Мөргөл гэдэг нь мөнхөд үхэхээс өөр аргагүй бидэнд мөнх амь, ерөөл, аврал соёрхож, гэм нүглийг маань үнэгүйгээр уучлан, биднийг тэнгэрийн хаанчлал өөд хөтөлж буй Бурханы эрхэм дээд хайранд талархаж, залбирал, магтаалаар яруу алдар өргөн, өөрийгөө даруу болгож, Бурханд хүндэтгэл илэрхийлэх ёслол юм.
Тэгвэл бид хэзээ мөргөл тэмдэглэх ёстой вэ? Мөргөл тэмдэглэх өдрүүдийн тухай доор сийрүүлье.
1. Амралтын өдөр мөргөл тэмдэглэх ёстой
Амралтын өдөр бол Бүтээгч Эзэний хүч чадлыг дурсах өдөр юм. Энэ өдрийг сахиснаар тэнгэр газар түмэн зүйлсийн бүтээгч нь Бурхан гэдгийг дахин батлах төдийгүй Бурханы өмнө гайхамшигт хүч чадлыг нь магтан, ариунаар мөргөл тэмдэглэхэд Бурханы бидэнд бэлдсэн Амралтын өдрийн бялхам ерөөлийг авна.
“Тэнгэр газар болон түүний түг түмнийг ийнхүү гүйцээв. Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажилаа гүйцээгээд, хийж байсан бүх ажлаасаа Тэрээр долоо дахь өдөртөө амарчээ. Бүтээж байсан бүх ажлаасаа энэ өдөр амарсан тул Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгов.” Эхл 2:1-3
Библид хэлсэн Амралтын өдөр нь бямба гараг тул Амралтын өдрийн мөргөл бямба гарагт явагддаг. Үүнээс гадна цэвэр болох гурав дахь өдрийн мөргөл мягмар гаргийн орой явагддаг (Тоо 19:1-22).
2. Баяраар мөргөл тэмдэглэх ёстой
Хуучин гэрээний үед Амралтын өдөр, баяруудаар хонь, ямаа гэх мэт амьтныг золиосын тахил болгон, нүглийн уучлал авах мөргөл үйлддэг байв. Энэ бүх золиосын тахилууд нь хожим Христ бидний нүглийн оронд золиос болж, нас барахыг зөгнөлөөр урьдчилан харуулсан тогтолцоо аж. Зөвийг үйлддэг нэгний оронд өмнөөс нь үхэж болох ч харин Христ биднийг нүгэлтэн байхад бидний нүглийн оронд золиос болсон юм (Ром 5:6-11). Энэхүү хязгааргүй ивээлийн утга шингээстэй мөргөл бол баярын мөргөл билээ. Баярын мөргөлд хэн ч биш бидний төлөө загалмайд цусаа урсган тэнгэрт одсон Христийн золиос ба хайранд талархацгааж, өөрсдийгөө даруу болгон Бурханыг гэх хүндлэлээ илэрхийлэх утга учир шингэсэн байдаг.
Үүнээс гадна баяр бүрд өөрийн гэсэн зөгнөлийн онцгой утга, Бурханы гүйцэлдүүлэх зүй тогтол агуулагдаж байдаг. Жил бүр тэмдэглэх ёстой баярууд бол Алгасал баяр, Исгээгүй талхны баяр, Амилалтын баяр (Ургацын анхны үрийн баяр), Пентэкостын өдөр (Долоо хоногуудын баяр), Бүрээдэлтийн өдөр, Эвлэрүүлгийн өдөр, Майхан баяр бий.
Бурхан сүнсээрээ, үнэнээр мөргөдөг хүмүүсийг эрж, тэдгээр хүмүүст ерөөл өгөхөөр амласан. Нүгэлтэн болсон биднийг үүрдийн үхлийн замаас эргүүлж, авралын ивээлээ соёрхсон Бурханыхаа хайр, ивээлд талархан, бүх сэтгэл, бүх зүрх, бүх хүч чадлаа зориулан, чинхүү сэтгэлийн үүднээс мөргөл тэмдэглэх ёстой.
- Тунгаах зүйлс
- Мөргөлийн утга учир юу вэ?
- Бурханд тэмдэглэх ёстой мөргөлд ямар ямар мөргөл байдаг вэ?