Шуналаа хаявал аз жаргал бялхана!
Өөрийгөө бусадтай харьцуулах, хэт их шунах зэрэг нь зовлон авчирдаг. Аз жаргалтай байхыг хүсвэл өөртөө сэтгэл хангалуун бай.

Оны эхний өдөр хүмүүсээс шинэ оных нь хүсэл мөрөөдлийг асуувал бүгд л өөр өөрөөр хариулдаг ч эцсийн эцэст бүгдийнх нь хүсэл нэг л байдаг. Энэ бол яалт ч үгүй аз жаргалтай амьдрах явдал. Аз жаргалын хэм хэмжүүр хүн хүнд янз бүр байдаг. Зарим хүн их мөнгөтэй байвал аз жаргалтай байна гэж боддог. Зарим нь нэр алдартай байвал аз жаргалтай байж чадна гэж боддог. Мөн эрх мэдэлтэй л байвал аз жаргалтай байна гэж итгэдэг хүн ч бий.
Тэгтэл тэрбумтан Жей Голд нас барахынхаа өмнө “Энэ дэлхийн хамгийн өрөвдөлтэй хүн би байлаа” гэж хэлсэн байна. Европыг байлдан дагуулж байсан эзэн хаан Наполеон “Миний амьдралд жинхэнээсээ аз жаргалтай байсан зургаахан өдөр л байсан” гэж өчжээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картераас амьдралынх нь хамгийн аз жаргалтай өдрийн талаар асуутал тэрээр “Би хэзээ ч аз жаргалтай байгаагүй, харин одоо Цагаан ордноос гарчихлаа” гэж хариулжээ. Олон хүн аз жаргалтай байхын төлөө мөнгө, нэр алдар, эрх мэдлийн араас гүйдэг. Харин үнэндээ энэ бүхнийг эзэмшсэн хүмүүс энэ бүхнээсээ аз жаргал мэдрээгүй гэж хэлсэн байна. Үнэхээр хачирхалтай байгаа биз.
Шунал шуналыг төрүүлдэг
Эрт урьд цагт нэгэн жижиг тосгонд уйгагүй, ажилсаг хичээнгүй эхнэр нөхөр хоёр амьдардаг байжээ. Нэг өдөр нөхөр нь зах дээр үр тариа зарсан мөнгөөрөө нэг галуу худалдаж аваад иржээ. Маргааш өглөө нь босоод хартал нөгөө галуу нь алтан өндөг гаргасан байв гэнэ. Өглөө бүр алтаар өндөглөдөг өнөөх галууныхаа ачаар эхнэр нөхөр хоёр баяжиж, цаашдаа ажил хийхгүй байсан ч амьдраад байхаар болжээ. Гэтэл эхнэр нөхөр хоёр улам бүр шунаж, “Энэ муу золиг өдөрт яахаараа ганцхан өндөг гаргадаг байна аа!” гэлцэн дургүйцэж гарав. Тэгтэл эхнэр нь нэг арга олжээ. “Галууны гэдсийг ярж үзвэл тэр дотор дүүрэн алт байх биш үү?” гэхэд нөхөр нь сайхан санааг нь зөвшөөрч, эцэст нь галууны гэдсийг ярж орхив. Гэтэл дотор нь юу ч байсангүй гэнэ. Эхнэр нөхөр хоёр галуу үхсэнд яах аргагүй үгүйрчээ.

Эзопын үлгэрт гардаг мунхаг эхнэр нөхөр шиг хүмүүсийн шунал эцэс төгсгөлгүй. Юмтай болох тусмаа илүү ихийг хүсдэг. Өнөө үед хүмүүс “Баян болоорой” гэдэг үгийг ерөөлийн үг, мэндийн үг шиг л хэлэх болж. Эд материаллаг шуналаас болж гэр бүлийн харилцаа тасрах тохиолдол энүүхэнд. Өв залгамжлалын асуудлаас болж шүүхийн өмнө зогссон төрсөн ах дүүс, мөнгөнөөс болж ёс бус хэрэг хийж, аав ээжийнхээ эсрэг ёс зүйгүй гэмт хэрэг үйлдсэн хүүхэд нэг хоёроор тогтохгүй.
Зарим хүмүүс ясаа цайтал ажил хийж, хүүхдүүдийнхээ аз жаргалын төлөө л их мөнгө олох гэж байна гэдэг. Их эд хөрөнгөтэй байвал хүүхэд нь бусдаас дутахгүй өсөж, их эд хөрөнгө өвлүүлбэл ирээдүйд хүүхэд нь илүү аз жаргалтай сайн сайхан амьдарна гэж итгэдэг. Хүүхдийнхээ төлөө юм бүхнийг хийхийг хүсэж, хамгийн сайныг өгөх гэдэг нь бүх л аав ээжийн сэтгэл. Гэвч тэгж чадаагүй гээд хэт шаналах хэрэггүй. Хүүхэд тань өсөж томроод, аав ээжийнхээ сэтгэлийг ойлгож, бага насныхаа сайн сайхан өдөр хоногуудыг дурсан, хамт инээлдэнэ шүү дээ. Хүүхдүүддээ жинхэнээсээ өвлүүлэх ёстой өв хөрөнгө бол эд материаллаг хөрөнгө биш, өчүүхэн зүйлд ч талархаж чаддаг сэтгэл болон тэр талархал дүүрэн сэтгэлээрээ өөрсдийгөө болон бусдыг аз жаргалтай болгодог нууц юм шүү.
Өөрийгөө бусадтай харьцуулах мөчид аз жаргал алга болдог

