1. Арван тушаал ба асар
Мосе Синаи ууланд Арван тушаал бичсэн чулуун хавтанг авах үед Бурхан түүнд тэнгэрийн ариун газрыг харуулсан байдаг. Мосе уулнаас бууж ирмэгцээ Израиль ард түмэнд Бурханы үгийг дамжуулж, Арван тушаал хадгалах асар майхан барихад шаардагдах алт, мөнгө, нарийн нэхсэн маалинга, даавуу гэх мэт асар барих материал ард түмнээс цуглуулав. Хүмүүс өдөр бүр сайн дурын өргөлүүдийг авчирдаг байсан бөгөөд асар барихад цуглуулсан материал хийх ёстой бүх ажил үйлчлэлд хангалттай хүрэлцээтэй байсан тул Мосе тэдэнд цаашид хандив авчрахгүй байхыг сануулан хэлэв (Гэт 35:4-36:7).
Бурхан мэргэн ухаан, ойлголтыг өгсөн Безалел, Охолиаб болон бусад урчууд асар барьж эхэллээ. Тэгээд хоёр дахь жилийн эхний сарын эхний өдөр асар баригдсан юм. Тийнхүү тэд Арван тушаал сийлсэн чулуун хавтан бүхий гэрээний авдрыг ариунаас ариун газар тавилаа (Гэт 40:1-38). Асрыг нарийн маалинган утас бүхий хөшгөөр хийсэн тул бас “майхан” ч гэж нэрлэдэг байв. Асар майхан нь цөлөөр хэрэн тэнүүчилж, аян замд явж байдаг израильчуудад зориулагдсан тул суурин барилга бус, зөөврийн ариун газар байсан юм.
Давидыг нас барсны дараа Соломон Израилийн хаан болж, хаанчлалынхаа 4 дэх жилдээ эцэг Давидынхаа сүүлчийн хүслийг даган, Бурханы ариун газрыг барьсан байдаг. Долоон жил зургаан сарын дараа ариун газар баригдаж гүйцэн, гэрээний авдрыг суурин ариун өргөөнд хадгалав (1Хаа 6:1-38; 2Шас 5:1-7:1).
2. Асрын бүтэц
Асар нь угсардаг тэгш өнцөгт хэлбэртэй ариун газар байсан бөгөөд өргөн нь 50 тохой, урт нь 100 тохой байв (※Тохой: Тохойноос дунд хурууны үзүүр хүртэлх шууны уртад үндэслэсэн эртний уртын нэгж, ойролцоогоор 44.5 сантиметр. Урт нь газар болон цаг үеэсээ хамаараад бага зэрэг ялгаатай байв).
Асрын үүд зүүн зүгт харсан, Бурханы сэнтий орших ариунаас ариун газар баруун зүг рүү харсан байлаа. Шатаалт тахилын ширээг асрын үүдний өмнө байрлуулж, дараа нь угаалгын савыг байрлуулснаар тахилч нар ариун газарт орохоосоо өмнө гар, хөлөө усаар угаана. Ариун газрыг дотоод ариун газар болон гадаад ариун газар гэж хуваажээ. Гадаад ариун газрыг ариун газар, дотоод ариун газрыг ариунаас ариун газар гэж нэрлэдэг байв.
Гадаад ариун газарт (ариун газарт) утлагат тахилын ширээ, дэнлүүний алтан суурь, тавиг талхны ширээ байлаа. Дотоод ариун газарт (ариунаас ариун газарт) Арван тушаал бүхий чулуун хавтанг агуулах гэрээний авдар байв. Ариун газрыг ариунаас ариун газраас тусгаарлах хөшиг байлаа. Уг хөшиг нь ариунаас ариун газар орох замыг хааж байлаа. Харин Есүс загалмай дээр нас барахад ариун газар ба ариунаас ариун газрыг хувааж байсан сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуурч, ариунаас ариун газар орох зам нээгдсэн юм (Мат 27:50-51).
