Эмээгийнхээ сэтгэлийг ухаарах сайхан сэтгэл
И Сүн Уг, Солонгос Чанвон
Надад нэг маш сайхан сэтгэлтэй зээ дүү байдаг юм. Тэр маань эмээдээ их санаа тавина аа. Эмээгийнхээ дуртай жигнэмэг, амтат төмс, төмс, жүрж гээд байсхийгээд л явуулж, дуртай амттанаа авч ид гэж жилдээ гурван удаа бага сага мөнгө гуйвуулна.
Ийм эелдэг зээд маань өнгөрсөн жил их хүнд юм тохиох нь тэр. Гэрлэснээсээ хойш үр хүүхэдгүй их удаж байгаа болохоор тэрээр сэтгэлээр нэлээн хүндхэн байсан л даа. Тэгж тэгж нэг юм жирэмслэсэн ч төрөхийн өмнөхөн хүүхдээ алдчихлаа. Энэ мэдээг сонсоод би гэдэг хүн уйлж гашуудах сөхөөгүй шууд л зээ дүүгийнхээ хэвтэж байгаа эмнэлэг рүү явлаа. Зээ дүү маань арван сарын турш хэвлийд байгаа хүүхдээ өсгөн бойжуулж, эсэн мэнд уулзахыг хүлээж байсан гэж хэлэхэд нь зүрх эмтрэв.
“Нагац эгч ээ, би охиныхоо царайг нэг удаа ч хараагүй байж санаж байна шүү дээ. Эмээ тэгэхээр манай ээжийг ямар их санаж байгаа бол оо?”
Түүний ээж бол миний дүү л дээ. Тэр үед ээж бид хоёр дүүтэй холбоо барилгүй их удсан байсан юм. Дүү маань ээж бид хоёрыг буруугаар ойлгож, нэг шалтгаанаар биднээс нүүр буруулсан байсан болохоор тэр л дээ. Зээ дүү маань “Ээжийг эмнэлэг дээр ирж, эмээ та хоёртой уулз гэж ятгана аа” гэлээ.
Түүний ингэж санаа тавьсны ачаар ээж бид хоёр дүүтэй уулзаж чадав. Бид түүнд ямархуу байхыг мэдэхгүй болохоор болгоомжилж байсан ч дахин уулзаж байгаадаа нэлээн баяртай байлаа. Дүүгийн минь сэтгэл бүрэн нээгдэх тэр өдөр удахгүй ирнэ гэж би итгэж байгаа.
Хожим нь зээ дүү маань хоёр ихэр охин гаргасан. Хүнд зовлон зүдгүүрийг даван туулсан зээ дүүгээрээ би бахархаж байлаа. Тийм хүнд бэрхшээлийн дунд ч хүртэл эмээгийнхээ л сэтгэлийг ухаарч суусан зээ дүүдээ их баярласан. Зээ дүү маань эрүүл чийрэг төрсөн ихэр үрстэйгээ өнө удаан жаргалтай амьдрахыг хүсэж байна. Хөөрхөн зээ дүү минь ээ, маш их хайртай шүү. Нагац эгч нь чамаар бахархаж байгаа шүү.