Мөнгөн медаль авсан хүн хүрэл медаль авсан хүн хоёрын аль нь илүү жаргалтай байх уу? Мэдээж мөнгөн медаль авсан хүн нь илүү баярлахгүй гэж үү? Корнеллийн их сургуулийн нийгмийн сэтгэл судлаач, доктор Виктория Медвек судалгааныхаа үр дүнд хүрэл медаль авсан тамирчин нь мөнгөн медаль авснаасаа илүү баярладаг гэсэн сонирхолтой дүгнэлт гаргажээ. Хүрэл медаль авсан тамирчин медалиас мултарч, шагналын тавцан дээр зогсож чадахааргүй байдалд байсан ч зүгээр медаль авсандаа л сэтгэл хангалуун байхад мөнгөн медаль авсан тамирчин алтан медаль авч болохоор байтал алдчихлаа гэж бодохоос сэтгэл хангалуун байж чаддаггүй аж. Өөрөөр хэлбэл өөрийгөө алтан медаль авсан тамирчинтай харьцуулснаасаа болоод баяр хөөрөө алдчихаж байгаа хэрэг.
Өөрийгөө бусадтай харьцуулах сэтгэл л өөрийг нь ямагт олиггүй дорой, аз жаргалгүй, золгүй болгож орхидог. Танилыгаа сайн сайхан явахад нь атаархвал өөрөө өөрийгөө л зовоож байгаа хэрэг юм. Бусдын өнгө зүс, эд хөрөнгө, чадвар чансаа зэргийг өөрийн жишиг болгоод байвал өөрийнхөө болон ойр дотно гэрийнхнийхээ үнэн дүр төрхийг огт олж харж чадахгүй.
“Түүний нөхөр гэрийн ажилд нь тусалдаг”, “Аав ээж нь манай найзад авахыг хүссэн бүхнийг нь л авч өгдөг”, “Найзын маань хүү хичээлдээ ёстой сайн” гэх зэргээр өөрийнхөө гэр бүлийг бусдын гэр бүлтэй харьцуулаад байвал ар гэрийнхээ тухайд бүр л сэтгэл дундуур болно. Аз жаргалтай хүн гэдэг өөрт байгаадаа л сэтгэл хангалуун байдаг. Сэтгэл хангалуун амьдардаг хүн гэдэг нь ямар ч хүсэл тэмүүлэл, итгэл найдваргүй хүн гэсэн үг биш. Бусдын болон орчны нөлөөнд авталгүй, өөрийнхөө аз жаргалыг өөрөө олж, тэр замаараа баяртайгаар алхдаг хүн юм.
Өөрийнхөө хүссэнээр гэр бүлийнхнээ өөрчлөх гэх нь ч шунал
Гэр бүлийнхнээ сольж чадах уу? Энд өөр хүнээр сольж сэлгэх гэсэн утгаар биш, харин өөрийнхөө хүссэн дүр төрхөөр өөрчлөх юм уу, өөрийнхөө хүссэн амьдралаар амьдруулж чадах уу гэсэн утгаар асууж байна л даа. Хариултыг нь шууд хэлэхэд мэдээж үгүй. Ингэх гэж оролдох нь ч утгагүй хэрэг юм. Хүн хүний хүсэл сонирхол, дадал зуршил, ярианы өнгө аяс гээд бүгд өөр өөр. “Гурван нас хүртлээ олж авсан зуршил наян нас хүртлээ байдаг” гэсэн үг байдаг даа. Хүний ааш зан бага балчраасаа эхлэн төлөвшдөг. Магадгүй анхнаасаа тийм төрсөн ч байж болно. Тийм хүнийг өөрийнхөө сонирхолд тааруулан өөрчлөх гэсэн оролдлого бол шунал төдийгүй ийм шуналаа хаяхгүй бол улам л зөрчил дагуулна.

