Латехарыг үнэний гэрлээр гэрэлтүүлэх сайн мэдээний үйлчлэгчид
Гвон Сэ Жун / Энэтхэг, JH Ранчи

Ерөөл их аваарай. Елохист сэтгүүлээрээ дамжуулан Латехарын ах эгч дүү нарынхаа тухай ивээлтэй мэдээг хуваалцах гэж байгаадаа Бурхандаа талархал өргөмөөр байна.
Латехар бол миний харьяалагддаг Ранчи Сионоос зуун километрийн зайд оршдог. Латехар дахь бүх хүнд авралын үнэнийг тунхаглах зорилготой сайн мэдээний ажлыг манлайлж байдаг ах дүү, эгч дүү нар энд байдаг юм.
Латехар хотод үнэний гэрэл анх удаа гэрэлтсэнээс хойш нэг жил ч болоогүй байгаа л даа. 2020 оны 3 сард өөр бүс нутагт амьдардаг Волтер ах дүү дөнгөж шинэ ажилд орсон хүүдээ байр хайж Латехарт очсон тэр үеэс тэндхийн сайн мэдээ эхэлсэн юм. Ах дүүг тэнд байхад нь коронавирусын цар тахлаас болж хөл хорио тогтож, тэрээр тэндээ гацсан юм. Гэсэн хэдий ч тэрээр Бурханы хүсэл байж таараа гэж бодоод эргэн тойрныхоо хүмүүст бага багаар Бурханы үг тунхагладаг байв. Бурханы үг сонссон хүмүүсийнх нь нэг нь Дансай ах дүү.
Дансай ах дүү эхний өдрөөсөө л зөгийн бал шиг амттай Бурханы үгийг хүлээн авч, өдөр бүр Библи сурах гэж хүснэ. Тэр ах дүүгийн гэр бүл үнэхээр л үнэнийг хайж явсан Бурханы хүүхдүүд байлаа. Тэрээр Библийн сургаал дагадаг сүмд л явахыг хүсдэг байсан болохоороо католик шашнаа протестант шашнаар сольж, тэгснээ гэрээ хүртэл мөргөлийн газар болгон өргөж байсан гэнэ лээ. Гэсэн хэдий ч тэрээр Библийн талаар сонирхсон асуултандаа хариулт авч чадахгүй хэвээрээ л байж. Тэрээр протестант сүмийн номлогч пасторуудтай хүртэл зөрчилдөж, улмаар сүмээс харилцаагаа тасалж, итгэлээ гэрийнхэнтэйгээ л сахиж эхэлжээ. Ах дүүгийн эхнэр Бахамани эгч дүү маш их шаналж, хэдэн өдрийн турш уйгагүй залбиран, бараг юу ч идэлгүй, жинхэнэ сүм олоход тусалж өгөхийг Бурханаас гуйдаг болжээ. Тэр үеэрээ тэд Волтер ах дүү болон эхнэртэй нь танилцсан байгаа юм. Дансай ах дүү болон түүний гэрийнхэн хоёр долоо хоногийн турш өдөр бүр Библи судалдаг байв. Улмаар үнэнд итгэж, нэг гэрийн найман хүн шинэ амийн ерөөлийг баяр хөөртэйгөөр хүлээн авсан юм.
Дансай ах дүүд гэрт нь ирж мөргөл сахидаг байсан хуучин сүмийнхэн нь бодогдоод болдоггүй гэнэ. Тэгээд сурч мэдсэнээ нөгөөдүүлдээ заасан байгаа юм. Тэгтэл нэг сарын дотор Ражендра ах дүүгийн гэрийнхнээс авхуулан нийт арван таван хүн шинэ нэрээр ирсэн Ан Сан Хун Христийг хүлээн авсан билээ.
Ражендра ах дүүгийн сайн мэдээг гэсэн хүсэл тэмүүлэл үнэхээр гайхалтай. Тэрээр үнэнийг хүлээн авангуутаа хуучин сүмийнхээ танилуудад Бурханы үг дамжуулжээ. Тэгтэл ихэнх нь гайхаж, Бурханы сүмд ирэхийг хүсэж байв. Энэ тухай сонсоод хуучин сүмийнх нь пастор манай ах дүүг сүмийнхэнд тунхаглахаа болихыг шаардсан байгаа юм. Тэгэхэд нь ах дүү тэр пасторт өөдөөс нь Библийн үг тунхаглаж, пастор ч гайхан, илүү ихийг сонсохоор дахиад гэрт нь ирнэ гэж амласан аж.
