Библид залуучуудыг үүрийн шүүдэртэй зүйрлэсэн байдаг. Ариухан, тунгалагхан үүрийн шүүдэр гэдэг үзэсгэлэнтэй харагддаг хэдий ч ердөө түрхэн зуур л үзэгдээд өнгөрдөг шүү дээ. Залуучууд залуу насандаа агуу ерөөл хүлээн авдаг ч тэр цаг хугацаа дорхноо л өнгөрнө. Тиймээс би боломж л олдвол ерөөл авъя гэж шийдсэн юм. Энэтхэгийн Панажигаас эргэж ирээд би Филиппиний Кесон Сити хот руу богино хугацааны тунхаглалд явахаар хүсэлт гаргав.
Кесон Сити бол Лузон арлын баруун өмнөд хэсэгт байдаг хамгийн том хот л доо. Хүн ам ихтэй, өргөн уудам нутагтай болохоор тэнд үндэсний ассемблей, төр засгийн байгууллагууд, нэр хүндтэй сургуулиуд их байдаг. Магадгүй үүнээс болоод ч тэр үү уг хот миний төсөөлж байснаас ч илүү хөгжсөн хот байлаа. Гэхдээ биднийг тунхаглаж байх үеэр ус тасардаг тул усанд орох ус тосож авах хэрэг гарна.
Ихэнх филиппинчүүд католик шашинтай тул Бурханы тухай, Библийн тухай ярихад хавьгүй амархан байлаа. Хүмүүс нь ч сонсох дуртай. Харин бид Бурханы үгийг нэлээн удаан зааж, Бурханы хүүхэд болж дахин төрөх санал хэлэнгүүт л “Би явах ажилтай болчихлоо”, “Би дүүгээ харна”, “Шашнаа солих хэцүү байна” гэх зэргээр янз бүрийн шалтаг тоочно. Библид итгэдэг, Библи ойлгодог гэсэн хэрнээ авралын боломжийг алдаж байгаа тэднийг хараад харамсаж, өрөвдөх сэтгэл төрнө.
Хэдэн өдрийн турш хүмүүс татгалзсан болохоор надад л нэг дутуу дулимаг юм байж таараа гэж би бодов. Өөрийгөө эргэцүүлэн эргэн хартал би гэгч хүн өө сэвээр дүүрэн нэгэн байв. Сайн мэдээний ажлаар явахдаа өөрт оногдсон үүрэг даалгаврынхаа төлөө хамаг чадлаараа хичээгээгүй, бэрхшээл саадтай тулгарахаараа Бурханыг түшихийн оронд хүнийг түшиж байж. Сүнс аврахын тулд надад бүр ч илүү чин зүтгэл, тэвчээр хэрэгтэй байлаа.
Дутуу талаа засахаар би “Зөвхөн Бурханыг л түшээрэй” гэсэн Эцэгийн үгийг санаад, оногдсон үүрэг даалгавраа итгэмжтэйгээр гүйцэтгэж эхэллээ. Тэнгэр Эцэг Эхийн сэтгэлээр сайн мэдээ тарааж, Бурханыг тэсэн ядан хайх сүнснүүдтэй уулзуулж өгөөрэй гэж залбирав.
Тэгээд цэцэрлэгт хүрээлэнд би нэг гэрлэсэн эрэгтэй хүнтэй таарч, Эх Бурханы тухай ярьж өглөө. Гайхалтай нь тэрээр надад “Бүх юм хосоор оршиж байхад Эцэг Бурхан байгаа юм чинь Эх Бурхан байх л ёстой” гэж бодож байсан талаараа ярив. Тэгээд ч зогсохгүй бүр тэрээр дорно зүг, дэлхийн хязгаарын орон Солонгост хоёр дахиа ирсэн Христийг сонсоод нүдээ том болгож, “Христ Солонгост хоёр дахиа ирсэн чинь үнэн юм уу? Христийг би Солонгост л ирэх ёстой гэж боддог байлаа” гэх нь тэр.