Хүүхдийнхээ санаа бодлыг сонсолгүй, хүүхэддээ хэт их боловсрол олгох гэдэг, эсвэл эцэг эх өөрсдийнхөө хүслийг хүлцэнгүй дагуулах гэдэг, хүүхдийн өөрөө шийдвэрлэх ёстой юман дээр нь ч хүртэл хориглодог эцэг эхчүүд цөөнгүй байдаг. Аав ээжүүдийн иймэрхүү шунал харин ч эсрэгээрээ хүүхдийг бүр зовоож орхидог. Сүүлдээ бүр зарим эцэг эх хүүхдийнхээ гэрлэлтийг нь ч хүртэл хааж боох тохиолдол байдаг. Өөрсдийнх нь хэм хэмжүүрт болон нөхцөл байдалд тохирохгүй гэсэндээ тэр шүү дээ. Хүүхэд өөрөө өөрийнхөө амьдралыг авч явах хэмжээнд эцэг эх ер нь туслагчийн үүрэг гүйцэтгэхэд л болно. Тэр талыг нь онцолж, хариуцлагаа үүрэхэд нь урам дэм өгөх зэрэг нь хүүхдэд тусалж байгаа хэрэг юм.
Эхнэр нөхрийн тухайд ч ялгаагүй. Өөрийн чинь хүслийг дагасангүй гээд ханиа зэвүүцэн үзэн ядаад байлгүй, өгөөмөр уужим сэтгэлээр хандаарай. “Тэр үед би ёстой дурлалдаа сохорсон байж дээ” гэж халагласан бодол төрсөн ч харамсаж өөрийгөө буруутгаад байлгүй, хайр хүндлэлийн нүдээр түүнийг харахыг хичээгээрэй. Тэгвэл ханийнхаа сул талаас илүү давуу талыг нь олж харж чадна.
Хэн хүнгүй л өөгүй өв тэгш гэр бүлийг хүсэн мөрөөддөг. Халамжтай аав, ухаалаг сайн ээж, эцэг эхдээ ачлалтай эв эетэй хүүхдүүд, эелдэг найрсаг бэр, итгэл даах хүргэн гээд л. Гэвч энэ дэлхийд төгс хүн байдаггүйн адил гэр бүлийнхэн чинь өөрийн тань сэтгэлд таалагдах албагүй шүү дээ. Гэр бүл гэгч дэлгүүр хэсээд, шилж сонгоод авчихдаг эд биш. Гэр бүл бол цусан холбоогоор, хайраар холбогддог харилцаа юм. Тиймээс л гэрийнхнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч, ойлгох хэрэгтэй.
Хайртай хүнээрээ хайрлуулахаас илүү аз жаргал бий гэж үү? Хамгийн ихээр хайрлаж, мөн хайрлуулахыг хүсдэг оршихуй бол гарцаагүй гэр бүл. Тийм эрхэм нандин гэр бүлээ өөрийнхөө хүслээр өөрчлөх гээд байлгүй, дэргэд тань байгаад л талархаж, бие биенээ түшин хүчээ нэгтгэж, хүсэл тэмүүлэлтэйгээр хатуу ширүүн хорвоог туулаарай.

“Талын цэцэгсийг харах нь аз жаргал юм. Гэвч хүмүүс тэр цэцэгсийг түүж, гартаа атгахыг л аз жаргал гэж үздэг. Тиймээс гартаа атгангуут л гандаж хатдаг” хэмээн нэг хүн хэлсэн байдаг. Хэрэв та яг энэ мөчид өөрийгөө аз жаргалгүй байна гэж бодож байгаа бол талын цэцэгсийг түүх гэж зүтгээд байгаа юм биш биз. Эргэн нэг хараарай. Салхины аясаар найгах цэцэгсийг харж байгаадаа талархаж, тэр л цэцэгсийн анхилууныг хамтдаа мэдрэх хүмүүстэй байгаадаа сэтгэл хангалуун байгаарай. Тэгж гэмээнэ сэтгэл дотор тань бүр ч гоёмсог цэцэгс дэлгэрэх болно. Хатаж гандаагүй цэцэгсийг л аз жаргал гэдэг юм шүү.