Инээмсэглэсэн царай, жаргалтай айл гэр

Инээмсэглэхэд таны нүүр царайг тусгаж байдаг толь, таныг харж байдаг танай гэрийнхэн бас инээмсэглэж, улмаар сэтгэл санаа цэлмэнэ.

32,296 үзэлт

Ер нь хүний нүүр царайд 7000 гаруй нүүрний хувирал илрэх боломжтой аж. Эдгээрээс өөрийг тань залуухан, бас үзэсгэлэнтэй харагдуулдаг, харин бусад хүмүүсийг баяр хөөртэй болгодог нүүрний хувирал бол мэдээж инээмсэглэсэн царай. Хөмсөг зангидах үед нүд, завьж унжиж, дух болон нүдний хоорондын зай нарийсан, улмаар муухай харагдана. Харин инээмсэглэх үед нүд, завьж, хацрын булчин өргөгдөж, хөмсөг болон дух гадагш тэнийж татагдан, улмаар царай гэрэлтэнэ. Инээмсэглэх болон хөмсөг зангидахад нүүрний булчингууд эсрэг чиглэлд хөдөлдөг байна.

“Инээж буй царай руу нулимж чадахгүй” гэж солонгос зүйр үг байдаг. “Яаж инээмсэглэхээ мэддэггүй бол дэлгүүр нээх хэрэггүй” гэсэн Хятадын зүйр үг бий. “Инээмсэглэл бол хоёр хүний хоорондох хамгийн богино зай юм” (Виктор Борге), “Хүн төрөлхтөнд цорын ганц ашигтай зэвсэг байдаг нь инээмсэглэл юм” (Марк Твен), “Инээмсэглэлийг худалдаж авч, гуйж, зээлж, хулгайлж болдоггүй” (Дейл Карнеги), “Хамгийн хий дэмий зарцуулсан өдөр бол инээгээгүй өдөр юм” (Чамфорт), “Инээж байгаа хүн бол ядуу хүн биш” (Рэймонд Хичкок) гэх мэт үг олон бий. Энэ хэдэн хэлц үгнээс харахад л инээмсэглэл, инээд хөөрийн хүч их нь илт.

Инээмсэглэлийн эерэг талыг шинжлэх ухаанаар, анагаах ухаанаар, сэтгэл судлалаар гээд хэдийн баталсан. Инээхгүй бол олон талаар хохирох хүн нь та өөрөө. Гэвч хүмүүс цаг мөчийг инээхээсээ инээхгүй өнгөрүүлэх нь их. Хүн өдөрт таван минут инээгээд, наян жил амьдарна гэж тооцвол амьдралынх нь турш инээж өнгөрүүлсэн өдөр зуу ч хүрэхгүй гэсэн тооцоо гарсан байдаг.

Хүн бүр өөрийн гэсэн зургийн цаастай амьдардаг. Энэ бол нүүр царай. Уг нь өөрийн маань нүүр царай атал бид өөрсдөө үүнийгээ харж чаддаггүй. Сэтгэл санаа, бодол нүдэнд харагдахгүй ч гэлээ нүүр царайн дээр илэрч байдаг. Тийм учраас бидний нүүр царай бол зургийн цаасан дээр сэтгэлээ зурсантай л адилхан зүйл. Багадаа хүн бүхэн зургийн цаасан дээр дор хаяж нэг удаа гоё зураг зурж байсан байх. Одоо инээмсэглэл хэмээх хамгийн гоё зургийг нүүр царай гэдэг зургийн цаасан дээр зурах цаг.

Инээмсэглэж буй төрх яриа хөөрөөг баяжуулна

Хүн ер нь сэтгэлийн хөдлөлгүй, хөшүүн харцтай хүмүүстэй ярих дургүй байдаг. Харин инээмсэглэж буй хүнтэй ярилцах дуртай санагддаг. Гэр бүлийн тухайд гэвэл хэрэв та баргар харагдвал гэрийнхэн тань “Өнөөдөр нэг таагүй юм болж дээ. Би л холхон байя. Тэгэхгүй, юм ярих гэвэл надад уурлах байх” гэж бодоод аль болох зай барихыг хичээнэ. Эсрэгээрээ инээмсэглэсэн дүр төрхтэй байвал ямар ч хамаагүй сэдвээр ярилцмаар санагдана.

Инээмсэглэл нь зөвхөн харахад сайхнаар зогсохгүй харж байгаа хүнийхээ санаа сэтгэлийг ч сайхан болгоно. Зарим үед инээмсэглэх нь арван үгнээс ч илүү нөхөрсөг байдал бий болгоно. Харин хичнээн сайхан үг байсан ч ярьж байгаа хүн хатуу хөшүүн царайтай байвал сонсож байгаа хүн тэр үгийг нь сөргөөр хүлээн авахаас өөр аргагүй. Тиймэрхүү яриа хөөрөө байн байн давтагдаад байвал нөгөө хүний сэтгэл бага багаар хаагдана.

