МЭ 325 онд Никеагийн хурлаар Алгасал баяраас гадна маргаан дэгдээсэн бас нэгэн чухал асуудлыг хэлэлцсэн нь Ариусын үзэл баримтлал байлаа. Энэхүү маргаан нь түүхэнд баларшгүй хар толбо болон үлдсэн асар их цус урсгасан хэргийн үндэс болсон юм.
Ариусын үзэл баримтлал
Ариус нь Египетийн Александриа сүмийн ахлагч байв. Тэрээр хачин жигтэй үзэл баримтлалаараа ихээхэн маргаан дэгдээж байлаа. Энэ талаар товчхон дурдъя.
- Христ бол бие өмссөн Логос (Грек хэлээр λóγoς – “Үг”, “Үнэн” гэсэн утгатай) мөн.
- Христ өөрчлөгдөж, зовж болно.
- Иймд Логос нь хувирч болох ба Бурхантай эн тэнцүү биш.
Ариусын үзэл баримтлалаар бол Есүс Бурхан биш, Бурханы бүтээл учраас мөнх оршдоггүй. Мөн Ариун Эцэгийн анхны бүтээл нь Ариун Хүү байсан шиг, Ариун Хүүгийн анхны бүтээл нь Ариун Сүнс гэж үзэж байв.
Ариус маш чадварлаг ухуулагч байжээ. Тэрээр өөрийн шашинлаг зарчим, үзэл баримтлалдаа ашигласан Библийн ишлэлүүдийг цээжлэхэд амар хялбар байдлаар дуу шүлгийн хэлбэрт оруулаад дэлгэрүүлэн түгээж байв. Улмаар дуунууд нь гудамж талбайд хаа сайгүй тархаж, загасчид хүртэл үүнийг нь дагаж дуулдаг болжээ.
Энэ явдлаас болж Александриа сүмийн хамба лам Александр чуулган хуралдуулж, Ариусыг сүмээсээ хөөв. Сүмээс хөөгдсөн Ариус Ойрх дорнодын улс орнуудаар аялж, хэд хэдэн шашны эрх мэдэлтнийг ятган өөрийн талд татан оруулав.
Ариусыг дэмждэг санваартнууд ихээхэн олширсон учраас асуудал улам бүр хурцдаж эхэлсэн байна. Христийн “бурханлаг мөн чанар”-ын талаарх элч нарын үеэс уламжлагдаж ирсэн итгэл үнэмшил Ариусын энэ үзэл баримтлалаас болж эсэргүүцэлтэй тулгарах болов. Ийнхүү уг асуудал Александриа нутаг төдийгүй дэлхий дахиныг хамарсан асуудал болж хурцаджээ.
Никеагийн хурал
Өөрийгөө “сүмийн хамгаалагч” хэмээн нэрийдсэн, сүмийг дарангуйлан захирагч Ромын эзэн хаан Константин Алгасал баярыг сахих талаар болон Ариусын асуудлыг шийдвэрлэхээр МЭ 325 онд шашны эрх мэдэлтнүүдийг Никеа хотноо цуглуулж чуулган хуралдуулжээ. Тус чуулганы бүх зардлыг хааны ордноос гаргасан аж.
Тухайн үед Ариусын эсрэг хатуу байр суурьтай Атанасиус гэгч Александраас гаралтай грек хүн байлаа. Тэрээр Есүсийг Бурхантай ижил мөн чанараар оршдог хэмээн үзэж, Ариусын үзэл баримтлалыг эрс няцааж байлаа.
325 оны Никеагийн хуралд оролцсон шашны 300 гаруй хамба ламын дунд Ариусын талыг баримтлагч 20 орчим хүн байлаа. Константин хаан “Есүс Христ Бурхантай нэг чанартай” гэсэн Никеагаас гаргасан тунхагт чуулганд оролцогсдыг гарын үсгээ зурж баталгаажуулах зарлиг буулгажээ. Энэ тунхаг бичгээс санал зөрөлдөх аваас тэрс үзэлтэнд тооцно хэмээн сүрдүүлэв. Хурлаар Ариусыг буруутай хэмээн үзэж, түүнийг тунхагт гарын үсэг зураагүй Ливийн хамба лам Теонас, Секундус нарын хамт Иллири нутаг руу цөлж явуулжээ.
