Хүүхэд аварсан горилла сармагчин

1996 онд АНУ-ын Иллинойс мужийн Брүкфилд амьтны хүрээлэнд гурван настай хүү тоглож байгаад гориллуудын хашаанд унан, ухаан алджээ. Горилла төрлийн сармагчин ерөнхийдөө зөөлөн авиртай ч нутаг дэвсгэрт нь халдах үед түрэмгий болж, маш аюултай нөхцөл байдал бий болдог байна. Хүүгийн ар гэрийнхэн болон хажуугаас нь харж байсан хүмүүс яахаа мэдэхгүй сандралдаж байтал нэг горилла хүүхэд рүү тайвнаар ойртов гэнэ. Дараа нь болсон зүйл бүгдийг гайхшируулах нь тэр. Горилла хүүхдийг өвөр дээрээ зөөлөн тавьснаа нурууг нь аяархан алгадан илбэж, тэр ч байтугай хүүг хамгаалах гэсэн аятай бусад сармагчингаас халхалж байв. Аврах багийнхныг очиход тэрээр бүр хүүг болгоомжтой гэгч нь өргөн, аврагчдад авчирч өгч, хүүгийн аюулгүй байдлыг хангажээ. Түүний ачаар хүү аав ээжийнхээ энгэрт эсэн мэнд эргэн ирсэн байна. Бинти Жуа нэртэй…

Жирийн асуултуудын цаадах хайр

Саяхандаа би И мэйлээ цэгцэлж байтал хэдэн мессеж нүдэнд тусав. Явуулсан хүн нь дүү охин маань ч гэлээ яг үнэндээ тэр месежнүүд дүүгээс ирсэн биш байв. Ээж намайг гадаадад байхад утсаар холбогдож чадахгүйдээ болоод дүүг өөрийнхөө өмнөөс бичүүлсэн байж. Би тэр И мэйлүүдийг нээхэд энгийн хэдэн асуултаас өөр гойд юм байсангүй. “Сайн хүрч очсон уу?” “Цагийн зөрүүндээ дасаж байна уу?” “Бие чинь гайгүй юү?” “Ачаагаа эвтэйхэн задалсан уу?” “Тэндхийн хоолонд хэр дасаж байна даа?” “Охиноосоо асуух юм ээжид нь их байна. Өнөөдөр яасан бэ?” Охиноо анх удаа хүний нутагт амьдарч байгаад санаа зовсон ээж маань санаа зовнилоо энэ хэдэн энгийн асуултаар илэрхийлж байж. Одоо эргээд бодоход зүгээр эсэхийг маань ээж тэр үед л асуусан биш, үргэлж л асуудаг байсан юм…

Чой Еэ Жү / Солонгос, Хуасон

Галт тэрэгний тасалбарын дурсамж

Баярын өдрүүд ойртох үеэр би аав ээждээ очихоор гэр рүүгээ галт тэргээр явах захиалга өгөхөөр тасалбарын сайт руу нэвтрэв. Амралт баяр ёслолын үеэр тасалбар нүд ирмэхийн зуур дуусдаг тул эртхэн онлайн захиалгаа баталгаажуулав. Хэд хэдэн оролдлого хийж, баахан клик хийсний эцэст би арай гэж тасалбараа авч чадлаа. Сүүлд нь би аав, ээждээ хэзээ очихоо хэлэх гээд нарийн ширийн зүйлийг дахин нягталж үзээд зүрх салгалав. Галт тэрэгний хөдлөх цаг миний бодож байсан цаг биш байх нь тэр. Би өмнө нь ийм алдаа гаргаж байсан болохоор уг нь маш болгоомжтой байсан юмсан. ... Гэсэн ч би дахиад л будилж орхилоо. Энэ энгийн алдаа галт тэрэгний тасалбартай холбоотой мартагдашгүй дурсамжийг маань сэргээлээ. Ахлах сургуульд байхдаа би аавтайгаа хамт нэг чухал ажлаар Сөүл явах…

Ким Хэ Сон / Солонгос, Сөүл

Амжилт гэж юу вэ?

