэгдэж, боолчлогдож байсан Израилийг чөлөөлж өгөхийн төлөө Гидеоныг дуудаж, цэрэг дайчдыг бүрдүүлсэн. Тэгэхэд гучин хоёр мянган хүн сайн дураараа ирсэн ч, хамгийн сүүлд сонгогдсон нь ердөө гурван зуун цэрэг л байв.

“… ЭЗЭН, Гидеонд —Мидианчуудыг Израилийн гарт өгөхөд чамтай байгаа хүмүүс хэтэрхий олон байна. Израиль “Би өөрийн гараар өөрийгөө аварсан” гэж Намайг эсэргүүцэн сайрхах вий. Тиймээс одоо ард олны чихэнд “Айж сүрдэж байгаа хэн боловч буц, Гилеад уулаас эртхэн холдогтун” гэж тунхагла гэв. Ингэхэд хорин хоёр мянган хүн буцаж, арван мянган хүн үлдэв. ЭЗЭН, Гидеонд —Ард олон мөн л дэндүү олон байна. Тэднийг ус уруу дагуулан аваач. Тэнд Би тэднийг чиний төлөө шалгая. … Амандаа гараараа ойртуулан долоогч хүний тоо гурван зууд хүрэв. Харин үлдсэн хүмүүс бүгд өвдөг дээрээ бөхийн ус ууж байлаа. ЭЗЭН, Гидеонд —Ус долоогч гурван зуун хүнээр Би та нарыг аварч, мидианчуудыг чиний гарт өгнө. Харин үлдсэн бүх хүнийг гэр гэрт нь хариул гэж айлдав. …” Шүү 7:1-8

Тэр үед Израилийн эсрэг илд агссан Мидианы цэрэг зуун гучин таван мянга байв (Шүү 8:10). Тэдний тоо царцаа мэт, тэдний унасан тэмээнүүд далайн эргийн элс мэт тоо томшгүй байсан гэсэн болохоор (Шүү 7:12) үнэндээ бол гучин хоёр мянган цэргээр тэдний эсрэг дайтна гэдэг дийлэхийн аргагүй байлаа.

Гэвч цэрэг олон байвал израильчууд Өөрийнх нь эсрэг бардамнах вий гэсэндээ Бурхан айж байгаа хорин хоёр мянган хүнийг буцаасан юм. Хүний хувьд бол хэрхэвч ялж чадахааргүй нөхцөл байдлаар дамжуулан, хүний арга мэх, зориг зүрхээр биш, Бурханы хүч чадлаар ялна гэдгийг Бурхан ойлгуулахыг зорьжээ.

“Би хийсэн” гэсэн бардам хүн ч, айж сүрдэж байгаа хүн ч Бурханы таалалд нийцээгүй хэрэг. Эдгээр хүмүүс нь Бурханыг гэсэн итгэлтэй хүмүүс биш юм. Тийм хүмүүс бүхий л түүхийг удирдан хөтөлж байгаа Бурханыг түшиж чадахгүй, хүний хүч чадлыг Бурханы хүч чадлаас илүү их гэж боддог учраас Бурханы цэрэг байх эрх байгаагүй юм.

Бурхан үлдсэн арван мянган хүний тухайд, одоо ч олон байна гээд дахин тэднийг сорьсон юм. Тэгээд өвдөг сөгдөхгүй ус уусан гурван зуун хүнийг л сонгосон байдаг.

Бурхан цэргээ сонгохдоо эхлээд сэтгэл нь ямар болохыг, дараа нь төрх байдлыг нь харсан. Бардамнадаг, айж сүрддэг хүмүүсийг, хэзээ нэгэн цагт өвдөг сөгдөх хүмүүсийг буцаагаад, эцсээ хүртэл өвдөг сөгдөхгүй гурван зуун хүнээр Израилийг мидианчуудын гараас аварчээ.

Бурхан хамт байх үед ялалт хэдийн тогтоогдчихсон байдаг. Тиймээс гурван зуун цэрэг Бурханы үгийн дагуу бамбараа барьж, бүрээгээ үлээх төдийд л дайснууд өөр хоорондоо илд зөрүүлж, өөрсдийгөө хөнөөсөн юм (Шүү 7:9-22).

