Гудманд алхаж яваад доош харахаар бишгүй л харагдаж байдаг шавьж бий. Энэ бол шоргоолж. Гудамжинд төдийгүй модны холтос, сургуулийн тоглоомын талбай, бүр харамсмаар нь гэр, байшин дотор ч хүртэл явж байдаг. Эргэн тойронд хаа сайгүй таардаг өчүүхэн шавьж болохоор зарим хүн тэднийг төдийлөн ойшоодоггүй л дээ. Гэвч дэлхий дээр тэрхүү шоргоолж Мезозойн эриний сүүлчийн үе болох Цэрдийн галавын үеэс урт удаан хугацааны турш амьдарч байсныг нь хүн мэддэггүй.
Шоргоолжны холын төрөл болох реликт модчин (callipogon relictus) болон аргалын хорхой ховордсоор байгаа1 бол харин шоргоолж маш их өсөн олширсон байдаг. Дэлхий дээрх нийт шоргоолжны тоо хамгийн багадаа арван квадриллион гэж тооцоолжээ. Шоргоолжны 15000 орчим төрөл зүйл байдгаас 5000 орчим төрөл зүйл нь тэмдэглэгдэж, одоо болтол олж нээгээгүй төрөл зүйлийн шоргоолж үй олон бий. Тийм учраас тэднийг өчүүхэн гэж үл тоох ёсгүй. Эдвард Осборн Вилсон мэтийн биологичид “Шоргоолж бол дэлхийг эзлэн авагч”, “Шоргоолж бол дэлхийн захирагч” гэж хэлсэн байдаг.
1. Солонгосын Байгаль орчны яам, ховордсон ан амьтны төрөл зүйлийн жагсаалт, 2018 он.
Шоргоолжнууд яаж тэгтлээ их болж өсөж нэмэгдсэн юм бол? Далд нууц нь юу юм бол? Бидний төдийлөн анзаардаг ч үгүй байж мэдэх шоргоолжны ертөнцөөр одоо аялцгаая.

Шоргоолжны хөдөлмөр хуваарилалт
Өөрийгөө шоргоолжны хаант улсын нэгэн шоргоолж гээд төсөөлөөд үз дээ. Өдрийг сайхан, тайван өнгөрүүлж байтал чинь гэнэт нэг дайсан үүд хаалга эвдэн орж ирээд, гэр доторх хамаг юмыг чинь сүйтгээд унана. Энэ нөхцөлд та ямар арга хэмжээ авах вэ? Та ямар төрлийн шоргоолж вэ гэдгээс л шалтгаална даа. Яагаад гэхээр бүх шоргоолж дааж авсан тодорхой үүрэгтэй. Шоргоолж ийм их өсөж хөгжсөн учир нь хамтран ажиллах хөдөлмөр хуваарилалтын үр дүнд олж авсан асар их хүч чадлынх нь ач юм.
Шоргоолжны нийгмийн гол онцлог шинж чанар бол хөдөлмөр хуваарилалт. Нөхөн үржихүйн эмэгчин шоргоолж болох хатан шоргоолж зөвхөн өндөглөж, ажилчин эмэгчин шоргоолжнууд нь шаардлагатай бусад бүх ажлыг хувааж хийнэ. Ирээдүйн хатан шоргоолж болох гүнж шоргоолж нар нь эрэгчин шоргоолжийн нэгэн адил хуримын нислэгээ2 хийх хүч хуримтлуулахад цагаа зарцуулна.
2. Тодорхой нэг цаг агаарын нөхцөл дор хатан зөгий эсвэл хатан шоргоолж, мөн эрэгчин зөгий эсвэл эрэгчин шоргоолжтой хамт нисэж, нийлдэг үе.
Энэ хөдөлмөр хуваарилалт нь ер бусын. Зарим нь насан туршдаа ажиллана. Зарим нь үүрээ орхин одох хүртлээ зөвхөн иднэ. Хэдий шударга биш юм шиг санагдавч энэ нь хатуу ширүүн экологийн ертөнцөд амьд үлдэхийн төлөөх туйлын хэмнэлттэй байгаа нь тэр. Үр төлөө төрүүлж, санаа тавьж, ганцаараа тэжээдэг бусад амьтдын хувьд нэг үеэ элээх гэж их цаг зардаг төдийгүй энэ нь их эрсдэлтэй. Эсрэгээрээ шоргоолжнууд үе бүрдээ дааж авсан ажил үүргээ хурдан гүйцэтгэж, хөдөлмөрийн бүтээмж сайтай байдаг байна. Нэмж хэлэхэд үй олон шоргоолж нэг төрлийн ажлыг нэгэн зэрэг хийдэг болохоор хаа нэгтээ асуудал тулгарлаа ч нийт ажилд нь төдийлөн нөлөөлдөггүй. Яг л үйлдвэрийн дамжлага шиг. Тийм шалихгүй өчүүхэн биенээс тийм их ухаан гарна гэхээр гайхалтай.
