WATV.org is provided in English. Would you like to change to English?

Цаг бол алт Ялангуяа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлж буй цаг бүр ч алт юм.

Гэр бүлийн эв эе, зүй зохицол цагийг хамт өнгөрүүлэх үед бэхжиж байдаг.

952 Үзсэн тоо

Тавь эргэм насны нэг эмэгтэй шинжилгээнийхээ хариуг авах гээд эмчид очтол түүнийг есөн сар л амьдрах нас үлдсэн гэжээ. Санаанд оромгүй энэ хариуд эмэгтэйн амнаас үг ч гарахгүй байв. Энэ үзэгдэл вирусын видеогоор гарсан юм. Үнэндээ есөн сар гэдэг түүний амьдрах нийт хугацаа байсан биш, харин түүний гэрийнхэнтэйгээ өнгөрүүлж чадах хугацаа юм. Хүний амьдралыг 85 жил гэж авч үзэхэд гэрийн эзэгтэй хийсэн 53 жилийг хасахад үлдсэн нь 32 жил. Ажиллах цаг, унтах цаг, зурагт үзэх цаг, утсаа ухах цаг, өөртөө зориулах цаг гэсээр гэрийнхэндээ зориулах цаг нь ердөө л есөн сар байж.

Орчин үеийн хүмүүс цаг үргэлж л “завгүй байна” гэдэг. Тэд ажил нь орой тарсандаа, ядарсандаа, хийх юм их байгаадаа л завгүй байгаа хэрэг. Хүмүүс гэрийнхэнтэйгээ хамт өнгөрүүлэх, амрах цаг ч байхгүй зүгээр л урагш гүйгээд байдаг. Олон компани, төрийн байгууллагууд ажилтнуудаа ажлаа тарсны дараа гэрийнхэнтэйгээ хамт байхыг уриалдаг ч тэгнэ гэдэг мөн ч хол байна. Бодит байдал дээр гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг энэ тэрээр шахагдсаар хамгийн сүүлд ордог.

Гэрийнхэнтэйгээ өнгөрүүлэх цаг болон аз жаргалын индекс хоёр салшгүй холбоотой. Аз жаргалын индекс өндөртэй улс орнуудын нийтлэг онцлог нь тэд гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагийг чухалд үздэг байна. Энэ нь аз жаргалтай гэр бүлийн зайлшгүй нөхцөл юм.

Цаг зав гаргах нь хайр

Хүүхдийн баяраар ихэнх хүүхдүүдийн хүсдэг бэлэг юу вэ? Компьютер тоглоом уу, ухаалаг утас уу, халаасны мөнгө үү? 2015 онд Солонгосын нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн компанийн ажлын туршлага гэсэн сэдвийн хүрээнд хийсэн судалгаагаар №1 хариулт нь “аав ээжтэйгээ цуг байх” гэсэн хариулт байлаа. Хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг л үнэтэй бэлэгнээс илүүд үзэж байна шүү дээ.

Сэтгэл зүйч, доктор Дэвид Уолшийн хэлснээр эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт байх хугацаагаа хоёр дахин нэмэгдүүлж, хүүхдэдээ зарцуулах мөнгөө хоёр дахин багасгах учиртай аж. Учир нь аливаа материаллаг бэлэг нь түрхэн зуурын л баяр хөөр өгдөг байхад харин гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн жаргалтай мөч урт удаан хугацаанд үргэлжилдэг байна. АНУ-ын нэгэн бага сургууль 2016 онд сурагчиддаа шинэ семестрийн даалгавар өгөхгүй гэж мэдэгдсэн нь үүнтэй бас холбоотой аж. Учир нь энгийн гэрийн даалгавар хүүхдүүдэд гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлдэг цаг хугацааны дайтай тус болдоггүй гэнэ. Сургуулийн зүгээс хүүхдүүдийг гэрийн даалгавар хийхийн оронд гэртээ гэрийнхэнтэйгээ илүү их цаг зарцуулж, эв найр бий болгоод ир гэжээ.

“Чиний сарнайгаа тордоход гаргасан цаг сарнайг чинь маш үнэ цэнэтэй болгоно.”