Сайн мэдээний цэрэгт тогтоогдсон зовлон бэрхшээл ба ялалт

Гидеоны дайчдыг шалгаруулсан хэм хэмжүүрээс нь харвал яах үедээ бид Бурханыг баярлуулах сайн мэдээний цэрэг болж чадахаа мэдэж болно. Бурхан цэргүүдээсээ хүсдэг зүйл нь бие хамгаалах урлаг ч биш, мэдлэг чадвар ч биш. Гагцхүү Бурханыг түшин, Бурханд яруу алдар өргөдөг итгэл, ямар ч нөхцөлд өвдөг сөгдөхгүй төрх байдал байсан юм.

Биднийг дуудсан нь ч үүнтэй адил. Итгэлийн амьдралаар амьдарч, Христийг дагадаг бид бол сайн мэдээний цэргүүд. Тэргүүн шугаманд авралын зар тараахад зүтгэл гаргадаг хүн, ард талаас тусалж дэмждэг хүн, сайн мэдээний төлөө залбирал хийдэг хүн, сайн мэдээ хөгжөөсэй гэж хичээж байгаа хүн гээд бүгдийг нь л сайн мэдээний цэрэг гэж хэлж болно.

“Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв.” Илч 17:14

Бурханд дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс. Эдгээр сайн мэдээний цэргүүдэд ялалт тогтоогдсон ч, дайтах үед зовлон ч бас дагалдана. Ялж гарах үед жинхэнэ сайн мэдээний цэргийн хувиар зөвт байдлын титмийг бид авах болно.

“Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд аж амьдралын явдалд хутгалддаггүй. Хэн нэгэн дүрмийн дагуу барилдахгүй бол титэм авахгүй. …” 2Тим 2:3-9

“Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. … чи бүгдэд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайнмэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ. … Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн намайг тэр өдөр, … түүгээр шагнах болно.” 2Тим 4:2-8

Христийн сайн цэрэг нь Христтэй хамт зовдог. Аж амьдралын явдалд хутгалдаж сайн мэдээг орхидоггүй, мөн ямар ч сорилт дунд өвдөг сөгддөггүй. Зовлон, саад тулгарсан ч ялан гарч, яавал сүнслэг дайнд ялаад, Бурханы цэрэг болгон дуудсан Бурхандаа илүү их яруу алдар өргөх вэ гэж бодно.

Бид Христийн сайн цэргийн хувьд, зовлонг ч бас сайтар ялах хэрэгтэй. Ямар ч нөхцөлд өвдөг сөгдөхгүй төрх бол сайн мэдээний цэрэгт байх ёстой итгэлтэй хосолсон зайлшгүй чухал зүйл юм.

Сүнслэг их тулаан

Одоо бид Сатаны хүчний эсрэг сүнслэг дайнд орж байгаа. Сатан хилэгнэж, итгэгчидтэй дайн хийж байгаа дүр зургийг элч Иоханы илчлэлтээр Библид харуулсан байна.

“Луу (Сатан) мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг, эмэгтэйн бусад үр удамтай нь дайтахаар явав. Тэгээд тэр тэнгисийн эргийн элсэн дээр зогслоо.” Илч 12:17-18

“Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүч дор хүчтэй байгтун. Та нар диаволын заль мэхний эсрэг зогсож чадахын тулд Бурханы өвч зэвсгийг агс. Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ.” Ефе 6:10-12

Бурханы дуудлагыг авсан сайн мэдээний цэргүүд тэнгэрт байхаас эхлээд энэ газар дуусах сүнслэг их тулаанд оролцож байгаа. Библид Сатан тэнгисийн эргийн элс мэт олон хүний дээрээс дарамталж, Бурханы тушаал болон итгэлийг сахидаг итгэгчдийг эсэргүүцэх болно гэж зөгнөсөн байдаг. Дайсны талтай харьцуулахад манай тал тоогоор бага л даа. Гэвч Бурханы аврал хүний олон, цөөнөөс хамаарахгүй.

Израиль цэргүүд бүгд айн чичирч байхад Давид ганцаархнаа аварга биетэй Голиатыг няцааж чадсан нь тэрээр түг түмдийн Эзэнийг түшсэн болохоор тэр юм (1Сам 17:45). Бурхан ийм л итгэлийн дайчныг хүсэж байгаа.

Гидеоны гурван зуун дайчин царцаа мэт олон дайсны цэргийн өмнө ч тоонд хуурталгүй, зөвхөн Бурхан хамт байгаа гэсэн итгэлийг л сэтгэл дотроо нандигнан хадгалахад ямар ч зүйлд өвдөг сөгдөөгүй. Тэдэн шиг бид ч бас Бурханыг л түшиж, Бурханд л яруу алдар өргөх итгэлтэй, ямар ч нөхцөлд дайсныхаа өмнө өвдөг сөгдөхгүй төрх байдалтай байх хэрэгтэй.

