WATV.org is provided in English. Would you like to change to English?

Тэнгэрийн гэр бүл ба хайр

186 Үзсэн тоо

Бидний амьдралд хэрэгтэй олон олон мэргэн ухаан, мэдлэгийн дотроос хамгийн үнэ цэнэтэй болоод ивээлтэй сургаал Бурханы үг болох Библид агуулагдаж байдаг. Бурханыг таньж мэдэх, Бурханд бат итгэх, сайн сайхан мөнхийн найдвар өвөрлөх зэрэг нь үнэхээр чухал гэж Библид тэмдэглээстэй бий. Гэвч юу юунаас илүүтэй бидэнд хамгийн хэрэгтэй ерөөлт үйлс бол хайр хэмээн зааж өгсөн байдаг.

Ертөнцөд амьдрахад ч хайр чухал. Бас итгэлийн амьдралаар замнах үед ч хамгийн хэрэгтэй нь хайр гэмээр байна. Христ энэ газар хүртэл хүүхдүүдээ хайн ирээд, загалмайн хатуу зовлонг Өөрийн биеэр эдэлсэн гол шалтгаан ч мөн л хайраас үүдэлтэй. Хайр байхгүй бол бид юу ч биш гээд, хамгийн чухал нь хайр гэж Библид айлдсан. Энэ үгний утга учрыг дахин нэг удаа гүн гүнзгий тунгаацгаая.

Хайраар өөрчлөгдсөн хадам бэр хоёр

Нэгэн тосгонд ганц хүүтэй ганц бие эх бэртэйгээ амьдардаг байж гэнэ. Хадам ээжтэйгээ өдөр бүр айхтар гэгч нь муудалцдаг байсан бэр нь нэг өдөр тосгоныхоо хамгийн мэргэн ухаантай настан дээр очоод, хадам ээжийгээ үзэн яддаг талаар нэгд нэггүй сэтгэлээ дэлгэж гэнэ.

“Хадмыгаа үнэн голоосоо үзэн ядаад тэсэхгүй нь. Хийсэн ажил, хэрэг болгонд минь хошуу дүрж үглэж яншаад, нөхөртэйгөө таван үг сольсон ч амар заяа үзүүлэхгүй юм. Тэгэхээр хадам эх маань үхэхээс нааш манай гэр бүл амгалан тайван болох шинжгүй нь. Яадаг юм билээ, байз. Арга чарга байхгүй биз?” гэв.

Тэгэхэд нь настан ийн хэлэв.

“Би ганц сайн нарийн арга зааж өгөх болохоор хэлснээр дагаж чадах уу? Энэ нь эрт дээр үеэс уламжилж ирсэн нууц арга тул өөр хүнд яасан ч хэлж болохгүй шүү. Чи өөрөө л мэдэж, ганцаараа л хийх учиртай тул тэгж чадах уу?” гэв.

Хадам ээжийгээ л хурдхан шиг нүд аниулж байвал юу ч байсан дагах болохоор зааж хайрла гэжээ. Тэгмэгц настан нууц аргаа хэлж өгч гэнэ.

“Эхний сар хоол идэх бүрд нь чин сэтгэл гарган туулайн бөөр чанаад хадам ээжийнхээ ширээн дээр аваачиж тавь. Дараагийн сараас хоолных нь хойно, өлсөх болгонд нь наанги будааны боов хийгээд хадам ээждээ өг. Тэгээд гурав дахь сард нь олоход ховор ч, цагаан будаан дээр заавал махан хачир нэмээд өгч бай. Ингэж гурван сарын турш бүх сэтгэлээ зориулаад, үлдсэн 10 хоногт нь хадам ээжийгээ ямар болж байгааг нь ажиглан хар. 100 хоног л энэ аргаар хийж чадвал ямар ч асуудалгүй ээ, танай хадам ээж заавал нүд анина.”

Бэрд энэ маягаар хадам ээж нь яагаад ч нас барахгүй юм шиг санагдсан ч тосгоны настан эртнээс уламжлагдан ирсэн нууц арга гэсэн болохоор хэлснийх нь дагуу хийхээр шийджээ. Хадам ээждээ үргэлж чин сэтгэлээсээ хандаарай гэсэн захиасыг хүртэл настан ийн нэмж хэлжээ.

