Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?

Эхлэл 39-р бүлэг

17,526 үзэлт

Иосефт атаархсан ах дүү нар нь түүнийг боолоор худалдаж, тэрээр Египетийн ордны харуулын захирагч Потифарын гэрт үйлчлэх болжээ. Бурхан Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй байв. Үүнийг харсан Потифар түүнийг гэрийнхээ даамал болгон, бүх эд хөрөнгөө даатгажээ. Бурхан Иосефын учир Потифарын орон гэрийг ерөөсөн юм.

Иосеф эзнийхээ орон гэрт итгэмжтэйгээр үйлчилдэг байв. Гэтэл түүнд төвөгтэй асуудал тулгарчээ. Потифарын эхнэр өдөр болгон Иосефыг харцаараа өдөж байлаа. Харин Иосеф татгалзаж, эзнийхээ эхнэрт “Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?” гэв. Потифарын эхнэр уурлаж, гэрийнхнээ дуудан Иосефт муу нэр зүүлгэв.

Иосеф хүний ёсыг ч алдалгүй, итгэлээ ч сахисаар шоронд хоригдов. Гэвч Бурхан шоронд ч түүнтэй хамт байж, алив ажил үйлсийг нь бүтэмжтэй болгож байв. Иосеф шоронгийн харгалзагчийнхаа итгэлийг олж, хоригдлуудыг хариуцах үүрэг хүлээлээ. Хожим нь тэрээр Египетийн захирагчийн байр сууринд хүртэл дэвшжээ.

Хүний амьдралд санаанд оромгүй өөрчлөлт тохиодог болохоор амьдралын аз эзийг урьдчилан таамаглахад бэрх аж.

Иосефын амьдрал яг л ийм байж. Төрсөн ах дүү нараасаа болж боолоор худалдагдсан. Хүний нутагт арай ядан байр суурь олох гэтэл хилс хэрэг хүлээн шоронд хүртэл орсон… Түүний амьдрал ёстой л маргааш нь тэр гэхийн аргагүй, тогтворгүй байсан юм. Гэсэн хэдий ч түүний амьдралд огт өөрчлөгддөггүй нэг зүйл байв. Юу гэвэл Бурханыг гэсэн сэтгэл нь юм. Иосеф Бурхан өөртэй нь хамт байгаа гэдгийг хэзээ ч мартаагүй юм.

Бурхан дотор зөв шударга амьдрахад ч сорилт шалгуур хааяа ирдэг. Үүнээс болж зовлон шаналалд автах юм бол сэтгэл гутарч итгэл алдран, бүх зүйлийг орхиод дур зоргоороо амьдрах хүсэл төрж ч мэдэх юм.

Хэрвээ бид зовлон сорилттой тулгарвал мартаж болохгүй нэг зүйл бий. Бурхан одоо яг энэ мөчид ч бидэнтэй хамт байгаа. Бэрхшээл зовлонтой тулгарах тусам нүгэлт үйлсээс хол байж, итгэл хийгээд мөс чанараа хадгалан, үнэнийг тууштай дагах аваас эцэст нь Бурхан өлзийтэй зам нээж өгөх нь дамжиггүй юм. Зөв шударга Иосефыг Бурхан хүнд байдлаас татан гаргаж, Египетийн захирагчийн байр сууринд хүрэх ерөөл ивээл хайрлаж, багадаа хагацсан гэр бүлийнхэнтэйгээ уулзаж учрах баяр хөөрийг түүнд өгчээ (Эхл 46:29-30).