Ариус үзэлтнүүдийн тэмцэл
Хоёр жилийн дараа Ариус буруугаа хүлээж гэмшсэн тухайгаа мэдэгдэн, цуг хөөгдсөн хоёр хамбын хамт сүмд эргэж иржээ. Тэд нууцаар хүчээ зузаатган, өөрсдийн зарчим номлолоо сурталчилж, эсэргүүцэгчдээс хариугаа авч эхлэв.
Тэд эсэргүүцэгч талаа ёс суртахуунгүй, эзэн хаан Константины эх Еленагийн нэр төрд халдсан зэргээр зарга мэдүүлдэг байв. Мөн Александриа сүмийн хамба Атанасиусын эсрэг заргалдаж, түүнийг цөллөгт явуулжээ.
Арианизмыг дэмжсэн эзэн хаан
Ариус 336 онд нас барав. Дараа жил нь эзэн хаан Константин ч насан өөд болжээ. Ариусын дагалдагчид түүний үзэл баримтлалыг сурталчлан дэлгэрүүлж, улам бүр хүчээ авсаар. Энэ үеэр Ромын эзэнт гүрнийг Константины гурван хүү захиран суухаар болов. Баруун хэсгийг II Константин захирч, төвийн бүс нутгийг Констанс эзэгнэн, харин зүүн бүс II Константиусын мэдэлд орсон аж. II Константин Никеагийн тунхгийг баримтлагч байсан тул Атанасиусыг цөллөгөөс дуудан ирүүлжээ. Констанс ч мөн Константины нэгэн адил Никеагийн тунхгийг баримтлагч нэгэн байв. Харин Константиусын хувьд өөр байлаа. Түүний захирдаг бүс нутагт арианизмын нөлөө их байснаас тэрээр арианист урсгалынхныг дэмжигч байв.
Удалгүй II Константин ч нас барж, түүний захиргаанд байсан баруун бүсийн нутаг Констансын мэдэлд шилжив. Арван жилийн хойно Констанс алагдаж, Ром улс дайн дайжны хөлд нэрвэгдэхэд, зүүний захирагч Константиус улс орноо нэгтгэж амжсан байна. Ромын бүх мужийг захиран суух болсон арианист урсгалыг дэмжигч Константиус хаан шашны эрхтнүүдэд “Ариун Хүү нь Ариун Эцэгтэй адил биш” гэсэн зарчмыг хүлээн ав хэмээн тулган шаардах болов. Ромын хамба Либериус цөллөгт хөөгдөхөөс наахнуур шашны энэхүү шинэ зарчмыг хүлээн зөвшөөрчээ.
Харийн шашин шүтсэн эзэн хаан Юлиан
Нэлээд хугацааны дараа Парисын ойролцоо түр байрлаж байсан Ромын арми Константиус хааны зарлиг тушаалыг дагахаа больж, бослого үймээн дэгдээн өөрсдийн удирдагч Юлианыг эзэн хаанд өргөмжлөв. Хоёр талын цэргийн хүчнүүдийн хооронд мөргөлдөөн гарахаас өмнөхөн, Константиус хаан насан өөд болсноор Юлиан ч Ромын хаан болов. Юлиан Константин хааны үеэл байсан ч христийн шашинд итгэдэггүй байлаа. Харин тэрээр Элевсиний далдын хүчний шашинд орж, эртний харь шашинг дэлгэрүүлэхэд хүчин зүтгэн, Ромын эзэн хааны тэргүүн тахилчийн хэргэмээ (Понтифекс Максимус/Pontifex Maximus/: Энэ нь Ромын шашны тэргүүн дээд хэргэм. Тэргүүн тахилч нь бурхан ба ард түмэн хоорондын зуучлагч. Эртнээс нааш Ромын эзэн хаадууд нарны шашны тэргүүн тахилчийн хэргэмийг залгамжилдаг байсан бөгөөд Константин хаан болон түүний хөвгүүд ч энэ эрх мэдлээрээ сүмийн хэрэгт хошуу дүрдэг байв) ашиглан харийн бурхдад тахил өргөдөг байжээ.