3. Амийн жимс ба Арван тушаал
Тахилчид энэхүү асар дотор тогтоол журмын дагуу Бурханд тахил өргөв. Ариун газрын хэрэгсэл дундаас хамгийн чухал хэсэг нь Арван тушаал сийлсэн чулуун хавтанг хадгалдаг гэрээний авдар байсан юм. Гэрээний авдрыг ариунаас ариун газар тавьсан. Ариун газар тэргүүн тахилчаас өөр хэн ч орж чаддаггүй байлаа. Тэргүүн тахилч ч хүртэл Эвлэрүүлгийн өдрөөр бухын цуснаас авч цацан өөртөө эвлэрүүлэл хийснийхээ дараа л орж болдог байлаа (Лев 16:6-34, Евр 9:1-7). Гэрээний авдрын тагийг эвлэрүүлгийн таг гэж нэрлэдэг. Эвлэрүүлгийн таган дээр өөд өөдөөс нь харуулсан далавчаа дэлгэсэн хоёр херуб байрлуулсан байдаг. Энэ херубууд нь Еден цэцэрлэгийн амийн жимсний модыг хамгаалж байсан херубуудыг илэрхийлж байлаа. Энэ нь Бурхан Еден цэцэрлэгийн амийн жимсний оронд Арван тушаал өгсөн гэдгийг харуулж байгаа хэрэг. Хэрэв хэн нэг хүн Арван тушаал (амийн жимс) байдаг ариунаас ариун газар руу орвол тэрээр үхдэг байлаа. Аароны хоёр хүү Бурханы өмнө зөвшөөрөлгүй гал өргөхдөө Бурханаас гарч ирсэн галд үхсэн байдаг (Лев 10:1-2). Узза гэрээний авдарт хүрч, тэр даруй үхсэн байдаг (2Сам 6:6-8). Үүний учир нь Еден цэцэрлэгийн амийн модыг хамгаалж байсан херубууд галт илдтэй байсантай холбоотой юм (Эхл 3:24).
4. Газрын ариун газар ба тэнгэрийн ариун газар
Мосегийн барьсан газрын ариун газар нь Бурхан болон ард түмний хоорондох зуучийн хувиар хожим Христ тэнгэрийн ариун газар жинхэнэ тахил өргөхийг урьдчилан харуулсан загвар юм. Христ тэнгэрийн ариун газрын Тэргүүн тахилчийн албыг гүйцэтгэдэг учраас биднийг байнгын өдөр тутмын залбирлын цагуудаар болон Амралтын өдрөөр Бурханд залбирах үед бидний залбирал утлагын утаа болж Бурханы сэнтийн өмнө суунаглан залбирлын хариу ирдэг. Христ мөн адил баяруудаар тэнгэрийн ариун газарт бидний Тэргүүн тахилчийн албыг гүйцэтгэн Зууч болдог тул бид Бурханы тушаасан баяруудын үеэр залбирлын цагаар Бурхантай харилцдаг. (Зууч гэдэг нь хоёр талыг эсвэл хүмүүсийг эвлэрүүлэхийн тулд хөндлөнгөөс оролцож тусалдаг хүн юм.) Христ биднийг Бурхантай эвлэрүүлэхийн тулд эвийн тахил болсон. Тэрээр мөн шинэ гэрээ байгуулж, улмаар Бурханы зүрхийг хүүхдүүд рүү нь, хүүхдүүдийнх нь зүрхийг Бурхан руу эргүүлэх Зуучийн үүрэг гүйцэтгэсэн юм (Евр 9:15, Ром 3:25 үзэх).
Паул элч хуучин гэрээний ариун хүмүүсийн газрын ариун газар сахиж байсан Бурханы баяруудыг газар дээр үйлдсэн гээд, шинэ гэрээний ариун хүмүүсийн сахисан шинэ гэрээний баяруудыг тэнгэрт үйлдсэн гэсэн байдаг (Евр 12:22-23 үзэх). Тийм учраас газрын ариун газрын бүх тогтолцоогоор бид тэнгэрийн ариун газрыг ухаарч, тэнгэрийн ариун газар үйлдэгдэх баяруудын утга учрыг ойлгох юм. Тэнгэрийн ариун газрыг бид ойлгохгүйгээр шинэ гэрээний баяруудыг ойлгож ч чадахгүй, тэдгээрийг сахиж ч чадахгүй юм.
Бидний Тэргүүн тахилч болох Христ одоо ч бидний төлөө тэнгэрийн ариун газар зуучлах ажлаа хийсээр байгаа. Есүс Христийн зуучлах ажлаар дамжуулан бидний залбирал байнгын залбирлын цагаар, Амралтын өдрөөр мөн баяруудаар Бурханы сэнтийн өмнө хүрдэг. Зуучлалын ажил хийж өгсөн Христэд талархал өргөж, бүхий л нүглээ уучлуулахын тулд Бурханы хууль тушаалыг тэвчээртэйгээр сахицгаая.