Ээж минь маш эелдэг зөөлөн, тайван хүн байж билээ. Намуухан дуугаар ном уншиж өгөх ээжийн минь төрх цаанаа л сайхан. Таван нас хүртлээ гүнж шиг л өссөн би охин дүүтэй боллоо. Даахь нь их шингэн, булцгар улаан хацартай болохоороо эрэгтэй хүүхэд шиг харагдана. Эрэгтэй хүүхэд хүсэж байсан өвөө эмээ маань дүүг төрөхөд урам муутай байсан сан.
Дүү маань ой гарантай байхад ээж маань дахин хөл хүнд болов. Цондгор гэдэстэй, хавагнасан царайтай хүн цэцэрлэгийн маань нэг арга хэмжээнд ирэхэд ээжээсээ би жаахан ичиж билээ.
“Бусад ээжүүд бүгд гангалаад ирж байхад…”
Ээжийн тийм том гэдэстэй байсан нь хоёр ихэр байсан болохоор тэр байж л дээ. Ихрүүд мөн л охин байсан юм. Тэр үеэс ээжийн минь зовлон эхэлсэн дээ. Өдөржин часхийн уйлалдах хоёр ихрээс гадна нэлээн тайван байдаг дунд дүү хүртэл ихрүүдэд атаархсан уу яасан гэрт хаана ч хамаагүй бааж, шээн, өдөржин ээжээс чаргууцалдан уйлагнана. Тэр болгонд нь би дуугүй л өрөөндөө орж, ном уншина.
Заримдаа үүрээр бие засахаар ариун цэврийн өрөө ороход ээж маань угаалга хийж байдаг байлаа.
“Ээж, яагаад одоо юм угааж байгаа юм бэ?”
“Ингэж одоо л угаахгүй бол ямар ч зав алга.”
Тэр үед даавуун живх хэрэглэдэг байсан болохоор гурвын гурван хүүхдийн өдөрт хэрэглэсэн живх хичнээн их байсан бол доо. Дөнгөн данган нэгдүгээр анги байсан би ээжийнхээ тэр амьдралыг байдаг л зүйл мэтээр бодож байж дээ.
Хоёр ихрийн дараа төрсөн охин дүүг маань 18 сартай байхад манай отгон дүү гарч, өвөө эмээгийн маань хүсэн хүлээсэн ач хүү нь төрөв. Мэдээж эмээ өвөө маань том найр хийж, тосгоныхныг урьж байж билээ.
Тэглээ гээд ээжийн минь зовлон дууссан гэсэн үг биш л дээ. Бүгд унтаж байх цагаар босож, угаалга цэвэрлэгээ хийдэг нь мөн л хэвээрээ. Хоолны дараа асгаж цутгасан будаа, эмх цэгцгүй байдал ч хэвээрээ. Нэг хүүхдээ аан уун гэж байтал нөгөөх нь ус асгаад, усыг нь арчихын зуургүй бас нэг нь мөлхөж очоод, ширээн дээрхийг хөмөрч, бусниулж орхино. Өдөр болгон нэг иймэрхүү байдалтай. Нэг өдөр хичээлээ тараад иртэл ээж маань гал тогоондоо уйлчихсан сууж байлаа. Хажууд нь том шилтэй гүнждийн тосны шил хагарчихсан, шалаар нэг гүнждийн тос асгарсан байв. Хоёр ихэр хэргийн эзний тарьсан хэрэг байв.
Ээж минь тэр үед насаар одоогийн надаас ч залуу байж. Ээж минь тийм залуу насаа өөрийнхөө төлөө ганц цаг ч зориулалгүй, зургаан хүүхдээ өсгөх гэж хамаг бүхнээ дайчилж дээ.
Ээж маань охидоо бусдад өөлүүлж шоолуулах вий гэж үргэлж цэвэр цэмцгэр хувцас өмсгөж, өглөө болгон нэг бүрчлэн үсийг маань сүлжиж өгдөг байсан сан. Хүүхдүүд нь хоёр бүтэн тахиаг нүд ирмэхийн зуургүй идэж байхад тос өөхтэй хоолонд дургүй гээд ганц ч амсдаггүй байж билээ.
Хожим нь мэдэхнээ ээж минь маханд ч дуртай, гоёж гангалах ч дуртай хүн байсан юм билээ. Ээждээ амттай хоол ч авч өгч, сайхан хувцас ч авч өгч, элбэг хангалуун амьдруулахыг хүсэж байсан хэр нь өөрийнхөө амьдралыг гээд зай завгүй байсаар, дараа гэж хойшлуулсаар байгаад тэр боломжоо үүрд алдсан даа. “Уучлаарай” ч гэж чадаагүй, “Баярлалаа” ч гэж хэлж чадаагүй. Хайртайгаа ч хэлж амжаагүй байтал…
Ээжийгээ өөд болсны дараа л дөнгөж хичнээн ачлалгүй байснаа ухаарсан даа. Зургаан хүүхдийнх нь ууган нь байсан хэрнээ ээжийнхээ тэр хүнд бэрхийг байдаг л зүйл мэтээр бодож, тусалъя гэсэн бодолгүй явсан өөртөө дургүй хүрч байна.
Ээжийнхээ амьдралыг эргэн хартал тэнгэр Эх минь нүдэнд харагдлаа. Улам бүр өсөн нэмэгдэж байгаа хүүхдүүдээсээ болж ганц өдөр ч амарч чадахгүй, зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө л амьдрах Эх минь. Цаг хугацаа юуг ч хүлээдэггүй шүү дээ. Эхийнхээ ачийг хариулах цаг хугацаа тийм ч их үлдээгүй. Хожим хэзээ ч харамсахгүйн төлөө одооноос ч болов жинхэнэ ууган хүүхдийн хувиар Эхийнхээ сэтгэлийг ухаардаг, сүнсний ах эгч дүү нараа сайн халамжилж, Эхдээ чин сэтгэлээсээ тусалдаг хүүхэд болмоор байна.