WATV.org is provided in English. Would you like to change to English?

Инээд хөөрийг ерөөл дагалдана

Инээд хөөрөөр гэрийнхэнтэйгээ харилцъя

169 Үзсэн тоо

Инээд хөөр гэдэг бол харилцааны өөр нэг нэр юм. Ер нь харилцаа гэдэг нь хүн оюун бодол, хүсэл тэмүүллээ харилцан солилцох явдал шүү дээ. Тиймээс бодол оюунаа, хүслээ харилцан хуваалцдаггүй хүмүүсийн хооронд инээд хөөр байх боломжгүй. Инээд нь зүрх сэтгэлд байгаагаа хэлээгүй байсан ч нэг нэгнээ ойлгох боломж олгодог. Яриа хөөрөө эхлэхийн өмнө инээмсэглэвэл сонсогч хүн хэдийн сэтгэлээ нээхэд бэлэн болсон байдаг.

Хаа хаанаас илүү инээд хөөр цуурайтаж байх ёстой газар бол гэр. Мөн хэн хүнээс илүү баярлуулж байх ёстой хүн бол гэрийнхэн. Гэр орондоо инээд хөөр олохгүй байж өөр хаанаас бид инээд хөөр олох билээ дээ? Өөрийнхөө ам бүлийг инээд хөөртэй байлгаж чадахгүй байж өөр хэн нэгнийг баяр хөөртэй байлгаж яаж чадах билээ? Гэр бүлийнхэнтэйгээ инээд хөөрөө хуваалцах үед өчүүхэн жаахан инээд ч хямралыг ялан гарах агуу хүч болно.

Аав инээхэд гэрийн бүх уур амьсгал өөрчлөгдөнө

Айл гэрт аавынх нь инээд гэрийн уур амьсгалд асар их нөлөөлнө. Аавууд ер нь өдөржин ажиллаад ядарч гэртээ ирэхдээ зүгээр л амрахыг хүсдэг нь үнэн. Ажил дээрээ ажлын шаардлагаар, дээд доод хүнтэйгээ албаар инээмсэглэдэг бол тэр тусмаа гэртээ юунд ч сатааралгүй амрахыг л хүснэ.

Хүмүүсийг инээлгэдэг мэргэжилтэй хошин шогийн жүжигчин гэртээ хавьгүй дуу шуу муутай, нөхөрсөг биш байдаг талаар үнэнээ өчиж, хүмүүсийг гайхшируулж байсан удаатай. Ганц энэ хошин шогийн жүжигчнээр ч зогсохгүй гэнэ. Бусдыг инээлгэхийн тулд байдгаараа хичээдэг тул гэртээ инээх, инээлгэх ямар ч тэнхэлгүй, эрч хүчгүй байдаг гэсэн үг. Ямар ч шалтгаантай байсан бай ар гэрийнхнээ баярлуулж чадахгүй байх нь үнэхээр харамсалтай хэрэг юм.

Сурах дургүй нэг хүү шалгалтынхаа дүнг гэртээ авчирчээ. Тэрээр биеийн тамираас бусад бүх хичээл дээрээ F авч, ганцхан биеийн тамиртаа л D авсан байж гэнэ. Аав нь байдгаараа уурлаж болох байтал хүүдээ “Миний хүү ч ганцхан хичээлдээ л их анхаараад байдаг юм аа даа” гэсэн гэдэг.

Хэн нэгний инээдтэй болгох гэсэн түүх ч гэлээ бяцхан үрсдээ бид иймэрхүү хошин наргиан ашиглацгаая. Мэдээж тэднийг цаг ямагт инээдээр сургана гэж байхгүй л дээ. Гэхдээ бид таагүй мэдрэмжээ инээд хөөрийн шинжтэй болгоод байвал хатуу сахилгажуулснаас хамаагүй дээр үр дүн гарна.

Юманд нухацтай, хатуу ханддаг төрлийн аав байх нь хоцрогдож үеэ элээсэн. Одоо бол хүүхдүүдтэйгээ их цаг өнгөрүүлдэг, нөхөрсөг наргианч төрлийн аавуудыг л сайн аав гэж хүлээн зөвшөөрдөг болсон цаг. Гэрийнхнийхээ төлөө их инээж, тэднийгээ баярлуулах юм бол гэр орон тань улам л аз жаргалтай байна шүү дээ.

Ээж аав нь их инээдэг хүүхэд зөв өсдөг

“Аав ээж нь хүүхдүүдийн толь” гэж хэлц байдаг шиг аав ээж нь их инээхэд хүүхдүүд мөн их инээдэг. Их инээдэг хүүхэд амар тайвныг мэдэрч, бие махбодоор ч, сэтгэл санаагаар ч тайван байдаг. Хүүхдүүдтэйгээ цаг үргэлж инээд цацруулсан царайгаар ханд гэсэн үг биш л дээ. Хүүхэд чинь буруу хэрэг хийвэл хатуу чанд дуу хоолойгоор ярих хэрэгтэй. Гэхдээ хүүхэд аав ээжийнхээ чин сэтгэлийг мэдрэх үедээ буруу хэрэг хийснээ, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, гэмшдэг.