“Байнга дандаа их инээх / Бас ухаантны хүндлэл хүлээх / Багачуудын хайрыг татах / Хуудуугүй шүүмжлэгчид магтуулах / Хуурамч нөхдийн урвалтыг тэвчих / Үзэсгэлэн гоод бишрэн баясах / Өрөөл бусдаас сайныг олж харах / Өөрийгөө бусдад хариу нэхэлгүй / Өглөг болгон зориулах / Чийрэг үрс, цэцэрлэг төгөл, / Чөлөөлөгдсөн нийгмийн нөхцөл / Энэ бүхнийг тоож ажралгүй / Энэхэн дэлхийг илүү сайхан болгох / Бахдал тэмүүллээр наадан тоглож / Баясан дуулж, хөгжин инээлдэх / Амьдралын тань ачаар бусдын амь / Амар тайван амьсгалсныг мэдрэх / Амжилт гэдэг ердөө энэ бүхэн юм.” Америкийн нэр хүндтэй яруу найрагч, гүн ухаанч Ральф Уалдо Эмерсоны (Ralph Waldo Emerson) шүлэг ийм. Солонгосын алдарт бизнесмен энэ шүлгийг толилуулж, хөрөнгийнхөө талаас илүү хувийг хандивлахаар болсноо зарласан нь шуугиан…

Эх гүүг нь ялгах арга

Нэгэн улсын элч эв эе, нөхөрлөл нэрийн дор хөрш улсдаа зочлохдоо хоёр морь бэлэглэжээ. Гэвч түүний далд санаа нь очсон тэр улсынхаа мэргэн ухааныг тандаж үзээд болбол хожмоо тэр улсыг эзлэн дийлж, дарлахыг санаархаж байсан аж. Элч өнөөх морьдоо хаанд өргөн барихдаа: “Энэ хоёр морины аль нь эх гүү, аль нь унагыг хэлж өгнө үү?” гэж асуув гэнэ. Уг хоёр морь бие, өнгө зүсэм яг адилхан байлаа. Зөв хариулж чадахгүй бол улсынх нь нэр төрд харшлах болохоор хаан болон албатууд нь ихээхэн санаа зовов гэнэ. Тэр орой нь хааны хамгийн ойрын түшмэл гэртээ их л гуниглангуй харьжээ. Тэгж санаа зовнихыг харсан ээж нь хүүгээ ингэж тайвшруулав. “Наад хоёр морио хоол тэжээл өгөлгүй нэг өдөр өнжчих. Дараа нь жаахан овьёос өгөөрэй.…

Ач ивээл мэддэг шар шувуу

Хүний сайхан сэтгэлд хариулж буй амьтдын тухай түүхийг “талархлын үлгэр” гэж нэрлэдэг. Уг нь үлгэрт л гардаг мэт санагддаг ч бодит амьдрал дээр хааяа ийм түүх гардаг байна. Өмнөд Африкт нэгэн эр гэрээсээ гарах гэж байгаад газар дээр нэг шархадсан шар шувуу арга тасран хэвтэж байхыг харав. Тэрээр шар шувууг гэр рүүгээ болгоомжтой гэгч нь авч явж, шархыг нь эмчилж, дулаан үүр хийж өгч, шим тэжээллэг хоол өгчээ. Тэгж чин сэтгэлээр санаа тавьсны ачаар шувуу аажмаар хүч тамир орж, хоёр сар орчмын дараа дахин нисэх боломжтой болжээ. Цаг нь болоход тэрээр эдгэрсэн шар шувуугаа байгальд нь буцааж тавив гэнэ. Гэвч тэр өдрөөс хойш шар шувуу тэр хүнийг марталгүй, эрх чөлөөтэй болсон хэр нь үе үе буцан ирж, ирэх ирэхдээ бүр…

Хийгээгүйн төлөөх харуусал

“Сурах боломжоо алдсан.” “Олон чухал боломжоо алдаж, хором мөчийг ашигтай өнгөрүүлээгүй.” “Ар гэр, найз нөхөддөө хангалттай цаг гаргаагүй.” Америкийн Корнелийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Томас Гиловичийн хийсэн судалгаагаар хүмүүсийн амьдралаа эргэн хараад хамгийн их харамсдаг зүйлс энэ. Түүний санал асуулгад “Та хийсэн хэр нь хийгээгүй байсан ч болоосой гэх харуусал чинь юу вэ?”, “Та хийгээгүй хэр нь хийсэн байсан ч болоосой гэх харуусал чинь юу вэ?” гэсэн хоёр асуулт байжээ. Уг судалгааны үр дүн хийсэн үйлдэлдээ харамсахаасаа илүү хийгээгүй үйлдэлдээ их харамсдагийг харуулсан байна. Хүмүүс ер нь хийж үзээгүй зүйлээ төсөөлөхдөө амьдрал нь одоогийн нөхцөл байдлаасаа илүү дээрдэх байсан гэж бодож төсөөлөх хандлагатай байдаг учраас биелээгүй боломжууд нь илүү сэтгэлийн дарамт өгдөг аж. Хүн л юм хойно бид алдаагаа…