“Энэ хэргийг амжилттай болгоё гэвэл юу юунаас илүү чин сэтгэл л хэрэгтэй. Хадам ээжтэйгээ үг сөргөлдөж, дуулгаваргүй загнавал үр дүн нь үгүй болох учир хэдий хатуу ширүүн, хэтэрсэн муу үг сонсож байсан ч огт уурлаж болохгүй. Маш хүлцэнгүй бөгөөд эелдэг зөөлөн болох хэрэгтэй шүү!”

Бэр тэр өдрөөс эхлэн сэтгэл гарган туулайн бөөр чанаад, эелдэг төрхөөр хадам ээждээ өгчээ. Үгэнд ордоггүй, ёозгүй бэрийнхээ гэнэт өөрчлөгдсөн төрхийг хараад, хадам ээж нь эхний нэг сард нь тээнэгэлзэхээс хэтэрсэнгүй. Тэгээд дараа сар болоход ч бас бэр нь баяр ёслолоос бусад үед нэг их идээд байдаггүй наанги будааны боовыг сэтгэл гарган хийж өгөөд, ганц ч удаа үг сөргөлдсөнгүй, уурлаж уцаарласан ч үгүй, үгийг нь үл тоох дүр ч үзүүлсэнгүй, үргэлж л эелдэг, хүлцэнгүй байдлаар харьцаж байжээ.

Ингээд 2 сар өнгөрмөгц хадам ийм сайн бэрийгээ өдөр бүр зовоож, дээрэлхэж байсандаа гэмшиж эхлэв. Тэгээд аяндаа бэрдээ хандах хандлага нь зөөлөрч гэнэ. Бэр ч мөн хадам ээж нь өөрт нь хайраар, халуун дулаанаар хандаж байгаа болохоор төрсөн ээж шиг нь санагдаж, цаг хугацаа өнгөрөх тусам хадам бэр хоёрын харилцаа бага багаар сайжрах болов.

Нэг л мэдэхэд гурван сар өнгөрлөө. Хоорондоо сайхан харилцаатай болоод иртэл нууц аргын дагуу 100 өдөр өнгөрөхөд хадам ээж минь үхчих вий гэсэн айдас бэрд төрөв. Тэгээд даруйхан тосгоныхоо настантай уулзахаар явлаа.

“Өнөөг хүртэл ээж ингэж их уурлаж байсан нь миний буруугаас болж байсныг мэдсэнгүй ээ. Үнэхээр хайр халамж болсон хүн байхад нь би ээжийнхээ сайн талыг нь харахгүй, үгэнд нь орохгүй, уурыг нь барж байсан байна. Ээжийн буруугаас илүү миний буруу их байж. 100 дахь өдөр бараг л хаяанд ирчихлээ. Энэ чигээр нь орхивол ээж нас барах учраас үхүүлдэггүй нууц арга зааж өгөөч. Муухай сэтгэлээсээ болж би ийм сайхан ээжийгээ үхүүлж чадахгүй нь.”

Бэр хадам ээжийгээ аварч өгөхийг эелдгээр гуйлаа. Тэгмэгц настан уриалагхан гэгч нь инээмсэглээд ийн хэллээ.

“Танай хадам ээж аль эрт хорвоог орхисон шүү дээ.”

Бэр мэл гайхав.

“Өнөө өглөөхөн би хадам ээждээ будаан дээр мах хачирлаж өгөөд ирсэн байхад нас барсан гэж үү?”

“Таны үзэн яддаг хадам эх чинь аль хэдийнээ нас барчихсан. Таны хайртай хадам эх чинь л амьд байгаа.”

Хамгийн агуу нь хайр мөн

Гэр бүлийн хооронд гардаг бусад ямар ч асуудлаас илүү шийдвэрлэхэд төвөгтэй байсан хадам бэр хоёрын хагарал хүртэл хайрын өмнө хүчгүйдсэн юм. Хэрэв агшин зуурын уур омгоо барьж чадахгүй, муу санаа өвөрлөх болсон бэрд тосгоны настан хайр ба чин сэтгэлээр үйлчлэх аргын оронд хорон муу нууц арга зааж өгөөд, үнэхээр хадам ээж нь үхэхэд хүрсэн бол энэ бэр бүх насаа золгүйхэн өнгөрөөх байсан болов уу.

Хайр байхгүй үед зөрчил тэмцэл бий болж, уур хилэн үүсдэг. Харин дээр гарч байгаа хадам бэр хоёр шиг үзэн ядалтыг хайраар ялан дийлбэл улам л эв эетэй болж, сэтгэлд аз жаргал, баяр хөөр ундрах болно.