Байнга инээд хөөр тасардаггүй айлд зөрчил маргаан гараад байхгүй. Тийм айл гэрийнхний дунд инээд хөөр гэгч зүйл хэдийнээ харилцан ойлголцол бий болгосон байдаг учраас тэр. Иймэрхүү гэрт өссөн хүүхэд эелдэг нийтэч, алив хямралыг инээд хөөрөөр даван туулж, амьдралын хатуу ширүүн давалгаанд хангалттай сэлж чадах ухаалаг байдаг. Өсвөр насны гэмт хэрэгтнүүдийн 80 хувь нь гэртээ ээжийнхээ инээж байгааг огт харж байгаагүй гэдгийг тогтоожээ. Инээхдээ харам аав ээжүүдийн зан авир, үнэт зүйл нь тогтворгүй байх магадлал өндөр байдаг аж. Тиймд инээд хөөр байдаггүй айлын хүүхдүүд зөв зан чанартай болж төлөвших магадлал бага. Их инээж хөхөрдөг сэргэлэн цовоо хүүхдүүд насанд хүрээгүй гэмт хэрэгтэн болох магадлал тун бага аж. Инээд хөөр нь эерэг энерги юм. Эерэг хүмүүс амьдралынхаа төлөө гэрэл гэгээтэй, эерэг хандлагатай байдаг байна.

Инээд хөөрөөр гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд санаа тавьцгаая

Инээд хөөр гэгч зүйл хүний эрүүл мэндтэй шууд хамаатай. Эртний Грекийн эмч Милетус “Инээд хөөр гэсэн утгатай “гелос (gelos)” хэмээх грек үг нь эрүүл мэнд гэсэн утгатай “хело (helo)” гэх үгнээс үүсэлтэй” гэж хэлсэн байдаг. Орчин үеийн шинжлэх ухаанаар инээдний үр нөлөөг илрүүлэхээс олон жилийн өмнө хүмүүс инээд хөөр эрүүл мэнд хоёр нягт холбоотой гэж мэддэг байжээ.

Инээх нь өвчин намдаадаг нь хэдийн тогтоогдсон юм. Америкийн зохиолч Норман Казинс хүндээр өвддөг анкилозын спондилит гэж нэрлэгддэг ховор өвчнөөр оношлогдож, өдөрт 26 шахмал аспирин, 12 шахмал фенилбутазон ууж байсан ч эдгэрэх шинж тэмдэг илрээгүй байна. Харин тэрээр хошин шог үзээд чанга чанга инээж эхэлсэн тул өвчин нь намдаж, нойрны эм уулгүй нам унтаж чаддаг болсон ажээ.

Сүүлийн үед арьсны харшилтай өвчтөн их нэмэгдэж байгаа ч янз бүрийн шалтгаантай байдаг болохоор тодорхой эмчилгээ байдаггүй. Харин туйлын хүнд экзем тууралтаасаа болоод унтаж ч чадахгүй, найз нөхөдтэйгөө уулзаж ч чаддаггүй байсан нэг хүүхэд гэрийнхэнтэйгээ инээсээр байгаад эдгэрсэн байна. Ихэнх тийм харшлын өвчтэй хүүхдүүд их мэдрэмтгий, стресс бухимдалтай байдаг ч инээж хөхрөх үед сэтгэл зүй нь тогтворжиж, харшил тууралтын шинж тэмдэг нь ч намждаг байна.

Инээх нь вакцин хийлгэсэн дайтай дархлааны системийг бэхжүүлж, судасны булчинг сулладаг тул цусны даралт багасч, хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулдаг байна. Мөн чихрийн шижин өвчнийг ч инээдээр эдгээж болдог ба инээхэд дасгал хөдөлгөөн хийсэн дайны үр дүн үзүүлдэг ажээ.

Энэ мэтээр инээд хөөр гэдэг нь бага балчраас настан буурлууд хүртэлх гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд санаа тавих хамгийн амархан арга юм.

Хэрхэн инээх вэ?

1. Аль болох чанга инээ

Инээх үедээ амаа том ангайж, бүх биеэрээ инээ. Чанга инээх үед сэтгэл оюун сэргэж, улмаар жинхэнээсээ инээж чадна. Чанга чанга инээвэл нүдний дор байдаг мэдрэл өдөөгдөн, улмаар эндорфин, допамин зэрэг дааврыг хурдан ялгаруулдаг тул эрүүл мэндэд тустай.

2. Ганцаараа биш, хамтдаа инээ

Америкийн зохиолч Марк Твейн “Байгаагаар нь орхисон ч уйтгар гуниг гэгч зүйл аяндаа багасдаг, харин бүр төгс баяр хөөр мэдрэхийг хүсвэл гунигаа хэн нэгэнтэй хуваалцах хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Хэн нэгэнтэй хамт инээвэл бүр илүү тайвширч, чанга ч инээж чадна, их ч инээж чадна. Хүнтэй хамт инээх нь ганцаараа инээснээс 33 дахин илүү үр нөлөөтэй аж.