Хэрвээ танай гэрт төдийлөн их яриа хөөрөө өрнөдөггүй бол гэртээ байх үедээ нүүр царай чинь ямархуу байдгийг нэг шалгаад үзээрэй. Инээд хөөр байхгүй газар яриа хөөрөө байхгүй шүү дээ. Хэрэв гэрийнхэндээ инээмсэглэсэн царай төрхөөр ханддаг бол гэрийнхэнтэйгээ ярих хоорондоо харилцан яриа чинь эерэг мэдрэмж өгөх тул та бүр л жаргалтай байх болно.

Инээмсэглэсэн царай амжилтанд хүргэнэ

Жим Керри өвчтэй ээжийгээ инээлгэхийн тулд хошин шогоо эхлүүлсэн байдаг. Бие муутай ээж, ажилгүй аав хоёроосоо болоод тэрээр хүүхэд насаа хүнд бэрх өнгөрүүлээд зогсохгүй бүр орон гэргүй болж ч үзсэн байна. Гэвч найдвараа, инээд хөөрөө алдаагүй тул олон удаа бие даасан хошин шогийн тоглолтоо хийж, эцэстээ инээдмийн киноны од болсон байдаг. Хожим нь тэрээр инээд хөөрөөр шинэ амьдралаа олж авсан хэмээн өчсөн юм.

Инээмсэглэлээр амжилтанд хүрсэн кино од гэхээр орхигдуулж болохгүй нэг хүн бий. Нэгэн олны танил болоогүй жүжигчин шинэ кинонд гол дүрийн эмэгтэй жүжигчин хайж байна гэсэн зараар нэг энтертайнмент компани дээр очжээ. “Тэнцээгүй” гэхэд нь тэрээр урвайж гунихын оронд цацартал инээмсэглээд эргэв гэнэ. Тэгэхэд нь кино найруулагч түүнийг буцааж дуудав. Бүсгүй сонсголынхоо шалгалтанд тэнцсэн гэдэг. Тэр бол “Gone with wind” киноны баатар гэдгээрээ дэлхийн хэмжээний од болсон жүжигчин Вивьен Ли юм.

Илд бамбайгаар тулалддаг байсан эрт дээр үед тулааны талбар дахь жанжнууд инээд хөөрийг зэвсэг болгон хэрэглэж байжээ. “Ха ха ха!” гээд чанга чанга инээхээр айдас нь өөртөө итгэх итгэл болон солигдож, дайсныхаа сэтгэлийг мохоодог байв. Айдастай байвал зүрх ердийнхөөсөө хурдан цохилж, харин инээмсэглэх үед хүн дахин тайвширч, тогтвортой байдаг аж.

Аливаа ярилцлага, хэлэлцүүлэг зэрэгт зөвхөн хувцаслалтандаа санаа зовоод байлгүй эхлээд нүүрэн дээрээ инээмсэглэл тодруул. Инээмсэглэх л юм бол хавьгүй тайван болж, үр дүн ч сайтай байна.

Инээмсэглэл аз жаргал авчирдаг

1988 онд Германы сэтгэл судлаач, доктор Фриц Страк хүмүүсийг хоёр хэсэг болгоод, нэг ижилхэн комик ном уншуулжээ. Комик номоо унших явцад нэг хэсгийг уруулд нь харандаа зуулгаж, нөгөө хэсгийг нь уг харандааг шүдээр нь зуулгасан байна. Тийм байдлаар нэг багийг нь урвайлгаж, нөгөө багийг нь инээмсэглүүлсэн аж. Тэгтэл харандаагаа шүдээрээ зууж, инээмсэглэх төрх үзүүлсэн баг нь уг хүүхдийн үлгэрийг хөгжилтэй хэмээн үнэлж, үйл явдлыг нь хавьгүй сайн санаж байсан байна.

“Хүн тодорхой нэг сэтгэл хөдлөлийн илэрхийллийг дуурайх үед бие махбод тэр дагуу хариу үйлдэл үзүүлдэг” гэж Пол Экман хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл зүгээр амныхаа хоёр буланг дээшлүүлж, нүд орчмоо үрчийлгэн инээмсэглэх байдал гаргахад л тархи үүнийг жинхэнээсээ инээмсэглэж байна гэж бодоод баяр хөөрийн даавар ялгаруулдаг байна.

