Хүүхэд чинь өсвөр насан дээр байгаа бол

Өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харьцах вэ?

282 Үзсэн тоо

Ээжээсээ жаахан салахаар тэнгэр газар нурах мэт уйлдаг хэрнээ ээжийгээ гараад ирэнгүүт мушилзан инээж, цаашлуулж хэлсэн үгэнд нь ч хүртэл итгэдэг байсан гэнэн нялх үрс. Харин өсөж торнин, сургуульд орохоороо ээжтэйгээ байхаас илүү найзуудтайгаа байх дуртай болж, ээжээсээ зарим нэг юмыг нууж эхэлдэг. Түүнээс гадна юм л бол уурлаж, гадаад төрхөндөө л илүү санаа тавин, тэр байтугай өрөөгөө хүртэл түгждэг болдог. Өсвөр насанд хүрсэн учраас л энэ бүхэн тохиолдож байгаа хэрэг.

Өсвөр нас гэдэг бол хүүхэд том хүн болох явцад өсөн нэмэгдэж буй өвдөлт шаналалтай л адил. Тэр шаналалыг аав ээж нь ч мэдэрч хуваалцана. Бие махбодын болон сэтгэл зүйн өөрчлөлтийн тал дээр төөрөгдөж, улмаар ээж аав нь хүүхдийнхээ хяналтгүй гаргах энэ зан авирт санаа нь зовнино. Гэхдээ энэ нь хүүхэд болгон өсвөр насныхаа турш гэнэт ямар ч шалтгаангүйгээр аав ээжийнхээ эсрэг тэрсэлнэ гэсэн утга биш. Өсвөр нас гэдэг бусад хүн өөрийг нь хэрхэн харж байгаа тухайд их эмзэг мэдрэмтгий байдаг тул аав ээжээсээ хараат бус чөлөөт байхыг илүү тэмүүлж, тэднээс дуулгавартай байхыг шаардсан түрэмгий дарангуйлах хандлагад дургүйцлээ илэрхийлж мэднэ. Хүүхдийнхээ ийм авирлахыг тэрслүү дуулгаваргүй хүүхэд гэж үзвэл эцэг эх, үр хүүхдийн сайхан харилцаа хөндийрч ч мэднэ. Хүүхэд аав ээжийгээ яаж ч цааш түлхсэн тэр тусмаа аав ээж нь хүүхдэд хамгийн их хэрэгтэй улс юм. Тиймээс эцэг эхчүүд ийм үед хүүхдийнхээ хажууд байж тусалж дэмжих хэрэгтэй.

Өсвөр насныхны тархинд барилга угсралт явагддаг. Сайн туршлага хуримтлуулахад нь тусал

Өсвөр нас гэдэг хүүхдийн бие махбодод хоёрдогч бэлгийн шинж тэмдэг илэрч, уураг тархинд өөрчлөлт явагддаг үе. Хүүхэд 12-17 нас хүрэх үед тархины урд талын дэлбэн буюу духны дэлбэнд мэдрэлийн эсүүдийн хүчтэй хөгжил явагдана. Энэ нь хүүхдийн тархи том хүний тархи шиг сэтгэн бодох, дүгнэж цэгнэх чадвартай болохын тулд том бүтээн байгуулалтад орж байгаатай л адилхан юм. Өөрөөр хэлбэл өсвөр насныхны тархинд юу болдог вэ гэхээр жижигхэн өрөөг нурааж, гурван өрөө байшин болгон засаж байгаатай адилхан явц болж байгаа хэрэг. Энэ явцад духны дэлбэн асар чухал. Духны дэлбэн нь судасны цохилтыг дарангуйлж, уур уцаарыг хянаж, ой тогтоолт, ой санамжийг удирдан, оновчтой бодол дүгнэлт гэх мэтийг хариуцах үүрэгтэй бол амигдала цөм нь айдас, уур хилэн, уйтгар гуниг зэрэг сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг хариуцдаг. Өсвөр насныхны хувьд амигдала цөм нь духны дэлбэнгээс илүү хурдан хариу үйлдэл үзүүлдэг. Учир нь духны дэлбэн тогтворгүй хэвээр байхад амигдала цөм хэдийн эрт хөгжсөн байдаг. Тийм ч учраас хүүхэд өчүүхэн зүйл дээр ч эсэргүүцэн, сэтгэл нь тогтворгүй уур уцаартай байж болно.

Энэ үеэрээ тоглоомонд донтох, ухаалаг утас хэт их хэрэглэх зэрэг нь тархины духны дэлбэнгийн хөгжилд ихээхэн саад болдог байна. Өсвөр насныхны ухаалаг утсанд, тоглоомонд донтох донтолт нийгмийн ноцтой асуудал болоод байгаа. Ингэж виртуал ертөнцөөс үүдэн донтож байгаа нь сургуулиас үүссэн хэт стрессээ тайлах, сониуч зандаа автах, бодит амьдрал дээр мэдэрч үзээгүй үзэл санаа, үйлдлээсээ таашаал авдагтай нь холбоотой юм.

