Тэнгэрийн хаанчлалын хаалгыг нээдэг Алгасал баяр

26,585 үзэлт

Өнөө үед ертөнцөд Бурханд итгэдэг гэх үй олон сүм байдаг. Гэвч авралын амлалт шингээстэй Бурханы баяр, шинэ гэрээний Алгасал баярыг сахидаг газар нь зөвхөн Бурханы сүм юм.

“Ард түмэн минь мэдлэг дутсанаас болж устгагдсан” гэж айлдсанчлан (Хос 4:6) олон хүн Библийг зүй ёсоор нь мэдэхгүйгээс болоод Алгасал баярыг сахих шаардлагагүй гэж үзэн, Бурханд итгэх л юм бол тэнгэрийн хаанчлал аяндаа оногдох юм шиг бодож байгаа. Бидний сахиж байгаа Алгасал баярын утга учрыг Библийн үгээр дахин дахин судлан нягталж, үнэн худлыг ялгаж салгацгаая.

Тэнгэрийн хаанчлалыг хаагчид

2000 жилийн өмнө Есүсийг энэ газар ирсэн үед тухайн үеийн шашны удирдагчид Бурханы сургаалыг дагах нь байтугай олон түмнийг буруу замаар удирдаж байжээ.

“Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй.”Мат 23:13

Хуулийн багш нар болон фарисайчууд тухайн үеийнхээ шашны эрх мэдлийг атгаж байв. Гэтэл тэд хүмүүсийг тэнгэрийн хаанчлал руу хөтлөх үүрэг хүлээсэн хэрнээ харин ч тэнгэрийн хаанчлалын хаалгыг хааж, өөрсдөө ч тэнгэрийн хаанчлалд орохгүй, орох гэснийг нь ч оруулахгүй байдалтай байгааг Есүс ингэж зэмлэсэн байдаг.

Хүмүүсийг тэнгэрийн хаанчлалд оруулахгүйгээр саад хийгчдийн эцсийн үр дүн тов тодорхой юм. Есүс тэдэнд удаа дараа хатуухан сануулсан байдаг.

“… Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?”Мат 23:32-33

Есүс хуулийн багш нар болон фарисайчуудыг “цагаанаар будсан булш” гэж зүйрлэсэн байдаг. Гаднаа сайхан харагддаг ч дотроо үхэгсдийн яс болон бузар бүхнээр дүүрэн цагаанаар будсан булш шиг тэд гаднаа зөвт харагдавч дотроо хоёр нүүр болон ёс бус явдлаар дүүрчихээд байсан учраас тэр юм (Мат 23:27-28).

Олон хүнийг мэхлэн тэнгэрийн хаанчлалд оруулахгүй тэдэнд тамын шийтгэлээс зугтах арга байхгүй юм. Тэд тэнгэрийн хаанчлалд орох гэсэн боловч орж чадахааргүй байдал үүсэж байгаа дүр зургийг тодруулан харцгаая.

“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэр өдөр Надад олноороо “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.”Мат 7:21-23

Тэнгэрийн хаанчлал нь “Эзэн минь, Эзэн минь” гэж Бурханыг зөвхөн дуудлаа гээд хэн дуртай нь орчих газар биш. Зөвхөн Бурханы хүслийн дагуу үйлдэгчид л тэнгэрийн хаанчлалд орно.

Гэтэл тэнгэрийн хаанчлалын хаалгыг хаачихаад орох гэсэн хүмүүсийг хааж боосон хүн Бурханы хүслийг үйлдэгчид мөн үү? Огтхон ч биш. Хэдийгээр тэд Эзэний нэрээр эш үзүүллээ ч Есүс тэднийг ёс бусыг үйлдэгчид хэмээсэн юм.

Алгасал баяр сахихыг “ихэд хүссэн билээ”

Тэгвэл өнөө үед бидний сахиж байгаа Алгасал баяр нь чухам Бурханы хүсэл мөн үү, биш үү? Бурханы хүслийн дагуу үйлдэж байж л тэнгэрийн хаанчлалд орж чадна хэмээсэн болохоор бид Алгасал баяр нь Бурханы хүсэл мөн үү, биш үү гэдгийг тодорхой мэдэж байх ёстой юм. Алгасал баярын тухай шинэ гэрээнд юу гэж хэлснийг тодруулан харцгаая.

“Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс, Петр Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв. … Тэд явж, Түүний айлдсанаар бүгдийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ.”Лук 22:7-15

Есүс арван хоёр шавийнхаа дундаас онцгойлон хайрладаг байсан Петр, Иохан нарыг илгээн, Алгасал баярт бэлтгүүлсэн байна. Мөн Алгасал баярын цаг болоход ариун зоогийн ёслол болох газар суугаад, “Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн” хэмээн айлдсан юм. Зүгээр л “хүссэн билээ” гэж айлдсан байсан ч Есүсийн хүслийг хангалттай ойлгохоор шүү дээ. Гэтэл Тэрээр Алгасал баяр сахихыг хичнээн их хүссэн болоод “ихэд хүссэн билээ” хэмээн айлдсан байх вэ?

Алгасал баярыг тэд энэ мэт Есүсийн чинхүү хүслийн дагуу сахисан юм. Алгасал баярын ариун зоогийн ёслол болсон тэр газар Есүс ийнхүү гэрээлж үлдээжээ.

“Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.”Лук 22:19-20

Есүс Алгасал баярын талхыг хуваан өгөхдөө “Энэ бол Христийн ариун бие” гэдгийг мэдүүлж, “Үүнийг үйлд” хэмээн тушаасан юм. Мөн Алгасал баярын усан үзмийн дарс хийсэн аяга өгөөд энэхүү Алгасал баяр нь бидний төлөөх Христийн цусаар байгуулсан шинэ гэрээ болохыг ухааруулсан байдаг.

Хүн төрөлхтний төлөө Бурхан Өөрийн биеэр энэ газар ирээд, Өөрийн үнэт мах цусаараа тогтоосон ариун хууль, зарлиг, тушаал нь Алгасал баяр юм. Мөн адилхан дүр зургийг тэмдэглэсэн Матай номноос ч Алгасал баяр нь Бурханы хүсэл мөн гэдгийг тодорхой баталж болно.

“Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв.”Мат 26:17-19

Энд ч Есүс Өөрийн биеэр Алгасал баяр сахина гэдгээ айлдаж, шавь нараараа Алгасал баярт бэлтгүүлж байгаа дүр зураг гарч байна. Есүс Христийн үйлдсэн алив үйл хэрэг нь биднийг ч гэсэн үйлдүүлэх гэсэндээ үзүүлсэн дуурайл, жишээ юм (Иох 13:15). Есүсийн ул мөрийг бичиж тэмдэглэсэн сайн мэдээний дөрвөн номд Есүс шавь нарынхаа хамтаар Алгасал баяр сахиж байгаа дүр зураг удаа дараа гарч байгаа нь биднийг ч гэсэн үүнээс жишээ авч Алгасал баяр сахиулах гэсэн Бурханы хүслийг агуулж байна шүү дээ.

Тэнгэрийн хаанчлалын хаалга нээдэг үнэн Алгасал баяр

Бид шинэ гэрээний Алгасал баяр сахих нь Есүсийн хүсэл өөрөөр хэлбэл Бурханы хүсэл юм. Бурханы хүслийн дагуу үйлдэгчид тэнгэрийн хаанчлалд орно гэсэн болохоор Алгасал баяр сахидаг хүн тэнгэрийн хаанчлалд орж чадах юм.

Тэгвэл Алгасал баяраар хэрхэн тэнгэрийн хаанчлалын хаалга нээгдэх юм бол? Алгасал баярт шингэсэн ерөөлийг судлан үзэцгээе.

“Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн. Миний махыг идэж, цусыг уугч нь Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна. Амьд Эцэг маань Намайг илгээсэн бөгөөд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч нь мөн Надаар амьдарна. Тэнгэрээс бууж ирсэн талх бол энэ мөн. Өвөг дээдэс чинь идээд, үхсэнтэй адилгүй, энэ талхыг идэгч нь мөнхөд амьдарна гэлээ.”Иох 6:53-58

Есүс Өөрийнх нь мах цусыг идэж уухгүй бол амь байхгүй хэмээгээд Есүсийн мах, цусыг идэж уусан хүн мөнх амьтай хэмээн айлдсан юм. Мөн Алгасал баярын талх, усан үзмийн дарсанд Өөрийнхөө мах, цусны утга учрыг шингээж үлдээсэн. Тиймээс Алгасал баяр сахиагүй хүмүүс энэ газрын л амьтай болохоос тэнгэрийн хаанчлалд мөнх амьдрах амь байхгүй юм.

Тэнгэрийн хаанчлал бол үхэл байхгүй газар болохоор (Илч 21:1-4) мөнх амийн ерөөл авсан хүмүүс л орж чадна. Тиймээс мөнх амийн амлалт шингэсэн Алгасал баяр нь үнэхээр л тэнгэрийн хаанчлалын хаалгыг нээх үнэн юм.