Итгэгч хүн мөн л бол итгэлтэй ч байж, найдвар ч өвөрлөж, хайр ч бялхаж байх ёстой. Харин Бурхан энэ гурвын дундаас хамгийн агуу нь хайр гэж сургасан байдаг.

“Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг ч хамгийн агуу нь хайр мөн.” 1Кор 13:13

Өөрийгөө ч, өрөөлийг ч аз жаргалтай байлгаж чадах зүйл нь хайр учраас Бурхан айл гэрийн дунд хамгийн хэрэгтэй зүйл бол хайр гээд, цаашлаад бүх хүн төрөлхтөнд ч мөн хамгийн чухал нь хайр гэдгийг ухааруулж байна.

Бурхан бас хүүхдүүдээ гэсэн агуу их хайрын улмаас загалмайн золиосыг хүртэл тэсвэрлэсэн биш үү? Бидний оронд нүглийг үүрч, бидний амсах ёстой үхэл, зовлонг өмнөөс минь эдэлсэн тэнгэр Эцэг, тэнгэр Эхийн хайр дотор өнөөдрийн бид бүхэн оршиж байна. Тиймээс бид Бурханаас сурсан хайраа махан биеийн, мөн сүнсний гэр бүлдээ хувааж өгөөд, эргэн тойрныхоо бүх хүний сэтгэлд энэхүү хайрыг суулгахаар хичээх хэрэгтэй юм.

Махан биеийн гэр бүлээ, цаашлаад бүх хүнийг нигүүлслийн харцаар харцгаая. Зарим нь эцэг эхтэйгээ, зарим нь нөхөртэйгөө, эсвэл эхнэр тань тантай өөр үзэл бодолтой байх, эсвэл эсрэг талд тань зогсоод хийж байгаа ажлыг тань хааж боолоо гээд хүйтэн хөндий хандаж болохгүй. Эхлээд бүх сэтгэлээ зориулаад эцэг эхээ ачилж чадвал цаад хүн нь хадам ээж тань байсан ч, төрсөн ээж тань байсан ч сэтгэл нь нээгдэх болно. Мөн хайраар чин сэтгэлээсээ хандвал нөхөр ч бай, эхнэр ч бай тэрхүү хайрын өмнө тэргүүнээ бөхийлгөнө.

Хайраас илүү агуу хүч гэж байхгүй. Мөн бүх зүйл урвуу хамааралтай байдаг. Тийм учраас “өөрөө” эхлээд хайрын сэтгэлээр хандвал нөгөө тал ч сэтгэл нь өөрчлөгдөх болно. Тэгээд хожмын ерөөлтэй аврал руу цугтаа хүрч очихын төлөө хөтөлбөл махан биеийн хайрыг төдийгүй сүнслэг хайрыг бас хэрэгжүүлнэ. Тийм болохоор үүнээс илүү сайн зүйл гэж үгүй. Эцэст нь хайрын өмнө бүгд захирагдах болно.

Мөн махан биеийн гэр бүлийн хайрын хамтаар сүнсний гэр бүлийн хайрыг ч сэтгэлдээ байлгах нь зүйтэй. Махан биеийн эцэг эхээ чин сэтгэлээсээ хүндэлж, цаашлаад сүнсний Эцэг Эх болох Бурхандаа бүх сэтгэлээ зориулан үйлчлэх хэрэгтэй юм. Тэнгэр Эцэг Эх, сүнсний ах эгч дүү нартайгаа итгэлээр залгагдсан хайрын уяагаар сайн холбогдож уу, өнгөрсөн хугацаанд тэнгэрийн хаанчлалын хайртай гэр бүлүүддээ хэт сэтгэлгүй хандаж уу, эргэн нэг харцгаая.

Хэдийгээр бид тэнгэрийн нүгэлтэн болж, сүнсний хоргодох хот болох энэ газарт ирсэн ч Бурханы оюун санаа болон хүслээс нь суралцаж, хайраас нь жишээ авбал энэ хоргодох хотод ч бяцхан диваажинг мэдэрч чадна. Ийм диваажин дотор зөвхөн бид жаргалтай байх бус эргэн тойрны хүмүүсээ ч мөн Сион руу хөтлөн, баяр хөөр, баясал цэнгэл дотор мөнхийн тэнгэрийн хаанчлалд оруулахаар хөтөлдөг жинхэнэ хайрын элч нар болцгооё.

