WATV.org is provided in English. Would you like to change to English?

Бурханы хайр

276 Үзсэн тоо

Бурхан бидэнд “Үргэлж баяртай бай”, “Бүх зүйлд талархлаа өргө” хэмээн сургасан. Цаг үе хувьсан өөрчлөгдөж, юмс хөгжихийн хэрээр улам л баргар болж буй ийм нийгэмд бид үргэлж баяртай байж, бүх зүйлд талархлаа өргөх ёстойн утга учир бий. Энэ бол нүгэл дунд амьдарч байгаа биднийгээ марталгүй, нүгэл ба алдааг маань угааж, шинээр өөрчлөн өгч буй Бурханы хязгааргүй хайр юм.

Итгэлийн амьдралаар амьдарч байгаа хэрнээ баярладаггүй, талархдаггүй хүн байдаг бол өчүүхэн зүйлд ч хязгааргүй баярлаж, бүх зүйлд талархдаг хүн бий. Энэ нь Бурханы хайрыг ухаарах ухаарлын ялгаатай байдлаас болж байгаа юм. Бурханы хайрыг ухаараагүй хүнд бол бүх зүйлд талархана гэдэг үнэхээр хэцүү байна. Харин ухаарсан хүнд бол үргэлж баярлаж, бүх зүйлд талархах нь маш хялбархан, бас байдаг л хэрэг.

Үргэлж хамт явдаг Бурхан

Бурхан биднийг тэнгэрийн хаанчлалд хөтлөхийн тулд хичнээн хүнийг илгээсэн бол? Үнэн хэрэгтээ өдийг хүртэл бидэнтэй нүүр учирсан бүх хүн биднийг үнэн рүү хөтлөгдөх явцад зарим нь сорих үүргээр, зарим нь туслах үүргээр Бурханаас илгээгдсэн зарлагууд юм. Гагцхүү бид л үүнийг нь гадарлахгүй амьдарч ирсэн төдий.

Авралын үнэнг хүлээн авсан бид итгэлийн амьдрал ба үгнээс Бурханы хайрыг нэг нэгээр ухаарахдаа Бурханыг хайрлаж, урьдынхаасаа илүүтэй байнга бодож ивээлд нь талархах болсон. Харин бид хоногийн 24 цагийн хэсэгхэн мөчид л Бурханыг санадаг бол Бурхан биднийг хормын төдий ч марталгүй, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж байдаг.

Урьд би Америкийн нэгэн салбар сүмд айлчилж байхдаа хананд өлгөөстэй жаазанд англиар “Footprints (Хөлийн мөр)” гэсэн гарчигтай нэгэн шүлэг байсныг уншиж байсан юм байна. Шүлгийн гол санаа ийн байлаа.

Нэгэн хүн зүүд зүүдэлжээ. Тэрээр зүүдэндээ Бурхантай хамт далайн эргээр алхаж байж. Түүний туулж өнгөрүүлсэн амьдралынх нь замд хоёр хүний хөлийн мөр далайн эргийн элсэн дээр зэрэгцэн гарсан байв. Нэг нь өөрийнх нь мөр, нөгөө нь түүнтэй хамт явсан Бурханы мөр байв.

Гэтэл хөлийн мөрийг сайтар ажаад байсан чинь өөрийнх нь амьдралд сорилт, зовлон тулгарч байсан хамгийн хүнд үеүдэд ганцхан л хүний мөр гарсан байгааг олж харжээ. Тэрээр Бурханд маш ихээр гомдоллож гэнэ.

“Бурхан минь, намайг дардан замаар алхах үед Та надтай хамт байсан хэрнээ хүнд сорилтонд орсон үед яагаад орхисон юм бэ? Намайг зовж зүдрэхэд улам л тусалж, хамт байх ёстой байсан биш үү?”

Тэгтэл Бурхан ийн хариулжээ.

“Би хэзээ ч чамайг орхиогүй, үргэлж чамтай хамт явж байсан. Аюул осолгүй тэгш дардан замд чамтай мөр зэрэгцэн алхаж байв. Харин аюул тулгарахад чамайг үүрээд бартаат уулыг даван, бүх сорилтын эсрэг тэмцэн алхсан. Сорилт, зовлонгийн үед үлдсэн тэр мөр бол чинийх биш, харин чамайг үүрээд алхаж явсан Миний мөр” хэмээжээ.