Тэрээр ганцаараа Библи судалж, хоёр дахиа ирэх Христийг хүлээж байсан гэнэ. Тэр ч бүү хэл бидэнд Христ хоёр дахиа ирэх талаар Библийн зөгнөл үзүүлснийг нь яана. Тэрээр маргааш нь сүм дээр ирнэ гэж амлаад явлаа. Зүрх догдлоод, түргэн түргэн цохилно. Бурханыг тэгтлээ тэсэн ядан хүлээж байсан сүнс авралын ерөөлийг алдалгүй аваасай гэж би залбирлаа.
Маргааш нь бараг болзсон цаг болчихоод байтал тэрээр харагдахгүй л байв. Бид санаа зовж байлаа. Бид түүн дээр очих аргагүй болохоор удаан хүлээсний эцэст буцдаг ч юм билүү гэж бодож байлаа. Гэтэл түүний Хоёрдугаар Христ ирсэнд болон Эх Бурхан байгаа гэдэгт баярлаж байсан төрх нь ой тойноос гарч өгөхгүй байсан тул явж чадаагүй юм. “Жаахан хүлээе, жаахан хүлээе” гэсээр бид түүнийг нэлээн хэдэн цаг хүлээв. Тэгтэл нэг хүн биднийг дуудаад гүйж байгааг нь сонслоо. Тэр мөн байлаа. Хожим нь бид түүнийг жипнигээр замдаа явж байхдаа утсаа алдаад, түүнийгээ цагдаад бүртгүүлэх энэ тэр гэсээр хоцорсон гэдгийг нь мэдсэн юм. Тэрээр ирэх замдаа бидэнтэй уулзуулж өгөөрэй гэж залбирч байсан гэнэ. Тэрээр Сион руу ирж Библи сураад, тэр даруй шинэ амийн ерөөл хүлээн авлаа. Ах дүү Елохим Бурхантай уулзаад маш их баяртай байв. Одоо ах дүү маань уйгагүй Библи үзэж байгаа.
Богино хугацааны тунхаглалын үеэр хайж олсон Давид гэдэг нэг ах дүү оюутан бөгөөд их оргилуун сэтгэлтэй нэгэн. Тэрээр найзтайгаа цуг Эх Бурханы тухай сонссоны дараа хэлэлцүүлэгт оролцож, ангийнхандаа Эх Бурхан байдаг талаар мэдүүлжээ. Тэрээр хэдэн өдрийн турш Сион руу ирж, шөнө дөл болтол Библи үзээд, үнэнийг хүлээн авснаасаа 4 хоногийн дараа сайн мэдээ тунхаглаж эхлэв. Түүний энэ идэвхтэй хандлага нь хуучин гэр бүлүүдэд сайнаар нөлөөлж байлаа.
Кесон Сити хотод хийсэн богино хугацааны тунхаглал бидэнд Эхийн соёрхсон тусгай хичээл мэт санагдаж байлаа. Бурханы надад оноосон үүрэг даалгаврыг гүйцээхийн тулд чадлынхаа хэрээр хичээж ажиллах ёстой гэдгийг, нэг сүнс Бурхан руу хөтлөх нь тэвчээрийн зам гэдгийг, Бурханыг хэрхэн түших, хэрхэн гэмших аргад ч би суралцсан юм. Филиппинд энэ мэт хичээлд суралцаж, гадаад сүмийн зөнч болно гэдэг мөрөөдлөө биелүүлэхэд нэг алхам ойртсон юм шиг санагдсан.
Филиппинд олон гэр бүл нойроо хасан шөнө ажиллаж, өглөө өдөр нь сайн мэдээ тараадаг. Тэндхийн гэр бүлүүд маань шатам халуун нарнаар ч, аадар борооноор ч хүчтэй итгэлээр сүнс аврахын төлөө бүхнээ дайчлан чармайж байлаа. Би ч мөн Филиппинд сурснаа ажил хэрэг болгон, хүчээ нэмэрлэх болно оо.