Тэр пастор ах дүүгийн гэрт өөр хоёр пастортай цуг ирсэн гэнэ. Манай ах дүү тэдэнд зоригтойгоор Алгасал баярын талаар, Эх Бурханы тухай мөн Ариун Сүнсний үеийн Аврагчийн нэр болох Есүсийн шинэ нэрийг тунхагласан байна. Гэсэн хэдий ч пасторуудад эхний ээлжинд Бурханы үгийг сонсох бодол байгаагүй байна. Тэдний гол зорилго нь ах дүүг өөрсдийнхөө сүмд л буцааж авчрах байж л дээ. Тэд ямар ч аргаар хамаагүй үнэнийг няцаахыг оролдсон гэнэ. Тэглээ гээд энэ нь Бурханы сүм л жинхэнэ сүм мөн юм байна гэдгийг улам бүр ах дүүд итгүүлсэн гэнэ. Пасторууд ах дүүг аргадаж нэг үзэж, сүрдүүлж нэг үзээд, ах дүүг бодлоо өчүүхэн ч өөрчлөхгүй байхаар нь эцэстээ буцан явжээ. Үүний дараа Ражендра ах дүү арван нэгэн сүнсийг авралд хөтөлсөн байгаа юм. Одоогийн байдлаар Латехар дахь гучин хэдэн гэр бүл Дансай ах дүүгийн гэрт хамт мөргөлөө сахиж байна.
Волтер ах дүү эхнэртэйгээ хамт танил бус газар гацахдаа юу хийхээ мэдэхгүй байсан гэнэ лээ. Тэд огт санаанд оромгүй газар ийм олон тэнгэрийн гэр бүлтэйгээ уулзана гэж огт төсөөлөөгүй гэсэн. Бурханы үйл хэрэгт гайхаж, ийм их ивээл хүртсэндээ Бурханд талархал өргөж байлаа. Бахамани эгч дүү хуучин сүмээсээ харилцаагаа тасалсны дараа бие даан мөргөл тэмдэглэх тийм ч амархан байгаагүй бололтой. Гэвч одоо тэрээр гэр бүлийнхнийг нь үнэн рүү хөтлөх Бурханы төлөвлөгөө байжээ гээд Елохим Бурханд талархаж байгаа.
Ах эгч дүү нар Латехар хотод бас удахгүй Сион байгуулагдана гэж итгээд Бурханы үг тунхагладаг юм. Шинэ гэр бүлүүд хэрнээ Бурханы ерөөлд итгэж, сүнс аврахын төлөө зоритойгоор тунхаглахыг хараад би зөнч байж нөхцөл байдал, орчин нөхцөлтэйгөө зууралдсан хором мөч бүрийнхээ төлөө ичиж билээ.
Латехар хотын гэр бүлүүд сайн мэдээний ажлыг үнэхээр л Бурхан хөтөлдгийг дахин нэг удаа ухаарчээ. Израильчуудыг Египетээс гарсны дараа цөлийн замаар алхаж явахад нь Бурхан цаг үргэлж тэдний төлөө ажиллаж байсан шүү дээ. Бурхан зургаан зуун мянган эрсийг өдөр нь үүлэн баганаар, шөнө нь галан баганаар хөтөлсөн. Бурханы хүчийг мэдэрсэн маш олон хүн байсан ч тэднээс Канаан орсон нь Бурханы амлалтанд бат итгэж, Бурханыг дуулгавартай дагасан хүмүүс болохоос бодит байдалд сэтгэлээр унаж, гомдоллож, гонгиносон хүмүүс биш шүү дээ.
Сайн мэдээний замаар алхаж байх зуураа зарим үед бидэнд санаанд оромгүй нөхцөл байдал тулгарах юм уу эсвэл хямрал шиг санагдаж мэднэ. Гэвч бид бодит байдлаас болж урам хугарч, сэтгэлээр унах ёсгүй. Тэгэхийн оронд харин ч Бурханы төлөвлөгөө байж л таараа гэж итгээд, зөгнөлтэй хамт урагшлах хэрэгтэй юм билээ. Цэвэр ариухан хүсэл тэмүүллээр сайн мэдээний ажил хийж байгаа Латехар хотын ах эгч дүү нар дээр маань Бурханы ерөөл бялхам ихээр буухыг хүсэн залбирч байна.