Энэ бол Сент Экзюперийн “Бяцхан ханхүү” романы бяцхан ханхүүд үнэгний хэлсэн үг. Хэрэв танд аливааг сонирхох, энхрийлэн хайрлах хайр байгаа л бол түүндээ цаг заваа зориулах нь зүйн хэрэг. “Цаг зав гаргах нь хайр” гэсэн илэрхийлэл байдагчлан гэр бүлдээ цаг заваа зориулах нь “Би гэр бүлээ гэж, гэр бүлээ хайрлаж, гэр бүлтэйгээ хамт байхдаа аз жаргалтай байдаг юм шүү” гэсэн мессежийг дамжуулах яг оновчтой арга зам юм.

Цагийн тухайд хэмжээнээсээ илүү чанар чухал

Хэдийгээр хүмүүс хагас бүтэн сайндаа цагийг гэрийнхэнтэйгээ өнгөрүүлдэг гэдэг ч үнэндээ бодит байдал дээр ихэнх тохиолдолд унтах, зурагт үзэх зэрэгт цагаа зардаг. Гэр бүлийн цагийн зорилго бол сэтгэл тэнэгэр, таатай байдал бүрдүүлж, нөхөрсөг эв найртай харьцааг бий болгоход л байгаа юм. Тэрнээс биш бие махбод нь нэг орон зайд хамт байгаа хэрнээ тэр тусмаа өөр өөр юм хийгээд байх юм бол сэтгэл тэнийм эв найртай, нөхөрсөг харьцаа хэрхэн бүрдүүлэх билээ дээ?

Хэдий хэр цаг хугацаа гэхээсээ илүү чухал зүйл нь цагийг хэр чанартай өнгөрөөв гэдэгт бий. Гэрийнхэнтэйгээ хамт өнгөрүүлэх илүү утга учиртай ямар нэг зүйлийг хийх хэрэгтэй. Сайн харвал зүгээр нэг зурагт ширтэн суухын оронд гэрийнхэнтэйгээ хамт хийх олон юм олдоно. Гэрийнхэн чинь бүгд сонирхох юм хийвэл сайн төдийгүй хамтдаа зорилго тавьж, түүнийгээ хэрэгжүүлэх нь бас сайн байдаг. Заавал том зүйл байх албагүй л дээ. Хальт салхинд алхаж зугаалах, спортоор хичээллэх, явган аялал хийх, тоглоом тоглох, цэвэрлэгээ хийх, хоол хийх гээд аль нь ч хамаагүй хамтдаа хийж болох зүйл л байх хэрэгтэй. Гав ганцаараа баярын ширээ бэлдэхээр болбол энэ нь хэцүү даалгавар юм шиг санагдаж магадгүй. Харин гэрийнхэнтэйгээ хамт хийвэл харин ч сайхан дурсамж болно шүү дээ.

Энд нэг юмыг гэхдээ сайн санах хэрэгтэй. Тэр юу вэ гэвэл гэрийнхэн чинь хамт байсан цагаа жаргалтай мөч гэж дурсаж байхын тулд цагийг та л жаргалтай байлгах хэрэгтэй. Гэрийнхээ нэгэнд нь жолоо яаж барьдгийг зааж байхдаа уурлаж, эсвэл хоол яаж хийхийг зааж байхдаа шүүмжилж болохгүй. Тэгэх юм бол үнэ цэнэтэй цагаа сүйрүүлж орхино. Улмаар сайхан биш, харин ч муухай дурсамжаар төгсөж мэдэх юм.

Гэр бүл маш чухал учраас гэрийнхэнтэйгээ өнгөрүүлэх цаг их чухал. Эрхэм нандин ам бүлийнхэндээ халамж анхаарлаар хандаж, зурагт үзэх, утсаа ухах, компьютер ширтэхийн оронд цагийг өнгөрүүлэхдээ тэдэндээ л анхаарлаа төвлөрүүл.