Нэг айл л гэхэд санаа тавих юм зөндөө байдаг шиг шоргоолжны хаант улсад ажилчин шоргоолжнуудад хийх ажил өдий төдий их. Ажилчин шоргоолжнууд тэр их ажлыг хэрхэн хуваарилдаг юм бол оо? Төрөл зүйлийнхээ дагуу янз янз ч гэлээ ерөнхийдөө нас нь хөгшрөхийн хэрээр өөр өөр төрлийн ажил хийдэг байна. Нэлээн залуудаа тэд хатан шоргоолжны хажууд байж, өөр өөр даалгавар гүйцэтгэнэ. Жаахан томроод ирэхээрээ авгалдайгаа асран тойлно. Тэд залуу үе дээрээ том авгалдай, хүүхэлдэй асарч, асрагч шоргоолжны үүрэг гүйцэтгэдэг байна. Насанд хүрсэн хойноо үүрнийхээ гаднаас хоол хүнс авчирч, эсвэл шинэ хонгил ухаж, ажилчин шоргоолжийн ёсоор үүрэгтээ үнэнч хэвээр байна. Том биетэй, толгой эрүү нь хөгжсөн цэрэг дайчид шоргоолжнууд ч бас байдаг. Тэдний нэрнээс нь харахад л шоргоолжны хаант улсаа хамгаалж, дайснуудаас болгоомжилдог хүчирхэг цэрэг дайчид юм.


Хүн төрөлхтнөөс өмнө газар тариалан эрхэлж эхэлсэн навч таслагч шоргоолжнууд (leafcutter ant) бол хөдөлмөр хуваарилалтаараа хамгийн гаргуун. Навч түүж, мөөг ургуулдаг навч таслагч шоргоолжнууд өндөгнөөсөө гарсан өдрөөсөө эхлэн дөрвөн төрөл болон хуваагддаг. Хамгийн том биетэйнүүд нь цэрэг шоргоолж, хамгийн жижиг биетэй нь өндөг авгалдайгаа асран хамгаалж, мөөг тарьдаг цэцэрлэгч шоргоолж юм. Харин дунд зэргийн биетэй шоргоолж нь газар тариаланд хэрэгтэй навч тасалж, навч зөөдөг шоргоолж аж. Тэднээс арай жижиг биетэй нь дунд зэргийн биетэй шоргоолжнуудаа тахини ялаан дайралтад өртүүлэхгүйн тулд навчин дээр наалдаад хамгаалж байдаг хамгаалагч шоргоолж юм. Тэд дор бүрнээ төрсөн цагаасаа эхэлж авсан үүрэгтээ үнэнч байдаг нь үнэхээр гайхалтай төдийгүй тэдний үзүүлж буй хүч бүр ч гайхамшигтай. Навч таслагч шоргоолжны үүрээ ухдаг шорооны дундаж хэмжээ 20м³ буюу 44 тоннтой тэнцэнэ. Үүнийг хүнтэй харьцуулбал Хятадын цагаан хэрэм барьж байгаатай адилтгаж болно. Өчүүхэн жижиг хэмжээтэй нь харьцуулахад үнэхээр гайхалтай агуу хүч.
Шоргоолжны хөдөлмөр хуваарилалт ялангуяа аюул эгзэгтэй үед бүр ч гэрэлтэнэ. Нөхцөл байдлыг дахиад төсөөлж үзэцгээе. Хэрвээ та цэрэг шоргоолж байсан бол довтлогч нар руу дайрах хэрэг гарна. Асрагч шоргоолж байсан бол авгалдай, өндөг зэргээ хаа нэг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлнэ. Мөн та орон гэрийнхээ эвдрэл гэмтлийг засаж сэлбэж байдаг ажилчин шоргоолж ч байж болох юм. Шоргоолжны нийгэмд өөрт нь оногдсон аливаа үүрэг даалгавартаа итгэмжтэй байх нь нэгдэж нэг болох арга төдийгүй нэг үүрнийхнээ хамгаалж амьд үлдэх арга зам юм.
Үүрнийхнийхээ төлөөх золиос
Ихэнх ажилчин шоргоолж үүрнийхээ төлөө шаргуу ажиллаж амьдардаг боловч бүр үнэнч шаргуу байхаас ч давж, хүлээсэн онцгой үүргээрээ дэндүү уярам золиос харуулдаг шоргоолж ч бий.

