Рахаб ба луу

76,502 үзэлт

“… Рахабыг хэсэгчин тасчиж, лууг нэвт хатгасан нь Та бус уу? Далай тэнгис, их гүний усыг хатаан золигдогсдыг гатлуулахын тулд тэнгисийн гүнийг зам болгосон нь Та бус уу?” Иса 51:9

Өнгөрсөн үед Бурханы хэсэгчин тасчсан, ертөнцийн төгсгөлд ч бас тастагдах Рахаб буюу лууны талаар судлаад үзэцгээе.

Эрт үед израиль ард түмэн Иерихо хот руу тандагч нарыг илгээх үед Рахаб (רחב) гэдэг янхан эм тэднийг нууж хамгаалсан байдаг. Харин “Рахабыг хэсэгчин тастаж” гэж хэлсэн нь Иерихо хотын Рахабыг хэлсэн юм биш.

Еврей хэлээрээ “Рахаб (רהב)” нь эртний үлгэр домогт гардаг далайн мангасыг хэлж байна. Тэр мангас бурхдаар дарагдсан тухай ам дамжиж ирсэн яриа бий. “Хэрцгий догшин, бардам авиртай” гэсэн утгыг агуулдаг Рахаб (רהב) гэдэг үгнээс үүсжээ. Израиль ард түмнийг боолчилж байгаад Бурханаас арван гамшгийн шийтгэл хүлээсэн Египетийг далайн мангас Рахабаар илэрхийлсэн нь бий.

Ассирийн эзлэн түрэмгийлэлд өртсөн Иуда улс Бурханыг түшилгүй Египетийг түших үед Бурхан ийн хариулжээ.

“Тусламж дэмжлэг нь ашиггүй хоосон Египет уруу хүртэл зөөж байна. Тиймээс Би түүнийг “Юунд ч нэмэргүй Рахаб” гэж нэрлэсэн.” Иса 30:7

Мөн “Лууг цоо хатгасан” гэдгийн лууг еврей хэл дээр “танин” гэж бичсэн. Энэ нь “могой”, “луу”, “мангас” зэрэг утгыг илэрхийлдэг байна.

Бурхан Египет дээр арван гамшиг буулган ард түмнийг нь айлгаж сүрдүүлэн израильчуудыг чөлөөлөв. Тэгээд израильчуудыг нэхэн хөөж ирсэн Египетийн цэргийг Улаан тэнгис рүү ороход тэнгисийн усыг буцаан, тэднийг хөнөөдөг. Энэ талаар Исаиа зөнч Рахаб (далайн мангас)-ыг хэсэгчин тасчсан хэмээн тодорхойлжээ. Тухайн бичвэрийн нөхцөл байдлаас харахад Египетийн захирагч Фараоныг дарахыг “лууг цоо хатгасан” гэж илэрхийлсэн байна.

Эцэст нь дүгнэхэд Рахаб, луу хоёрыг адилхан нэг зүйлээр зүйрлэсэн нь илт байна. Эхний утгын хувьд Египет болон Египетийн захирагчийг бэлгэддэг. Бас Вавилонд боолчлогдож байсан цаг үед Вавилоны хааныг ч луугаар бэлгэдэж байж. Хоёр дахь утгын хувьд, нүгэлт ертөнцийн хаан диаволыг илэрхийлсэн байна. Эхлэл 1:21 ишлэлд Бурхан тав дахь өдөрт бүтээсэн “далайн загас” нь “танин (мангас, араатан)” гэдэг үгийн орчуулга юм байна. Тиймээс тав дахь өдрийн зөгнөлийн цаг үед далайгаас гарч ирсэн араатан нь луунаас эрх мэдэл аваад сүмийн эрхийг гартаа авч, 1260 жилийн турш захирсан юм.

Далайн мангас эсвэл лууны аль аль нь л энэ ертөнц (далай)-ийн захирагч диаволыг илтгэж байгаа. Тиймдээ ч Даниел, Илчлэлт номонд Бурханы эсрэг үг хэлэгч араатан далайгаас гарч ирж байгаагаар тэмдэглэгджээ. Энэ ертөнц (далай)-ийн түр зуурын эзэн Сатаныг шүүж галтай зууханд хаях ажлыг гүйцэтгэх, өөрөөр хэлбэл “Рахабыг хэсэгчин тасчиж, лууг цоо хатгах” Нэгэн бол биднийг аврахаар ертөнцийн төгсгөлд гарч ирсэн Елохим Бурхан юм. Диаволыг шүүн, галд хаяж, биднийг тэнгэрийн хаанчлал өөд хөтлөх энэ үеийн Аврагч Елохим Бурхандаа бүгдээрээ талархал, магтаалын дуун өргөцгөөе.