Хамгийн сонин нь Google, Yahoo гэх мэт дэлхийд алдартай IT компанид ажилладаг эцэг эхчүүд хүүхдээ компьютер, ухаалаг утас хэрэглэхийг хатуу хориглосон сургуульд явуулдаг байна. Тийм юм хэрэглэхийн оронд хүүхдээ ном уншиж, байгаль дэлхийг мэдэрч, янз бүрийн туршлагатай байхад чиглүүлдэг байна. Гэхдээ хүүхдээ 16 нас хүрэхээр л дижитал боловсролыг эхлүүлнэ. Хүүхэд номын амтанд, дасгал сургуулилт хийхийн амтанд орж, тэндээс баяр хөөр мэдэрдэг болчихвол аливаа IT төхөөрөмжинд донтохгүй гэж тэд итгэдэг учраас тэр аж.

Өсвөр насныханд юу хамгийн их таашаал, баяр хөөр өгөх вэ гэдэг асар чухал асуудал. Тоглоом тоглох, интернетэд автах, хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэх, хэрэгт орох, зэргээс таашаал авдаг уу эсвэл спорт, дасгал хөдөлгөөн, ууланд алхах, ном унших, хөгжмийн зэмсэг тоглох, ямар нэг сайн үйлс хийх гээд тэдний баяр хөөрийн эх сурвалж юу гэдгээс шалтгаалаад тархи нь өөрчлөгдөж байдаг байна. Аав ээжүүд хүүхдэдээ баяр хөөр өгч, өсвөр насаа баяр баясгалантай өнгөрүүлж, төлөвшиж томоожиход нь туслах учиртай.

Аав ээжүүд удирдагчаас зөвлөгч болж өөрчлөгдөх хэрэгтэй

Хүүхдийн хандлагыг хоол хийх тухайд харьцуулж үзье. Жаахан хүүхэд аав ээжийнхээ хийсэн хоолыг бага ангийн сурагч болтлоо иддэг. Харин өсвөр үе болоод ирэхээрээ өөрөө хоол хийж идэх гэж дурлана. Хоолны жор, хоол хийх хэрэгсэл, хоолны орц энэ тэрийн талаар их мэдлэггүй ч гэлээ өөрөө ямар нэг юм хийхийг хүссээр л байдаг. Хэрэв аав ээж нь түүнийг “гараа түлчихнэ”, “гараа эсгэчихнэ” гэж санаа нь зовоод гал тогоо руу орохыг зөвшөөрөхгүй бол ганцаараа ямар нэг аргаар нууцаар юм уу эсвэл найзтайгаа хоол хийх гээд холион бантан болгочихож мэднэ.

Хүүхэд чинь тодорхой нэг насанд хүрч, хоол өөрөө хийх гэх үед та удирдагчаас зөвлөгч болж өөрчлөгдсөн нь дээр. Хараахан дүгнэх чадвар дутмаг, туршлагагүй хүүхдэд итгэж дэмжих гэдэг мэдээж амаргүй л дээ. Хүүхэд чинь дөт замыг холуур тойрч, хий дэмий явж байгаа нь тод харагдсан ч хүүхэддээ зөв хариултыг нь хэлэхээсээ илүү хүүхэд алдаанаасаа суралцаж, хариултаа өөрөө олох явц нь илүү чухал гэдгийг мартаж болохгүй.

Хэрэв эцэг эх нь хүүхдэдээ хэт их анхаарал хандуулж, хүссэнээрээ хийлгэх гээд байвал эцэг эх, хүүхдийн хооронд дайсагнасан харилцаа үүсч болно. Харин эсрэгээрээ аав ээж нь хүүхдээ “Ер нь сонсохгүй юм чинь дээ” гэж бодоод зааж зааварлахаа больж, ганцааранг нь орхивол хүүхдээ барьж байснаасаа ч дор үр дүн гарна. Эцэг эхийн хувьд хүүхдээ тэвчээртэйгээр харж ажиглангаа юмыг даваад гарах боломж олгох нь зүйтэй.