Алгасал баяр нь 3500 жилийн өмнө Мосегийн үеэс Бурханы сахь хэмээн тушаасан баяр юм. Хуучин гэрээний үед хуучин гэрээний хуулиар, шинэ гэрээний үед шинэ гэрээний хуулийн дагуу Бурхан Өөрийн ард түмэндээ Алгасал баяр сахихыг тушаасан байдаг. Учир нь Алгасал баяр сахихгүйгээр хэн ч тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй.

“Учир нь би та нарт дамжуулснаа Эзэнээс авсан. Чухамхүү баригдсан тэр шөнөө Эзэн Есүс талх аваад, талархал өргөж, хуваагаад “Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн. Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч “Энэ аяга нь Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн. Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг юм.”1Кор 11:23-26

Элч Паул анхны сүмийн итгэгчдэд өөрийнхөө сургаалыг биш, Эзэнээс авснаа дамжуулан, сахихыг уламжилж байна. Дараа нь тэрээр Алгасал баярын ёслолын талаар тайлбарлаж, Эзэнийг ирэх хүртэл үүнийг тунхаглахыг захисан юм. Паулын Есүсээс хүлээн авсан сургаал нь Алгасал баярыг сахин үйлдэх явдал байж. Одоо бидний сахиж байгаа Алгасал баяр бол сахих шаардлагагүй баяр биш, харин ч сахихгүй л бол болохгүй амийн хууль билээ.

Алгасал баярыг устгасан түүх

Гэтэл Алгасал баяр сахидаг сүм өнөө үед Бурханы сүмээс өөр байхгүй билээ. Энэ үнэхээрийн гайхмаар хэрэг биш үү. Бурханыг эсэргүүцэгч Сатан Бурханы соёрхсон амийн үнэнийг устгахын төлөө зүсэн бүрийн арга заль сэдэж иржээ (Дан 7:25). Ялангуяа тэнгэрийн хаанчлалын хаалга нээдэг Алгасал баяртай холбоотой эсэргүүцлийн түүх Есүсийг тэнгэрт одсоноос 100 орчим жилийн дараагаас буюу 2-р зууны үеэс эхэлсэн. Одоо ч үргэлжилсээр.

Элч нарын үеэс хойших сүмийн эрх мэдлийн тухай ярихад, Иерусалим ба Бага Азид төвтэй зүүний сүм болон Ромд төвтэй барууны сүм хэмээн хуваагджээ. Тэр үед хэзээний л Алгасал баяраар биш Амилалтын баяраар ариун зоогийн ёслол үйлддэг болчихоод байсан Ром сүмийнхэн Алгасал баяраар ариун зоогийн ёслол үйлдэж ирсэн зүүний сүмтэй хэд хэдэн удаа маргаан дэгдээж байжээ. МЭ 155 оны үед зүүний сүм дундаас Смирна сүмийн харгалзагч Поликарп, барууны сүмийг төлөөлдөг Ром сүмийн Аникетус нарын хооронд анхны маргаан дэгдсэн юм. Поликарп нь арван хоёр шавийн нэг болох элч Иоханы гарын шавь байсан юм. Тэрээр нисан сарын (ариун тооллын 1 сар) 14-нд сахидаг Алгасал баярыг үгүй хийн, Амилалтын баяраар ариун зоог үйлдье гэсэн барууны сүмийнхний үзэл баримтлалыг эсэргүүцэж байжээ.

1 дэх удаагийн Пасха (Алгасал баяр) маргаан бүтэлгүйтсэний дараа 197 оны орчим мөн л адилхан асуудлаар зүүн баруун сүмүүдийн хооронд ширүүн маргаан болов. Ром сүмийн харгалзагч Виктор Алгасал баярын ариун зоогийн ёслолыг өөрсдийн Амилалтын баяр хэмээн сахиж байсан Алгасал баярын дараах, ням гарагт нь сахидаг “Доминикийн дүрэм” мөрдөхийг бүх сүмд тулган шаарджээ. Энэ үед ч Ефес сүмийн харгалзагч Поликратес тэргүүтэй зүүний сүмүүд “Элч нарын сахиж ирсэн Алгасал баярыг байгаа чигт нь сахих ёстой” гээд эрс шийдмэг татгалзсан аж.

Гэвч Сатаны зальт явуулгын улмаас ёс бусын эрх мэдэл аажим аажим өссөөр МЭ 325 онд Ромын Константин хааны зарлан хуралдуулсан Никеагийн хурал болов. Уг хурлын хүрээнд Амилалтын баяраар ариун зоогийн ёслол хийдэг байхаар шийдвэрлэгдэж, Алгасал баяр бүрмөсөн устсан юм. Алгасал баяр ба Амилалтын баяр нь өөр өөр баяр гэдэг нь няцаашгүй үнэн байтал Сатан энэ хоёр баярыг зальжин аргаар хольж хутган, улмаар Алгасал баярыг устгасан байгаа юм.

