Аливаа ёслол дэс дараалалтай байдаг. Бидний Бурханд өргөдөг мөргөлд ч дэс дараалал гэж бий. Мөргөлийн дэс дарааллын хувьд сүмийн онцлог байдлыг харгалзан яг адилхан дүрэм журам тогтоох боломжгүй ч ерөнхийдөө дараах дэс дарааллаар явагддаг.

1. Чимээгүй залбирал
Нүдээ анин сэтгэлээ цэгцлээд, Бурханд тэмүүлнэ (Дуу 143:5). Энэ үед дуу авиа гаргадаггүй.
2. Магтаалын дуу
Бурханы ивээлд талархаж, яруу алдар өргөх дуу (Илч 5:13). Энэ үед итгэгчид босож магтаал өргөнө.
3. Залбирах
Бурханд талархал, яруу алдар өргөх, нүглээ хүлээн зөвшөөрөх, хүслээ айлтгах гэсэн дэс дараатай залбирдаг. Энэ залбирлыг ихэвчлэн номлогч өргөнө (Энэ үед босож залбирна). Залбирлын дараа суудалдаа сууцгаана.
4. Магтаал
Амралтын өдрийн мөргөлд амралтын сэдэвтэй дуу, баярын мөргөлд баярын сэдэвтэй дуу, бусад тусгай мөргөлд тухайн мөргөлийн онцлог сэдэвт тохирсон магтаалын дуугаар яруу алдар өргөнө.
5. Залбирах
Бурханд талархал, яруу алдар өргөх, хүслээ айлтгах, номлогчид ивээл буулгах, сайн сургаалын үгээр тэжээн тэтгэгдэхүйц хүч чадал соёрхох, бүх гэр бүлд ивээлтэй, ерөөлтэй цаг болгож өгөхийг хүссэн туслах залбирлын цаг.
6. Тусгай магтаал
Бурханыг дээдлэн хүндэтгэж, найдан хүлээж, мөргөлийг ивээлтэй болгохын тулд ариун дууны чуулганы тусгай магтаалын дуу өргөвөл мөргөл илүү ивээлтэй болно. Харин тийм нөхцөл бүрдээгүй сүм уг дэс дарааллыг алгасаж болно.
7. Сургаал
Бурханы үгийг ивээлтэйгээр ухааруулж, тунхаглах цаг. Махан бие хоол идэхгүй бол өлсөж, цангадгийн адил бидний сүнс ч бас сүнсний хоол болох Бурханы үг идэхгүй бол сульдан өвчилдөг тул энэ цаг мөч бидний сүнсэнд үнэхээр чухал юм.
8. Өргөл өргөх ба магтаалын дуу
Энэ үед мөнгөн өргөл өргөхийн хамт тэрхүү өргөлд ивээл бүхий амлалтын магтаалын дуу хамт дуулна.
9. Өргөлийн залбирал
Хөтлөгч, ахлагч, миссионер, эмэгтэй ахлагч дундаас тухайн байдалд тохируулан өргөлийн талаар залбирах хүнийг сонгож, өргөсөн өргөлд ерөөл, талархлын утга бүхий залбирал өргөнө.
10. Зарлал
Сүм болон гэр бүлүүдийн сайхан мэдээг танилцуулна. Мөн мэдэх хэрэгтэй зарлалыг энэ цагаар дамжуулна. Сайн зүйлд хамтдаа баярлаж, хэцүү асуудлыг хамтдаа хуваалцан үүрч, өөр хоорондоо нэгэн бие болохоо бататгаад, хайраа улам зузаатгах хэрэгтэй.
11. Бидний хүсэх залбирал
Бүх итгэгч хамтдаа залбирна.
12. Чимээгүй залбирал
Мөргөл соёрхсонд талархаж, Бурханы ивээл, ерөөлийг хамтад нь буулгаж өгөхийг хүсэн залбирна. Залбирлаар Бурхантай уулздаг болохоор хүслээ чимээгүйхэн айлтгана.
13. Мөргөл дууссаныг зарлах
Хөтлөгч дараагийн мөргөлийг мэдэгдээд, дахин уулзах цаг товлон, мөргөл дууссаныг зарлана.
* Баярын мөргөл болон долоо хоног бүрийн мөргөл давхцах тохиолдолд баярын мөргөлийг баримтална.
Бид мөргөлийн дэс дараалал бүрийг ивээлтэй, итгэл сүсэгтэйгээр дагаж, Бурханаас үлэмж их ерөөл хүртэх хайртай хүүхдүүд нь болох хэрэгтэй.
- Тунгаах зүйлс
- Мөргөл ямар дэс дарааллаар явагддаг вэ?