“Бурхан урьдаас мэдсэн Өөрийн ард түмнээ голоогүй. Эсвэл та нар Елиагийн тухай Сударт юу хэлдгийг мэддэггүй юм уу? Тэр Израилийн эсрэг Бурханд мэдүүлэн, “Эзэн, тэд Таны эш үзүүлэгчдийг алсан. Тэд Таны тахилын ширээнүүдийг нураан хаясан. Би ганцаараа үлдсэн бөгөөд тэд амийг минь хайж байна” гэсэн. Харин Бурханы хариу юу байв? “Баалд өвдөг сөгдөөгүй долоон мянган эрийг Би Өөртөө үлдээсэн” гэсэн юм. Үүний адил Бурханы нигүүлсэнгүй сонголтын дагуу үлдэгсэд эдүгээ цагт ч байгаа.” Ром 11:2-5

Бурханы сонгосон үлдэгсэд нь Баалд өвдөг сөгдөөгүй хүмүүс. Бид бүгд ертөнцөд өвдөг сөгдөж, нөхцөл байдалтайгаа эвлэрдэг хулчгарууд биш, бүхий л зүйлийг итгэлээр ялан гарч, эцсээ хүртэл Бурханыг л хараад, Түүнийг баярлуулах ажил хийдэг дайчид болох хэрэгтэй.

Бурханы өвч зэвсгийг агс

Бидний эсрэг тал бол Сатан болон түүнд харьяалагддаг хорон муугийн сүнснүүд юм. Нүдэнд харагдахгүй гол дайснаа эсэргүүцье гэвэл сүнсээр үргэлж эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй байх ёстой.

“Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг. Харин та нар бат итгэлээрээ түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ.” 1Пет 5:8-9

Ялахын тулд дайснаа ч мэдэж, өөрийгөө ч мэдэх ёстой гэсэн үг байдагчлан бид үргэлж сонор сэрэмжтэй байж, дайсан диаволын байр байдлыг ч сайн ажиглаж, өөрийнхөө төрхийг ч сайтар мэддэг байх ёстой. Тэгье гэвэл эхлээд сайн мэдээний цэргийн ёсоор өөрийгөө өвч зэвсэглэсэн байна уу гэдгээ мэдэх ёстой. Цэрэг хүн цэргийнхээ хувцсыг өмсөхгүй, зэр зэвсэг ч үгүйгээр дайны талбар руу ордоггүй. Толгойноосоо хөлийн ул хүртэл “зүү орох зайгүй зэвсэглэсэн” байдлаар дайнд ордог. Бурхан сайн мэдээний цэргүүддээ “Бурханы өвч зэвсгийг агс” хэмээх цэргийн тушаал буулгасан байдаг.

“… тэр цөвүүн өдөрт, эсэргүүцэх чадвартай байж бүхнийг гүйцээн бат зогсохын тулд Бурханы өвч зэвсгийг ав. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөж зогс. Амар тайвны сайнмэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. Энэ бүгд дээр ёрын муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай, авралын дуулга болон Бурханы үг болох Сүнсний сэлмийг ав. Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л цөхрөлтгүй оролдлого, гуйлтаараа сэргэг бай. …” Ефе 6:13-20

Бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөөд, амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс хэмээн айлдсан байна. Биднийг үргэлж авралын тухай бодохуйц авралын дуулга өмс хэмээж, нэг гартаа итгэлийн бамбай, нөгөө гартаа Сүнсний сэлэм буюу Бурханы үгийг ав хэмээн айлдсан.

Бид сүнслэг цэрэг болохоор энэ бүгдийг бэлтгэх л ёстой. Эдгээрээс бусад зүйл нь сүнсээ аврахын төлөөх хамгаалалтын хэрэгсэл ч, үгийн сэлэм бол дайснаа няцаан хөөх довтолгооны зэр зэвсэг юм. Итгэлийнхээ бамбайгаар диаволын галт сумыг унтраахын зэрэгцээ ирийг нь хурцалсан үгийнхээ сэлмийг эргүүлэн, диаволыг үлдэн хөөдөг юм.