Мөнх амь амласан Алгасал баяр устаж үгүй болсноос хойш хэн ч тэнгэрийн хаанчлалд орж чадахааргүй болов. Ийм цаг үе ойролцоогоор 1600 жил үргэлжилсэн юм. Одоо ч үй олон сүм өөрчлөгдсөн зан үйлийг дагаж, Алгасал баяр сахихгүй байгаа. Харин зөгнөл ёсоор энэ газар хоёр дахиа ирсэн Есүс шинэ гэрээний Алгасал баярын үнэнийг сэргээснээр хаагдчихаад байсан тэнгэрийн хаанчлалын хаалга дахин нээгдсэн билээ.

Хэзээ ч өөрчлөгдөшгүй амлалт Алгасал баяр

Шинэ гэрээ бол Бурханы л тогтоож чадах үнэн. Есүс Алгасал баяраар “Энэ аяга нь Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ” хэмээн айлджээ. Шинэ гэрээ тунхаглахаас нь бараг 600 жилийн өмнө бичигдсэн хуучин гэрээний Иеремиа номд Бурхан шинэ гэрээ байгуулна гэдгээ хэдийн зөгнөөд байсан юм.

“ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. … ЭЗЭН тунхаглаж байна. “Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно. Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.” Гэрэл болгож өдрөөр нарыг, шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгдөг, давалгааг нь хүржигнэтэл далайг хутгадаг ЭЗЭН ингэж айлдаж байна. Нэр нь түг түмдийн ЭЗЭН. “Хэрэв энэ тогтоогдсон зарлиг Миний өмнөөс холдвол, Израилийн үр удам бас Миний өмнө үндэстэн байхаа үүрд болино” гэж ЭЗЭН тунхаглаж байна.”Иер 31:31-36

Бурханы хуулийг зүрхэн дээрээ бичсэн хүмүүсийн Бурхан болж, тэд Бурханы ард түмэн болно хэмээн айлдсан байна. Бурхан байгуулна гэж зөгнөсөн шинэ гэрээний хуулийг өөрөөр хэлбэл шинэ гэрээний Алгасал баярыг сахигчид нь Бурханы ард түмэн болно гэсэн утгатай. Бурхан тэдэнд өнгөрсөн нүгэл хилэнцийг нь ч бүрэн уучилж өгөхөө амласан. Өдрөөр гэрэлтүүлэхийг наранд, шөнөөр гэрэлтүүлэхийг сар болон оддод тогтсон зарлигаар өгдөг нь тодорхой байдагчлан шинэ гэрээ нь хэзээ ч өөрчлөгдөшгүй амлалт хэмээн тодорхойлсон байна.

Шинэ гэрээний Алгасал баяраар тэнгэрийн хаанчлалын хаалга нээхдээ Бурхан бидний цусанд Бурханы цус байна уу, бидний биед Бурханы ариун бие байна уу гэдгийг шалгаж тогтооно. Генийн шинжилгээгээр хүүхэд нь мөн эсэхийг мэддэг шиг Алгасал баяр сахисан хүмүүс Бурханы мах, цусыг өвлөн авсан хүүхдүүд учраас тэнгэрийн хаанчлалын хаалгаар нэвтрэх юм. Харин Алгасал баяр сахиагүй нь Бурханы мах, цус байхгүй учраас тэр дороо л ялгагдана.

Ертөнцөд үй олон сүм бий. Гэвч тэдгээрт явдаг олон хүн Бурханы хүсэл юу гэдгийг ч мэдэхгүй, Бурхан юугаар амь өгнө гэснийг ч мэдэхгүйгээр итгэлийн амьдралаар амьдарцгааж байна. Яг л 2000 жилийн өмнө Бурханд итгэдэг гэх олон хүн Есүсийн сургаалыг эсэргүүцэж, Есүсийг үгүйсгэсэн шиг энэ үед ч Есүст итгэдэг гэх хүмүүс Есүсийн ариун хүсэл шингэсэн Алгасал баярыг сахихгүй байна. Үнэхээр харамсалтай хэрэг биш үү.

Бурханы тогтоосон шинэ гэрээний үнэнийг дагаж байгаа сүм хаана байгааг тодорхой ухаарч, тийшээ очиж гэмээнэ тэнгэрийн хаанчлалд орно. Алгасал баяраар зөвшөөрсөн Бурханы ивээлийг ухаарч, амийн үнэн болох шинэ гэрээний Алгасал баярыг хараахан мэдэхгүй байгаа олон хүнд эрч хүчтэйгээр тунхаглахыг Сионы гэр бүлүүдээсээ хүсье.