Сэтгэл гундуухан үедээ инээмсэглэ. Хэрэв ингэх нь арай хэцүү байвал “и” гэж хэл. Ерөнхийдөө өдөр бүр инээмсэглэдэг хүмүүс амьдралдаа эерэг хандлагатай байдаг байна. Аз жаргал, баяр хөөр мэдрэхээр хүн аяндаа инээмсэглэнэ. Үүн шиг нүүрний хувирлаа өөрчлөхөөр сэтгэл санааны байдал дагаад өөрчлөгддөг. Инээмсэглэл гэгч нь баяр хөөрийн үр дүн, түүнчлэн баяр хөөрийн эхлэл ч мөн.

Гэрийнхэн рүүгээ үргэлж инээмсэглэ

Хүүхдийн инээмсэглэл, инээд хөөр аав ээждээ бөөн баяр авчирдаг. Ээж аавууд хүүхдээ инээлгэх гээд нүдээрээ харилцаж, инээдтэй царай, дуу авиа гаргана. Тэгээд ашгүй хүүхдээ инээхээр өөрсдөө бөөн баяр болж өхөөрдөнө.

Аав ээжүүдийн инээд хөөр хүүхдэд баяр баясгалан, тайвшрал өгдөг байна. Хятадын Байлдаант улсын үед (МЭӨ 771-МЭӨ 476) Лао Лай Зи хэмээх хүн далан насандаа өнгөлөг хувцас өмсөж, өхөөрдөм хөөрхөн авир үйлдэл гаргаж, хөгшин настай аав ээжийгээ инээлгэж байсан түүхтэй.

Хэн нэгнийг хайрлах үед тэр хүнээ инээлгэхийг хүснэ. Үүний учир нь хайртай хүнийхээ инээмсэглэлийг харах нь өөрийг тань баяр хөөртэй, аз жаргалтай болгодог болохоор тэр шүү дээ.

Хайртай хүнээ инээлгэхийн тулд эхлээд баяртай сэтгэлээр инээмсэглэх хэрэгтэй. Гэрийнхэндээ инээмсэглэх нь тэдэндээ том бэлэг өгч байгаа хэрэг. Сайн аав ээж хүүхэд рүүгээ инээмсэглэлээ харуулж, сайн үр хүүхэд аав ээждээ инээмсэглэлээ харуулдаг.

Нэг нэгэндээ таалагдахыг хичээх үедээ хүн хамт инээж хөхөрч, гэр бүлийн холбоо улам бүр бат бөх болдог. Инээлдэж хөхрөх үед том юм шиг санагдаж байсан асуудал ялихгүй өчүүхэн харагдаж, эсвэл бүр асуудал биш болно. Хүнд хэцүү үед үр хүүхдээ харахаараа аав ээжийнх нь сэтгэл тэнийдэг учир энэ.

Үргэлж аз жаргал дагалдаж байдаг нэгэн хүүхэд байжээ. Сургуульдаа явсан ч, хоолоо идэж байсан ч, юм уншиж байсан ч цаг үргэлж тэр хүүг аз жаргал хүрээлнэ. Аз жаргалаас нэг өдөр өнөөх хүү “Чи яагаад дандаа намайг дагадаг юм бэ?” гэж асуужээ. Аз жаргал тэгтэл “Чиний инээмсэглэх чинь гоё байдаг юм” гэж хариулсан гэдэг.

Элгээ хөштөл минь инээлгэдэг хошин шогийн хүч байхгүй байсан ч, эсвэл тодорхой цагт зурагтаар гардаг инээдмийн шоу үзээгүй байсан ч бид үргэлж инээж хөхөрч, аз жаргалтай байж болно. Инээд халдвартай. Нэг хүн инээхээр арван хүн бас инээнэ. Та инээмсэглэхээр таны царай төрхийг ойлгодог толь бас инээмсэглэж, улмаар гэрийнхэн тань тэр чигээрээ инээнэ. Ингэх нь таны сэтгэл санааг сэргээж, ямар ч бэрхшээлийг даван гарах хүч чадал өгч байдаг.

Инээмсэглэл гэдэг нь талархлын шууд илэрхийлэл. Хэрэв та өчүүхэн зүйл дээр ч болов талархдаг л бол аяндаа инээмсэглэх л болно. Зөвхөн зураг даруулах агшинд л “cheese” гэж инээмсэглэдэг байж болохгүй ээ. Бусдын нүдэнд ч инээмсэглэсэн төрхөө харуулж, амьдралынхаа бичлэг зурагт ч инээмсэглэсэн төрх үлдээж болохгүй нь юун. Бүр яг энэ мөчөөс шүү.