Сионд хичээнгүйлэн цуглах ёстойн учир

38,727 үзэлт

Эцэг эхчүүд хүүхдүүдээ хамт цугласан байхыг хараад баярладаг шиг Бурхан итгэгчдээ цуглахыг хүсэж, цуглаж буй тэр газар нь ерөөлөө буулгадаг юм.

Би та нарт дахин хэлье. Та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх Эцэг минь үүнийг чинь тэдэнд үйлдэх болно. Учир нь хоёр буюу гурвуулаа Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав. Мат 18:19-20

Хоёр хүн хамт залбирахад Бурхан тэр залбирлыг нь биелүүлж, хоёр буюу гурван хүн цуглах газар Бурхан хамт байх болно гэжээ. Энэ нь ганцаараа залбирах үед хариулахгүй гэсэн үг биш, харин цуглахад хичээгээрэй гэсэн утгатай үг юм. Элч нар ч мөн итгэгчдэд цуглахыг ятгадаг байжээ.

Хамтран цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүсийг үл дагаж, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусмаа бие биенээ улам илүү зоригжуулъя. Евр 10:25

Библийн энэ сургаал дагуу Сионд ариун дууны, авралын зарын гэх мэт янз бүрийн чуулган явагддаг. Тэгвэл Бурхан яагаад хүүхдүүдээ цуглаарай гэсэн юм бол?

Нэгдүгээрт, ерөөл өгөхийн тулд

Анхны сүм хичээнгүйлэн цугласан учраас Бурханаас ерөөл авч, өсөлт хөгжлийн гайхамшигт түүхийг өрнүүлсэн байдаг.

Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүрхээр хооллоцгоон, Бурханыг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа. Үйл 2:46-47

Харин цуглаагүйгээсээ болоод ерөөл авч чадаагүй тохиолдлыг ч Библид бичсэн байдаг. Есүс амилсныхаа дараа хамт цугласан шавь нартаа үзэгджээ. Гэвч арван хоёрын нэг болох Томас тэнд байсангүй. Тэгснийхээ уршгаар тэрхэн зуур Есүсийн амилалтанд эргэлздэг (Иох 20:19-25). Үүнээс бид Бурханаас ерөөл авч итгэлээ сахихын тулд хичээнгүйлэн цуглах ёстойг ойлгож болно.

Хоёрдугаарт, Сатаны эсэргүүцэл саадыг ялахын тулд

Сүнслэг ширүүн тулаан явагдаж байгаа өнөө үед Сатан диавол бидний сүнсийг сүйрэл рүү хөтлөхийн тулд архирах арслан мэт гэтэн явж байгаа (1Пет 5:8).

Арслан ан хийхдээ хамгийн түрүүнд сүргээсээ тасарсан хүч буурай амьтан руу дайрдаг. Үүний адил Сатан ч мөн сүргээсээ холдсон, итгэл султай сүнснүүд рүү эхлээд довтолдог юм. Ингэх тусам нь бид цуглахад хичээж, сэтгэлээрээ нэгдэн Сатаны эсэргүүцэл саадыг ялан гарах ёстой.

Тэгвэл Бурханы ард түмэн хичээнгүйлэн цуглах ёстой газар нь хаана вэ? Сион юм. Сион нь баяр сахидаг (Иса 33:20), Бурхан оршиж ерөөлөө соёрхдог газар юм.

Учир нь Эзэн Сионыг сонгож, орших газраа хэмээн Түүнийг хүсэв. “Мөнхөд амрах газар минь энэ болой. Үүнийг хүссэн тул Би энд амьдран сууна. Дуу 132:13-14

Харагтун ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ! Сахал дээгүүр нь, Аароны сахлаар доош урсан, хувцасных нь захаар доош урсаж буй толгой дээрх үнэ цэнэтэй тос адил юм. Сионы уулс дээр буудаг Хермоны шүүдэр адил юм. Учир нь тэнд Эзэн ерөөлийг, мөнх амийг тушаасан билээ. Дуу 133:1-3

Тиймээс бид мөнх амийн ерөөл амласан Бурхан орших Сионд хичээнгүйлэн цугладаг байх ёстой.

Дээр дурдсанчлан Бурханаас ерөөл аван сайн мэдээний түүхийг гүйцээхийн тулд Сионд хичээнгүйлэн цуглах ёстой. Гурав дахь өдрийн мөргөл, Амралтын өдрийн мөргөл, баярын мөргөлөөс гадна Сионд явагдаж буй том жижиг чуулганд бидэнд л ерөөл өгөх гэсэн Бурханы хайр шингэсэн байдаг юм. Бид Бурханы хүслийг сэтгэлдээ сийлж, хичээнгүйлэн цуглаад, хайраар нэгдэн сайн мэдээний түүхийг гүйцээх ерөөлтэй ард түмэн болцгооё.

Тунгаах зүйлс
Бид хаана хичээнгүйлэн цуглах ёстой вэ?
Бурхан итгэгчиддээ цуглахад шамдаарай гэж айлдсаны учир юу вэ?