Бурханыг хайрладаг гэх авч биднийг гэх Бурханы хайр юутай ч зүйрлүүлшгүй агуу гэдгийг энэхүү шүлгээс бид мэдэж болно. Хүний бодлоор илэрхийлэх аргагүй зүйл бол Бурханы хайр билээ. Тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг ухаарч ойлготлоо бид илүү чухалчлан гуйж, хичээх хэрэгтэй юм (Ефе 3:18-19).

Үхлээрээ баталсан Бурханы хайр

Хүний хайранд өөрийн ашиг хонжоог эрэлхийлсэн аминч үзэл оршдог. Харин Бурханы хайр бол ямар ч төлбөр төлөөс авдаггүй төгс хайр билээ.

“Түүгээр ч барахгүй мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон нь тэвчээрийг, тэвчээр нь батжилыг, батжил нь найдварыг төрүүлдгийг мэднэ. … Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг. Биднийг дорой байхад, сүсэг бишрэлгүй хүмүүсийн өмнөөс Христ яг л цагтаа үхсэн билээ. Хэн нэг нь зөвтний төлөө барагтай бол үхэхгүй ч сайн хүний төлөө хэн нэгэн үхэхээр зүрхэлж магадгүй юм. Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө үхсэнээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан. Тиймд эдүгээ Түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа Түүгээр дамжин уур хилэнгээс ч аврагдах болно. …” Ром 5:3-11

Бурхан сүнслэг цаазын ялтан бидний оронд ташуурдуулан, жадлуулж, цусаа урсган, загалмайд нас барж, үүгээрээ биднийг гэсэн хайраа баталсан билээ. Тиймдээ ч Библид Бурханыг хайр хэмээн тодорхойлсон.

Хүний амь хязгаартай, амьдрал ахархан байдгийн адил хүний хайр ч мөн хязгаартай, мөнхийн байж чаддаггүй. Хоёр биенээ хичнээн хайрладаг хосууд, эхнэр нөхөр ч хэрүүл маргаанаар салж сарниж л байдаг. Хэдий энхрий дотно харьцаатай эцэг эх, үрийн холбоо ч орчин нөхцөлөөс шалтгаалж хайр нь хөрж орхих нь бий. Хүний хайр мөнх биш байдгийн учир нь тэр хайрыг хязгаарлах болзол байдагт юм. Хүний хайр бол ямар ч болзолгүй хайр биш.

Харин Бурханы хайранд болзол байхгүй. Бурхан баян ядуу, чөлөөт хүн боол, юмтай юмгүй гэж ялгаварлалгүйгээр биднийг сонгосон билээ. Мөн мөнхийн тэнгэрийн хаанчлалд эргэж очих тэр нэгэн өдрийг хүртэл бидэнд ирдэг бүхий л сорилт шалгалтын мөчид хором бүрд хамт байн, сорилтоос ангижруулж, тэнгэрийн хаанчлалын замаар хөтөлдөг юм.

“Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. Бурхан цорын ганц Хүүгээ ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм. Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн улмаас Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэнд л хайр байгаа юм. Хайртууд минь, Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биенээ хайрлах учиртай.” 1Иох 4:7-11

Үхлээрээ баталсан Бурханы эрхэм дээд хайрыг бид хүртсэн. Тэр ивээлийг ухаарсан бол бид ч Бурханы хайраас суралцан, амьдралдаа хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Бурхан биднийг хайрласан шиг бид ч мөн нэг нэгнээ хайрлан, дэргэдээ байгаа сүнснүүдийг Түүний хувиршгүй хайр руу хөтлөн авчрахад бие сэтгэлээ зориулах хэрэгтэй билээ.

Үеийн төгсгөл хүртэл хамт байх Бурханы хайр

Хүмүүс өөрсдийнхөө хайрыг үргэлж мөнх мэтээр ярьдаг ч тэдний хэн нь ч үеийн төгсгөл хүртэл хамт байхгүй шүү дээ. Туйлын ачлах сэтгэлтэй үр хүүхэд, үрээ хайрлахдаа бусдаас онцгой эцэг эх байлаа гээд цаг ямагт хувиршгүй хайраар хайрлаж, эцсээ хүртэл хамт байж чадахгүй.

Зөвхөн Бурхан л биднийг мөнхөд хайрлах бөгөөд дэлхийн сүүлчийн өдөр хүртэл үргэлж хамтдаа байна хэмээн амласан.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20

Бурхан энэ мэтээр хүний хайртай зүйрлэмгүй хувиршгүй сэтгэлээр биднийг хайрлаж, мөнхийн тэнгэрийн хаанчлалыг хүртэл амласан билээ. Ийм байтал бид Бурхандаа баярлахгүй, талархахгүй байж болох уу?

“Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн.” 1Тес 5:16-18

Итгэлийн амьдралаас бидний мэдэрч буй баяр баясгалангийн угт биднийг гэсэн тэнгэр Эцэг Эхийн минь хувиршгүй хайр оршдог. Дэлхийн хүмүүс найдвар байхгүй болохоор өтөлж хөгшрөх нь, өвчин тусах нь ч эмгэнэлтэй. Бурхантай уулзаагүй, тэнгэрийн хаанчлалын амлалт аваагүй хүнд өтөлж хөгшрөх гэдэг нь мөнхийн сүйрлийн зүгт тэмүүлж буйн илрэл болохоор тийм хүмүүс цөхөрч, гуньж гашуудахаас ч өөр яахав. Хажуудах улсууддаа ч гомдож дургүйцнэ.

Харин тэнгэрийн хаанчлалын амлалт авсан итгэгчдийн хувьд насан өтөл болно гэдэг тэнгэрийн хаанчлалд буцах цаг нь ойрхон ирсэн болохоор зол жаргалтай, баяр хөөртэй хэрэг. Бид үнэнийг хүлээн авч, тэнгэр Эцэг Эхтэйгээ уулзсан улс. Мөн Эцэг Эх Бурхан бидэнд мөнхийн тэнгэрийн хаанчлалыг амласан. Эцэг Эх Бурханд итгэвээс ийм баяр хөөр, аз жаргал ирэхгүй гэж үү.

Ертөнц биднийг нэг их ойшоож үзэхгүй ч Бурхан дуусашгүй хайр халамжаараа биднийгээ ач ивээлдээ багтаасан. Энэ дэлхий биднийг үл тоомсорлон хавчина. Харин Эцэг Эх Бурхан маань биднийг ертөнцийн хамгийн эрхэм үрээ гэж үзэн, өндөрт тавина. Цаг үргэлж Бурхандаа талархал, яруу алдар өргөх ёстойн учир энэ.

Гомдоллогчийг Бурхан шүүнэ

Бидний итгэл дутсанаас заримдаа Бурханы хязгааргүй хайрыг ойлгохгүй, андуу ташаа ойлгох үе бий. Гэвч бүх гай зовлон, аюул түүтгэрийн өмнө Бурхан биднийг үүрээд, Өөрийн биеэр ялалтанд хүргэж, үргэлж бидэнтэйгээ хамт явдгийг мартуузай. Бурханы хайрыг эс ухаарвал гомдол дургүйцэл, ухаарвал баяр хөөр, талархал төрөх юм.

“Тиймээс ах дүү нар аа, Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун. Харагтун, тариачин хөрсний үнэт үр жимсийг хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтсон бороог ортол тэсвэртэй хүлээдэг юм. Та нар ч бас тэвчээртэй бай. Эзэний ирэх ойртсон тул зүрхээ чангал. Ах дүү нар аа, та нар өөрсдөө шүүгдчихгүйн тулд бие биенийхээ эсрэг бүү гомдолло. Харагтун, шүүгч үүдэн дээр зогсож байна. Ах дүү нар аа, Эзэний нэрээр ярьж байсан эш үзүүлэгчдийн зовлон ба тэвчээрийн жишээг авагтун.” Иак 5:7-10

Асар их гамшиг, гай зовлон, сорилтын дунд ч биднийг харж хамгаалдаг Бурханы ивээлийг мартаж болохгүй. Хэрэв мартах юм бол зүрх сэтгэл гомдлоор дүүрч, аар саархан зүйлд ч гомдоллосоор эцэстээ сүйрнэ. Гомдоллодог хүн сүйрнэ гэснээс бодоход гомдол гэгч нь бага нүгэл биш болохыг ч бас санаж явах учиртай.

Бидэнд хожим буцах мөнхийн тэнгэрийн хаанчлал бий шүү дээ. Авралын маань төлөө амиа хүртэл орхисон Бурханаа санаж, тэнгэрийн орны тал дээр илүү бат итгэл, найдвартай байцгаая.