Амийн үгийн сэлэм, шинэ гэрээ

Үгийн сэлэм хэрэглэхгүй байвал диаволын тавьсан хортой галт сумнаас үхлийн шарх олж ч мэднэ. Диавол бол үхэл ба Үхэгсдийн орны эрх мэдлийг атгадаг алуурчин сүнс болохоор аль болох олон сүнс хөнөөхийн төлөө өөрийн гол зэвсэг болох худал үгнээс эхлээд төрөл бүрийн арга улайран хэрэглэдэг. “Довтолгоо бол хамгийн сайн хамгаалах хэрэгсэл” гэдэг эртний үг байдагчлан, ийм диаволыг эсэргүүцье гэвэл эхлээд бид үгийн сэлмээ хэрэглэх хэрэгтэй.

Бурханы үг бол амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй, ямар ч илднээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог хүчирхэг зэвсэг юм (Евр 4:12). Бид энэ үгийн сэлмийг эргүүлж байж л ялж чадна. Бурхан бидэнд нүгэл ба үхлийг зайлуулах амийн үгийн сэлэм өгөхийн төлөө энэ газарт ирсэн юм.

“Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн.” Иох 6:53-54

Христийн мах ба цусыг идүүлж, уулгаж сүнсийг амилуулах нь сайн мэдээний цэрэг бидний үүрэг. Бид Бурханаас авсан энэ үгийн сэлмийг эргүүлэх болгонд диавол зугтаж, түүнд олзлогдож байсан сүнснүүд чөлөөлөгдөж, амь руу ирнэ. Амийн шинэ гэрээний үнэнийг тунхаглахад сүнслэг ертөнцөд диаволын хүч нөлөө нь тэр хэмжээгээр суларч байдаг. Мөнх амийн зам руу дэлхийн бүх үндэстэн гүйн ирж байгаа нь Сатаны хүч нөлөө тэр хэмжээгээр нурж байгаагийн баталгаа юм.

Ялагчид өгөх амийн титэм

Бид дэлхийн бүх хүнд амийн үнэнийг тээн очоод, зааж ухааруулж, тэднийг амийн зам руу хөтлөх ёстой. Сайн мэдээ тунхаглахдаа айж эмээх, эсвэл өөрийн чадвартаа түшиж болохгүй. Аврал бол зөвхөн Бурханы ивээл, бэлэг юм (Ефе 2:8-9). Гидеоны дайчид Бурханы аргаар дайтаад ялсан шиг бидэнд тусалж байгаа Бурханы хүчийг түшээд явах үед бид сүнслэг дайнд ялалт байгуулна.

Нэг сүнс аврах нь сүнслэг ертөнц дэх их тулаан хийсний эцэст олж авч байгаа үр дүн юм. Тиймээс эхлээд Бурханаас чухалчлан гуйх ёстой бөгөөд Бурханаас авсан мэдлэг ба мэргэн ухаанаа дайчлаад, дээр нь золиос ба хайр ч хэрэгтэй. Тиймээс элч Паул нэг сүнсийг аврах ажил бол “төрөх зовлон” гэж илэрхийлсэн байдаг.

Диавол ч энэхүү сүнслэг дайнд ялагдахгүй гэсэндээ гүтгэлэг, худал үг, элдэв хорон муу аргаар үнэнийг эсэргүүцсээр байна. Бурханы дууг сонсгохгүй гэсэндээ диавол хана хэрмээ өндөрсгөх тусам бид илүү чангаар давж хашхирч, гэр бүлүүддээ Эцэг, Эхийн дууг сонсгож, буцаан авчиръя. Хүмүүсийн оюун санааг ноёлоод байгаа Сатаны хаалтыг авч хаяад, амийн үгээр тэднийг хөтлөх үед бид сайн мэдээний цэргийн ёсоор ялагч болох болно.

Сатаны элдэв янзын саад, мэхлэлийг бүгдийг нь няцааж, анхны зорилгоо гээлгүйгээр зөвхөн Бурханыг бодож, тэнгэрийн хаанчлалыг чиглэн явах хүмүүс. Бурхан тийм л хүмүүст амийн титэм өгнө гэж амласан билээ.

Гидеоны дайчидтай адилхан итгэлээр, ертөнцөд өвдөг сөгдөлгүй, эцсээ хүртэл Эцэг, Эхийг л зөвхөн барианыхаа туг болгон гүйцгээе. Хүчин зүтгэл маань түр зуурынх, харин эдлэх яруу алдар маань мөнх шүү дээ. Сайн мэдээний цэргийн хувиар бид тэнгэрийн найдварыг марталгүй, тэнгэр Эцэг, Эхдээ үргэлж яруу алдар өргөөд, Эцэг Эхийнхээ нэрэнд түшээд ялалт байгуулцгаая.