Хайраар өөрчлөгдөцгөөе

Айл гэрийг “Эцгийн хаант улс, эхийн ертөнц, хүүхдүүдийн диваажин” гэсэн яриа байдаг. Айл гэр тэгтлээ үзэсгэлэнтэй газар болж чаддагийн учир нь тэр дотор бие биеэ гэсэн халамж хайр бялхаж байдагт юм.

Тэнгэрийн хаанчлалын гэр бүлүүд ч мөн хоорондоо хайраар нэгдэх хэрэгтэй. Библиэр дамжуулан Бурханы бидэнд зааж өгсөн хайрыг сэтгэлдээ сийлж, тэр хайраас суралцацгаая.

“Гэрлийн дотор байдаг гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг нэгэн бол одоо хүртэл харанхуй дотор байгаа юм. Ах дүүгээ хайрладаг нь гэрлийн дотор байгаа бөгөөд түүнд бүдрүүлэх шалтгаан байхгүй. Харин ах дүүгээ үзэн ядагч нь харанхуй дотор байгаа бөгөөд харанхуй дотор алхаж, нүдийг нь харанхуй сохолсон тул хаашаа яваагаа ч үл мэднэ. … Хорвоо хийгээд түүний хүсэл тачаал өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлдэгч нь мөнхөд оршму.” 1Иох 2:9-17

Бид гэрлийн дотор байдаг гэх атлаа үзэн ядалтанд автаад байгаа бол одоохондоо харанхуй дотор байна. Бурхан бидний муу муухай зан чанарыг бүгдийг нь хайлуулан цэвэршүүлж, хайрын талст биеэр өөрчилж байгаа. Гэвч хайртай тэмцэлддэг үзэн ядалт гэгч зүйл сэтгэлд тань хургаж үлдсэн л бол энэ өөрчлөлт удааширна. Үзэн ядах сэтгэл хайрын сэтгэл болон өөрчлөгдөхөд бид Бурханы төгс хүүхэд болж дахин төрөх юм.

Хараахан өөрийнхөө зан чанарыг өөрчилж чадаагүй байгаа бол Бурханы сургаалын дагуу шинээр өөрчлөгдөх хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ төлөө золиосын агуу хайраа соёрхсон Бурханыг боддог бол биесээ үзэн яддаг сэтгэлээсээ татгалзаж чадах ба хайраар нэгдэнэ. Сионы гэр бүлүүд байдаг, мөн шинэ гэрээний үнэн байдаг газар нь хаанахын ямар ч газар байсан хамаагүй үргэлж хайр ба баяр баясгалангаар дүүрэн, аз жаргал, инээд баясал бялхсан газар болгохын төлөө бүгд хамтдаа хичээгээд үзье.

“Бурхан, биднийг хайрладаг хайрыг бид мэдэж, итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайр дор байгч нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна. Үүгээр шүүлтийн өдөр биднийг зоригтой байлгахын тулд хайр нь бидний дунд төгс болов. Учир нь бид энэ ертөнцөд Түүн шиг байдаг. Хайр дор айдас үгүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн нь хайр дор төгс болгогдоогүй байна. Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг. Хэн нэгэн нь “Би Бурханыг хайрладаг” гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг бол тэр худалч. Учир нь харсаар атлаа ах дүүгээ хайрладаггүй нь, хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй шүү дээ. Бурханыг хайрладаг нь ах дүүгээ мөн хайрлах ёстой. Бид энэ тушаалыг Түүнээс авсан билээ.” 1Иох 4:16-21

Сионы гэр бүлүүддээ тэнгэрийн хаанчлалын найдвар авч чадахааргүй үг хэлэх, гомдол, дургүйцэл гаргуулах хэмжээний халамжгүй үйлдэл үзүүлэх нь бидэнд байх ёстой хайрын дүр төрхөд зохисгүй. Хэлсэн ганц үг, хоромхон зуурын бодол нь хүртэл ерөөгдөх утгатай байх хэмжээнд бие биедээ туслан, өөр хоорондоо ивээлтэй үг хэлж, итгэлээ улам бүр зузаатгах нь зохистой. Хэлэх ганц үг болон үйлсээрээ ах эгч дүү нараа халамжлах нь итгэлээс ундран гардаг тэнгэрийн гэр бүлийн хайр билээ.

Бие биеэ хайрлаг гэсэндээ Бурхан шинэ гэрээний Алгасал баярыг өгсөн

Бид Эцэг Эх гэх Бурханд итгэдэг нэг ижил итгэлтэй улс. Алгасал баярын шинэ гэрээгээр нэг цуснаас ууж, нэг бие болсон тэнгэрийн гэр бүлүүд. Тиймээс Бурхан тэнгэрийн хаанчлалын гэр бүлүүддээ бие биеэ хайрлагтун хэмээн захисан юм.