Өсвөр насны хүүхэд ер нь өөрийгөө жаахан хүүхэд шиг харьцахад дургүй, том хүн болсон мэт харьцахад дуртай байдаг. Тэгсэн хэр нь аав ээжээрээ хамгаалуулахыг хүснэ. Гаднаа бол аав ээжийнхээ сахилгажуулахыг дуртай хүлээж авахгүй ч дотроо ямар нэг байдлаар аав ээждээ найдаж, аав ээжийгээ түшиж байдаг. Тэгэхэд нь аав ээж нь хүүхдийнхээ энэ хоёрдмол хандлагад барьцгүйдэж, алинд нь тааруулахаа мэдэхгүй эргэлзэх нь бий. Гэвч хичнээн хэцүү байсан ч хүүхэдтэйгээ харилцах ойр дотно харилцаагаа хадгалж үлдэх хэрэгтэй. Хүчин чармайлт гаргах учиртай. Санаа нийлэх үед хүүхэд аав ээжийгээ ухаан, туршлагаар илүү гэдгийг хүлээн зөвшөөрч, улмаар өгөх зөвлөгөөнд нь чих тавина.

Өсвөр насны хүүхэдтэй харилцах

1. Хүүхэд хүндлүүлэхийг хүсдэг

Нэгэн боловсролын хэвлэлийн компаний зүгээс дунд сургуулийн 426 сурагчийн дунд явуулсан судалгаагаар тэдний 43,8% нь өсвөр насаа даван туулахын тулд гэрийнхнийх нь болон найз нөхдийнх нь халамж анхаарал, хүндлэл хэрэгтэй гэх хариуг нь сонгосон байдаг аж. Хүүхэд чинь нэгэнт л өсвөр насан дээр ирсэн бол та цаашид түүнтэй хүүхэд шиг хандахаа болих хэрэгтэй. Хүүхдийнхээ санаа сэтгэл, бодол, хувийн зан чанарыг нь хүндлэх хэрэгтэй. Үргэлж л нялх хүүхэд шиг хандсан хэвээр байвал, мөн өөрийнхөө хүссэн хэв маягаар явуулахыг хүсээд байвал улам л дийлдэхгүй дуулгаваргүй хүн болж өснө. Тэглээ гээд хүүхэдтэйгээ найз шигээ ханд гэсэн үг биш л дээ. Эцэг эхийн байр суурь, нэр хүндээ хадгалж, нэг талыг барьсан өрөөсгөл юм тушаахаас зайлсхийнгээ санаа сэтгэл, бодол санаагаа илэрхийлэх хэрэгтэй.

2. Хүүхдийнхээ давуу талыг олж хар

Өсвөр насны турш хүүхэд ер нь нийцтэй гэхээсээ илүү эмзэг өөнтөгч байдаг. Тиймд тэд заримдаа бусдын хэлсэн өчүүхэн юмыг сүр бадруулж эсвэл хэн нэгэн асуудлыг нь чичлэхээр шархалж сэтгэлээр унадаг. Ийм нөхцөл байдлыг зохицуулах шилдэг арга бол алдааг нь чимээгүйхэн тайлбарлаж, давуу талыг нь болохоор чанга чанга, ойр ойр магтах юм. Хүүхдийг магтах үед тэрээр алив асуудлаа эсэргүүцэлгүй эцэг эхдээ ний нуугүй ярьдаг байна. Гэнэтийн ямар нэг зүйлийг тусгайлан нэгд нэггүй хэлбэл магтаал чинь бүр л үр дүнтэй болж чадна. Хүүхдийнхээ тухайд бусдын анзаарахааргүй ямар нэг зүйлийг нь анзаарч харан, түүнийг нь магт. Тэр магтаалыг чинь бөөн баяр болж хүлээн авна.

3. Хүүхэдтэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүл

Аав ээжтэйгээ ярилцахаас дургүйцдэг ихэнх хүүхдүүд аав ээжийнх нь яриа үглээ болж дуусдгийг мэддэг учраас ярилцах дургүй гэдэг байна. Хэрэв хүүхэдтэйгээ байн байн яриа хөөрөө өрнүүлдэггүй бол боломж олдсон дээр гэсэн аятай хүүхэддээ хэлэх гэсэн бүхнээ хэлэх гэж хичээн, улмаар алдааг нь онцлох магадлал өндөр байна. Та хүүхдээсээ юу хүсч байгааг нь, мөн хүүхэд чинь танаас яахыг хүсч байгааг эелдэг байдлаар байн байн асуух нь дээр. Чин сэтгэлээсээ ярилцаж байж л алив асуудлыг шийднэ. Цаг үргэлж хүнд сэдвээр нухацтай ярилцах гэх шаардлагагүй. Хүүхэдтэйгээ аль болох олон удаа өдөр бүр болж буй үйл явдлын талаар хөгжилтэй, найрсаг яриа өрнүүлэхийг хичээ. Хамгийн гол нь хүүхэд тань юу хэлэх гээд байгааг нь анхааралтай сонсох хэрэгтэй.