Аз жаргалтай дурсамж алив сорилтыг ялахад тусална

“Хүний амьдралд айл гэрийн сайхан дурсамж, ялангуяа хүүхэд насны сайхан дурсамжаас илүү дээд, илүү хүчтэй, илүү таатай, илүү сайхан юм гэж байхгүйг мэдэж авах ёстой. Хүмүүс боловсролын талаар их ярьдаг ч угтаа бага наснаасаа хадгалагдан үлдсэн сайхан, гэгээн дурсамж л магадгүй хамгийн сайн боловсрол байж мэдэх юм. Хүн ийм л дурсамжийг амьдралдаа тээж явдаг бол насныхаа эцэс хүртэл аюулгүй байдаг.”

Оросын их зохиолч Достоевский “Ах дүү Карамазов” номондоо ийн үлдээжээ. Үнэндээ бол гэрээрээ хамт хоолоо идэх гэх мэт наад захын үйлдэл ч хүртэл бага насны хүүхдийн өдөөсөн гэмт хэргийг багасгаж болно гэсэн нэг судалгаа байдаг юм билээ. Орон нутгийн цагдаагийн хэлтэс мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэр бүлийн тухайд гэр бүлийн зураг авхуулах нь хүчирхийллийг бууруулсан гэж мэдээлсэн байдаг.

Гэрийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрүүлэхдээ баяр хөөр мэдэрдэг хүн ямар нэг тоглоомноос, интернетээс, хар тамхинаас хамааралтай болохгүй. Гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх сайн сайхан дурсамж нь гэрийнхнээ эрүүл саруул байлгах вакцин л гэсэн үг.

Нэг компани дампуурч, компанийн гүйцэтгэх захирал гэрийнхнийхээ хамт түрээсийн жижиг байшинд нүүж л дээ. Гэсэн хэдий ч захирлынх нь гэр бүл хүнд хэцүү нөхцөл байдлыг ажралгүй эв найртай амьдарсан хэвээр байж. Үүний нууц нь “дурсамжийн тоглоом” байв. Тэд хуучин сайхан дурсамжуудаа ярихдаа олон сайхан зүйл тэдэнд тохиолдож байсныг ухаарч, бие биенээ хичнээн үнэ цэнэтэй байсныг мэдэрсэн байна.

Гэр бүлийнхээ дурсамжтай зураг, эд зүйлийг гэрийнхээ энд тэнд байрлуулж, тэрхүү аз жаргалтай дурсамжаа бодоорой. Хамтдаа инээлдэж, баяр баясгалангаа хуваалцаж байхдаа нэг нэгээр хуримтлагдсаар байдаг аз жаргалтай дурсамжууд оюун ухааныг тань сайжруулж, энэ дэлхийд амьдрах хооронд тохиолдох алив сорилтыг даван туулахад тань тусалдаг юм шүү.

“Дараагийн амралтын өдрөөр би чамтай яг хамт байхаа амлая”, “Өнөөдөр би найзтайгаа уулзахаар тогтсон”… Энэ тэр шалтгаанаар гэрийнхэнтэйгээ хамт өнгөрүүлэх цагаа хойшлуулж байх вий, нэг хараарай. Магадгүй та гэрийнхнээ үргэлж хамт байх юм чинь гэж бодож байж мэднэ ээ. Харин танд өгсөн цаг хугацаа хязгаартай юм шүү. Сайн хүү, охин байх цаг хугацаа, эсвэл хүүхдүүд аав ээжээсээ тусламж авах хэрэгтэй цаг хугацаа гээд аль нь ч тийм удаан үргэлжлэхгүй. “Бид яахав нэг гэр бүл. Бид дандаа хамт байж болно” гэж бодсоор цаг хугацаа урсан байх хооронд тэр “дандаа” гэдэг хугацаа чинь эргэж ирэхгүй ч байж мэднэ.

Завгүй байлаа ч гэсэн гэрийнхэндээ цаг гаргаж, аз жаргалаа хуваалцаж байгаарай. Амьдралын чинь хором мөч бүхэн чухал байх ёстой ч гэр бүлээрээ хамт өнгөрүүлэх жаргалтай хором мөч бүхэн бүр ч илүү үнэ цэнэтэй, бүр ч илүү чухал юм шүү.