WATV.org is provided in English. Would you like to change to English?

Ачлалт ёс гэдэг нь

Жан Сүн Хян, Солонгос Сөүл

463 Үзсэн тоо

Саяхан миний баруун бугуй өвдсөн юм. Нэг их тоолгүй, удахгүй зүгээр болчих биз гэж бодлоо. Тэгтэл өдөр өнгөрөх тусам өвчин нь бүр дордов. Бугуйны хамгаалалт зүүгээд, халуун жин тавьж, өвчнийг нь арай гэж тэсэж байлаа. Ахлах ангийн хоёр охин маань миний өвчнийг хараад санаа нь зовсон шинжтэй гэр орны ажилд тус дэм болж эхлэв.

Хоолоо идсэний дараа тэд аяга тавгаа угаан, ээлжээр гэрээ цэвэрлэнэ. Бага сургуулийн сурагч отгон хүү маань ч хүртэл “Ээж ээ, би үсийг чинь угаагаад өгье. Өвдөж байгаа гараа та хөдөлгөж болохгүй шүү дээ” гэлээ.

Бохирдож заваарсан угаалгын өрөөг цэвэрлэх тухайд тэднийг цэвэрлэнэ гэж санасан ч үгүй. Би өөртөө л “Энэ хавийг би цэвэрлэх хэрэгтэй байдаг, гэхдээ яаж цэвэрлэе дээ” гэж хэлж байсан юм. Тэгтэл ууган охин маань угаалгын өрөөг санаачилгаараа цэвэрлэхээр яаж цэвэрлэдгийг надаас асуув.

“Эхлээд угаалтуур болон суултуур дээрээ угаагч нунтгаа цацаад үрэгчээр зүлгэ. Суултуураа урт иштэй сойзоор цэвэрлэж, усыг нь тат. Шаахайгаа жижиг сойзоор угаа.”

“За, ээж ээ.”

Охиныгоо цэвэрлээд дуусахад нь би хаалгыг нь нээгээд хартал угаалгын өрөө нээрээ л цэвэрхэн болсон байв. Тэр ч байтугай бүр гялалзаж байв. Охиныгоо бүр угаалгын өрөө цэвэрлэх хэмжээнд том болсонд нь охиноороо бахархаж байлаа.

Тэр орой нь би аяга тавгаа угаахтайгаа болж, охиндоо амар гэж хэлэв. Намайг аяга тавгаа угааж дуустал бяцхан охин минь ингэж хэллээ.

“Ээж ээ, аяга таваг угаасанд баярлалаа. Би өнөөдөр үнэндээ хийх дургүй байсан юм. Хэдэн өдөр аяга таваг угаах зуураа би таныг ядардаг байсан байх даа гэж бодсон. Одооноос би танд тусалж байна аа.”

Охин маань намайг ойлгох болсон нь намайг нэлээн тайвшруулав. Миний хүүхдүүд улам л сайхан бишрэм харагдаж байлаа. Хэн нэгний ачлалт ёс гэдэг нь ямар нэг хэцүү эсвэл онцгой зүйл хийх биш, зүгээр л аав ээждээ таалагдах юм байна гэж бодсон доо. Тийм энгийн наад захын юмыг яахаараа өдий болтол ойлгоогүй байдаг байна аа? Одоо би мэддэг болсон юм чинь ээж аавдаа би сайн юм хийж байя гэж шийдсэн. Хэдийгээр миний бугуй өвдсөн ч гэсэн хүүхдүүдийнхээ ачлалт сэтгэл болон өчүүхэн ухааралд би баяртай байгаа.