Камер ба хүний нүд

Камерыг ихэвчлэн хүний нүдтэй зүйрлэдэг. Ямар ч камер бүтцийн хувьд хүний нүдтэй маш төстэй байдаг тул хүний нүдийг дуурайлган камер зохион бүтээсэн гэлцдэг. Хүний нүдэнд гэрэл хүүхэн хараагаар нэвтэрч, линзээр дамжиж, торлог бүрхэвчинд тусахад үүссэн дүрс харааны мэдрэлээр дамжин тархи руу очиж, мэдээлэл болдог. Үүн шиг камер бас линзээр дамжин өнгөрч буй гэрлийг хальсанд эсвэл дүрс мэдрэгчинд татан авч, өгөгдөл болгон хувиргана. Камерын линз нь нүдний талст линзтэй адилхан үүрэгтэй бол хальс эсвэл мэдрэгч нь торлог бүрхэвчтэй тохирдог. Нүдэнд орж буй гэрлийн хэмжээг солонгон бүрхэвч хянадаг шиг камерын нүх нь (диафрагм нь) яг адилхан үүрэгтэй. Технологийн дэвшлийн ачаар хэт ягаан туяа, хэт улаан туяаг илрүүлэх, уудам сансар огторгуйн орон зайг авах хүчин чадалтай, хэт өндөр нарийвчлалтай камерууд бий болсон. Гэхдээ…

Аав хүү хоёр

Нэгэн хүү хийсэн хэргийнхээ төлөө шүүгдэж байлаа. Шүүхийн танхимд түүний асран хамгаалагч аав нь ч бас байв. Тэгтэл бусад асран хамгаалагчдаас өөр, аавынх нь хандлага нэг л хөндий байлаа. Хүүгийнх нь буруутай үйлдэл өөртэй нь ямар ч хамаагүй мэт, угийн ингэх л ёстой мэт авирлаж байлаа. Үүнийг анзаарсан шүүгч хүүг урагш дуудаж, аавынх нь өмнө өвдөг сөгдүүлээд, “... чи! Аавдаа хайртай гэдгээ арван удаа хэл. За эхэл” гэх нь тэр. Хүү нэрэлхэж санаа нь зовсон янзтай уруул нь ч хөдөлсөнгүй. Тийн дуугүй байхад нь шүүгч зөрүүдлээд байвал шүүхийн шийдвэрт нөлөөлж болзошгүйг хатуу санууллаа. Хэсэгтүгшүүртэй уур амьсгалын дараа хүү ам нээв. “Хайртай шүү. Би танд хайртай. Хайртай шүү, аав аа...” Ингэж хүү дахин давтан хэлэхэд шүүх хурлын турш хүйтэн хөндий царайлж,…

Тогоочийг дуудсан шалтгаан

Алдарт бизнес эрхлэгч Коносукэ Мацушита ихэвчлэн компанийнхаа цайны газарт ажилчидтайгаа хамт хооллодог байжээ. Нэг өдөр үдийн хоолонд үхрийн махны стейк өгч гэнэ. Ажилчид нь баярлалдан хооллож байхад харин дарга хоолонд хүрч ядан төдийлөн их идсэнгүй. Хооллосны дараа тэрээр чимээгүйхэн үйлчлэгч рүүгээ эргэж харснаа. “Тогоочийг над дээр дууд даа” гэлээ. Даргынх нь стейкийн ихэнх нь тавган дээрээ байсныг анзаарсан үйлчлэгч санаа нь зовсон бололтой тогоочийг дуудахаар явав. Хэдэн хормын дараа илт сандарсан тогооч ирээд болгоомжтой нь аргагүй. “Хоолонд асуудал гараа юу, эрхэм ээ?” хэмээн асуув. Дарга нь зөөлөн инээмсэглэснээ. “Огт тэгээгүй. Стейк ёстой янзтай байсан. Харин өнөөдөр миний бие л жаахан янзгүй байлаа.Үүнээс илүү идэж чадаагүйд уучлаарай. Тэгээд би таныг мэдэг гээд дуудуулсан юм” гэлээ. Хоол үлдээснийг хараад тогооч сэтгэл нь…