Юлиан бүх шашинд адилхан хандах бодлого баримтлах болж, үүнийг нь ч дагаад хүлээн зөвшөөрөгддөггүй байсан харь шашнууд олноор дэлгэрч, улмаар шашин шүтэгчдийн тоо ч олшрох болжээ. Эзэн хаан христийн шашныг задарган унагахын тулд тэдний хооронд яс хаяж тэмцэлдүүлэх зорилгоор цөллөгт байгаа хамбуудыг эргүүлэн татжээ. Гэсэн ч Африкаас бусад бүх газрын шашны эрх дархтнууд Юлианы харийн шашны бодлогыг таньж мэдээд, харин ч бүр Юлианы эсрэг нэгдэцгээв.
Ромын эзэнт гүрний задрал ба арианист улс орнуудын мөхөл
Юлиан хааныг нас барсны дараа хаан ширээг нь залгамжилсан Иовиан хаан ч бас христийн шашинтан байв. Түүнээс хойших хаадууд ч христийн шашинтай байсан бөгөөд тэд Никеагийн тунхаг болон арианист үзэл баримтлалын аль алинд нь нааштай ханддаг байж. Гэтэл V зууны дундуур Ромын эзэнт гүрэн асар богино хугацаанд уналтад орж эхлэв. Умардаас ирсэн герман үндэстнүүд Ромыг хуваан эзэллээ. Тэр үед христийн шашны удирдагчид олноороо олзлогдож байв. Тэдний дунд христийн шашнаа дэлгэрүүлж, авралын зар тараах зорилгоор сайн дураараа герман үндэстэнтэй нэгдсэн хүмүүс ч байв. Харин арианистчууд Герул, Вандал, Остготь зэрэг үндэстэнд арианизмын христийн шашинг дэлгэрүүлжээ. Гэвч эдгээр үндэстэн Католик шашны эрх мэдэлтнүүдийн гарт ар араасаа мөхсөн аж.
Никеагийн тунхаг ба арианизмын нөлөө
Хожим Никеагийн тунхаг нь христийн шашны үндсэн суурь номлолд тооцогдох болжээ. Дундад зууны шашны харанхуй үеийг манлайлж байсан Ромын Католик, шашин шинэчлэлийн сүүлээр гарч ирсэн олон Протестант сүмүүд ч тэр Никеагийн тунхаг болох “Ариун Гуравын сэнтий нэг” гэсэн номлолыг суурь зарчмаа болгов. Гэвч одоо болтол Христийн “Бурханлаг мөн чанар”-ыг эрс няцааж, Ариун Эцэг болон Ариун Хүү нь мөн чанарын хувьд ялгаатай гэж үздэг Ёховагийн гэрч гэх мэт зарим нэг урсгалууд байсаар байгааг “Орчин цагийн арианистууд” гэж хэлж болмоор.
Никеагийн тунхгийн хязгаар
Никеа чуулганаас хэдийгээр арианизмыг няцааж, Ариун Эцэг ба Ариун Хүү гэсэн тунхгийг хүлээн зөвшөөрсөн ч уг тунхаг нь “Ариун Гуравын сэнтий нэг” гэсэн энэ үнэний гол цөмийг олж чадаагүй. Никеагийн тунхаг Ариун Хүү болох Есүс Христийг “Ариун Эцэгийн цорын ганц Хүү”, “Ариун Эцэгтэй мөн чанараараа ижил” гэж тодорхойлсноороо “Ариун Эцэг =Ариун Хүү” гэсэн ойлголтыг гаргаж тавьсан хэдий ч энэ нь нэлээд бүрхэг утгатай байв. Үүнээс болж одоо ч “Ариун Гуравын сэнтий нэг” гэсэн үнэнд итгэдэг христийн шашинтнууд төдийгүй шашин судлаачид хүртэл “Есүс Христийг Бурханы Хүү” мөн болохыг төвөггүйхэн хүлээн зөвшөөрдөг хэрнээ “Есүс Христ бол Бурхан” гэдгийг тийм ч амар хүлээж авч чадахгүй хэвээр байна.