Тэдний нэг бол Америкийн баруун өмнөд хэсэгт болон Австралийн ангамал цөлд байдаг балт шоргоолж (honeypot ant) юм. Алдартай хүүхэлдэйн киноны дүрийг сануулам энэхүү онцгой нэр хэсэгхэн ажилчин шоргоолжны үүргээс үүсэлтэй бололтой. Хамтрагч шоргоолжныхоо авчирсан балыг гэдсэндээ хадгалан, таазнаас уруугаа харан зүүгдэнэ. Ажилсаг хичээнгүй ажилчин шоргоолж нь тасралтгүй бал авчирч, гэдэс нь дүүрч, толгойноосоо хэд дахин том болно. Бараг хөдөлж ч чадахгүй болтлоо сунаж хөөсөн биетэйгээр хүлээх зуур эцэст нь хэн нэгэн ирж, тэмтрүүлээрээ тогшино. Энэ нь нэг шоргоолжны “гэдэс өлсөөд байна” гэсэн дохио аж. Тэгэхэд нь тэд түрхэн зуур бууж, хадгалж байсан балнаасаа өлссөн шоргоолжинд жаахныг өгнө. Хоол хүнс, ус ховор ангамал цөлд амьд үлдэхийн төлөө тэд биеэ хүнсний агуулах болгон, үүрнийхэндээ үйлчилдэг байна.
Том мод нүхэлж амьдардаг яст мэлхий шоргоолжнууд (turtle ant) хаант улс руу нь довтлох бүх боломжийг эрэлхийлдэг түрэмгийлэгчдээс бүрэн хамгаалахаар бүтсэн. Яст мэлхий шоргоолжны цэргүүд үүр рүү нь орох хаалгыг хаахад хэрэглэдэг өргөн хавтгай толгойтой бөгөөд тэд бүх л өдөржин үүрээ хамгаалдаг байна. Хэрвээ үүрнийх нь хаалга хэт том байвал хэд хэдэн шоргоолж зэрэгцэж зогсоод, толгойгоороо хаадаг байна. Үүрнийх нь шоргоолж тэмтрүүлээрээ тэдний толгойг тогшвол тэд үүдээ нээж өгнө. Харин өөр үүрний шоргоолжинд хаалгаа огт нээхгүй. Тэд өдөр бүхэн нэг л газраа зогсоно. Тэдний үнэнч итгэмжтэй байдал үнэхээрийн биширмээр.
Малайзийн халуун орны ойд бишгүй таарч байдаг мужаан шоргоолжны (carpenter ant) цэрэг шоргоолж дэндүү их золиос харуулна. Дайралтанд өртөхдөө хорт хатгуураар хатгадаг шоргоолжны төрөл зүйл бий. Мужаан шоргоолж ч ялгаагүй. Өөр төрлийн шоргоолжнууд дайснуудаа хатгаж хор тарьдаг бол мужаан шоргоолжнууд “автотиз (autothysis)” гэж нэрлэгддэг өөрийгөө золиослох өвөрмөц арга ашигладаг байна. Тэд гэдсээ хагалж, халдагч дайснууд руугаа наалдамхай тэсрэгч шингэн хор цацсаныхаа дараа өөрөө үхдэг байна.
Ажилчин шоргоолжны амь биеэ зориулах зүтгэл
Шоргоолжны хүчирхэг хаант улс байгуулах анхны алхам нь хатан шоргоолж болон анхны ажилчин шоргоолж хоорондоо хэр ойр дотно байхаас хамаарна. Хуримын нислэгийнхээ дараа анхны хатан шоргоолж ганцаараа болдог тул үр төлөө хурдан, эсэн мэнд өсгөхөөр гадагшаа ч гардаггүй, юм ч иддэггүй байна. Энэ үед хамгийн түрүүнд нас биед хүрсэн ажилчин шоргоолж хичээнгүйлэн хоол цуглуулж, хатан шоргоолжоо тэжээх хэрэгтэй болно. Анхны ажилчин шоргоолж үхвэл хатан шоргоолж мөн тасралтгүй өндөглөсөөр бүх тамираа алдаж, эцэстээ мөн үхнэ. Тэгвэл үлдсэн ажилчин шоргоолжнууд нь хэдэн өдөр ч тэсэж чаддаггүй ажээ. Тийм учраас анхны ажилчин шоргоолж болон хатан шоргоолж хоёр салшгүй харилцаатай.