Сайн хөрс

Аливаа үр ургаж, үр жимсээ их өгөхийн тулд сайн хөрсөнд унах ёстой. Нэг үндэслэчихвэл дараа нь хөдөлж чадахгүй тул ямар хөрсөнд суух нь тухайн үрийн ургалтад маш чухал. Гэхдээ хөрсийг яг юу ургамалд тустай сайн болгодог вэ? Ер нь газрын үржил шим ба үржил шимгүй байдал нь хөрсний чанараар тодорхойлогддог. Сайн хөрс гэдэг нь ус зайлуулалт сайтай, агааржуулалт сайтай сийрэг, ус, хүчилтөрөгч чөлөөтэй хөдөлдөг, хөрсний бичил биетээр баялаг байдаг. Бидний дархлааг дэмждэг гэдэсний бактерийн нэгэн адил эдгээр бичил биетүүд нь органик бодисыг задалж, ургамлыг шим тэжээлээр хангаж, өвчин, хортон шавжнаас хамгаалахад тустай байдаг байна. Бичил биетийн хөдөлгөөний үр дүнд ус зайлуулах суваг, агаарын урсгал аль аль нь сайжирч, улмаар хөрсний бүтэц сайжирна. Химийн бордоо эсвэл хортон шавжтай тэмцэх пестицид хэт…

Хүүгээ аварсан нь

Нэгэн ядуу тариачин хүүгийндээ зочлоод гэртээ харих замдаа хүүгийнхээ өгсөн гурван зуун мөнгөн зоостой уутаа бүсэлхийгээрээ уячихаад явж байв. Тариачин уул гүвээ давж явтал нэгэн том хад тааралдав гэнэ. Тэрээр хэсэг суун амсхийж аваад аян замаа үргэлжлүүлэв. Тэгээд цааш алхаж явтал гэнэт бүсэлхий нь хөнгөхөн мэт, нэг юм дутуу мэт санагдтал ууттай зоосоо хадан дээр орхисон байх нь тэр. Тариачин ихэд сандран, эргэн очтол нэг өвгөн уутыг нь бариад зогсож байв. Өвгөн “Би авчихвал алдсан хүний сэтгэл өвдөнө. Харин би орхиод явчихвал өөр хүн авчих байх гэж хаширлаад хүлээж байлаа” хэмээн өгүүлэв. Бөөн баяр болсон тариачин гүнээ мэхийн талархаад цааш аян замдаа яаравчиллаа. Тэгтэл төд удалгүй хар үүл хуралдаж, ширүүн бороо орж эхлэв. Тариачин улаанаар эргэж үерлэсэн гол руу дөхөж…

Халууныг даван туулах модод

Модны навчис зуны халуун наранд хатаж хагдарч, шатаад байдаггүй, харин ч цэцэглэн ургаж, хүн амьтныг сэрүүцүүлэх сүүдэртэй газар бий болгодог. Модод тийнхүү аагим халууныг ч үл ажран шинэхнээрээ ногоохон хэвээрээ байж чаддагийн нууц юу юм бол? Ургамлын транспираци гэж нэрлэдэг процесст гол учир бий. Мод үндсээрээ дамжуулан ус чийг шингээн авч, их бие, иш мөчир, судлуудаараа дамжуулан навчиндаа чийг өгнө. Тэнд хүрсэн ус навчны доод талд байдаг жижиг сүвээр дамжин ууршина. Энэ үйл явц модны дотоод чийг, температурыг зохицуулахад тусалдаг төдийгүй эргэн тойрон дахь агаараа хөргөнө. Ус уур болж хувирах тусам ойр орчноосоо дулаан шингээж, модны доорх сүүдрийг сэрүүн болгодог байна. Зуны халуун өдөр нэг том мод гэхэд цаг тутамд 200 литр ус ууршуулж гадагшлуулах чадвартай. Тийм их чийг гаргахын…