Энэ шалтгааны улмаас тэд “Ариун Эцэг Ариун Хүү хоёрын хийдэг ажил нь адилхан учраас нэг юм” гэхчлэн ойлгомжгүй байдлаар “Ариун Гуравын сэнтий нэг”-ийг заах нь ч бий.
Сүмийн түүхэнд Библийн талаарх иймэрхүү алдаатай мэдлэгээс болж Христийг бурханлаг талаас нь биш, хүн талаас нь тодотгосон арианизмтай төстэй номлол зарчмууд ар араасаа төрөн гарсаар байв. Библийг мушгин буруу тайлбарласны уршгаар Христийн “Бурханлаг мөн чанар”-ыг шүүмжилж, эсэргүүцэх болсон байна.
Мөн Никеагийн тунхагт Ариун Сүнсний тухай тайлбар огт дурдагдаагүй. Тиймээс Никеа чуулганаас хойш христийн шашин нь “Ариун Эцэг=Ариун Сүнс”, “Ариун Хүү=Ариун Сүнс” гэсэн Библийн дагуух ойлголтонд ч хүрч чадалгүй, Ариун Сүнсний мөн чанарыг ч ухаарахгүй байсаар, зөвхөн хэлбэрдэл төдийхнөөр “Ариун Гуравын сэнтий нэг” гэсэн нэр томьёог номлолдоо оруулан зааж ирсэн юм.
Библийн үнэн, Ариун Гуравын сэнтий нэг
Ариун Гуравын сэнтий нэг гэдэг нь шашны онолоор батлагдаж, няцаагдах зүйл биш. Энэ нь анхны сүмийн үеэс л онцолж ирсэн Библийн үнэн билээ. Үнэн гэдэг бол шашны хурал хуралдуулж, судлаачдыг мэтгэлзүүлэн байж тэр дундаас төрж гардаг зүйл огтхон ч биш. Үнэн гэдэг бол Бурханы Өөрийнх нь зааж өгсөн сургаал юм (Мик 4:1-2).
Сатан биднийг Бурханы талаар мэддэг байгаасай гэж огт хүсдэггүй. Бурханыг таних мэдлэггүй бол сүйрнэ гэдгийг мэддэг болохоороо (Хос 4:1-6) Түүнийг махан биеэр ирснийг үгүйсгэхээр антихристийн сүнсийг ертөнцөөр нэг тараажээ. Сатаны энэ мэхлэлтэд төөрөлдсөн хүмүүс Ариун Гуравын сэнтий нэг гэдгийг няцааж, эсвэл амаараа хүлээн зөвшөөрсөн ч сэтгэлдээ зөвшөөрдөггүй хоёрдмол итгэлтэй болсон аж.
Үнэний Ариун Сүнс ирэх хүртэл бид аливааг шүүж чадна гэж үү? Тэр Өөрөө ирээд харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргаж байж л бид Бурханыг мэдэх мэдлэгт хүрч, сүйрлээс амь руу орж чадна (1Кор 4:5).
“Тэд бүгд Бурханаар сургагдана” (Иох 6:45) гэсэн амлалтын дагуу үнэнийг ухаарсан бид Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс болон ирж үеийн төгсгөл хүртэл бидэнтэй хамт байгаа Бурхандаа талархаад, дэлхийн түг түмэн үндэстнүүдэд Бурханы талаар зөв мэдлэгийг дамжуулан, авралын зам руу хөтлөхөд л хамаг хүчээ дайчлан ажиллацгаая.