Бурхан биднийг ямар үг хэлээр яриасай гэж хүсдгийг судалж үзэцгээе.
1. Талархлын үг
Харин ариун хүмүүст үл нийцэх аливаа садар самуун, бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурдагдаг. Садар булай, шалиг балай эсвэл самуун балиар яриа нь зохимжгүй. Харин оронд нь талархалаа өргө. Ефе 5:3-4
Библид талархлын үгээр ярих ёстойг сургасан байдаг. Нүглийн улмаас үхэх болсон сүнсний төлөө Бурхан Өөрийн биеэр энэ газарт ирээд бүх нүглийг маань үүрч биднийг аварсан. Үүгээр ч зогсохгүй үхэл ба зовлон байхгүй зөвхөн баяр хөөр бялхах тэнгэрийн хааанчлал өөд биднийг хөтлөн байгаа. Авралын энэ ивээлийг бодоод бид өдөр тутам үргэлж талархлын үг хэлдэг байх хэрэгтэй.

2. Цагаа олсон үг
Онож хэлсэн хариултад хүн бүр баярладаг. Цагаа олсон үг юутай сайхан бэ! Сур.Үгс 15:23
Зохимжтой хэлсэн үг мөнгөн хээ угалзны дундах алтан алим мэт буюу. Сур.Үгс 25:11
Бурхан айлдахдаа цагаа олсон үг юутай сайхан гэсэн байна. Мөн зохимжтой хэлсэн үгийг мөнгөн хээ угалзны дундах алтан алимтай адил үнэ цэнэтэй хэмээн сургаж, цагаа олсон үгний ач холбогдлыг онцлон хэлжээ. Цагаа олоогүй үг хичнээн зарчимч, зөв зүйтэй мэт байвч нөгөө хүнийхээ сэтгэлийг шархлуулах юм уу маргаан үүсгэх талтай. Цагаа олсон, нөхцөл байдалд тохирсон үгээр ярьж ойр тойрныхондоо баяр хөөр өгч, Бурханаа алдаршуулах ухаалаг хүүхдүүд болцгооё.
3. Бурханыг алдаршуулах үг
Тэвчээр ба урамшууллын Бурхан нь та нарыг Христ Есүсийн дагуу нэг бодол санаатай байлган соёрхох болтугай. Ингэх нь бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханыг та нар санаа нийлж, ам нэгдэн алдаршуулахын тулд юм. Ром 15:5-6
Бид цаг үргэлж Бурхандаа яруу алдар болон магтаал өргөх хэрэгтэй. Бидний хийж байгаа ажил дунд өөрийн хүчээр хийж чадах ажил нэгээхэн ч үгүй. Харин Бурхан бидэнд тухайн нөхцөл байдал, боломжийг бүрдүүлж, тусалж өгдөг учраас бид хийж чаддаг юм. Тиймээс бидэнд үргэлж тусалдаг Бурхандаа талархал, яруу алдар өргөх нь зохистой. Мөн ерөөл авахын тулд Бурханыг алдаршуулах учиртай.
Эхийн сургаалын хоёрт “Бурханыг алдаршуулбал тэр яруу алдар надад эргэж ирнэ” гэсэн сургаал бий. Бурханд яруу алдар өргөх нь мэдээжийн зүй ёсны хэрэг боловч Бурхан тэр яруу алдрыг бидэнд буцаан өгнө гэхээр хичнээн талархмаар хэрэг билээ дээ? Бид Бурханыхаа сургаалыг санан, ганц үг хэлэхдээ ч Бурханаа алдаршуулах үг хэлээд ерөөл авах тэнгэрийн хүүхдүүд болцгооё.
- Тунгаах зүйлс
- Бид Бурханд талархах ёстойн учир юу вэ?
- Бурхан яагаад цагаа олсон үг хэлээрэй гэсэн бэ?
- Эхийн сургаалын хоёрт ямар сургаал байдаг вэ?