Үхлийн босгон дээр

“Яг энэ мөчид эртний найз нөхөд, өнгөрсөнд уулзаж учирч байсан хэнийг ч хамаагүй хайрлан, дуртайяа тэврэх юмсан. Өнөөдөр ингээд үхэлтэй нүүр тулж, хайртай хүмүүсээсээ хагацах энэ мөчид л би амьдрал бол бэлэг гэдгийг, амьдрал бол аз жаргал гэдгийг, хором мөч бүхэн нь аз жаргалын цаг үе байж болох байсныг мэдэрч байна.” Засгийн газраа эсэргүүцсэн хэргээр яллагдан, 28 настайдаа цаазын тавцан дээр зогсох нэгэн эрд амьдралаа эргэцүүлэн тунгаах сүүлчийн таван минут өгчээ. Үхэлтэй нүүр тулах түүнд тэсгим өвлийн жавар ч хүйтэн санагдалгүй, нүцгэн хөлөөрөө зогсох цэвдэг хүйтэн газар ч юутай ч зүйрлэмгүй үнэ цэнэтэй, үзэсгэлэнтэй сайхан мэт санагдана. “Би яагаад үүнийг өмнө нь мэдэрсэнгүй вэ?” гэх харуусал түүнийг нөмрөв. Яг тэр агшинд цаазын ялын гүйцэтгэлийг зогсоох тушаал буух нь тэр. Цаазын…

Хаях цаг

Өмнөд Солонгосын Сон Пёны (Sun Peony) хөлөг онгоц 2016 онд 7800 тонн шингэн химийн бодис тээвэрлэн, Тайландаас Тайванийг чиглэн явж байжээ. Гэтэл хар салхи дайрч, ширүүн давалгаанд урд талын ачаа тээшийн хэсэг нь эвдэрч, усанд автаж эхлэв гэнэ. Аргаа барсан далайчид усыг нь шахан зайлуулах гэж янз бүрийн аргаар оролдсон боловч бүтэлгүйтэв. Усан онгоц урдаасаа эхлэн живж гарсан тул ахмад шийдэмгий сонголт хийж, “Жеттисон (Jettison)” хийх тушаал өгөв. “Жеттисон (Jettison)” гэдэг нь живэх эрсдэлтэй тулгарсан хөлөг онгоцыг хөнгөн болгох үүднээс ачаа тээшүүдийг далай руу хаях үйлдлийг илэрхийлдэг нэр томьёо юм. Тийнхүү 370 тонн ачаа далайд хаясанд хөлөг онгоц аажмаар тэнцвэрээ олж, зорьсон газраа аюулгүй эсэн мэнд хүрчээ. 370 тонн ачаагаа хаясан нь үлдсэн 7400 тонн ачааг төдийгүй багийнхны амь нас,…

Нулимс

Нулимс нь 98,5% ус, бага хэмжээний уураг, давс, эрдэс, липидээс бүрддэг байна. Гурван төрлийн нулимс байдаг. Эхнийх нь нүд анивчихад хэдэн секунд тутамд ялгардаг “үндсэн нулимс” юм. Энэ нулимс нь нүдний алимыг чийгшүүлж, вирусын эсрэг халхавч болдог. Өдөрт дунджаар нэг грамм орчим нулимс ялгардаг байна. Хоёр дахь төрөл нь тоос шороо, хүчтэй салхи, хурц үнэр, утаа зэрэг бие махбодын цочролоос үүдэлтэй “рефлекс нулимс”. Ийм нулимс нь цочроох бодисыг шингэлэн угаах, нүдийг хамгаалах үүрэгтэй. Сүүлчийнх нь баяр хөөр, уй гашуу, сэтгэл хөдлөл, талархал зэрэг сэтгэл санааны хүчин зүйлсээс үүдэлтэй “сэтгэлийн нулимс” юм. Өмнөх хоёр төрлөөс ялгаатай нь энэ нулимсыг тархи хянадаг аж. Хүчтэй сэтгэл хөдлөл нь тархины урд талын бор гадарга дээр химийн урвал үүсгэж, парасимпатик мэдрэлийн системийг идэвхжүүлж, нулимс бий…

Эрх мэдэл ба эмпати

Америкийн Нортвестерн их сургуулийн профессор Адам Д.Галинский туршилтанд оролцогчдыг хоёр багт хуваажээ. А багийнхнаас бусдад захиран тушааж байсан тохиолдлоо санахыг хүсэж, харин Б багийнхнаас бусдад захирагдаж байсан тохиолдлоо санахыг хүссэн байна. Дараа нь оролцогчдыг духан дээрээ “E” үсэг бичихийг зааварлав. Үр дүнг нь ажиглатал Б багийн 88% нь тэр үсгийг өөр хүний өнцгөөс тодорхой харагдах байдлаар бичсэн бол А багийн ердөө 67% нь л мөн тийм байдлаар бичсэн аж. Үүнтэй төстэй өөр нэг туршилтаар судлаачид багуудын аль аль нь адилхан тохиолдол санахыг дахин хүсэж, яг тийн санаж байх үеэр нь эмпати сэтгэлтэй нягт холбоотой байдаг толин тусгалын мэдрэлийн эсүүдийг нь ажигласан байна. Судалгаанаас үзэхэд Б багт толин тусгал мэдрэлийн эсүүд нь маш идэвхтэй байсан бол А багт бараг идэвхжээгүй байна.…