Хатан шоргоолжноос гадна бусад бүх ажилчин шоргоолж бүрэн гүйцэд өсөж томрох хүртлээ эгч нараасаа байнгын тусламж авах шаардлагатай байдаг. Дөнгөж өндөгнөөсөө хагарч гарч ирсэн авгалдай хөл байхгүй тул өөрсдөө явж чадахгүй. Тиймд эгч нар нь хоол хүнс авчран, атиралдаж гонгинолдох дүү нараа тэжээдэг байна. Мөн нас биед хүрсэн шоргоолж болж гуужихдаа хальсаа өөрөө задалж чаддаггүй, гаднаас нь тусламж хэрэгтэй байдаг. Ийнхүү нас биед хүрсэн ажилчин шоргоолж дараагийн үеийнхээ ажилчин шоргоолжийг халамжилна. Амь амьдралаа үүрнийхэндээ зориулдаг ажилчин шоргоолжнууд дүү нараа ингэж л хайрладаг байна.
Эзопын “Царцаа шоргоолж хоёр” хэмээх ёгт үлгэрт шоргоолжийг дүрслэхдээ идэж ууж, сүүдэрт амарч, чөлөө заваа наргиж цэнгэхэд зориулахын оронд ирээдүйнхээ төлөө л хоол хүнс хурааж байдаг хичээнгүй шавьж гэж дүрсэлсэн байдаг. Үнэндээ шоргоолж өвөл ичдэггүй учраас зундаа хангалттай их хоол хүнс хураах хэрэгтэй байдаг. Тэр үлгэрийн дагуу бол шоргоолжны тухайд хоол хүнс хайж олох нь байдаг л зүйл мэт боловч үнэндээ ажилчин шоргоолжинд үүрээ орхин гарч, хоол хүнс олох амаргүй. Америкийн баруун хэсэгт погономирмекс калифорникус (Pogonomyrmex californicus) хэмээх тариа хадагч (harvester ant) гэгддэг шоргоолж хоол хүнс хайхаар үүрнээсээ гарах үедээ байнга бусад шоргоолжнуудтай дайтдаг байна. Сайн хоол хүнс олж авахын төлөөх ширүүн тулаанд цаг тутамд 6% шоргоолж үхэж байдаг байна. Хоол хүнсээ олж авахын төлөө бусад шоргоолж ч махчин амьтдын дайралтанд өртөх эсвэл төөрөх зэргээр үй олноороо үхдэг аж.
Төрөл зүйлийнх нь онцлогоос хамааран зарим онцгой тохиолдлыг эс тооцвол бүх л ажилчин шоргоолжнууд хатан шоргоолжны охидууд байдаг аж. Тэд үр удамтай байхаас няцаж, амьдралынхаа турш ээждээ болон дүү нартаа туслан зөвхөн ажил л хийдэг байна. Магадгүй тэднийг “ажилчин шоргоолж” гэсний учир ч энэ байх. Аливаа амьтан биологийн төрөлх зөнгөөрөө гениэ үлдээхийн төлөө туйлын их хүчин чармайлт гаргадаг ч ажилчин шоргоолжны хичээл зүтгэл бусад амьтадтай харьцуулахад төрөлх зөнгөөс нь ч хол давсан байдаг ажээ.
Шоргоолжны хаант улсад гол үүрэг гүйцэтгэдэг хатан шоргоолж
Шоргоолжны хаант улсын хамгийн дээд захирагч бол хатан шоргоолж. Хатан шоргоолжийг “хатан” гэж нэрнээс нь болоод зүгээр л тушаал өгөөд сууж байдаг дарангуйлагч гэж буруу ойлгож мэдэх ч харин амьдрал руу нь өнгийвөл тийм биш аж.
Гүнж шоргоолжны хатан шоргоолж болох оролдлого хэдэн мянган шоргоолжны үхэл дагуулдаг. Нөхөн үржихүйн цагаа л хүлээж амьдарч байсан гүнж шоргоолж ба эрэгчин шоргоолж ижлээ хайж олох гэж мөлхөж эсвэл нисдэг байна. Гэсэн хэдий ч шувууд, соно зэрэг махчин амьтад тэдний бүлэглэн нисэх агшинд нь олз идшээ олзолж авахыг зорьдог. Харамсалтай нь ихэнх шоргоолжнууд энэ үйл явцын үеэр бариулж идүүлэх юм уу усанд унаж үхдэг байна.