3. Инээх дасгал сайн хий

Хэрэв нүүрний чинь булчин хөшүүн байвал таны инээд төрөлхийн харагдаж чадахгүй. Ер нь инээдээ хиймэл, хуурай хөшүүн харагддаг гэж бодоод байвал хүн бага инээнэ шүү дээ. Хичээх л юм бол ямар ч үед инээж чадна гэх бодлоо хойш тавьж, ганцаараа байх үедээ энгийнээр инээх дасгал хийхийг хичээ.

4. Өдөр бүр инээх дадлага хий

Өдөр бүр ингэж инээ. Ням гарагт нүдээ нээмэгц инээ. Даваа гарагт даруулгагүй инээ. Мягмар гарагт мяралзтал сайхан инээ. Лхагва гарагт элгээ хөштөл инээ. Пүрэв гарагт писхийтэл инээ. Баасан гарагт болихоо мэдэхгүй инээ. Бямба гарагт байж ядан дуу хадаан инээ. Өдөр бүр ийнхүү инээх дадлага хийвэл та жилийн 365 хоног нэг ч өдөр алгасахгүй инээмсэглэх болно.

5. Хүнд хэцүү үе байх тусмаа бүр их инээ

“Бид аз жаргалтай учраас инээдэг биш, харин инээдэг учраас аз жаргалтай байдаг” гэсэн хэлц үг байдгийн адил шийдэгдэхгүй мэт санагдах асуудал тулгарсан үедээ эерэг сайхан юм бодож, инээхийг хичээгээрэй. Иудейчүүд нацистуудын дарлалд байхдаа ч инээхээ мартаагүй гэсэн яриа байдаг. Ядарч туйлдан, цөхрөнгөө барсан үед инээд хөөр гэгч зүйл улам бүр гэрэлтүүлдгийг санаж аваарай.

Инээдний индексээ шалга

Дараах асуултаар өөрийгөө 1-5 хүртэл оноогоор үнэлж дүгнээрэй.

Огт үгүй (1) l Яг ч тийм биш (2) l Заримдаа (3) l Ихэнхдээ (4) l Үргэлж (5)


Би хэнтэй ч уулзсан инээмсэглэн мэндэлдэг.
Би бусдыг инээлгэх ямар нэг юм бодож олох гэж хичээдэг.
Миний мэддэг хөгжилтэй түүхийг ярьж өгсөн ч би анх удаа сонсож байгаа юм шиг чанга чанга инээдэг.
Би ном, сонин дээрээс хошин шог, инээдтэй хэсгийг нь унших дуртай.
Би бусдад инээдтэй харагдахыг тоодоггүй.
Би гэрийнхэнтэйгээ өдөрт дор хаяж нэг удаа инээдэг.
Хэн нэгэн алдаа гаргалаа гэхэд би уужим сэтгэлээр инээд хөөр болгоод л өнгөрдөг.
Би цагийг хүмүүстэй өнгөрүүлэх дуртай.
Надаас хамаарч хүмүүс баяр хөөртэй байх нь надад таалагддаг.
Би инээхдээ чанга чанга инээдэг.
Инээд хөөр гэгч нь сайхан харилцаа бий болгодог гэдэгт би итгэдэг.
Би уур амьсгалыг өөрчлөхийн тулд инээдэг.
Би толинд харж, нүүрний хувирал гаргах дасгал хийдэг.
Зүүдэндээ инээж байсан тохиолдол бий.
Хүмүүс зугаатай байх гээд намайг хайдаг.
Би инээдтэй юм бодон ганцаараа инээдэг.
Би ярихдаа яриагаа инээдтэй болгох гэж хичээдэг.
Би хэн нэгний сэтгэл шархлах тоглоом наргиа, онигоо хэлдэггүй.
Өнөөгийн хошин шогийн чиг хандлагыг ер нь мэддэг.
Би инээмсэглэхдээ хиймэл харагддаггүй.
Ажиллаж байхдаа инээмсэглэх нь байх л зүйл гэж би боддог.
Хамгийн хүнд нөхцөлд ч гэсэн заавал нэг найдвар байдаг гэж би итгэдэг.
Хэн нэгний сэтгэл санааны байдлыг инээд хөөр болгож өөрчилсөн тохиолдол надад бий.
Би инээж хөхрөхтэй холбоотой титэм үг гурваас дээш мэднэ.
  • 90–120 оноо: Та үргэлж инээд хөөр болж явдаг эрүүл хүн.
  • 75–89 оноо: Хэрэв та жаахан хичээвэл инээх тал дээр мундаг болно.
  • 74 оноо буюу түүнээс бага: Та хангалттай инээдэггүй юм байна. Та илүү их хичээх хэрэгтэй.