“Бидний ерөөдөг ерөөлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо биш үү? Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш үү? Талх нэг тул бид олуулаа ч нэг бие. Учир нь бүгд нэг талхнаас хуваалцдаг.” 1Кор 10:16-17

Үүнд Христийн цусанд оролцдог ерөөлийн аяга болон Христийн биед оролцдог хугачдаг талх гэдэг нь шинэ гэрээний Алгасал баярын талх ба усан үзмийн дарсыг илэрхийлж байна. Бид Алгасал баяраар Христийн мах ба цусанд оролцсон. Шинэ гэрээгээр Бурханы мах, цусыг хамтдаа өвлөн авсан тул ах эгч дүүс бид нэг болсон бөгөөд Бурхан бидэнд бие биенээ хайрлагтун хэмээн захисан билээ.

“Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна. Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно гэлээ.” Иох 13:34-35

Шинэ тушаал буюу шинэ гэрээг өгсөн нь ч мөн бие биенийг маань хайрлуулахын төлөөх Бурханы хүсэл гэсэн билээ. Энэхүү хайрын сургаалыг зөвхөн Алгасал баяраар Бурханы хүүхдүүд болсон хүмүүст л өгсөн тул шинэ гэрээ сахидаг Сионы ариун хүмүүс л жинхэнэ хайрыг хэрэгжүүлж чадна. Мөн Бурханаас сурсан хайраа амьдралд хэрэгжүүлснээр олон хүн биднийг Христийн шавь нар гэж мэдэх болно.

Хүмүүс нь амьсгаа авах ч зай завгүй энэ аж үйлдвэрийн нийгэмд нэг нэгнээ халамжлах зав зайгүй аж төрцгөөж байна. Ертөнцийн хүмүүс хайрыг мэддэггүй, хайрладаггүй байлаа ч бид Бурхан Эцэг Эхээсээ сурсан сургаалаа харин ч бүр гэрэлтүүлцгээе. Хүрээлэн буй хүмүүсээ хайраар улам бүр жаргалтай болгож, хайрыг илүү ихээр ертөнцөд тарьцгаая. Эргэн тойрондоо хайрын үнэр анхилуулдаг Сионы гэр бүлүүд, улам ивээлтэй жишээ үзүүлдэг итгэлийн гэр бүлүүд болох гэж оролдоод үзье.

Эцэг Эхийн сургаалаар дамжуулан дахин нэг удаа өөрсдийгөө, гэр бүлээ, мөн ойр тойрны хүмүүсээ эргэж нэг хараарай. Гэр дотроо зөвхөн өөрийн зовлон бэрхшээлээ бодоод байх хэрэггүй. Ар гэрээ авч явах гэж зүтгэдэг нөхрөө, айл гэрийн аз жаргалын төлөө болон үр хүүхдээ өсгөх гэж мэрийдэг эхнэртээ сэтгэлгүй хандсан байх вий гэж бие биенээ бодоцгооё. Мөн алсад суугаа аав ээждээ өмнө нь хайнга хандаагүй байгаа гэж сэтгэлээсээ тунгаан бодоод халуун мэнд ч болтугай дамжуулах бяцхан үйлсээс эхэлцгээе. Гэр бүл, хамаатан садан, хөршдөө заримдаа харамлаж хатуурхаж ирсэн зүйл байгаа билүү, эргэн тойрныхоо хүмүүст ширүүн дориун хандчихаагүй байгаа, тунгаагаад үзье.

Ингэж махан биеийн аз жаргал өгөх хайрыг мэдээж хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэвч эцэст нь хайртай хүмүүсээ мөнх аминд хөтлөн, авралын баяр хөөр, тэнгэрийн хаанчлалын ерөөлийг тэврүүлэх хамгийн агуу хайрыг хэрэгжүүлцгээе. Тэнгэр Эцэг Эх бидний авралын төлөө хичнээн их зүтгэж, золиос болсныг санаад, тэнгэрийн хаанчлалын гэр бүлийн хувиар тэрхүү хайранд нь үргэлж талархах сэтгэлээр эргэн тойрондоо байгаа бүх хүнийг тэнгэрийн хаанчлалд хөтлөн, жинхэнэ хайрын үзэсгэлэнтэй үр жимс гаргахыг бүгдээс нь хүсэж байна.