Хуримтлуулж байсан хүчээ шавхан, хар хурдаараа нисэж хуримын нислэгээсээ амьд ирсэн шинэ хатан шоргоолжийг дараагийн бужигнаан хүлээж байдаг байна. Энэ бол махчин амьтдад олзлуулчихгүй шиг суурьших зөв газраа олох юм. Харин шоргоолж амьдарчих газар тийм ч их биш. Хөгшин мододтой ой байж ч болно, хотын арын гудамж ч байж болно, орон сууцны хотхоны машины зогсоол ч байж болно. Хатан шоргоолж газардахаа зохицуулсан байлаа гэлээ гэхэд хэдийн эзлэгдсэн бусдын эзэмшил дээр осолдон газардаж, өндгөө ч дарж амжилгүй үхэх нь олонтоо тохионо. Төрөл зүйлээсээ хамаарч өөр өөр байдаг ч ер нь 500-10000 шоргоолжны нэг нь л өөрийн хаант улсаа амжилттай бүрдүүлдэг хатан шоргоолж болдог байна.
Суурьших газраа олж зохицуулсныхаа дараа хатан шоргоолж эхлээд дунд болон арын хөлөө ашиглан далавчаа тасална. Одоохондоо ажилчин шоргоолж байхгүй, гадуур хоол хайж явах нь аюултай тул цаашид өөрт нь хэрэггүй болсон далавчны булчин, хэвлийн өөхөн эдийг задалж, шим тэжээл болгодог байна. Ийм маягаар тэрээр шүлсний булчирхайгаараа бий болгодог шүүрлээр үр зулзагаа тэжээнэ. Хатан шоргоолж болох үед юу ч хийхгүй зөвхөн идээд л байж байдаг байсан гүнж шоргоолж байх үеэс нь түүний амьдрал бүрэн өөрчлөгдөнө. Ажилчин шоргоолжны тоо аажим аажмаар өсөхийн хэрээр хатан шоргоолж үр төлөө асрах ажлаас чөлөөлөгдөнө. Харин яг энэ үе гэхэд тэрээр удаан хоол хүнсгүй явсандаа бүрэн ядарч туйлдсан байдаг байна. Энэ үеэс тэрээр ажилчин шоргоолжны авчирсан хоол хүнсийг л идэж, бүх амьдралынхаа турш нөхөн үржихүйн үүрэг л гүйцэтгэдэг ажээ.
Хальт харахад хатан шоргоолж бусдаар үйлчлүүлж, тухтай амьдарч байгаа юм шиг боловч насан туршдаа өндөглөж амьдарна гэдэг өрөвдөлтэй. Хэдийгээр хатан гэж нэртэй ч тэрээр хүмүүсийг ноёрхоод байдаг хаантай адилгүй юм. Тэр бол насан турш үүрээ барьж байгуулж, сахин хамгаалж, үр төлөө амьдруулахад л өөрийгөө зориулдаг ээж шоргоолж билээ.
Энэ мэтээр бий болдог шоргоолжны хаант улс хатан шоргоолжоо үхэх хүртэл оршин тогтнож, хамгийн сүүлчийн ажилчин шоргоолж нь ажлаа хийж дуусах хүртэл үргэлжилнэ. Энэ хооронд олон тооны эрэгчин шоргоолж, гүнж шоргоолжнууд төрж, амьд үлдэхийн төлөө тэмцэнэ. Хэрэв тэд амжилтанд хүрвэл дахин нэгэн ер бусын шоргоолжны хаант улс босгон байгуулах юм.
Эдүгээ дэлхийн экосистемд амьд үлдэж чадсан бүхий л амьд организм, тэр дундаа хүн төрөлхтөн өндөр хөгжсөн системээр амьдардаг нийгмийн амьтад юм. Хөдөлмөр зохион байгуулалт, амьдралын төлөөх хатуу ширүүн тэмцэл гээд олон талаараа хүний нийгмийг дуурайсан гэмээр шоргоолжны нийгэм. Мезозойн эрин үеэс өнөөг хүртэл “шоргоолж” гэх төрөл зүйлийг дагалдаж ирсэн багаар ажиллах чадвар болон золиос туулах зэргээс нь хүмүүн бид суралцах ёстой биш үү?
“Яв, шоргоолж юу хийдгийг хар, ухаан суу, залхуу минь. Ямар ч ахлагч, харгалзагч, захирагч тэдэнд үгүй атал зунаар тэжээлээ бэлдэж, ургацаар хүнсээ цуглуулдаг.” Сур.Үгс 6:6-8
- Эх сурвалж
- Choi Jae-cheon, 『Discovery of the Empire of Ants』, Science Books, 1999
- Bert Hölldobler, Edward O. Wilson, 『Journey to the Ants』, Belknap Press, 1994
- Nam Sahng-ho, 「World of Ants, a Miniature of Human Society」, 『Donga Science』 Ninth issue, 1994