Зөвлөмж
Өсвөр насны хүүхдэд хэлэх ёсгүй зүйл
“Юу чинь болохоо байчихаа вэ?”: Хүүхэд нэлээн бухимдаж, уурлана.
“Чи дандаа л ингэдэг шүү дээ.”: Хэдий хүүхдийнхээ авирлаж байгаад дургүй байсан ч хэтрүүлэг бүү хэрэглэ.
“За тэр! Үгэнд орохгүй болохоор ийм юм болж байгаа юм.”: Хүүхдийн чинь урмыг хугалж, сэтгэлээр унагадаг.
“Юундаа асуудал болоод байгаа юм?”: Өсвөр нас гэдэг салхи шиг тогтворгүй үе. Өсвөр насны хүүхэд гуниглаж, уурлаж, аливаад арга нь барагдаж болно шүү дээ. Иймэрхүү зэмлэл нь түүний сэтгэл санааг үл тоож байна гэж бодоход хүргэж мэднэ.
Түүнчлэн ямар ч үг хүүхдийн чинь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг шархлуулж мэднэ. Хатуу ширүүн үг, зэмлэсэн үг, хэт нэг талыг баримталсан тушаал зэрэг өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь бууруулах үг зэрэг нь харилцан яриаг тасалж мэдэх тул зайлсхийгээрэй.

4. Хайраа илэрхийл

Өсвөр насны хүүхэддээ өгч чадах хамгийн том тус бол халуун дулаан хайр энхрийллээ харуулах. Хүүхдээ сэтгэл дотроо хайрлаж байхад хангалттай гэж бодохын оронд хайраа үгээрээ, үйлдлээрээ харуул. Тэгж гэмээнэ эцэг эх нь өөрт нь хайртайг мэдэрнэ. Тэврэх, гараас нь атгах, мөрөн дээр нь зөөлөн илбэн алгадах зэрэг бие махбодын харилцаа нь хүүхдэд сэтгэл зүйн тогтвортой байдал өгч, стресс бухимдлыг арилгана. “Бусад хүн юу гэж байсан ч хамаагүй, миний хүү надад хамгийн эрхэм нандин хүн”, “Зүгээр ээ, чи дараа илүү сайн хийж чадна”, “Ээжийгээ хичнээн жаргалтай болгодгоо чи мэдэхгүй” гэж хэлэх байдлаар хайраа илэрхийлэх гэж оролд. Тэгж илэрхийлбэл хүүхэд чинь аав ээжийгээ үргэлж өөрийнх нь талд байдгийг мэднэ шүү дээ.

5. Хүүхдээ гэр бүлийн чухал талыг ойлгоход нь тусал

Гэр бүл нь хичнээн үнэ цэнэтэйг мэддэг хүүхэд өөртөө итгэх итгэлтэй, найз нөхөд, багш нартайгаа үүсэж мэдэх асуудлыг ухаалгаар даван туулахаа мэддэг. Хүүхэддээ гэр бүлийн чухлыг ойлгоход нь туслахын тулд хийх зүйл бол эцэг эхчүүд өөрсдөө сайн үлгэр дуурайл үзүүлэх. Хэрэв өөрөө хань ижилтэйгээ зөрчил маргаантай, хайр халамж дутмаг, хүүхэдтэйгээ огт ярьдаггүй байвал хүүхэд чинь төөрөгдөл, зөрчилд орох нь амархан. Судалгаагаар хүчирхийлэл бүхий гэр бүлд өссөн хүүхэд гэмт хэрэг үйлдэх магадлал тав дахин их байна. Эхнэр нөхөр нэг нэгнээ хүндэлдэг бол хүүхэд нь мөн тэднийг хүндэлнэ. Гэр бүлийн доторх эв эеийг сахих, хань ижилтэйгээ халуун дулаан яриа хөөрөө дэлгэх зэрэг нь хүүхдийг чинь ертөнц, нийгэмтэй сайн харилцахад туслах юм.

Өсвөр нас гэдэг бол насан туршийнх нь үнэ цэнийг бүрдүүлдэг шийдвэрлэх чухал үе юм. Америкийн хүүхэд хүмүүжлийн мэргэжилтэн, сурган хүмүүжүүлэгч, доктор Майк Риера өсвөр насны хүүхдүүдийн эцэг эхийн хувьд тэвчээр, итгэлцэл, гэр бүлийн харилцан ойлголцол зэрэг нь амжилтын үндэс болдог гэжээ. Үр жимс боловсрохын тулд аагим халуун нар, догшин шуурга зэргийг тэсвэрлэх хэрэгтэй болдог. Эцэг эх хүүхдийн хувьд ч мөн ялгаагүй. Хэрвээ эцэг эхчүүд хүүхдийнхээ хүн болох явцын хамгийн эмзэг өөнтөгч, тогтворгүй үе болох өсвөр насных нь туршид хүүхэддээ урам дэм өгч, хүүхдийнхээ талд зогсвол танай хүүхэд өсвөр үеэ нэг их том асуудалгүй даван туулж, улмаар сайн хүн болж өснө.