Илжгэн чихний хоёр мод

“Аль модыг нь тайръя даа, байз?” Нэг эрдэмтэн хашаандаа сүх барьчихаад илжгэн чихний хоёр модыг ээлжлэн харж зогсоно. Нэг мод нь их жимс ургасан атлаа идэхийн аргагүй гашуун жимс байлаа. Нөгөөх нь чихэрлэг амттай ч хэдхэн илжгэн чих ургасан байв гэнэ. Олигтой үр дүнгүй хэр нь хашаанд дэмий зай эзлэх модонд бухимдсан эрдэмтэн аль нэгийг нь тайрч хаяхаар шийджээ. Түүнийг бодолд автан зогстол эхнэр нь чимээгүйхэн ойртон ирээд ийн өгүүлэв. “Энэ нь жимс бага ургасан ч амттай, шинэхнээрээ байна. Нөгөө модны жимс гашуун ч зүсэж амтлаад хатаасан жимс хийж болно.” Эхнэрийнхээ үгийг сонсоод эрдэмтэн анх харснаараа л дүгнэж, хэт яарснаа ойлгов. Тэрээр гэмшингүй янзтай сүхээ буулгаж, хоёр модоо хоёуланг нь үлдээхээр шийдэв. Аливааг зөвхөн гадаад үзэмжээр дүгнэж цэгнэвэл далд үнэ…

Бизнесмен загасчин хоёр

Нэгэн бизнесмен амралтаараа далайн эргийн жижиг тосгоноор явав. Далайн эрэг дагуу зугаалж явтал бараг хоосон шахуу тороо татах загасчинтай таарчээ. Хачирхсан тэрээр яагаад илүү их загас байхгүй байгааг нь асуутал загасчин инээснээ “Би өдрийн хэрэгцээгээ л барьдаг” гэлээ. Бизнесмен санаа зовсон байдалтай ийн хэлэв. “Гэхдээ та яагаад илүү ихийг барьдаггүй юм бэ? Илүү их загас барьвал зах дээр зарж, илүү их мөнгө олох боломжтой. Тэр мөнгөөрөө бүр том завь худалдаж аваад, бүр ч их загас барьж болно шүү дээ.” “Тэглээ гээд би энэ бүхнээс юу олж авах билээ?” гэх загасчны асуултанд бизнесмен илт бухимдан ингэж хариулав. “Яахав дээ, эцэст нь та баян болно! Тэгвэл та зүгээр л зугаацахын тулд загасчилж, гэрийнхэнтэйгээ далайн эрэг дээр амарч, далайд сэлж, найзуудтайгаа цагийг зугаатай…

Талархлын үр дүн

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч асан Нельсон Мандела олон жил шоронд хоригдож байжээ. Тэрээр 46 настайгаасаа 73 хүртлээ нийт 27 жил хоригдсон байна. Өөрөөр хэлбэл амьдралынхаа 3-ны 1-ийг шоронд өнгөрүүлсэн хэрэг. Манделаг суллагдсан өдөр олон орны сэтгүүлч шоронгийн гадна түүнийг хүлээж байв. Тэрээр дал хүрсэн хойноо ч царай нь гэрэлтэж, эрүүл саруул төрхтэй харагдаж байсан тул хүн бүр гайхсан гэдэг. Нэгэн сурвалжлагч түүнээс ийн асуужээ. “Бусад хүн таван жил хоригдоод л эрүүл мэндээ алддаг, харин та 27 жилийг шоронд өнгөрүүлсэн атал эрүүл саруул байж чадсаны нууц юунд байв?” Мандела инээмсэглээд ингэж хариулсан гэдэг. “Би шоронгийн хүнд хөдөлмөр эрхлэхээр гарахдаа байгальд гарч байгаадаа баярлан цагийг жаргалтай өнгөрүүлдэг байлаа. Хөх тэнгэр ширтэж байгаадаа талархаж, зүлэг ногоо харж байгаадаа ч талархдаг байв.…