“Гэсэн ч тэдний олонх нь Бурханы таалалд нийцээгүй тул цөлд хиарсан юм. Тэд тачаадан хүссэн шиг муу муухай юмсын араас бид тачаадан хүсэхгүй байхын тулд энэ нь бидэнд жишээ болсон юм. Тэдний заримтай адилаар шүтээн шүтэгчид бүү бол. … Тэдний зарим нь гонгинож, устгагчаар хөнөөгдсөн болохоор тэдэн шиг бид үл гонгиноцгооё. Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг үеийн төгсгөл тохиож буй бидэнд сануулга болгон бичжээ. Тиймээс өөрийгөө зогсож байна гэж бодогч нь уначихгүйн тулд болгоомжил.” 1Кор 10:5-12

Аль ч үед ухаарал байхгүй хүмүүс эрт үеийн израиль ард түмэн шиг Бурханд гонгинон гомдоллож байв. Газрын зүйлсэд санаа тавингаа тэнгэрийн хаанчлал явах гэсэн хоёрдмол санаа нь гомдлыг үүсгэдэг. Бурхан дээгүүрхийг буюу удахгүй очих тэнгэрийн орныг бодоод, бүх зүйлд талархлаа өргө хэмээсэн. Тийм байтал дуулгаваргүй хүмүүс махан биеийн шуналдаа автан, өчүүхэн зүйлд ч гомдоллох болдог.

Итгэлийн амьдралаар амьдрахдаа Бурханаас эмээх нь мөнхийн тэнгэрийн хаанчлалд орохын төлөө билээ. Харин хэсэгхэн байж байгаад устаж үгүй болдог энэхэн амьдралын ерөөлийг олж авахын тулд биш юм. Сүнслэг билгийн хараатай байж, сүнслэг хүслийг даган үйлдэхийг Библи бидэнд зөвлөдөг. Тэгж байж л Бурханы хайр, тэнгэрийн хаанчлал харагдах бөгөөд жинхэнэ баяр хөөрийг мэдэрнэ.

Талархлаар дүүрэн бай

Бурханд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд одооноос бид ч бас амьдралдаа хайрыг хэрэгжүүлцгээе. Зөвхөн нөгөө хүнээсээ хүсээд байж болохгүй. Гэр бүлээсээ эхлээд эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ, нэг нэгнийхээ төлөө юу хийж чадах вэ гэдгээ бодоод нэг үзье. Хүүхдүүд нь яавал эцэг эхээ баярлуулах вэ гэж, эцэг эх нь яавал хүүхдүүдээ баярлуулах бол гээд сайтар бодоод санаа тавья. Өөрийн ашгийг эрэлгүй, бусдад санаа тавих нь Бурханы сэтгэл юм.

Бурхан гагцхүү Өөрийн л амар амгаланг эрсэн бол энэ газарт ирэх шаардлагагүй. Бурхан биднийг санан, энэ газарт ирсний адил бид ч мөн Бурханы тэрхүү сэтгэлээс суралцан, эхнэр нь нөхрийнхөө, нөхөр нь эхнэрийнхээ, хүүхдүүд нь эцэг эхийнхээ, эцэг эх нь хүүхдүүдийнхээ байр сууринаас бодоод, нэг нэгнээ хайрлаж сэтгэл тавих ёстой. Бурханы хайранд ийн суралцаад, амьдралдаа хэрэгжүүлэхэд энэ хорвоод гомдоллох зүйл ганц ч гарах учиргүй. Үнэндээ бидэнд тулгардаг бүхий л зовлон, бэрхшээл нь биднийг тэнгэрийн хаанчлалын зүг хөтлөхөд зайлшгүй хэрэгтэй үйл явц болдог төдийгүй гарцаагүй бий болдог байдал юм гэдгийг бид ухаарах болно.

“Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биенээ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. … Талархагтун. Зүрхэндээ Бурханд хандсан баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд, бүхий л мэргэн ухаанаар та нар бие биендээ заан, бие биенээ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөж бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн.” Кол 3:13-17

Ингээд бодохлоор бидэнд тулгарсан бүхэн нь талархууштай хэрэг юм. Гомдлоо орхин, бүх зүйлд талархацгаая. Бурхан Өөрөө бидний дотор орших болсон ивээлд, мөн тэнгэрийн хаанчлалд буцаахаар болгосон ивээлд нь талархал өргөе. Түүнчлэн Өөрөө бидний Эцэг Эх болж, биднийг ах эгч дүүгийн барилдлагаар холбож өгсөн тэр ивээлд, шинэ гэрээний эрхэм үнэнийг сахин хамгаалж, бидэндээ уламжлуулж өгсөнд нь гээд бүх ивээлд талархлаар бялхацгаая.

“Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа, заалгаснаараа Түүнд үндэслэгдэн, байгуулагдаж, итгэлдээ баталгаажин, талархлаар бялхагтун.” Кол 2:6-7

Урьд нэг удаа сүмийн маань нэгэн хариуцагчийн гэрт болсон явдлыг сонсоод сэтгэл ихэд хөдөлсөн юм. Түүний настай буурал эцэг эх нь үнэнийг мэддэггүй байхдаа маш их эсэргүүцдэг байснаа үнэнийг ухаараад “Тэр үед яагаад тэгж үгүйсгэдэг байснаа мэдэхгүй юм” гээд итгэлийн амьдралаар идэвхтэй амьдарч байгаа гэнэ. Нас сүүдрийг нь харвал хүүхдүүдээсээ халамж анхаарал хүсэх нас хэдий ч харин ч бүр “Чи одоо зөнчийн ажил эрхэлж байгаа болохоор надад зовох хэрэггүй. Харин Бурханыхаа ажилд илүү санаа тавиарай” гэсэн гэнэ. Үнэнийг оройтож ухаарсан ч тэр ухаарал нь үнэхээр гүн байсан бололтой.

Тэнгэр Эцэг Эхийн хайрыг ухаарч чадахгүй бол төгс итгэлээр дахин төрж чадахгүй. Бурхан бол хайр болохоор тэрхүү хайрыг ухаарахгүйгээр хэрхэн Бурханыг бүрэн таньж мэдсэн гэж хэлж болох билээ? Илчлэл номонд хорин дөрвөн ахлагч титмүүдээ тайлан Бурханы сэнтийн өмнө тавиад, Түүнд яруу алдар, хүндэтгэлийг өргөж буй дүр зураг тэмдэглэгдсэн байгаа нь хүүхдүүдээ гэсэн Бурханы гүн гүнзгий хайрыг ухаарсан болохоор тэр юм (Илч 4:9-11 үзэх).

Энэ газар бол тэнгэрт нүгэл үйлдсэн нүгэлтнүүдийн хөөгдөн бууж ирсэн хоргодох хот буюу сүнсний шорон. Шоронгийн амьдралд ая тухтай байдаг хүн гэж байхгүй. Энэ газар бол бүгд өөр өөрийн ачааг үүрч амьдрах газар. Мөн энэ газрын амьдрал дуусвал нүглийн уучлал авч чадаагүй хүнийг шүүлт ба мөнхийн ял хүлээж байдаг. Харин бидэнд тэнгэрийн хаанчлал, мөнх амь, аврал бий. Энэ газарт хичээсэн зүтгэлийнхээ дагуу авах тэнгэрийн шагнал болон “хаан тахилчийн” үүрэг, мөн Бурханы хязгааргүй хайр үргэлж бидэнтэй хамт орших болно. Тиймээс бүх зүйлд талархал өргөдөг Бурханы хүүхдүүд болох нь зүйтэй билээ.

“Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчид бай. Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дор яв. Харин ариун хүмүүст үл нийцэх аливаа садар самуун, бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурдагдаг. Садар булай, шалиг балай эсвэл самуун балиар яриа нь зохимжгүй. Харин оронд нь талархалаа өргө.” Ефе 5:1-4

Бурхан бидэнд Библиэр сургасан ёсоор ганц үг хэлэхдээ ч хүртэл цаг ямагт Бурхандаа талархал, яруу алдар өргөдөг байцгаая. Бурхан ийм л хүнд талархмаар зүйлсийг улам бүр бялхтал соёрхож өгнө.

Ар гэр, ам бүл, сүмээсээ эхлэн талархах хөдөлгөөн өрнүүлбэл дэлхийн аврал ч хурдан биелэх болно. Гомдол, дургүйцэл дүүрсэн энэ дэлхийд Бурханы хүүхдийн хувьд талархлаар улам бүр гэрэлтээд, тэнгэр Эцэг Эхийнхээ хайрыг ихээр мэдүүлж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг дэлхий даяар тунхаглахыг хүсэх байна.

Бид тэнгэрийн нэгэн ам бүлийнхэн билээ. Бурхан бидний сүнсний маань Эцэг, Эх юм. Бурхан биднийг эцэс хүртэл хайрлаж, нүдний цөцгий мэт хамгаалдаг болохоор тэр хайрыг нь хэсэг зуур ч марталгүй байцгаая. Мөн тэр хайранд нь бат итгэн түшээд, мөнхийн тэнгэрийн хаанчлалд ороорой.